МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Оюу толгойн олон толгой

Өнгөрсөн 2010 он монголын уул уурхайн салбарын хувь хувьд хамгийн том алхам оюу толгойн гэрээг байгуулсан явдал юм. Энэ гэрээ манай улсад сайн сайхан зүйл олныг бий болгоно хэмээн гэрээг үзэглэгчид амлаж байгаа бол харин нөгөө талд ард олны хардлага, геологийн салбарын зарим хүмүүсийн дургүйцэлийг турүүлсэн үйл явдал өрнөж байна. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр манай улсад ашиг тусаа өгч эхэлсээр даруй 30 жилийг ардаа үджээ. Аль аль талдаа хохиролгүй наймаа болсон гэдгийг уул уурхайн мундагууд шагшин магтах дуртай. Тэгвэл эрдэнэтийг дагуулахгүй их нөөцтөй, ашиг орлого нь ангаймаар ихээр тоологдох оюу толгойн гэрээнд энэ цагийн засгийн газар их л хуумгай хандсан болохыг хүн бүхэн хэлж суугаа. Сүүлийн 5 жилийн туршид улсын их хурлын түвшинд яригдаж, улс төрчдийн хэрүүл хийх ганц шалтаг болсон дээрх гэрээ 2010 онд үзэглэгдэж асуудал шийдэгдсэн гэж үзэж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэ гэрээнд сэтгэл гундуухан олон хүн байна.
Хүн төрөлхтөний түүхэнд олон дайн самуун дэгдэж байсан. Энэ бүхэн эд баялаг, гол нь газар нутгийн төлөө байсан юм. Бидний өвөг дээдэс ийнхүү үхэн хатан тулалдаж байсны үр дүнд өнөөгийн бидний эрдэнэс баялгаар дүүрэн эрүүл сайхан байгальтай эх орон, газар шороог өвлүүлэн үлдээжээ. Гэвч үр ач бид дараагийнхаа үед энэ газраа энэ чигээр нь үлдээж чадахгүй нь нэгэнт тодорхой боллоо. 1990-ээд оны дцунд үеэс монголын уул уурхайн салбар уналтанд орсон хэмээн зарлаж гадаадын хөрөнгө оруулагчдыг найр тавин даллаж лиценз нэрээр монголдоо алдартай хамаг л ордыг бараг л татваргүй таатай нөхцөлөөр эзэмшүүлж өнөөдөр бид сэндийчсэн газартай сэргэн мандсан юмгүй хоцорсон. УУл уурхайн томоохон ордуудыг бусдад ашиглуулах, хөрөнгө оруулалт хайх нэрээр хамгийн их дуншиж байж байгуулсан оюу толгойн гэрээний хор хохирол, аль эсвэл сангийн сайд болон эрдэс баялагийн сайд нарын яриад байгаа тэр их ашгийг бид өнөөдөр алийг нь нүдээрээ үзээгүй байна. Бие биерүүгээ хөл жийлцэж барааг нь харахгүй төрөө барина гээд байдаг монголын хоёр акул намынхан ах дүү хоёроос дотно болж андын холбоо тогтоон нэг хөнжилд нойрсох болсон цагаас оюу толгойн гэрээ үзэглэгдэх нь нэгэнт тодорхой боллоо. Гэхдээ гэрээнд ойлгомжгүй асуудал олон байна. Жишээ нь Хөрөнгө оруулалын гэрээ, Ашиглалтын гэрээ, харин нөгөөх нь хувь нийлүүлэгчдийн гэрээ гэсэн 2 өөр гэрээг хийгджээ. Гэтэл хувь нийлүүлэгчдийн гэрээ нь өнөөдрийг хүртэл олонд дэлгэгдээгүй, өөрөөр хэлбэл нууц гэрээ гэсэн нэрийг зүүчихээд байгаа явдал юм. Энэ гэрээг олонд ил болгож, тодорхой тайлбарыг өгөхийг улсын их хурлын зарим гишүүд хэлээд байгаа ч засгийн газар өөрсдийн гэсэн албан ёсны хариултыг хэлэхгүй, засгийн газрын нэг гишүүн болох эрдэс баялагийн сайд гарч ирээд л айвенхоу майнз компанийг магтаад байдаг болжээ.
Тэгвэл энэ айвенхой майнз гэдэг компаний ямар учиртай юм бэ? Тэртээ 1997 оны үед монголын уул уурхайн салбарын нээлттэй цацаж байсан лицензүүдээс дэлхийн уул уурхайд акул хэмээн нэрлэгдсэн Австралийн Би эйч би компани зэсийн илэрцтэй байж болох Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь хэсэг газрыг авчээ. Эднийх өрөмдлөг хийгээд харамсалтай нь юм олсонгүй. Өрөмдлөг бол уул уурхайн компаний хувьд маш өндөр өртөгтэй ажил болохооор ухсан газраасаа юу ч олоогүй өнөөх компани Канадад бүртгэлтэй Айвенхоу майнзд өнөөх газрыг заржээ. Уйгагүй ажилласан тус компаний ажил бас л явцгүй байжээ. Тэд маш их өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэсэн боловч нэг л амжилтанд хүрсэнгүй. Ингээд монголыг орхин явах гэж байтал хамгийн сүүлчийн өрөмдлөг болох 150 дахь цэгээс газрын гүн рүү 600 метрийн цаана зэсийн асар их орд байгааг олж нээжээ. Энэ бол 2001 он байлаа. Үүнээс хойш дэлхий дахины уул уурхайн салбарын анхааралд зайлшгүй өртсөн оюу толгойн төлөө олон олон улс орон нүдээ ухаж эхэлсэн юм. Өнөөдөр тус ордын зэс нь 72 тэрбум унц, алт нь 30 сая унц хэмээн тодорхойлогджээ. Айвэнхо майнз компаний ерөнхийлөгч Фридланд гэгчийг монголчууд танихгүй ч гэсэн төрсөн ах дүүгээсээ илүүтэйгээр нэрийг нь сонссоор хамаатан юм шиг боддог болсон. Гэвч дэлхийн уул уурхайн салбарт хорт Боб хэмээгч нэртэй Фридланд бүхэл бүтэн улс үндэстний засгийн газрыг өөрийнхөө компаний нэг алба мэтээр ажиллуулж, хүссэн зүйлээ хийлгэж байна. Тэрээр 1 тонн зэсийн үнэ 19 мянган долларт хүрнэ, тэр үед өөрөө дэлхийн хамгийн том зэсийн ордын эзэн суусан байх болно хэмээн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож яваа. Үгийнхээ далиманд 40 км үргэлжлэх оюу толгойн ордыг дурьдаад монголчуудад нөөцийг нь үүнээс багаар ойлгуулж гэрээгээ хийсэнээ ам алджээ. Мэдээж мэдээлэл өндөр хөгжсөн энэ зуунд түүний тэр мэдэгдэл маргааш нь монголын сонинуудаар нийтлэгдсэн. Ингээд улам ч их хардлагыг нийгэмд бий болголоо.
Оюу толгойн ордын бүтээн байгуулалтын ажил 15 жил үргэлжлэх гэнэ. Харин 30 жилийн дараагаас орд монголчуудад үр өгөөжөө өгч эхэлнэ. Учир нь 30 жилийн дараа канадууд зардалаа нөхөж дуусах юм гэсэн. Гэтэл ордын нийт ашиглагдаж хугацаа 40 жил. Математикдаа хамгийн муу сурдаг дунд сургуулийн хүүхэд ч энэнээс ялгаа олоод харчиж болно. 10 жилийн дотор тэндээс гарах алт зэсэн дээр алалцах уу, яах уу гэдэг асуулт мөн л гарч ирнэ. Тэгэхээр энэ монголчуудын үнэхээр хошгоруулж хийсэн гэрээ мөн үү гэсэн асуулт эндээс урган гарч байгаа юм. Гэрээнд нийцүүлж хууль баталсан ч үнэндээ бол ганц компаний эрх ашгийг дэндүү авч үзсэн нь 4 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар харагдаж байгаа юм. УИХ 57 дугаар тогтоол гаргаж, хүчин төгөлдөр хуулийн орчинд гэрээ байгуулах хүрээг нь тогтоож өгсөн. Ажлын хэсэгт орсон С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар Монголд тусах үр өгөөж нь хоёр тэрбум доллараар нэмэгдэж, төсөл сайжирлаа гэж мэдэгдсэн. Татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй, урьдчилгаа төлбөр нэмэгдэж, хүү нь 7-гоос 5 хувь болсон, анхны хөрөнгө оруулалтын зардал багассанаар манай талын хариуцан оруулах мөнгө буурсан зарчмуудыг тохирч, гэрээний төсөл сайжирлаа гэж мэдээлсэн билээ. Энэ мэдэгдлээрээ “зүүд биш хулгайгаа ярьчихав”. Наадмын өмнө олон нийтийн анхаарал суларсан үед зүтгүүлсэн Засгийн газрын төсөлд УИХ-ын 57 дугаар тогтоолын хүчээр тохирсон дээрх зарчмууд байгаагүй муу хувилбар байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. 2,7 сая уурхайчин байдаггүй гэж иргэний хөдөлгөөн, эрдэмтэн доктор, нэр бүхий хэвлэлийг УИХ-ын зарим гишүүн басамжилж байсан боловч чухамдаа тэдний дуу хоолой, парламентын 66 хувийн байр суурьтай нэгдэн, “Айвенхоу майнз”-д сайн, Монголд муу гэрээг сөрөн зогсч чадсан. УИХ-ын 57 дугаар тогтоол гэрээг батлах биш гацаах шийдвэр, “Рио Тинто” гараад явчихлаа л даа гэж байсан боловч үлдээд зогсохгүй хэлэлцээр явуулж, зарим нэг буулт хийгээд байна. Рио тионто айвэнхо майнзын хувьцааг яагаад эзэмших болов. Тэгэхээр Фридландыг бас дээрээс нь дохих дохиур байнаа гэсэн үг. Оюу толгойн монгол талын ТУЗ-д монголын шударга ерөнхийлөгч асан Н.Багабанди, Хас банкны Ганболд, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Цагаан, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригт нар томилогджээ. Тэд жилийн 40 мянган доллараар цалинжина. Гэтэл Манай улстай гэрээг үзэглэсэн Петер Мередин, Жон Макен нар тус бүр нь жилийн 550 мянган доллараар цалинжна. Энэ шударга хуваарилалт мөн үү. Тэр ч бүү хэл Фридланд монголын мангуу ноёдуудыг маллаж энэ их ордыг ашиглах гэрээг байгуулсан Жонд урамшуулал болгож оюу толгойн хувьцаанаас 1.5 сая ширхэгийг, петерт 750 мянган ширхэгийг амлаад байгаа тухай ч хэвлэлээр шуугиж байгаа. Тэр ч бүү хэл гэрээ байгуулагдсаны дараа оюу толгойн канад захирлууд монголд тус бүр нь 130 мянган долларын үнэтэй 5 хаусыг худалдан авч тарвалзаж байгааг ч хэлж болно. Тэдний энэ ашиг өөрсдийнх нь юм гэж үү. Монгол хүн хөлсөө дуслуулж яаж ажиллаад ч тэр үнэтэй хаусны тухай мөрөөдөж чадахгүй байхад бидний өмчөөр канадууд ингэж наргих эрх байгаа юмуу.

Үргэлжлэл бий.... Энэ нийтлэлийн дүрстэй нэвтрүүлгийг 1 сарын 17-ны өдөр 19.50 минутаас ТМ Телевизийн Нэг л бишээ зохиогчийн хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй.


Эх сурвалж: Г.Тэгшжаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:50 Мэдээний төрөл , ,

1 comments for "Оюу толгойн олон толгой"

  1. kkkkkkkkkkkkkkkkkkkk

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook