МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймгийн ЗДТГазарын 02 дугаар сарын мэдээ


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
 ГАЗРЫН 02 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2011-02-25

Нэг. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,


Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Иргэний танхим” байгуулах тухай шийдвэр гарсны дагуу түүнийг ажиллуулах журмыг боловсруулан Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Мөн “Иргэний танхим”-ын анхны хэлэлцүүлэгийг Байгаль орчны чиглэлээр хэлэлцүүлэг хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Мядагсүрэн 2 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Ханхонгор сумын багуудын хуралд оролцож аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гарсан тогтоол шийдвэр болон цагийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Тэргүүлэгчид 2 дугаар сарын сүүлээр хуралдахаар төлөвлөж байгаа бөгөөд уг хурлаар “Ус” дэд хөтөлбөр, Иргэний танхим ажиллуулах журам, аймгийн бэлэг тэмдэгийг шинэчлэх зэрэг асуудлуудыг авч хэлэлцэнэ.


Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд

            Япон улсын Хёго мужид болох “Гамшгаас сэргийлэх” дэд хорооны чуулган, сургалтанд Онцгой байдлын хэлтсийн дарга, албан хаагчын хамт оролцуулахаар болж, 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 албан хаагч Япон улсын элчин сайдын яаманд визэнд орсон. Энэхүү чуулга уулзалт, сургалт 2011 оны 03 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн а/33 дугаар тушаалаар Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Ёс зүйн хорооны даргаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ, гишүүдэд Ч.Баярмаа / Хууль зүйн хэлтсийн дарга/, Т.Дөлбаяр /Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга/, Д.Баасанхүү /Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол, шинжлэх ухааны бодлогын мэргэжилтэн/, Б.Чулуунбадрах /Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн бодлого, төрийн албаны стандарт хангалт хариуцсан мэргэжилтэн/ нар томилогдлоо.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Төрийн албан хаагчийн хувийн хэргийг шинэчлэх тухай” 01 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, сумын ЗДТГ, холбогдох байгууллага, агентлагуудад “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг”-ийг шинээр хийлгэн тарааж байна. Энэ тогтоолын хэрэгжилт үр дүнг 3 дугаар сарын 01-ээс эхлэн дүгнэхээр ажиллаж байна.
Аймгийн “Суралцагч байгууллага” хөтөлбөр, төрийн албан хаагчдийг сургаж, дадлагажуулах жилийн ажлын төлөвлөгөөний дагуу “Шударга төрийн төлөө” ТББ-тай хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага”, “Төрий албаны стандарт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдвээр 2 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд аймгийн ЗДТГ-ын 22, Даланзадгад сумын ЗДТГ-ын 18, бусад алба, агентлагаас 8, бүгд 48 хүн хамрагдлаа.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авахаар 2 дугаар 26-ны өдөр төлөвлөсөн байсан боловч энэ ажил сум, байгууллагуудын сул орон тооны захиалга бүрэн гүйцэд ирээгүй шалтгаанаар хойшлогдсон болно.
           Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу Цэргийн албыг 3 жилээр хаасан цэргийн үүрэгтний судалгааг гаргаж БХЯ-нд хүргүүлсэн.
           Зэвсэгт хүчний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медалиар шагнуулахаар Цэргийн штабын даргаар ажиллаж байсан ахмад настан Д.Одбаяр, Д.Каахүү нарын ажил байдлын тодорхойлолтыг бичиж Даланзадгад сумын Засаг даргын дэмжих бичиг, ИТХТ-ийн хурлын тэмдэглэл хийлгэж бэлэн болгосон.
           Цэргийн дүйцүүлэх албыг 2009 оноос биеэр хааж хугацаа дууссан, 2011 оноос биеэр хаах иргэдийн холбогдох материалыг сумдаас авч нэрсийн жагсаалтыг гаргасан.

Хоёр. Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд
Сум, байгууллагуудын 2010 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хянан хүлээн авч нэгтгэн Сангийн яаманд 2011 оны 02 сарын 10-15-нд хугацаанд нь тушаалаа.  
Аж ахуйн нэгж, байгууллагуудын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч, хянан нэгтгэн, дүнг Сангийн яаманд хүргүүллээ. 
Аймгийн 2010 оны төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланд судалгаа дүгнэлт хийж эхэллээ.
Аймгийн Тусгай зориулалтын сангуудын 2010 оны санхүүгийн баримтыг аймгийн МХГ-аар шалгуулахаарбэлтгэж байна. 
ДЗ хотын зам болон инженерийн шугам сүлжээний тендер нээгээд дүгнэж байгаа ба Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэлгүүрийг сонгон шалгаруулалиыг хийж, гэрээ байгуулж байна. Ханхонгор сумын Цэцэрлэг , Номгон сумын сургуулийн Дотуур байрны барилгын засварын зураг төсөв боловсруулах ажлын хураангуй жагсаалтыг гаргасан. Ёслол, хүндэтгэлийн рөгөө, 9 хөлт цагаан туг хийх, зорчигч тээврийн үйлчилгээ явуулах, Гурвантэс сумын эмнэлгийн өргөтгөлийн, Мандал-Овоо сумын спорт заалны зураг төсвийн тендерүүд зарлагдаад явж байна.    
1.    Төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн талаар авч үзвэл:
Орон нутгийн төсөвт 2212.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3525.7 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 1313.6 сая төгрөгөөр буюу 59.4 хувиар давж биелэгдсэн байна.
Давсан орлогыг татварын орлогын нэр төрлөөр авч үзвэл:
-Өмчийн татварын орлого 11.7 дахин
-Бусад татвар хураамжийн орлого 30.0 хувиар
-Татварын бус орлого 17.1 дахин тус тус давж биелсэн байна.
Харин хүн амын орлогын албан татварын орлого0.1 хувиар буюу 0.4 сая төгрөгөөр тасалдсан байна.
Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Цогтцэций сум 18.9 хувиар, Даланзадгад сум 13.6 хувиар, Татварын хэлтэс 8.5 хувиар тус тус тасалдуулж, бусад сумд 22.8 хувиас 46.6 дахин давуулан биелүүлсэн байна.
Харин аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг Баян-Овоо 45.6 хувь, Гурвантэс 8.2 хувь, Мандал-Овоо 91.0 хувь, Номгон 47.8 хувь, Хүрмэн 18.2, Цогт-Овоо 47.1, Цогтцэций 53.7 хувиар тус тус тасалдуулж, бусад сумд 3.7-195.5 хувиар давуулан биелүүлжээ.
Улсын төсвийн орлогын төлөвлөгөөг Баян-Овоо 71.1 хувь, Булган 52.1 хувь, Гурвантэс 56.1 хувь, Манлай 32.8 хувь, Даланзадгад 22.1 хувиар тус тус тасалдуулж, бусад сумд 1.0 хувиас 8.9 дахин давуулан биелүүлсэн байна.
Аймгийн өөрийгөө санхүүжүүлэх чадавхи 738.9 хувьтай гарсан байна.
Сумдад олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орлогын 396.6 сая төгрөгийг хуваарилан, бүрэн олгосноор сумдын орон нутгийн төсвийн байгууллагууд хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж өгсөн. 
Сумын төсвийн зарлагаас давсан орлогоос аймгийн төсөвт буцаан төвлөрүүлэх орлогыг Баян-Овоо, Гурвантэс сумд 120.0 хувиар биелүүлж, Цогтцэций сум 20.5 хувиар тасалдуулсан байна.   Төсвийн зарлага санхүүжилтэнд 558.3 сая төгрөг зарцуулахаас 477.1 сая төгрөг зарцуулж, төсөвт зардал 81.2 сая төгрөгөөр буюу 14.5 хувиар хэмнэгдсэн  байна.
Төсөвт зардлыг Гурвантэс, Ноён сумд хэтрүүлж, бусад сум, байгууллагууд хэмнэсэн байна.
 Орон нутгийн төсвийн байгууллагууд  14.8 сая төгрөгийн өртэй гарч оны эхнээс 7.5 сая төгрөгөөр өссөн, авлага 5.4 сая төгрөг болж оны эхнээс 1.0 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Орон нутгийн төсвийн байгууллагуудаас Мандал-овоо, Номгон, Сэврэй, Цогтцэций, Даланзадгад сум, аймгийн ИТХурал өртэй гарсан байна.
Орон нутгийн нөөц санд 52.9  сая төгрөг зарцуулагдлаа.
 Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, их засварын зардалд 103.1 сая төгрөг зарцуулж, Цогтцэций сумын 0.4 квт-ын ЦДАШ-ийн шинэчлэл, Гурвантэс сумын Хүн эмнэлгийн автомашин, Сэврэй сумын багуудын засвар, Манлай сумын ЗДТГ-ын конторын барилгуудын ажилд зарцуулсан байна.
Гурав. Хууль, эрх зүй бодлогын хүрээнд

Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зйн сургалт сурталчилгаа, хууль тогтоомжийн системчлэл, нотариатын үйлчилгээний 2010 оны ажилд үнэлэлт дүгнэлт өгч 2011 оны ажлын чиглэл, цаашдын бодлогын талаар чиглэл өгч ажиллалаа.
“Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны 2011 оны төлөвлөгөө”-г батлуулан сум, байгууллагуудад хүргүүлэн авлигатай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын чиглэл өгсөн.
Авлигатай тэмцэх газар, аймгийн Засаг дарга, орон нутаг дахь төрийн бус байгууллагын сүлжээ хамтран байгуулсан 3 талт гэрээний 2010 оны хэрэгжилтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв.
Төлбөрийн чадваргүй 6 иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлж, 142 иргэд эрх зүйн зөвлөгөө өгч, 32 иргэнд хууль тогтоомжийн лавлагаа мэдээллээр үйлчилсэн.
Иргэний нийгмийн сүлжээтэй хамтран 2010 оны 01 сарын 17-ны өдөр “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 20 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулан шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал, хэлэлцүүлэгт оролцсон байгууллагуудын нэрсийн жагсаалт, саналыг Хууль Зүй Дотоод хэргийн яаманд хүргүүллээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 02 сарын 14-ны өдрийн а/23 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Азийн сан”-гийн санхүүжилтээр Өмнөговь аймагт авлигатай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах төрийн бус байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтыг 2011 оны 01 сарын 24-ны өдрөөс 02 сарын 10-ныг хүртэл зарлан зохион байгуулсан.
Тус аймгийн “Саран ээж” нийгэмлэгийн аймгийн салбар зөвлөл, “Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбоо”-ны аймаг дахь салбар, “Баян тост” төрийн бус байгууллагуудийaг шалгарууллаа.


Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд

Боловсролын салбар:

Боловсролын салбарт хэрэгжиж буй үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрүүдийн 2011 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг боловсрол соёлын газартай хамтран боловсрууллаа.
”MCS электроникс” компаны нэвтрүүлж буй Электрон сургууль төслийг хэрэгжүүлэхээр тус компаний мэргэжилтнүүд ирж сургуулиудийн удирдлагууд, мэдээлэл зүйн багш нарт сургалт хийж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан, бэлтгэл ажлыг хангаад байна.
БСГ-тай хамтран БСШУ сайдын 361 дугаар тушаалын хэрэгжилтэнд хяналт тавихаар боловсрол соёлын газрын мэргэжилтнүүдтэй хамтран аймгийн төвийн сургуулиудад дээр ажиллаж сурагчидийн хагас жилийн үнэлгээнд хяналт хийлээ.
БСШУЯ-ны үр дүнд түргэн хүрэх санаачлалын түншлэл хөтөлбөрийн газраас Даланзадгад суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих газрын асуудлыг шийдвэрлүүллээ.
Өмнөговь аймаг дахь Мерси кор олон улсын байгууллагаас 6 сарын хугацаатай сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр 1 бүлэг ажиллуулах төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлсний дагуу Даланзадгадын 9-р цэцэрлэг, Цогтцэций сумын 6-р цэцэрлэг, Цогт-овоо сумын 12-р цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэхээр уг төслийн бэлтгэл ажлыг ханган ажиллаа.

Соёлын салбар:

Аймгийн Музейн хамт олон ”Монголын уламжлалт зан заншил”,”Соёлын өвийн хадгалалт хамгаалалт” сэдвээр цуврал теле нэвтрүүлгийн анхны дугаарыг иргэдэд бэлтгэн хүргэлээ.
Аймгийн ТНС-аас иргэдийн дунд интернетын анхан болон дунд шатны 2 дахь удаагийн сургалтыг зохион байгуулж 28 хүн хамрагдав.
“Монгол хувцасаараа гоёцгоое” сэдэвт үзэсгэлэн худалдааг аймгийн музейгээс зохион байгуулж 16 иргэний 35 бүтээл тавигдав.
БСГ, Ханхонгор сумын МСС-ийн дэргэд бүх сумдын соёлын төвийн хөгжмийн багш нарын мэргэжлийн сургалтыг зохион байгуулж 14 хүн хамрагдав.
Аймгийн “Тэргүүний ажилтан”, “Тэргүүний тариаланч”, “Сайн малчин” хүндэт тэмдэгийн эх загварыг хийлгэн, хэвлэлтэнд өгөв.

Эрүүл мэнд, спортын чиглэлээр:

2-р сарын 19-21-ний хооронд АХБанкны “Дэд бүтцийн төслүүд ба Уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл”-ийн хүрээнд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх Сургагч багшийн сургалтыг Оюу толгой сайт дээр 3 хоногийн сургалтыг 25 ажилчныг хамруулан АХБ-ны Төсөл хэрэгжүүлэх нэгж, амжилттай зохион байгуулж, сертификат олголоо.
22-24-ний хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел Пиччинээр ахлуулсан мэргэжлийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт айлчилж, хөтөлбөрийн дагуу ажиллан үнэлгээ хийлээ. Энэ ажлын үр дүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр “Телемедицины төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь яаралтай, хүнд, оношлогдохгүй өвчнийг хугацаа алдахгүй зайны оношилгоо хийн эмчилгээг зааж, ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар эрс сайжрах юм. Мөн аймгийн удирдлагууд, эрүүл мэнд, боловсрол, төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй албан ёсны уулзалтуудыг зохион байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сайн дурын зөвөлгөө шинжилгээний кабинет болон 1-р сургууль дээр тус тус амжилттай ажиллалаа. 2-р сарын 24-25-нд Цогтцэций, Ханбогд суман дээр тус тус ажиллах юм.  
Аймагт хэрэгжиж эхэлж байгаа Мянганы сорилын сангийн төслийн Хамт олны гишүүдэд 2-р сарын 10 нд, Байгууллагын дарга эрхлэгч нарт 2-р сарын 11-12 нд тус тус аймгийн ЗДТГ-ын Говь танхимд 3 хоног зохион байгуулсан бөгөөд МСС-аас ирсэн сургагч багш нар ирж сургалт зохион байгуулав. Аймгийн ЭМГ дээр 5 төрлийн 14 хоногийн сургалт мөн зохион байгуулагдсан.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төв болгох, Цогтцэций, Ханбогд сумдын хүн эмнэлгийн статусыг өөрчлөх талаар дахин санал боловсруулан Засгийн газар, Эрүүл мэндийн Яам, Сангийн яам, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад хүргүүллээ.

Биеийн тамир спорт:

Нийтийн биеийн тамирын захирамж, сарчилсан удирдамжийг хавсралтаар батлан гаргаж бүх сумын Засаг дарга, байгууллагын дарга эрхлэгч нарт хүргүүлсэн бөгөөд шилжин явах тугийг АЗДТГ-ын СТСХ-ээс болон бусад байгууллагад хүлээлгэн өгч, 2-р сарын 19-ний өдөр “Цасны баяр”-ын арга хэмжээний хүрээнд тэмцээн уралдаануудыг зохион байгуулж 22 байгууллагын 980 орчим хүн оролцлоо.
Аймгийн Засаг даргын ивээл доор “Цагаан сарын барилдаан”-ыг зохион байгуулахад 32 бөх барилдаж, Ш. Дарханбат түрүүллээ. Үндэсний бөх, сур, шагайн холбооноос тус тус оны шилдгүүдээ шалгаруулан шагнаж урамшуулсан бөгөөд аймгийн Манлай уяач аар 6 хүнийг тодруулан шагналаа.
Хүүхдийн спортын IV их наадмын хүрээнд тэшүүр, сагсан бөмбөг, жүдо, чөлөөт бөх, 100 буудалт даам, шатар, одон бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Эрдэнэт хотод болсон УАШТ-д тэшүүр, цанын төрлөөр оролцлоо.
Оросын холбооны Бурят улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын А зэргэлэлийн тэмцээнд Өмнөговь аймгийн тамирчин Бямбацэрэн оролцож, мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт гаргасан байна.
Эрүүл мэндийн байгууллагад үйл ажилллагаа явуулах тусгай зөвшөөрөл 1 байгууллагад олгож, 1 байгууллагын зөвшөөрлийг сунгалаа.


Нийгмийн хамгааллын салбар:

2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон заралсантай холбогдуулан аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн дунд “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт 1 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд 50 гаруй бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо солилцлоо.
2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалтын төвийн 30 гаруй сурагчдад “Хүн худалдаалах гэмт хэргийн асуудлаар олон нийтийн үзэл хандлагыг дээшлүүлэх” 2-р  шатны сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар орон нутгийн эрсдэлтэй бүлэгт хүн худалдаалах гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдээллийг сургалтанд оролцогчдоор дамжуулан түгээх, сургалтанд оролцогчид энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх арга замд суралцах зорилготой.


Зургаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл,
дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд

Байгаль орчны чиглэлээр:

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг 2011 оны 2-р сарын 1-ны өдрийн байдлаар 56 аж ахуйн нэгж, хайгуулын тусгай зөвшөөрлийг 354 аж ахуйн нэгжид тус тус олгосон байна. 2011 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн гүйцэтгэлээр Тавантолгой ХХК 337227.3 мян төг , биелэлт 112.4%,МАК ХХК 40417.3 мян. төг биелэлт 18.8%, Саудсгоби сэндс ХХК 838992.3 мян.төг биелэлт 279.7%, Энержи Ресурс ХХК 400 000 мян төг биелэлт 100% тус тус гүйцэтгэлтэй байна.
Ойгоос хэрэглээний мод түлээ ашиглсны төлбөр 39.2 мян.төгрөг, Ус ашигласны төлбөр 27282.4 мянган төгрөг тус тус орон нутгийн төсвийн орлогод орсон байна.
Манлай суманд Байгаль орчин, аялал жуулчлалын өдөрлөгийг 2-р сарын 27-д зохион байгуулахаар товлож өдөрлөгийн хөтөлбөр, сургалтын гарын авлага, залуучуудын дунд БО-ны сэдвээр явуулах АХА тэмцээний асуулт зэрэг шаардлагатай гарын авлага , эвхмэл зэргийг бэлтгэх ажлыг хийж байна.
Хилийн цэргийн 0131-р ангийн захирагч болон Жаал шандын заставын дарга, орлогч нартай уулзаж ногоон застав болгох талаар ярилцаж ангийн удирдлага, Байгаль хамгаалах холбоо, Дэгжих говь ХХК-тай хамтарч ажиллахаар боллоо.  
БОАЖЯам болон аймгийн Байгаль хамгаалах санд экологи- сургалт сурталчилгааны чиглэлээр төсөл бичиж хүргүүлэв.
Аймгийн аялал жуулчлалын “Мастер төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын тендерт шалгарсан “Brain”  орон нутагт ирж судалгаа, аялал жуулчлалын салбарын холбогдох удирдлагууд, мэргэжилтнүүдтэй уулзаж санал бодлыг сонсож, дүгнэлт хийв. Энэ уулзалтуудыг зохион байгуулж судалгаа мэдээлэл материалуудыг цахим хэлбэрээр хүргүүлж ажиллалаа.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулаар 13 хүсэлт ирснээс нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэхээр 3 шууд хэрэгжүүлэхээр 10 төслийн дүгнэлтийг хуулийн хугацаанд хийж хүргүүллээ.

Дэд бүтцийн чиглэлээр:

Даланзадгад-Булган-Мандаловоо-Олон-Овоот чиглэлд орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний тендерийн даалгавар боловсруулсан бөгөөд Даланзадгад сумын төвийн 2.8 км замыг хатуу хучилттай болгох ажлын зураг төсөл”, “Даланзадгад сумын төвийн явган хүний замын зураг төслийн ажил гэх мэт 5 тендерийн даалгавар боловсруулж шаардагдах материал, газрын захирамж, техникийн нөхцөл зэргийг бүрдүүлэх арга хэмжээг авав. Орон сууц хувьчлалын товчооны хурлаар 3 иргэнд орон сууцыг нь хувьчилсан шийдвэр гаргуулав.


Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээр:

Хаврын эхэн сар гарсаар нийт нутгийг хамарсан цас давтан орсон бөгөөд уулархаг буюу баруун бүсийн сумдын мал аж ахуйн хаваржилтанд таагүй нөлөөлөл үүсгэж байна. Ялангуяа Говь гурван сайхан, Баянцагаан, Баянбор, Хөх сэрхийн нуруу зэрэг уулархаг нутгаар цас их хэмжээгээр олон дахин орж, бэлчээргүйтэх нөхцөл байдлыг үүсгээд байна. Цаг агаарын хувьд I арав хоногийн дунд үе болон сүүлч, II арав хоногийн эхээр хүйтэрч шөнөдөө 22-27, өдөртөө 11-16 градус хүйтэн байлаа. I арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, II арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орлоо. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи баруун хойноос 16-18 м/с, зарим газраар 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурлаа.
Орон нутагт мал төллөлт одоо эхэлж байгаа бөгөөд аймгийн хэмжээгээр оны эхний төллөвөл зохих 521,7 мянган хээлтэгчийн 0,1 хувь нь буюу 578 хээлтэгч төллөж, гарсан төлийн 99,9 хувь бойжиж байна.
Өнгөрсөн оны намрын тарга хүч, аймаг, сум, малчид иргэдийн өвөлжилт хаваржилтийн бэлтгэл сайн хангасны үр дүнд цаг үеийн хүндрэлийг хохирол багатай давж байгаа бөгөөд он гарсаар аймгийн хэмжээнд 255 толгой мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийн /118772/ хорогдлоос харьцангуй бага байна.
Мал амьтны халдварт галзуу өвчний дэгдэлт ихсэх хандлага илэрсэнтэй холбогдуулан Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс зэрэг 5 сумын ЗДТГ-аас “Үнэг устгах ажлыг зохион байгуулах” түүнтэй холбогдон гарах зардалд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай саналыг ирүүлсэн. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийн тухайн сумдад мэргэжлийн байгууллагууд хамтран тандалт хийж, нарийвчилсан судалгааг гарган, аймгийн Онцгой комиссоор хэлэлцүүлэв. Аймгийн Онцгой комиссоос өвчлөлийн голомтод байгаа үнэг устгах арга хэмжээг зохион байгуулах, зөвшөөрлийг авах, хөрөнгө зардлыг шийдвэрлэн ажлыг эхлүүлэх талаар шийдвэр гаргаж, холбогдох яам газарт хүсэлтээ тавиад байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 93 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит мах боловсруулах үйлдвэрийг орон нутгийн өмчийн оролцоо 51 хувь, хувийн хэвшлийн оролцоо 49 хувь байхаар тогтоож, үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт, компанийн дүрмийг боловсруулан аймгийн ИТХТэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг чиглэл болгосон. Үүрэг чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын 2010 оны а/677 дугаар захирамжаар “аймагт мах боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулах” хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, сонгон шалгаруулалтыг явуулав.
 Мах боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулалтанд “Говийн хан уул” ХХК шалгаран орон нутгийн өмчит хамтарсан компанийг байгуулан ажиллах шийдвэрийг гаргалаа.

Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр:


   Төвийн бүсийн зөвлөлийн 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тус бүсийн Дархан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгууд хамтран ажиллах зорилгоор бүс, нутгийн хөгжлийг дэмжих санд аймгаас 5,0 сая төгрөгийг төвлөрүүллээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан аймаг байгуулагдсны 80 жилийн ойг угтсан “80 бүтээлч ажил”-ын жагсаалтыг аймгийн ИТХТХ-ын 2010 оны 91 дүгээр тогтоолоор хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2011 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаад байна. 80 бүтээлч ажлын төлөвлөгөөнөөс 2010 онд нийт 37 ажлыг бүрэн хэрэгжүүлсэн байгаа бөгөөд 2010 онд орон нутагт нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай томоохон бүтээн байгуулалтын ажлыг нэмж, нийт 52 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн, эзэнжүүлэн ажиллаж байна.
Аймгийн хөгжлийн индексийн үзүүлэлтийн 2010 оны жилийн эцсийн байдлаар урьдчилсан судалгаа, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2012 оны үндсэн чиглэлд тусгах саналыг нэгтгэн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд тус тус хүргүүллээ.
Засгийн газраас зохион байгуулж буй “ Хөгжилд хамтдаа” эдийн засгийн форум 2011 оны 03 сарын 2-4-ний хооронд болохтой холбогдуулан, аймгаас ирүүлсэн шаардлагатай мэдээлэл, судалгааг холбогдох газруудад хүргүүлэв.



 Долоо. Цаг үеийн бусад мэдээлэл

2011 оны 02 дугаар сард аймгийн ЗДТГ-т ирсэн хариутай бичгийн тоо 12. ТЗУХ-т 2 урьд сарын үлдэгдэл 5. хугацаандаа шийдсэн 0, хяналтанд байгаа 7, ХЗХ-т 1, урьд сарын үлдэгдэл 0, хугацаандаа шийдсэн 1, хяналтанд байга 0, НХХ-т 1 урьд үлдэгдэл 1, хугацаандаа шийдсэн 0, хяналтанд байгаа 2. ХБХ-т 6, урьд үлдэгдэл 8, хугацаандаа шийдсэн 0, хяналтанд байгаа 14, СТСХ-т 1, үлдэгдэл 0, хугацаандаа шийдсэн 1, хяналтанд байгаа 0, Цэргийн штабт энэ сард ирсэн 1, хяналтанд байгаа 1. Өнөөдрийн байдлаар хугацаа хоцорч байгаа нийт бичиг 14 байна.
            Энэ сард нийт 51 ажил, арга хэмжээ хийхээр төлөвлөснөөс 2 ажил хойшлогдож, төлөвлөгөө 96 хувь биелсэн байна.




АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Эх сурвалж: http://umnugobi.gov.mn/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:56 Мэдээний төрөл

0 comments for "Өмнөговь аймгийн ЗДТГазарын 02 дугаар сарын мэдээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook