МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын тухай

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ сонгон шалгаруулах ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл болон шалгалтын дүнг оруулах үйл ажиллагааг тус аймагт цахимаар хийх тул бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Өмнөговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

· Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2012 оны 07 дугаар сарын 02, 03, 04-ний өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

· Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна.



Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
3. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
4. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 6 хувь;

5. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
6. Шалгалтын үйлчилгээний төлбөр
Дөрөв. Шалгалтын хуваарь

1. Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, тусгай карт бөглөх болон “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын талаархи семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 16.00 цагт өгнө.

2. Бүртгүүлсэн иргэд 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 08:00 цагт шалгалт авах байранд ирсэн байх бөгөөд шалгалт 09.00 цагаас эхэлнэ.

3. Шалгалт авах байрыг бүртгэлийн явцад жич зарлана.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын 70532871, 99539270 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

1. 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.

2. Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, дэс түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн ахлах түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдох боломжгүй болохыг анхаарна уу.

3. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын 6 дугаар зүйлийн 38 дахь хэсэгт зааснаар мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг байнгын оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ.

4. “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл "Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай" Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах эрхзүйн баримт бичиг

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссоос бэлтгэсэн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилгын хураамж” Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд зарагдаж байгаа бөгөөд мэргэшлийн шалгалтад орох иргэд дараах жагсаалтад байгаа хууль, журмаас бэлдэнэ үү.

1. Монгол Улсын Үндсэн хууль,

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль,

3. Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль,

4. Монгол Улсын Их Хурлын тухай хууль,

5. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль,

7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,

8. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль,

9. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль,

10. Төрийн албаны тухай хууль,

11. Төрийн албан ёсны хэлний тухай хууль,

12. Төрийн нууцын тухай хууль,

13. Авлигын эсрэг хууль,

14. Төрийн хяналт шалгалтын тухай хууль,

15. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,

16. Хөдөлмөрийн тухай хууль,

17. Захиргааны хариуцлагын тухай хууль,

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,

19. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль,

20. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль,

21. Байгууллагын нууцын тухай хууль,

22. Хувь хүний нууцын тухай хууль,

23. МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль,

24. Татварын ерөнхий хууль,

25. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,

26. Нийгмийн даатгалын тухай хууль,

27. Нийгмийн халамжийн тухай хууль,

28. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль,

29. Байгаль орчныг хамгаалах тухай хууль,

30. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль,

31. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хууль,

32. Боловсролын тухай хууль,

33. Дээд боловсролын тухай хууль,

34. Архивын тухай хууль,

35. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль,

36. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,

37. Төрийн албаны шингэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг,

38. Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого,

39. Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар

40. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын журам

41. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журам



БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН САНАМЖ

Та энэхүү санамжийг уншсаны дараа шалгалтын зар, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагатай танилцана уу.

1. Төрийн албаны тухай хуулийн 10, 17 дугаар зүйл, ТАЗ-ийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

1.1.”Боловсролын шаардлага”- Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой гэдгийг санаарай.

1.2.”Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

1.3. “Мэргэшлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

1.4.”Туршлагын шаардлага”- “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. Манай зарим иргэд “хэдхэн сар дутуу байна. бүртгэчих л дээ” гээд гуйгаад байдаг гэм бий. Иргэний хуулиар ийм боломж байхгүй юм байна гэдгийг ойлгоорой. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа Шалгалтын салбар комиссын гишүүд ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна!!!



Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлнэ үү.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 00:40 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Төрийн албаны мэргэшлийн шалгалтын тухай"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook