МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Орчин үеийн залуус “Таримал монгол” болчихлоо

 Ахмад багш С.Рэнчинхорлоотой ярилцлаа.
-Багш мэргэжлийн давуу  тал, сайн сайхан нь юу вэ?
-Багш хүн мэдсэн сурсан бүхнээ өсвөр үедээ түгээж эрдмээр гийгүүлж байдаг буянтай үйлстэн юм. Өөрөөр хэлбэл номын буянг бусдад хайрлахын зэрэгцээ өөрөө мэдлэгээ байнга бая­жуулж байдаг сайхан мэргэжил дээ. Сонин зүйлийг сонирхуулахад, нэг өдөр амьтан судлалын хичээл дээр манай багш Төхөмийн нуурын бах мэлхий үзүүлээд мэлхий “Та нараас чадварлаг, яагаад гэвэл газар дээр үсэрч, усанд ч сэлж чадна. Харин та нар усанд сэлж чадалгүй, аягүй бол үхнэ дээ” гэж билээ.  Тэр үед би ногоон мэлхийнээс яагаад илүү амьдарч бо­лохгүй гэж. Бичиж, зурж, бодож, сийлж суръя. Хорондоо намгийн мэл­хийнээс дээр амьдрахсан, мэрийнэ дээ гэж бодож билээ. Багшийн өгөөж гэж ийм л байдаг.
-Багш хүнд өөрийн гэсэн сургах арга барил байдаг. Таны хувьд?
-Боловсролын байгууллагад 47 жил ажиллахдаа 25 жилд нь хичээл заасан байна. Одоогийн Боловсрол соёлын газарт гурван удаа томилогдож 17 жил ажиллажээ. Энэ хугацаандаа багш нарт зөвлөгөө өгч заах арга ур чадвар нэмэрлэн багшийг жинхэнэ багш болгох ажилд хүчин зүтгэж явлаа. Нэг багшийн шилдэг аргыг нөгөө багшид заахын зэрэгцээ өөрөө ч ашиглаж авах гээхийн ухаанаар ажиллаж байлаа.
-Сурган хүмүүжүүлэх уншлагад олон жил оролцсон байх аа?
-1979 онд Н.К.Крупскаягийн мэндэлс­­ний 100 жилийн ойн өдрөөс хойш 30 гаруй илтгэл бичиж төв унш­лага буюу улсын уншлагад 14 удаа оролцоод I, II, III байр болон тус­гай шагнал авч байсан. Үүнд оролц­соноороо олон аймаг сумын тэр­гүүний хүмүүстэй уулзаж, мэдлэг чадвараа ахиулах, биеэ даах чадварыг эрс нэмэгдүүлдэг юм билээ.
-Асуудал дэвшүүлсэн илтгэ­лүү­дийг нилээд бичсэн байх аа?
-Шинэ санаа дэвшүүлсэн илтгэл олон бий. 1971 онд “Сурагч бүрийн мэдлэг чадварыг графикаар судлах нь” сэдэвт илтгэл улсад II байр эзлэн тэр үед сурганы хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бичиг хэмээх түүвэр товхимолд хэвлэгдэж улмаар уг илтгэлийн үзэл санааг Булган, Сэлэнгэ аймгийн Боловсролын байгууллага хэрэгжүүлж үр дүнд хүрлээ хэмээн баяр хүргэж байлаа. Мөн гавьяат багш Д.Чойнод, Д.Равданжамц хоёртой хамтран унших чадварыг хүснэгтээр тооцож шалгадаг арга нэвтрүүлсэн. Олон багш нар энэ зөвлөгөөг ашиглаж сургалтын чанар сайжирсан.
-”Түм буман яагаад” хайрцаг ажиллуулсан туршлагаасаа сонир­хуулаач?
-Сурагчдын мэддэггүй зүйлийг багш ойлгож туслах, сохирхсон бүхэнд хариулах гэж тэр хайрцгийг санаачилж байлаа. Суманд ажиллаж байхдаа маш олон асуултыг хүлээн авсан. Асуулт бүхэн сурагчид төдийгүй багш нарт маш их мэдлэг өгдөг байсан.
-Үндэсний хээ угалз судлаад цол хамгаална гэж байсан юу болсон бэ?
-Математикийн хичээлийг амьд­рал ахуйд ойртуулах, хүний ур ухаанд геометр хэмжил зүйн олон арга нууг­даж байдаг. Үүнийг хичээлд ашиг­лах боломж байгаа юм. 1977 онд “Монгол үндэсний хээ угалзын хэмжил зүйн зохион байгуулалт, түүнийг сур­гал­тад ашиглах арга” сэдвээр эрд­мийн зэрэг горилох санаагаа сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд өг­сөн. Тэр үед үндэсний үзэлтэн гээд хайхраагүй. Харин 1989 онд буюу арав гаруй жилийн  дараа сурганы хүрээлэн дуудаж  эрдмийн зэрэг горилох сэдэв болгон батлуулсан. Хамгаалах хугацаа арай болоогүй байтал хүрээлэн татан буугдаж зөвлөж байсан эрдэмтэд солигдсон тул чадаагүй юм. 2001 оны эхээр  энэ сэдвийг Чингис  хааны дэлхийн  академи мартаж хаяж болох­гүй чухал сэдэв гээд академич цол олгосон. Хээ угалзын 100 гаруй түүвэр хийгээд ном болгох дөхөж байгаа. “координат буюу солбицлын уян ха­тан хэрэглээ” сэдвийг минь өндөр үнэлж Монголын математикийн багш нарын академи 2004 онд гео­метрийн  сургалтыг   амьдралд  ойр­туулсан хэмээн академич цол ол­госон. Сургалтад ганцхан тэгш өн­цөгт координат хэ­рэг­лэж байсныг баяжуулж хурц, мо­хоо, ромбо, квадрат бус координат тэр ч бүү хэл нумын координатыг хэрэглэдэг Монгол ур­чуу­дын аргыг хичээлд ашиглах боломжийг нээсэн.
-Таны хобби?
-Байгаль орчноор явж аялал хийн зураг зурах дуртай даа. 1969 онд Халх голоор, 2000 онд Хөвсгөл далай, Мөрөнгөөр, 2006 онд өөрийн аймгаар газар зүйн багш нартай хамт хоёр удаа явсан. Эдгээр аялал эх орноо танин мэдэхэд их нэмэр болсон. Одоо эх нутаг говийн уулсын үзэсгэлэнг зурж, сурталчлах ажилд хүч чадлаа зориулж сууна. Нүүдлийн гар зургийн үзэсгэлэнг олон газар нээсэн. Байгаль хамгаалахад болон говь нутгаа сур­талчилахад зориулсан хөдөлмөрийг минь үнэлж 2007 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болгосон.
-Хэвлэл мэдээллийн байгуул­лагуудтай нилээд хамтран ажиллаж байсан санагдана?
-1964 оноос “Говийн мэдээ” сонины чимэг зураачаар ажиллаж, хэвлэлтэй амьд­­ралаа холбосон доо. Гар зураг, хулдаасан бар, шог зураг нэлээдийг зурж “Говийн мэдээ” сонины шилдэг шог  зургаар   шалгарч байлаа. “Хөдөл­мөр”,  “Залуучуудын  үнэн”,  “Дүрслэх    урлаг” сэтгүүл, “Сурган” сэтгүүл, “Пио­нерийн үнэн” зэрэг хэвлэлийн оны шилдэг шагналтан болж байсан. Хамгийн сүүлд доктор Л.Түдэвийн эрхлэн гаргадаг “Дал” сонинд дөрвөн нүүр материал хэвлүүлсэн. Үүнд “Малч­дын овоо чулууны дохиолол - зам заах аргууд”, Төрийн сүлд солих үед гарсан алдааг шүүмжилж “Сүлдээ зүлд болгохгүй юмсан” хэлэлцүүлэг, солбилцлын уян хатан чанар  ба хээ угалз сэдвүүдээр оны шагнал хүрт­сэн. Хэвлэлд нийтлэл бичихээс  гад­на онолын бага хуралд илтгэл олныг хэлэлцүүлсэн. Чингис хааны  тулгар төр байгуулагдсаны 800 жилд “Нүүдлийн соёл иргэншил бэлчээрийн мал аж ахуйн дэлхийн ач холбогдол” сэдвийг чухал үр дүнтэй гэж үзсэн юм. Олон улсын Монголч эрдэмтдийн бага хурал 1989 онд болж түүнд “Ахуйн орчин  ур ухаан” сэдвийн илтгэл  хэ­лэл­цүүлж  бараг л доктор нэр авчих шахсан. “Геометрийн хичээлд хээ угалзын эх загвар ашиглах онцлог” сэдвээр МУБИС-ийн математикийн тэнхимийн оны ээлжит хуралд илт­гэл тавьж хөдөөгөөс оролцсон анхны багш болж байлаа. Хүний бие ба таван махбодь тавтын систем гэдгээр Дорноговь аймгийн АУ-ны сур­гуулийн эрдэм шинжилгээний бага хуралд онолын илтгэл тавьсан нь ууган багшийн илтгэл нэрээр нилээд дээгүүр үнэлэгдсэн. Одоо “Говь нут­гийн  геофизик, цаг уур, газар зүйн онцлогт нөлөөлөх нь” сэдвээр бичиж байна. Байгаль шинжлэлийн хичээлд холбогдох хэлэлцүүлэг болвол үүнийгээ өгнө дөө. Мөн элсэн манх­ны хувийн салхи сэдэв бий. Малын бэлчээр хот сууринг элснээс хамгаалахад ашиглах магадлалтай судалгааны ажил байгаа юм. 
“Ардын урчуудын алдар бүтээлийг тодруулъя” сэдэвт лекцэнд Өмнөговь аймгийн нутагт сүүлийн 100-150 жилд байсан уран гартны бүтээл зарим аргачлалыг бичсэн. Одоо Өмнөговь аймгийн түүхийн цувралд орохоор болоод байгаа. Аймаг байгуулагдсаны ойн өмнөхөн уншигчдад хүрнэ.
-Орчин үеийн сургалтыг сайж­руулахын тулд юуг анхаармаар санагддаг вэ?
-Одоо үеийн сургалт хэтэрхий цагаан мэдээлэл онол нь ойлгомжгүй, сана, сэд, бод, бич, ялга гэсэн олон үүрэг даалгавартай болчихжээ. Амьд­ралд ашигтай дадлага хэвшүүлэх зүйл маш хомс. Тестүүд нь бичих унших үед хариултын  80 хувь  нь худал, 20 хувь нь үнэн  хариуг олж   бөглөдөг   тул  ашиггүй зүйл их би­чиж, уншиж цаг алдах юм. Сурагчид ихэнх нь бодолгүйгээр тестийг тааж дугуйлдаг. Энэ мэтээр хүний хөгжлийг сааруулж ангийн дөрвөн    хананы  хооронд цаастай зуу­ралдсаар байх болжээ. Иймээс сур­галт нь амьдрал хөдөлмөрөөс хөн­дий хүмүүжлийн ач холбогдол муу, сэтгэлгээ хөгжүүлэх бүтээлч идэвхийг өрнүүлэх зэрэг шаардлага гарч бай­на. Ялангуяа сурагчдад байгаль орч­ноо хамгаалах, хүн чанар, ёс зүйн хү­мүүжил олгох, ахмад хүмүүсээс үлгэр­лэл авахад нь анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хичээлийн агуулгыг ойр ойрхон өөрчилж,  уламжлалыг үгүй болголоо. Сүүлийн жилүүдэд Америк, Япон гэх зэрэг гадны соёлыг биширч Монголын  гэх зүйл хомсдсоор байна. Иймээс орчин үеийн залуусыг ахмад эрдэмтэд “таримал Монгол” болчихлоо гэж дүгнэдэг. Нас өтөлсөн ч хүний ухаан эрүүл байвал оюун бодол, мэдлэг нь  өтлөхгүй,  харин улам баяжиж  туршлагажиж байдаг.

Ж.Сайнжаргал /Монгол говь сонин/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 10:43 Мэдээний төрөл ,

0 comments for "Орчин үеийн залуус “Таримал монгол” болчихлоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook