МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Оюу толгой Онцгүй л байна ...

>
“Оюутолгой онцгүй л байна” гэдэг үгийг Ханбогд сумын иргэн бүр амандаа давтах болжээ. Арваад хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумаар орж, Засаг дарга болоод орон нутгийн зарим иргэдтэй Оюу толгойн талаарх бодол, сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Учир нь дэлхийд үнэлэгдсэн алт, зэс, мөнгөний ордыг яг дээр нь сандайлж суусан Ханбогд сумын иргэд өдгөө цахилгааны хязгаарлалтаар амь амьдрал, ажил төрлөө шийдүүлж суугаа нь яавч сайны тохио биш. 21 дүгээр зууны Монгол иргэд иймэрхүү байдлаар амьдарвал ёстой л алт сандайлсан гуйлгачин нэрийг хүссэн, хүсээгүй хүртэх л болно. За тэгээд ус, зам, байгаль орчны бохирдол, бэлчээргүйдэл гээд хичнээн их алттай хэдий ч Ханбогдын иргэдэд шийдвэрлэж чадаагүй түм буман асуудал байна. Энэ бүхэнд мэдээж Монголын алтыг дэлхийд нийлүүлэхээр яарж буй “Оюу толгой” ХХК хамгийн их буруутай нь ойлгомжтой.

Хамгийн баян компани, Ханбогдынхныг байтугай нийт монголчуудыг ч тэжээчихнэ гэж яригддаг “Оюу толгой” ХХК-д юуны учир иргэд сэтгэл дундуур явдаг болсныг тэдний ярианаас уншигч та төвөггүйхэн ойлгоно биз ээ. Үнэхээр ч хамаг алтыг маань гадагш зөөхөөр зэхэж буй тэд арваадхан мянган иргэнийг бусдын дайтай аж төрүүлж, сум сууринг нь хотын чинээ тохижуулж чадахгүй байгаа нь итгэж үл болно гэсэн эргэлзээг шууд төрүүлж байна. Тэр байтугай Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг 2007 онд Оюу толгойгоор зочлоход 400 гаруй хятад ажилтдаа нууж, кэмпийг нь гучхан минутын дотор буулгаж байсан гэх сэтгэл эмзэглүүлэм “хулгайч” түүхийг орон нутгийн иргэн нэхэн дурссан юм. Мөн дөрвөн жил ажилласан ажилтныхаа нийгмийн даатгалын дэвтэр дээр зургаан сар л ажилласан гэсэн тэмдэглэгээг хийснээс эхлээд тус компанид Монголын төр, ард түмнээс нууж, дарагдуулж явдаг олон асуудал байдаг бололтой. Энэ бүгдийг иргэдийн ярианаас олж уншаарай.   



Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга н.Дэндэвсамба: Дахин хэлье, ийм байвал манайх “Рэд пад”-тай хамтран ажиллаж чадахгүй


- Ханбогд сумын иргэдийн амьдрал ямар байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү. Уул уурхайн том компани үйл ажиллагаа явуулдаг болохоор аливаа асуудал бүхэн нааштайгаар шийдэгдэж байгаа байх?



- Шулуухан хэлэхэд Оюу толгой төсөл манай суманд хэрэгжиж эхэлснээс хойш орон нутгийн иргэд их зүйлийг хүлээх болсон. Гэвч Оюу толгойн үйл ажиллагаа иргэдийн сэтгэлд хүртэл дорвитой, хурдтай байж чадахгүй байна. Үүнд олон талын хүчин зүйл бий. Нэгдүгээрт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу монгол хүний үнэлэмж сайн тодорхойлогдоогүй. Хоёрдугаарт Энержи ресурстай харьцуулахад хэдий хэрийн цаг хугацааны дараа Оюу толгойн мөнгө нь орж ирэх вэ гэдэг харьцангуй ойлголт юм. Магадгүй бид хэтэрхий яарч байж болох ч чин үнэндээ Ханбогдын иргэд Оюу толгойд хэтэрхий сэтгэл дундуур явдаг болсон. 



- Тийм гэж үү. Ямар харамсалтай мэдээ вэ. Ядаж ажлын байраар хангалттай хангагдаж чадаж байгаа биз дээ?



- Яах вэ, 2008 онд намайг Ханбогд сумын Засаг даргын ажлыг авч байхад Оюу толгой төсөл дээр долоо, наймхан хүн ажиллаж байсныг бодвол өнөөдөр хамаагүй дээр болсон. Өдгөө 600 гаруй хүн ажиллаж, цалингийн дундаж нь 300 000 орчмоор үнэлэгдэж байна. 2008, 2009 онд ажилгүйдлийг бууруулах төвөвлөгөө гарган ажилласны үр дүнд болон уур уурхайн нөлөөллийн хүчээр иргэдийн маань багахан хувь нь ажилтай болсон гэсэн үг л дээ. Тэгвэл өдгөө бид өөр зүйл ярих ёстой болжээ. Цалингийн хэмжээ нэмэгдэх ёстой, мэргэжилгүй хүмүүсийг мэргэшүүлэх дээр тал талаасаа анхаарах шаардлагатай байна. Мөн орон нутгаас бүтээгдэхүүн нийлүүлэхэд аймаг, сумын хэмжээнд нэгдсэн нэг бодлогоор ажиллах хэрэгтэй болж. Нийслэлээс мах, өндгөө тээсээр байх уу, эсвэл эндээсээ шинийг авах уу гээд л асуудал их бий. Ер нь уул уурхай хөгжиж байгаа бол Ханбогд сум, Өмнөговь аймаг дагаад л хөгжих ёстой гэдэг зарчмыг бид хөнддөг. Жалга довны үзлээр зөвхөн Ханбогд л хөгжих ёстой, бусад нь хамаагүй гэж хэлэхгүй. Нэг ёсондоо төрийн нэгдсэн бодлогоор говийн бүсийг хөгжүүлэх хэрэгтэй болчихоод байна. 



- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээс эхлээд хийх ажил их байна уу?



- Мэдээж хангах, нийлүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрийг манай суманд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл жижиг, дунд үйлдвэр оршин байх нөхцөл нь байнгын цахилгааны эх үүсвэр. Харамсалтай нь Оюу толгой төсөл манай суманд арав гаруй жил ажиллаж байгаа гэхэд одоо хүртэл гэрэл цахилгааны асуудлыг шийдэж өгөөгүй. Тиймээс бид Оюу толгой, Ханбогд хоёр хамтдаа гэрэлтэй байя, эсвэл хамтдаа харанхуй байя гэдэг зарчмыг баримтлах болсон. 

Дээрээс нь байгаль орчин, дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, тоосжилтод Оюу толгой онцгой анхаарах ёстой. Хүн, байгаль хоёр хагацашгүй амин холбоотой болохоор байгаль орчноо хамгаалах нь зүйн хэрэг болоод байна. 



- Тэгэлгүй яах вэ. Байгаль орчны нөхөн сэргээлт нэн чухал. Үүнтэй адил хүн амын амьдралын амьжиргаа ч чухлаас чухал байх? 



- Газар аливаа баялгийн эх, хөдөлмөр түүний эцэг гэж манайхан ярьдаг. Энэ үг яалт ч үгүй үнэн. Аливаа баялгийн эх болсон газар дээр Оюу толгой үйл ажиллагаа явуулж байгаа бол ашгаа ч ард түмэнд эн тэнцүү хуваарилах ёстой. Үнэхээр орон нутагтай Оюу толгой нягт хамтран ажиллаж чадахгүй бол бид заавал баялгаа ухуулах шаардлагагүй шүү дээ. Ямар өлсөж үхэх гээд байгаа биш. Гадны гучин хэдэн улсын хүмүүс манайд ирчихээд Монгол, Өмнөговийн төлөө ажиллаж чадахгүй юм бол хаачихсан нь дээр. Монголын төлөө  сэтгэлтэй ажилладаг монгол хүмүүс Оюу толгойг ашиглаж чадах хэмжээний боловсрол, мэдлэгтэй болсон хойно нь бид дахиад нээе. Яагаад болохгүй гэж. Өмнө нь Монгол орон 90 жил Оюу толгойгоо ашиглахгүй амьдарч чадсан. Хойшид ч чадах ёстой. 

Нөгөөтэйгүүр нүүрсний компаниуд болон Оюу толгой хөгжиж болно. Тэгэхдээ өмнө нь байсан мал аж ахуй, малчдыг хохироож болохгүй ч өдрөөс өдөрт бэлчээрийн мал аж ахуй оршин тогтнох эсэх нь хүнд болж байна. Гэтэл больё гээд өмд, цамцаа сольчихдог шиг бэлчээрийн мал аж ахуйг шууд л эрчимжсэн мал аж ахуй болгож болохгүй. Өөрөөр хэлбэл ийм туршлага, арга барилыг аажим аажмаар бий болгох ёстой. Монгол орны онцлог нь бэлчээрийн аж ахуйгаас 100 хувь ангид байж хэзээ ч чадахгүй явдал. Энэ утгаараа бэлчээр, замын асуудал хамгийн чухал зүйл болоод байна.

Манай аймгийн Засаг дарга танай сонинд “Ямарваа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Энэ хэмжээ хязгаар хэрээс хэтэрчихээд байна” гэж ярилцлага өгсөн байна лээ. Аргагүй үнэн үг. Нүүрсийг зараад мөнгө олж болдог шиг тэр мөнгийг зарцуулах хүн байх ёстой. Хүн байхгүй бол тэр их хураалттай мөнгөөр яах юм бэ. Ер нь хүн төвтэй нийгэм юм бол хүний төлөө л байх ёстой гэдэг дээр хатуу анхаармаар байна. Түүнчлэн Оюу толгой аливаа ажлыг аймаар удаан ярьдаг. Төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлнэ гэж яриад л байдаг хэрнээ ажил нь огт явдаггүй. Цаг хугацаа хожоод байдаг юм уу, би ер ойлгодоггүй.



 -Оюу толгойд иргэд сэтгэл дундуур байгаа нь муу шүү. Сэтгэлийн гал нь унтарчихсан юм шиг л санагдлаа?   



- Гэхдээ л бид Оюу толгойгоос сайхан ирээдүйг хүлээж байгаа. Ханбогд сумын жижигхэн, жижигхэн асуудлаар гал унтраах биш томоохон бүтээн байгуулалтад хамтарч ажиллахыг анхнаасаа бид ярьсан. Ярьсаар ч байх болно. 2008 оны 11 дүгээр сард Жавхлант бригад дээр Оюу толгойнхонтой уулзах үеэрээ би “Овоо тахья хандив өгөөч, найр наадам, баяр ёслол хийе мөнгө өгөөч гэсэн асуудлаар та бүхэнтэй уулзахгүй. Хөрөнгө оруулалт, ажилгүйдлийг бууруулах, ханган нийлүүлэлт, байнгын эрчим хүч, дэд бүтэц, хот төлөвлөлт, хот дотор хот бий болгох тал дээр л хамтарна шүү” гэдгээ хэлсэн. Бид 86 жил хоёр гартаа хувингаа бариад худгаас усаа зөөлөө. Одоо болих цаг болсон гэдэг асуудлыг л тавьдаг юм, зөв биз дээ. 



- Зөв л дөө. Ингэхэд Оюу толгой төслийн Си Ай Си гэх компанид иргэд бухимдалтай явдаг юм байна лээ. Та нягталж үзсэн үү?



- Оюутолгойд Ханбогд сумын 600 орчим хүн ажилладгийн 400-аад нь үйлчилгээний Си Ай Си компанид хамрагддаг. Нэгэнт тэдгээр хүмүүс мэргэжил, мэдлэг байхгүй учраас үйлчилгээний ажил хийдэг юм. Цалин нь 300 000 орчим юм билээ. Тухайн үед энэ цалин болж байсан боловч одоо бол багадаа орно. Уг нь гадны болон монгол ажилчдын цалингийн дундаж түвшин хоорондоо ойртох ёстой байгаа юм л даа. Иймээс цалин нэмэгдэх шаардлагатай гэж бид үзэж байгаа. 

Хоёрдугаарт Оюу толгой дээр 30 гаруй орны хүмүүс ажиллаж байгаа төдийгүй хоёр, гурван зуун компани хамтран  ажилладаг. Энэ утгаараа бид “Си Ай Си”, “Рэд пад”, хүний нөөцийн “Камл” гээд бүгдтэй нь хамтран ажиллах ёстой. “Рэд пад” л гэхэд Оюу толгойн босоо аманд ажилладаг Канадын компани. Гэтэл уг компанид Ханбогдоос хоёр, гуравхан хүн л ажилладаг юм билээ. “Рэд пад”-тай миний өмнөх Засаг дарга ч уулзаж, олон жилийн турш асуудлаа ярьсан боловч шийдүүлж чадаагүй. Би ч гэсэн чадахгүй байна. 

Саяхан л гэхэд “Рэд пад”-ын хүний нөөцийн менежер Ханбогд суманд ирсэн. Манай Ханбогд сумынхныг бодвол Оюу толгойн онгоцоор ирээд буцчихдаг, жаргалтай, ямбатай улсууд юм билээ. Өдөртөө хоёр, гурван цаг л ажиллачихаад аяга цай олж ууж чадахгүй бол өлсчихдөг юм байна. Манай яруу найрагчдын хэлдгээр үдийн цай холдохыг даадаггүй, үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихсон улсууд шиг санагдсан.



- Та ямар утгаар яриад байна вэ. Аяга цайнаас болж муудчихсан юм биш биз?



- Тэгж хэлж болно. Хэлэхэд эвгүй ч тиймэрхүү зүйл болсон. “Рэд пад”-ын хүний нөөцийн менежер Шүрэнцэцэгийг ирэх үеэр би Улаанбаатарт хуралтай байж таарсан юм. Гэтэл тэр эмэгтэй над руу уурлаж утастаад “Чи аяга цай өгсөнгүй, би хүнийг чинь бүртгэж чадахгүй” гээд 60 гаруй хүн оочерлож байсны 20-н хэдийг нь бүртгэлгүй үлдээчихсэн. Гэтэл манай хүмүүс “Рэд пад”-ын төлөө оочерлож байсан шүү дээ. Тэр эмэгтэй яагаад хүний төлөө ажиллаж байгаа юм бол хорь, гучхан минут тэвчиж болдоггүй юм бэ. Аргаа барахдаа би хотоос утастаад “Та нэгэнт Ханбогдод ирчихсэн шүү дээ. Наад улсуудынхаа ярилцлагыг нэгмөсөн дуусгачих” гэж хэлсэн. Харин Шүрэнцэцэг “Ийм байвал Ханбогдтой ажиллаж чадахгүй” гэж хэлээд явсан. Тэгвэл би танай сониноор дамжуулаад мэдэгдчихье. Ийм байх юм бол манайх “Рэд пад”-тай хамтран ажиллаж чадахгүй.

 Үнэн хэрэгтээ тэр компани Ханбогд сумаас хангалттай орлого олж байгаа шүү дээ. Бизнесийн зарчмын тухайд ч орлогоороо зарлагаа нөхөөд ашигтай ажиллах явдал. Тэгвэл “Рэд пад” энэ л зарчмаар ажиллаж байгаа. Ханбогдоос мөнгө угааж байгаа тэд яагаад Ханбогдтой хамтран ажиллаж чадахгүй байна вэ гэдгийг тэднээс асуумаар ёстой. Болдог бол бүр шар сонин, бүх өдөр тутмын хэвлэлээр хашгирмаар байна. 



- Тэгвэл хүний нөөцийн “Камл” компанийн тухайд та юу хэлэх вэ? 



- “Камл” компанийн хувьд Улаанбаатараас хүнээ бүртгэчихээд хариугаа ирүүлдэггүй. Өмнөговь аймгийн 15 сум бүгд Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэнтэй. Түүн дээр ажилгүйдэл, идэвхтэй ажил хайгчдын жагсаалт байж л байгаа. Тэгвэл Оюу толгойд яагаад заавал хүний нөөцийн компани давхар ажиллах ёстой юм. Төрийн байгууллагаар дамжиж болохгүй гэх газаргүй шүү дээ. 



- Хүний нөөц гэснээс Оюу толгойд хятадууд олноороо ажилладаг юм билээ. Энэ бүх орон тоог монголчууд нөхсөн бол аштай юу?



- 2010 онд Оюу толгойд 2000 гаруй хятад ажилтан ажилладаг гэсэн тооцоо яригдаж байсан. Одоо 4000 хүрэх юм шиг байна лээ.

Яг чамтай адилхан асуудлыг би үргэлж ярьдаг. Оюу толгойн төлөөлөгчөөс нэг бус удаа “Танай жолооч чинь хятад хүн байдаг уу” гэж асууж байсан. Өөдөөс “Хятад хүн байдаг” гэх юм билээ. “Тэгвэл танай техник хэрэгсэл нарийн мэргэжил шаарддаг уу” гэхээр “Үгүй ээ, Тоёота, Ланд зэрэг машин барьдаг” гэж хариулдаг. “Тэгвэл юуных нь нарийн мэргэжил байдаг юм, энэ хүмүүсээ гаргаад монгол хүнийг ажилд ав” гэж хэлдэг л дээ. Энэ мэтээс авахуулаад муудалцах, санаа зорилго нийлэхгүй байх тохиолдолд Оюу толгой бидний дунд бишгүй л гардаг юм. 



“Хандизель” орон нутгийн өмчтэй аж ахуйн үйлдвэрийн газар буюу эрчим хүчний гүйцэтгэх захирал Ц.Идэрзориг: Оюу толгойн нөлөөллийн гурван сум л  цахилгаангүй үлдсэн



- Ханбогд сум 24 цагийн гэрэлгүй юм байна шүү дээ. Өчигдөр л гэхэд шөнийн нэг цагт цахилгаанаа таслаад өглөө найман цагт залгалаа? 



- Өмнөговь аймгийн хэмжээнд найдвартай цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй гуравхан сум байдгийн нэг нь манай Ханбогд. Ерөөсөө Оюу толгойн нөлөөллийн гурван сум буюу Ханбогд, Баян-Овоо, Манлай сумд л цахилгаангүй үлдсэн. Засгийн газрын зүгээс Оюу толгойтой цогцоор нь шийднэ гээд хүлээлгэчихсэн байгаа. Яах вэ, одоогийн байдлаар Оюу толгой компанийн зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Сумын дизель станцыг ажиллуулахын тулд сард 18 000 литр түлш хандивладаг юм. Харин манай сумын дизель станц сард 33 000 литр түлш иддэг. Ингэхээр зөрүү 15 000 литр түлшийг өөрийнхөө орлогоос босгож, орон нутгаа цахилгаанжуулдаг. Хэрвээ Оюу толгой 18 000 литр түлш өгдөггүй байсан бол манайх хоногт зургаан цаг л асах чадвартай.  



- Оюу толгой танай сумыг 24 цагийн гэрэлтэй болгоно гэж сонсогдсон. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?



- 220 квт-ын шугам татна гэж сонсогдсон. Гэхдээ Оюу толгой компанийн зүгээс хариулахдаа “Хятадаас импортолж байгаа шугам зөвхөн Оюу толгойн хэрэгцээг хангах уу, үгүй юү гэдэг нь тодорхой бус” байгаа юм билээ. Тийм учраас Ханбогд сум руу цахилгаан өгнө гэсэн яг эцсийн шийдвэр гараагүй. Ямартай ч Засгийн газрын үндсэн чиглэлд Оюу толгой, Ханбогд хоёрын хоорондох 45 км зайд 35-ын агаарын шугам татна гэж тусгагдсан. Иймээс 2011 онд тэр шугам баригдчих болов уу гэж найдаж байгаа боловч эх үүсвэр нь тодорхой болчихсон юм одоогоор алга. 



- Мэдээж та Оюу толгойг хэлсэндээ хурдан хүрээсэй гэж бодож байгаа байх? 



- Тэгэлгүй яах вэ. Том уурхай нийгмийн хариуцлагаа ухамсарлаад Ханбогд сумыг яаралтай 24 цагийн гэрэл, цахилгаантай болгох ёстой. Ер нь бол Ханбогд сум хөгжихөд бэлэн болчихоод байдаг. Хөгжихгүй байгаа ганцхан шалтгаан нь цахилгааны найдвартай эх үүсвэр байхгүй явдал юм. Тухайлбал манайх зөвхөн өрхийн хэрэглээний эрчим хүч үйлдвэрлэдэг болохоор жижигхэн хэмжээний үйлдвэр ороод ирэхэд л цахилгаан дийлэхгүй болчихно. 



Оюу толгой онцгүй л байна Д.Аюуш иргэн


- “Оюу толгой” ХХК орон нутагт ажиллаад чамгүй удлаа. Өөрчлөлт гарч байна уу? 



- “Оюу толгой” ХХК болгоно, бүтээнэ л гэж яриад байдаг. Болгосон зүйл байхгүй, онцгүй л байна шүү дээ. Хүүхэд багачууд ажилд нь яваад байгаа боловч цалин хөлс багатай юм. 



- Танай хүүхдүүдээс Оюу толгойд ажилладаг юм уу?



- Миний нэг хүү Оюу толгойн хамтрагч Си Ай Си компанид тогооч хийдэг. Гэтэл Си Ай Си компанид ажиллаж байгаа хүмүүс ер нь сайн хэлэхээ байчихаад байна. Нутгийн иргэд сэтгэл дундуур байгаа. Цалин мөнгө нь бага, загнаж, доромжилдог л гэнэ. Дээшээ ажилд оруулдаггүй гээд зөндөө юм дуулддаг шүү.



- Танай хүүхэд хэдэн жил ажиллаж байна вэ?



- Жорлон цэвэрлэж эхэлснээс хойш найм, есөн жил ажиллаж байна.   



- Одоо цалин хэдийг авч байгаа гэнэ?



- Өдөржин, шөнөжин ажиллаад 300 000-г авдаг шиг байна лээ.




Дорвитой бүтээн байгуулалт ч алга. 
Д.Батцэнгэл иргэн



- Нутгийн иргэдийн амьдрал ямар байна. Энэ том алт, зэс, мөнгөний ордтой Ханбогд сумынхны амьдралд өөрчлөлт гарч байгаа биз дээ?

- Өөрчлөгдсөн зүйл алга. Бусад сум, аймгууд Ханбогдынхон баяжчихлаа гэж яриад байдаг. Бидэнд баяжаад байгаа юм огт байхгүй. Манай суманд хийсэн дорвитой бүтээн байгуулалт ч байхгүй дээ. 

Би өөрөө группийн хүн болохоор хэдэн цаас олдчих болов уу гэж горьддог ч ирээдүй алга. Оюутолгойг анх 13 гэртэй байхад нь 23 хоног л ажиллаж үзсэн. Одоо бол Оюутолгойд ажилд ороход хэцүү болсон шиг байна лээ. 



- Гэрэлгүй хэцүү байна уу?



- Хэцүү байлгүй яах вэ. Оюу толгой манай сумыг гэрэлтэй болгочих болов уу гэж зөндөө харсан. Даанч гэрэл цахилгаантай болгох нь сургаас цаашгүй байна. Эртээд Оюу толгойн том гадаад захирал нь ирлээ л гэсэн. Ямар ч асуудал шийдэж өгөлгүй буцсан байсан.  



Оюу толгойд дөрвөн жил ажилласан атал нийгмийн даатгалын дэвтэр дээр зургаахан сар ажилласан гэж тэмдэглэгдсэнГ.Гэнэнхүү иргэн


-Та Оюу толгойд ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?



- Би Ханбогд сумын уугуул иргэн. Оюу толгойд таван жил ажилласан. Ажиллаж байх хугацаанд амьдрал дажгүй л байлаа. Тухайн үеийн 300 доллар чинь манай суманд байхгүй өндөр цалин шүү дээ. Харамсалтай нь би цомхотголоор халагдсан. Уг нь Оюу толгой манай сумаас ажилтан авна гэж ярьдаг атлаа арав хүрэхгүй хувь нь л ажиллаж байна.  



- Бүтээн байгуулалт хийгдсэн үү?



- Орон нутгийн хэмжээнд хийсэн гэхээр зүйл алга. Өнөөдрийг хүртэл өндөр хүчдэлгүй л байна шүү дээ. Оюу толгойгоос 45-хан км-ийн зайд амьдардаг хэрнээ цахилгаангүй байгаа нь арай дэндсэн асуудал биз дээ. Ядаж 24 цагийн гэрэлтэй болгоод өгчих хэрэгтэй байна. Замын асуудал ч хүнд байдаг. Их л осол гарсан замтай болчихсон шүү дээ, манай сум. 



- Оюу толгойн Си Ай Си компанийн талаар та юу мэдэх вэ?



-Хүмүүс ам муутай байдаг. Ажлын дарамт их байдаг шиг санагдсан. Бие өвдөхөд хүртэл чөлөө өгөхгүйгээс эхлээд дарамт ихтэй юм билээ. Манай дүү  Си Ай Си-д ажиллаж байсан болохоор би сайн мэдээд байна л даа. 

Ер нь монгол хүн монгол хүнээ хүндэтгэж баймаар боловч гадаадуудаа л өмөөрч харагдах юм билээ. 



- Оюу толгой хэр нээлттэй байна вэ?



- Ил тод биш. Оюу толгой дээр очвол үүднийх нь “Хаан” банканд л орж болдог. Түүнээс биш ороод аюулгүй байдлын зөвлөгөө авъя гэхэд хүртэл боломж олгодоггүй. Дотроо яг юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, их хаагдмал. 



- Хятадууд их ажилладаг юм байна. Гэтэл та бас ажилламаар л байгаа биз дээ?



- Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр Оюу толгойд 2000 хятад ажилладаг гэж сонсогдсон. Тэд ер нь яах гээд, юу хийгээд байна гэдэг нь үнэхээр сонин. Уг нь тэдний хийж буй ажлыг монголчууд хийж чадна шүү дээ. Одоо бүр хятадын кэмп хүртэл байгуулагдчихсан. 



- Таныг ажиллаж байх үед хятадууд хэр олон байсан бэ?



- Намайг 2007 онд ажиллаж байх үед 400 хятад ажиллаж байсан. Тэр үед экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ирэхэд кэмпээ нуугаад ердөө гучхан минутын дотор бүгдийг нь буулгачихсан удаатай. Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгч юу ч анзаараагүйгээр барахгүй буцаж очоод Оюу толгойд нэг ч хятад ажилтан байхгүй гэж ярилцлага өгч байсан. Харамсалтай нь тэр бүхэн худлаа. Иймэрхүү нууц ажиллагаануудыг сөхвөл зөндөө зүйл бий шүү. 



- Тухайлбал?



- Жишээ нь би 2003 оны есдүгээр сарын зургаанд Оюу толгойд ажилд орж байлаа. Түүнээс хойш бараг дөрвөн жил ажилласан байхад нийгмийн даатгалын дэвтэр дээр ердөө зургаахан сар ажилласан гэсэн тэмдэглэгээ хийсэн байдаг. Тэр дэвтэр нь надад одоо ч бий. Иймэрхүү л юм хийдэг компани шүү дээ. 



- Наадах чинь ноцтой асуудал шүү. Ингэхэд та Оюу толгойд ямар ажил хийж байв?



- Би өрлөгчин хийж байсан. Яг мэргэжлээрээ ажиллаж явсан болохоор өөрийгөө муу байсан гэж боддоггүй. Гэвч 2007 оны нэгдүгээр сард цомхотголд орсон. Эргээд ажилд авна гэж байсан боловч дахин дуудаагүй.



Манай сум ямар ч хөгжилгүй болсон. Г.Бямбаа иргэн



- Та нутгийн уугуул иргэн үү?



- Уугуул иргэн. 



- Та бүхний амьдрал ямар байна. Оюу толгой танай сумыг дэмжиж байна уу?



- Олигтой дэмжсэн, дээшилсэн зүйл алга. Та бүхэн манай сумыг нэг тойроод үзээрэй. Бүх юм ойлгомжтой болно. 45-хан км-ийн зайд байгаа хэрнээ гэрэл цахилгаантай ч болгож чадахгүй байна. Үнэнийг хэлэхэд бид зурагтаар ч олигтой юм үзэж чаддаггүй. Энэ бүх болохгүй асуудлыг нь телевизийнхэнд ярихаар сайныг нь гаргаад, мууг нь хасчихдаг юм билээ. 



- Нийтийн жишгээс харахад Ханбогд сумынхан Оюу толгойд сэтгэл дундуур явдаг болжээ дээ?



- Сэтгэл дундуур байлгүй яах вэ. Хүн бүхэн хэлнэ дээ. Зам, ус, гэрэл цахилгаан байхгүйгээс эхлээд Ханбогд суманд олон бэрхшээл бий. Үнэндээ манай сум ямар ч хөгжилгүй болсон. Тэгтэл Тавантолгойг хар, одоо бараг хот болж байна шүү дээ.     


Эх сурвалж: Өглөөнийн сонин. 
                    Сэтгүүлч С.Бэлэгмаа



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 20:38 Мэдээний төрөл , ,

3 comments for "Оюу толгой Онцгүй л байна ..."

  1. Америк англи барааны өргөн сонголттой онлайн шопоор үйлчлүүлнэ үү,,,Таны Захиалсан барааг 14 хоногт Америкаас Улаанбаатарт авчраад өмнөговь руу үнэгүй явуулна,,,

    99870216
    uni_gc@yahoo.com
    www.unicorn.mon.mn
    amerikangli@facebook.com

  2. Танай сайтанд анх удаа орлоо тун дажгүй нийтлэлтэй юм байна. Майнай аймгийхан интернетээр тэр болгон мэдээлэл солилцож сэтгэгдэл бичдэггүй харамсмаар. Уул уурхайгаас олох ашгаас илүүтэй хүртэх, ажиллах боловсон хүчнээр нутгыхан маань түлхүү хангагддаг,газар нутаг дээрээ эзэн нь байж чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж зөв үйлийг дэмждэг байвал сайнсан. Хүний нутгийн хүн хүнийх л байна. нэг л өдөр хаалага саваад гардаг юм шүү НУТГЫХАН МИНЬ. ГОВЬ НУТАГ МИНЬ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИГ

  3. www.chmdstudio.it.mn top site

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook