МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Монголын Мянганы сорилтын сангийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

   Хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн ч хэрхэн амьдралд хүрэх арга ухаанаа мэдэхгүй олон залуус бий. Тэдний хүчин мөхөсдөх шаардлага, шахалтыг ч нийгэм тулгадаг байж болох. Наад зах нь мэргэжил боловсролтой байх хэрэгтэй. Бас эрүүл саруул байх ёстой гээд л. Тэгвэл өдгөө АНУ-ын Мянганы сорилтын корпораци болон манай Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ тэдэнд сайн сайхан боломжийг олгож эхэлжээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой уг хөтөлбөрийн нэг хэсэг нь Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл бөгөөд уг төслийн хүрээнд Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийг/ӨТХ/ хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт шалгарсан сургалтын байгууллагуудад энэ оны гуравдугаар сарын 4-нд Монголын Мянганы сорилтын сангаас тэтгэлэг олгож, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Саяхны мэт тэр өдрөөс хойш уг тэтгэлэгт шалгарсан 17 сургалтын байгууллага гараагаа амжилттай эхэлжээ. 
ӨТХ-ийн үндсэн зорилгыг ТМБС-ийн байгууллагуудын сургалт, үйлчилгээний чанар хүртээмжийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сайжруулах хэмээн тодорхойлсон байдаг. Ингэхдээ зөвхөн сайн мэргэжилтэн гэж онцлохоос илүү сайн мэргэжилтэнг бэлтгэх сайн багш, сайн орчин, сайн хууль, эрх зүйн тогтолцоог бий болгоод зогсохгүй бусад сургалтын төвүүдэд ч хэрэгжүүлэх бодит зорилгыг дэмжихийг чухалчилдаг байна. 
Хөтөлбөр нь “Ажил олгогч сургалтын байгууллагын хамтын ажиллагаа”, “Тэргүүн туршлага хөгжүүлэх, дэлгэрүүлэх” гэсэн хоёр үндсэн чиглэлээр хэрэгжиж байгаа. “Ажил олгогч сургалтын байгууллагын хамтын ажиллагаа” чиглэл нь шалгарсан МСҮТ гурваас дээш ажил олгогчтой хамтран ажиллах ёстой. Ингэхдээ сургалтын төвийнхөө бүхий л мэргэжлийн ангийг бус тодорхой чиглэлээр буюу зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтнийг ажил олгогчийн шаардлагад нийцэхүйцээр бэлтгэж төгсгөх үүрэг хүлээсэн байгаа. Харин “Тэргүүн туршлага хөгжүүлэх, дэлгэрүүлэх” чиглэлийн тухайд тухайн сургалтын төвийн удирдлагын багийг чадваржуулахын зэрэгцээ тухайн нэг мэргэжлийн ангийг бус сургалтын төвийн хөгжлийг цогцоор нь дэмжихэд чиглэж буй. Улмаар зөвхөн дан ганц өөрийн сургалтын төвийг хөгжүүлэх бус улсын хэмжээнд ажиллаж буй энэ чиглэлийн сургалтын төвүүдэд нэвтрүүлж болох үр дүнтэй, бодит туршлагыг хуримтлуулж, түүнийгээ бусдад дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн аж. 
Энэ зорилгын хүрээнд тэтгэлэгт “Монгол фермер” коллеж болон Булган, Завхан, Дархан-Уул аймгуудын мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв төдийгүй “USI”, “Амьдрах ухаан” МСҮТ, Үйлдвэрлэл, урлалын сургууль, Сэргээн засалтын үндэсний төв шалгарсан. Тэдгээрийн нэг Сэргээн засалтын үндэсний төвийн тухайд гэхэд 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд есөн мэргэжлээр суралцдаг. Байгуулагдаад 34 жилийн нүүрийг үзсэн уг сургуулийн суралцагчдын 40 орчим хувь нь оюун ухааны хомсдолтой иргэд. Нийгмийн эмзэг бүлгийнхэн буюу бусдын дэмжлэг, тусламжгүйгээр урагшлах боломжгүй тэдний дунд Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн санхүүжилтээр “Тэргүүн туршлага хөгжүүлэх, дэлгэрүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 
Энэ хөтөлбөрийн гол зорилго нь бусад сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт цаашид хэрэгжүүлж болох тэргүүн туршлагыг үлгэрлэж, бусдын сайн сайхны төлөө улам бүр дэлгэрүүлэх ирээдүйн арга замыг зааж өгөхөд чиглэсэн байдаг. Иймээс ч Сэргээн засалтын үндэсний төвийнхэн энэ хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил эзэмшихэд нь туслах иж бүрэн сургалтын гарын авлага, дүрсжүүлсэн CD бэлтгэж байгаа аж. Энэ талаар тус төвийн сургалтын танхимын эрхлэгч Л.Даваасүрэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд байршуулж, тэдний өмнө амьдрах боломж бололцоог нь нээхэд энэ төслийн үндсэн зорилго оршиж байгаа. Өнөөдөр Монгол Улсын дохионы хэл олон улсын дохионы хэлтэй нэгэн хэмээр стандарчлагдаагүй байдаг. Дээр нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд маань ойр зуурын 3000 дохиогоор л харилцдаг. Иймд 200 нүүр бүхий гарын авлага, дагалдаж гарах CD-ийг боловсруулснаар тэд маань хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой болно. Тэдний хувьд та бидний нэгэн адил сурах бичиг хэрэглэж, түүгээрээ дамжуулан мэргэжил эзэмших боломж байдаггүй нь ойлгомжтой. Энэ нь тэдний мэргэжил эзэмших, амьдралдаа хэрэг болохуйц туршлага хуримтлуулах боломж бололцоог нь хаасаар байдаг. Иймд энэхүү хөтөлбөрийн хүрээнд мэргэжил тус бүр дээр зурагтай дохионы хэлний зааварчилгааг хэвлэх учраас зөвхөн суралцагчдад ч төдийгүй мэргэжлийн хичээл заах багш нарт нь ч ихээхэн тустай. Мөн бид Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдийг нэг дор авчрах боломжгүй тул Дорнод аймаг болон Улаанбаатарыг сонгосон. Дээр нь гарын авлага орон нутагт ашиглах боломжтой болохоороо давуу талтай” хэмээн ярьсан юм. Энэ бол нийгмийн хөгжлийн гадуур орхигддог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажилтай, мэргэжилтэй болох зам нээгдэж буйн дохио. Тэгээд ч ММСС-гийн ӨТХ-ийг хариуцан хэрэгжүүлж буй гэрээт байгууллагаас Сэргээн засалтын үндэсний төвийнхний үйл ажиллагааг үр дүнтэй хэмээн дүгнэсэн байна билээ. Түүнчлэн уг хөтөлбөрийн нэг ялагч болох Үйлдвэрлэл, урлалын сургуулийн хувьд ажил нь бас л урагштай байгаа гэсэн мэдээлэл бий. Тус сургуулийн тухайд “Тэргүүн туршлага хөгжүүлэх, дэлгэрүүлэх” хөтөлбөрийн хүрээнд “Хараат бус ажлын байр” гэсэн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь “Бид өөрөө өөртөө ажлын байр бий болгоно” гэсэн зорилтод тулгуурласнаараа давуу талтай гэж хэлж болно. Уг сургуульд суралцагчид ч ийм л зорилготой. Тэд энэ л зорилгынхоо төлөө суралцаж байгаа. Тус сургууль дээр хэрэгжиж байгаа тэтгэлэгт төсөл 2012 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд нийт санхүүжилтийн өртөг нь 49 мянга 650 ам.доллар байх бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сонгож авсан мэргэжлийн онцлогт тохирсон чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, сургагч багш нарын чадавхийг дээшлүүлнэ. Түүнчлэн суралцагчдын бүтээлийн сан бүхий веб сайт нээж, төгсөгчдийн бүтээлийн сангаар онлайн худалдааг эхлүүлж, “Бизнесийг дэмжих төв”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг тус сургуулийн удирдлага хүлээгээд байгаа. Гол нь мэдээж төгсөгчдийн өөрөө өөртөө ажлын байр бий болгох нөхцөл орчин, хараат бус ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлж, энэ туршлагаа нутагшуулах ёстой аж. 
Энэ талаар уг сургуулийн Хараат бус ажлын байрыг дэмжих төслийг удирдагч Б.Анхбаяр “Хамгийн түрүүнд бид өөрөө өөрийгөө ажилтай болгох боломжийг олгохыг чухалчилна. Манай сургуулийг төгсөгчид 2009 онд 37,9 хувь нь өөрөө өөртөө ажлын байр бий болгож чадсан нь төгсөгчдийн ажил эрхлэлтийг жилд дунджаар 12 хувиар өсгөсөн үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтээ сайжруулахын тулд бид хөтөлбөрийн хүрээнд оёдол-эсгүүр, автомашин засвар, уран зураг, арьсан урлал, хүүхэлдэйн урлал гэсэн таван чиглэлийг сонгож авсан байгаа. Мөн мэргэжлийн багш нарт “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Түүнчлэн суралцагч бүрийг суралцах хугацааны бүтээлийн сантай болгохын зэрэгцээ тэдний төлөвшил, мэдлэг, ур чадвар, бүтээлийг сурталчлах, борлуулалт маркетингийн өдөрлөг, ажил олгогчдын уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулна” гэсэн юм. Гэхдээ энэ бол тус сургуулийнхны хувьд зөвхөн өөрсдийнхөө өмнө хүлээсэн үүрэг бус. Энэ ажлын хүрээнд зөвхөн өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт төгсөгч болох 600 гаруй хүний цаасан мэдээллийн санг бүрдүүлж, “Ажлын байранд хэрхэн биеэ бэлтгэх вэ”, “Ажилд орох өргөдөл анкет хэрхэн бөглөх вэ”, “Ажлын байрыг хаанаас олох вэ” гэсэн гурван төрлийн зөвлөмж гаргаж, улсын хэмжээний МСҮТ-ийн төгсөгчдөд түгээхэд бэлэн болгож амжжээ. Ийнхүү хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх ӨТХ-ийн гараа амжилттай эхэллээ. Эхлэл нь сайн байгаа шиг төгсгөлийн үр дүн нь хангалттай гэсэн үнэлгээтэй байхын төлөө санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч, суралцагч гэсэн тал, талын оролцогчид шамдан ажиллаж буй нь дээрх мэдээлээс харагдах биз ээ. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд одоо хоёр дахь удаагийн ӨТХ-ийг зарлаж, төслөө ирүүлсэн МСҮТ-үүдийн дунд шулгаруулалт явуулж эхэлсэн байна. Шалгаруулалтын дүн хараахан гараагүй байгаа ч ММСС-гийн үндсэн зорилго нь дээр нэр дурдсан, төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургалтын төвүүдэд тавьсан шалгууртай нэг зарчмаар сонгох нь тодорхой ажээ. 
 
Отгонжаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 20:02 Мэдээний төрөл ,

0 comments for "Монголын Мянганы сорилтын сангийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook