МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговьчуудын 10 жил тэвчээртэй хүлээсэн бухимдал тэсэрлээ

Даланзадгад хотод энэ сарын 9-ний өдөр иргэдийн жагсаал болно гэсэн “бор шувуу” нисэв. Харин энэ өдөр ямар нэгэн жагсаал цуглаан бус уулзалт боллоо. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Дулааны цахилгаан станцын удирдлагуудыг иргэдтэй уулзуулж станцын өнөөгийн болон ирээдүйн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн үгийг сонссон юм. 


Аймгийн ҮЭХ-ны дарга Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Зоригт, Даланзадгадын Дулааны цахилгаан станцын дарга Т.Жаргалсайхан, ерөнхий инженер н.Отгонсүх, Дулаан хангамжийн газрын дарга н.Цэвэг нар уулзалтад оролцов. 



Дулааны цахилгаан станцын даргын ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд авсан Т.Жаргалсайхан дарга иргэдэд хандан “Сар хүрэхгүй хугацаанд багагүй бэрхшээлтэй тулгарлаа. Тэр ч бүү хэл, амь насанд заналхийлэн, гэр орны хаалга, цонх тогшдог, улмаар манай ажилчид руу дайрч давшилдаг, урам зоригийг нь мохоодог, өнөөдөр зарим нэг нь ажлаас гарах өргөдлөө бариад ирж байх жишээтэй хэмээн зовлонгоо тоочихдоо юуны төлөө жагсах гээд байгааг ойлгохгүй байна. “Станцын тоног төхөөрөмж муу байна эсвэл ажилчид нь муу ажиллаж байна гэж жагсах гээд байгаа юм уу. Станцын талаар болж бүтэхгүй байгаа зовлон их байна, цаашид хязгаарласаар байх болно. Цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд бүх хэрэглэгчдээ гэрэл цахилгаанаар бүтэн хангах бодол байна” гэв. 



Бухимдсан иргэд “Хаана ч зовлон байна. 10 жил гэрэл цахилгааны асуудал хэвийн болно хэмээн тэвчээртэй, итгэлтэй, утаа харж баярлан хүлээсэн. Одоо итгэл алдарч, төр засагтаа аймгийн удирдлагуудад голдоо ортол гомдож байна” гэж хэлэх үгээ олж ядан бухимдлаа илэрхийлсэн. Байгуулагдсан цагаасаа эхлээд өмнөговьчуудыг төдийгүй Засгийн газрыг багагүй зовоосон, Даланзадгадын дуулиант Дулааны цахилгаан станц өнөөдөр ч, хойшид ч ард иргэд хэрэглэгчдээ дааруулсаар, харанхуй орчинд шаналгасаар байх бололтой. 

СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ НАР ГАРАХААР ЭХЭЛДЭГ 



“Даан ч дээ, арай ч дээ” хэмээн хоолой нь сааралтах иргэдийн сэтгэл шаналж, гомдол нь бухимдал болон дотогшоо уйлж байна. Эрх мэдэлтнүүд, эрхмүүд ээ, ойрын хугацаанд ямар нэгэн гарц олж гэрэл гэгээ бий болгохгүй бол иргэд, ард түмэн чинь эрх нь зөрчигдөж, зүс нь бүрзийн, оюун нь хоосорч, орчлонгоос тасарч гүйцлээ. 



Харанхуйгаас үүдэн халдварт шар өвчин тархсан, гэмт хэрэг өсч байгаа, хүүхдийн сурлага муудлаа, иргэд эрүүл мэндээрээ хохирч, иргэд эдийн засгийн уналтад орж байгааг юу гэх вэ. Өмнөговьчуудыг дэндүү тайван, дэндүү хүлээцтэй хүмүүс гэдгийг монголчууд төдийгүй дэлхий мэддэг болж. Уул уурхайн арвин нөөц баялагтай, дэлхийг гайхшруулсан Оюутолгой, Тавантолгойн ордтой, түүнээс гадна цөөн бус уурхайтай хэр нь утаа харж баярлан, лааны гэрэлд бүртэлзэн, тэмтчиж, бусдын доог тохуу болж амьдрах гэж дээ. 



Гэрэл цахилгаан тасалдаж, доголдсоноос үүдсэн хохирол хэрээс хэтэрсэн… Сургуулийн өглөөний ээлжийн хүүхдүүд нар гартал хүлээж эхний нэг цагийн хичээл талаар болно. Энэ нь хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ хэмээн төрөөс төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг хэр нь харанхуй орчинд Өмнөговийн бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ явуулж чадахгүй, гэрэл цахилгаанд боогдон орлого, ашиггүй дампуурахад хүрлээ. 



Иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Гэтэл эмнэлэг нь цахилгаан тасарсан оношлогоо хийхгүй, байрны халаалт муугаас гэртээ тав тухгүй атирч байгаа нь өвчлөхгүй байхын аргагүй. “Ланд уначихаад лаа эрээд явж байдаг гэнэ” гэж бусдын инээд болж байгаа нь ч нууц биш. Ингээд тоочиж дуусашгүй… 



110 КВТ-ЫН ШУГМЫН АЖЛЫГ ХУГАЦААГ НЬ НААШЛУУЛЪЯ 



Улаанбаатар-Мандалговь–Тавантолгой– Оюутолгой чиглэлийн 220 квт-ын шугам Даланзадгадаар дайрч болох байсан. Гэтэл шууд Цогтцэций рүү татсан нь нүүрс рүүгээ л татаж байгаа хэрэг. 2012 оны долоодугаар сард орж ирэх 220 квт-ын шугамыг яаравчлуулах ямар боломж байна. Юун долоон сар. Бид тэр хүртэл энэ чигээрээ байх юм бол тэсэхгүй нь. Тавантолгойгоос Даланзадгад руу 110 квт-ын шугам татна гэсэн. 



Түүнийгээ яаравчлуулж хугацааг нь наашлуулмаар байна. Үнэнийг хэлэхэд, Өмнөговийн иргэдийг бодохгүй, зөвхөн нүүрс л бодож байна шүү дээ. Мандалговиос Даланзадгад руу ирэх боломж байсан. Энэ хурлаас ямар нэгэн шийдэлд хүрмээр байна. Гэтэл бид ний үгийг сонсож, шийдвэрлүүлэх түвшний нэг ч хүн ирээгүй байгааг юу гэж ойлгох вэ. Даланзадгадын иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн ИТХ болон аймгийн удирдлагуудаас нэг ч хүн хуралд ирээгүй байна. Өмнөговийн ард түмний итгэлийг хүлээж сонгогдчихоод бидний төлөө ажилласангүй. Дэндүү хүлээцтэй байлаа, одоо болсон. Увс, Өмнөговь аймгууд гэрэл цахилгааны асуудалтай байсан. 



Гэтэл Увс аймаг шийдчихсэн. Манайх хэвээрээ, улс орон даяар элдэв мэдээллийн бай болоод таг харанхуй сууж байна. Цахилгаан станцын ажилчдын хариуцлагагүйгээс болоод Даланзадгадын 20 мянган хүнийг хохироочихоод танай ажилчид ямар хариуцлага хүлээсэн юм. Иргэдийн цөхрөл туйлдаа хүрчихжээ. Түр хугацаанд үзэгдээд өнгөрөх гэрэл цахилгаанд чинь амжиж хоолоо хийж идмээр, ажлаа амжуулах хэрэгтэй биз дээ. 



Байгууллага, айл өрх, дэлгүүр, аж ахуйн нэгжүүд бүгд л мотор асаадаг. Хэдий болтол асаах юм бэ” хэмээн иргэд ээлж дараалан үгээ Тавантолгойгоос Даланзадгад руу ирэх 110 квт-ын шугамын ажлыг яаравчлуулж хугацааг нь наашлуулахыг аймаг даяараа хүсч байгаагаа хэлж “сонгууль болно шүү дарга нар аа” хэмээн анхааруулж байлаа. 

МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ЗУУНТАЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХИЙН ТУЛД ТЭМЦЭНЭ ГЭДГЭЭ ХЭЛЛЭЭ 



Т.Жаргалсайхан дарга иргэдийн асуултад товчхон бүрхэг хариулт өгч байлаа. Тухайлбал, Даланзадгадын дулааны цахилгаан станц хоногт 180 тонн нүүрс, 700 тонн ус ашигладаг. 68 ажилчин 24 цагаар ажилладаг. Иргэд зарим нэг газар гэрэл тасардаггүй гэсний хариуд нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эмнэлэг, радио станц, гүний ус зэрэг газрыг цахилгаанаар хангаж байх үүрэгтэй. 



“Тавантолгой” ХК-наас орж ирж байгаа мөнгийг би мэдэхгүй, алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй, өнөөдрийн энэхүү арга хэмжээ станцын өнөөгийн байдлын талаарх мэдээлэл учраас аймгийн удирдлагуудыг уриагүй. Өнгөрсөн жилд улсаас 1.8 тэрбум төгрөгийн татаас авсан. Бид нарыг хахууль авсан гэж үзэж байгаа бол холбогдох газарт нь шалгуулж болно. Нээлттэй байх үүднээс “Нээлттэй хаалга”-ны өдрийг жил бүр хийж байна хэмээн иргэдийн асуултад хариулт өгсөн. Байнгын доголдолтой явж ирсэн тус станцын талаарх яриа үүгээр дуусахгүй цаашид мэдээллийн эрин XXI зуун тайгаа хөл нийлүүлэн алхахын тулд тэмцэнэ гэдгээ ч иргэд хэлж байсан.



Ж.Сайнжаргал (Өмнөговь) 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 06:48 Мэдээний төрөл , , ,

3 comments for "Өмнөговьчуудын 10 жил тэвчээртэй хүлээсэн бухимдал тэсэрлээ"

  1. энэ сарын 9нд болсон гэсэн мэдээ нь аль жилийн өмнө болсон үйл явдлыг бичцэн мөртлөө нүүр хуудасны онцлох мэдээн дунд цохьж явдаг ёстой нутаг шиг унтарсан сайт байнадаа

  2. medeegee bainga shinechilj bval shine sorgog sonin medee niitellmeer bn

    web ajilluulj bga hun jaahan zalhuu yumu da bi buruu oilgoj bnu

  3. tuurch yvaad orood irlee amid amitan baidgiim uu? ene web arail bish ee

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook