МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Иргэний нийгмийн байгууллагууд Оюу Толгой төсөлтэй танилцлаа

Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болсон эхний 15 хүний бүрэлдэхүүнтэй баг 2011 оны хоёрдугаар сарын 16-нд Оюу Толгой төслийн талбайд зочиллоо. Тус аймгийн хэмжээнд иргэний нийгмийн 54 байгууллага бүртгэлтэй. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 байгууллагын төлөөлөл орон нутагт нь өрнөж буй бүтээн байгуулалт, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар төслийн талбайд зочилсон нь энэ.
Өнгөрөгч оны наймдугаар сард Оюу Толгой ХХК-ийн Олон нийттэй харилцах хэлтсийн төлөөлөгчид Өмнөговь аймгийн сэтгүүлч, төрийн бус байгууллагынхантай нээлттэй уулзалт хийж, хамтран ажиллах талаар зарим зүйлийг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрчээ. Үүнд, иргэний нийгмийн байгууллага Оюу Толгой төслийн талбайтай биечлэн танилцах., Оюу Толгой төслөөс сар бүр нэг сая төгрөгийн төслийг дэмжих, зургаан багт найман мэдээллийн самбар ажиллуулах ба түүнийг хариуцсан ажилтныг 108 мянган төгрөгөөр цалинжуулах, иргэний нийгмийн байгууллагын нэгдлээс бэлтгэн гаргадаг “Зөв эхлэл” сонины хэвлэл, тээврийн зардлыг бүрэн даах. Уг тохиролцооны хүрээнд төрийн бус байгууллагууд хоёр хэсэг болж төслийн талбайн их бүтээн байгуулалт, түүний үйл явцтай танилцсан юм. 
Уурхайн бүсэд орж ирсэн учраас танилцах аяллын багийнханд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өглөө. Холын замд алжаасан төлөөлөгчид цай, кофе уунгаа, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, бяцхан амсхийв. Зочид эхлээд Нэгдүгээр босоо амны байгууламж, үйл ажиллагаатай танилцсан. Нэгдүгээр босоо ам нь аюулгүй ажиллагааг чанд баримталдаг. Тиймээс зочдыг малгай, нүдний шил, гутал зэрэг хамгаалах хэрэгслээр бүрэн хангажээ. Энэ нь зочдыг уурхайчин шиг харагдуулж, тэдэнд нэг өдөр мэргэжлээ сольсон мэт сэтгэгдэл төрүүлснийг төлөөлөгчид хэлж байлаа. Нэгдүгээр босоо амны үйл ажиллагаатай танилцсан зочид 2400 хүний багтаамжтай ресторанд үдийн зоог барьсныхаа дараа бүтээн байгуулалт, төслийн талаархи мэдээллийг авч, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Тэдэнд төслийн дэд ерөнхийлөгч С.Санждорж бүтээн байгуулалт, төслийн тухай мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа. Иргэний нийгмийн байгууллагынхан усны бодлого, хог хаягдлын менежмент зэрэг байгаль орчны төлөвлөлтийн талаар ихэвчлэн асууж байв. Мөн төслийн зүгээс орон нутагт ямар үр өгөөж өгч байгааг сонирхож, дэлгэрэнгүй хариулт авсан. Ямар ч атугай зочид төслийн тоо баримтыг бүтээн байгуулалттай харьцуулан үзэж, Баяжуулах үйлдвэрийн барилгын үйл явц, Бетон зуурмагийн үйлдвэр-2, 20 мВт-ын цахилгаан станц, Хоёрдугаар босоо ам, 4500 ажилчны байр, Агуулах, Геологийн хэлтэстэй танилцлаа. Түүнчлэн ажилчдын амьдарч буй орчин, чөлөөт цаг өнгөрүүлэх төрөл бүрийн спортын төвд зочлов.  
Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагууд нь нэгдсэн зохион байгуулалттай, хүчтэй дуу хоолойгоороо бусдад үлгэр болохуйц үйл ажиллагаа явуулж, нутгийнхаа ард түмний төлөөлөл болж, нийгэмд сайны үрийг тарьдаг. Тиймдээ ч тэдний Оюу Толгой төсөлтэй хамтран ажиллах санал, сонирхсон асуулт зэрэг нь чамбай байсан юм. Аяллын төгсгөлд тэдний санал, сэтгэгдлийг сонслоо. 
Ү. Батням:/Монголын зохиолчдын эвлэлийн хорооны Өмнөговь аймаг дахь салбарын эрхлэгч, зохиолч, яруу найрагч/
-Оюу Толгой Монголд байтугай дэлхийд алдартай том орд. Хэдийгээр Монголын газар нутагт байгаа ч бид дангаараа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй, хэчнээн мянган жил, хичнээн зууныг ч элээсэн юм билээ. Харин өнөөдөр орд газраа ашиглах боломж бүрдсэнд баяртай байна. Оюу Толгой төслийн талбайд ирээд уул уурхайн талаар өргөн мэдээлэлтэй боллоо. Бид төслийн бүтээн байгуулалтыг газар дээр нь үзлээ,  уурхайн гүний байдлыг компьютер, зургаас харлаа. Техник тоног төхөөрөмжтэй нь танилцлаа. Ирээдүйн төлвийн талаар маш сайхан зүйлсийг сонслоо. Ер нь хэвлэл мэдээллээр цацагддаг янз бүрийн сенсааци, улстөржөөд, хийрхээд, будилуулаад, бидний толгойг эргүүлээд, үймүүлээд байдгаас бүх юм газар дээрээ огт өөр байгааг нүдээрээ харлаа. Үнэхээр Монголын ирээдүй, хөгжил энд байна гэдгийг ойлголоо. 
Д. Даргахүү:/Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах холбооны тэргүүн/ 
-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг, олны өмнө үүрэг хүлээсний хувьд Оюу Толгой төсөлтэй танилцах багт орсон. Их зүйл харж, үзлээ. Энд машин, техник, тоног төхөөрөмж, үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулжээ. Орчин нь цэвэр, хоггүй. Байгаль орчныг бохирдуулахгүй байх санамж, бодлого энд хэрэгжиж байна. Эдгээрийг ажиллагсад нь ч чанд дагаж мөрддөгийг харлаа. Бүх зүйл дээр дэг журам, зохион байгуулалт, эмх цэгц, байгаль орчинд халгүй байхад анхаардаг юм байна. Үүний нэг бодит жишээ нь хуурай хог хаягдлыг дөрөв, таван хэсэг болгож ангилаад хэрэгцээтэй байгууллага, хувь хүнд өгдөг. Усыг дахин цэвэршүүлж, түүнийгээ орчны тоосжилтыг дарахад ашиглаж байна. Энэ нь олзуурхах үзүүлэлт. Говийн бүсийн тулгамдсан асуудал бол ус. Оюу Толгой үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар ус их хэрэглэнэ гэж байгаа. Ингэхдээ ахуйн зориулалтаар ашигласан усаа цэвэршүүлээд дахин хэрэглэж буй нь үнэхээр чухал. 
Уул уурхайн компаниуд байгаль орчинд халгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, дээдэлсэн ийм үйл ажиллагааг нэвтрүүлэх ёстой. Уул уурхайн талаархи ойлголт ард түмний дунд янз бүр. Дийлэнх нь уул уурхай байгаль орчныг бохирдуулдаг, сүйтгэдэг гэсэн ойлголттой. Тэгвэл Оюу Толгойн хувьд энэ чиглэлээр загвар болох ололт бэлээхэн байна. Үүнийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж би хувьдаа дүгнэлээ. 

 Эх сурвалж: http://www.inet.mn/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 20:15 Мэдээний төрөл ,

0 comments for "Иргэний нийгмийн байгууллагууд Оюу Толгой төсөлтэй танилцлаа"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook