МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Б.Мишигжав: Мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааны бүхий л шатанд ажил олгогч, нийгмийн түншүүдтэй хамтарч ажиллана.


     Сүүлийн нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд Мэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаа эрчимжиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах талаар төрөөс олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хандивлагч байгууллагуудын дэмжлэг туслалцаа тодорхой хэмжээгээр нэмэгдсэн юм. Энэ талаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн дарга Б.Мишигжавтай ярилцлаа. 
- Сүүлийн жилүүдэд улс даяар мэргэжлийн боловсролын тухай ихээр ярих болсон. Энэ чиглэлээр тусдаа хууль ч гарсан. Тэр хуулийн гол ач холбогдлыг нь та юу гэж дүгнэж байгаа вэ? 
- Боловсролын багц хуулийг 2002 онд шинэчилж, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай бие даасан хуулийг анх удаа баталсан. Энэ хуулийн хүрээнд мэргэжлийн боловсролын тогтолцоог бэхжүүлж, нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, сургалтын орчныг сайжруулахад чиглэсэн зохицуулалтуудыг буй болгосон нь ач холбогдлоо өгсөн. 2009 онд уг хуульд шинэчилсэн найруулгын хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүгээр эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэх эрх зүйн боломжийг буй болгож чадсан гэж бодож байна. 2008 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д суралцагч бүрт сард 45000 төгрөгийн сургалтын дэмжлэг үзүүлдэг болсон нь тэдний суралцах сонирхол, идэвхи чармайлтыг ахиулахад ихээхэн түлхэц үзүүлснийг хэлмээр байна. 
- Сүүлийн нэг жилийн хугацаанд хуулийн хэрэгжилтээр ямар гол үр дүн гарсан бэ? 
- Шинэ хуулиа сурталчлах, мэдээлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх арга замын талаар сургалт семинариуд зохион байгууллаа. Төр, хувийн хэвшлийн тэнцүү төлөөлөл бүхий 16 гишүүнтэй Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл (МБСҮЗ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар шинээр байгуулагдан ажиллаж байна. Мөн агентлагийн дэргэд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих тусгай сан ажиллуулахаар хуульчилж өгсөн. Энэ сан нь засгийн газрын тусгай сангуудаас онцлог ялгаатай ба төсвийн мөнгөнөөс гадна аж ахуйн нэгжийн цалингийн сангаас, сайн дурын үндсэн дээр төвлөрүүлсэн дэмжлэгийн хөрөнгийг байршуулж үйл ажиллагаа явуулах юм. Тус сангийн хөрөнгөөр ажил олгогчдын захиалгад үндэслэн, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, чадваржуулахад чиглэсэн сургалтууд зохион байгуулна. Мэдээж энэ үйл ажиллагааг ажил олгогчид, нийгмийн бусад түншүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. МБСҮЗ өнгөрсөн хугацаанд 5 удаа хуралдаж, үйлдвэр, үйлчилгээний салбар зөвлөлүүдийг байгуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа хийх, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын төсөл хэлэлцэх зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Мөн Засгийн газар, яам, агентлагийн зүгээс уул уурхайн томоохон бүтээн байгуулалттай холбогдуулан ойрын жилүүдэд 3300 ажилгүй иргэдийг сургах санамж бичиг байгуулж, хэрэгжүүлж эхлээд байна. МСҮТ-д элсэгчдийн тоо нэмэгдэж, төгсөгчдөөс ажлын байрт очсон хүний тоо хэмжээ өсч байгаа. Энэ бүхнийг төр, засгийн бодлого, хуулийн хэрэгжилтийн бодит үр дүн гэж хэлж болох байх аа. 
- Өмнө нь манай залуус техник, мэргэжлийн сургуульд суухаас илүү их, дээд сургуульд орохыг чухалчилдаг байсан. Энэ удаад тэдний хандлага наашилж байгаа үзүүлэлт бий юу? 
- Манайхан нэг үеэ бодоход би энэ сургуулийг төгсөхөд ажлын байртай болж чадах уу, дээд сургууль төгссөнөөс илүү амьдралд хэрэг болохуйц мэргэжлийг би хаанаас эзэмшиж болох вэ гэдэгт анхаардаг болжээ. Энэ бол төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын бас нэг үр дүн. Суралцагчдын тооны хувьд энэ жил 44681 суралцагч сурч байна. Тэдний 19700 нь шинэ суралцагчид. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 15,3 хувиар өссөн үзүүлэлт байна. Таван жилийн өмнөхтэй харьцуулах юм бол хоёр дахин өссөн гэсэн үг. Тэгэхээр нааштай зөв хандлага гарч байна. 
- Ажил олгогчид өнөөдөр ажилтан, ажилчин авахдаа өөрсдийн өндөр шалгуурыг тавих болсон. Иймд тэдний шаардлагад нийцэх мэргэжилтэн бэлтгэх боломжтой гэж ойлгож болох уу. Мөн ажиллах хүчин дутагдалтай салбарыг оношилж, тэр дагуудаа мэргэжилтэн бэлтгэх бодлого барьж байгаа юу? 
- Ерөөсөө энэ салбарт барьж байгаа Засгийн газрын гол бодлого бол хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжилтнийг богино хугацаанд нийлүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал. Энэ бол ядууралтай тэмцэх даруухан мөртлөө хамгийн дөт, үр өгөөжтэй арга зам. Нэгэнт эрх зүйн орчин бүрдэж, Засгийн газраас бодлогын тэргүүлэх түвшинд дэмжиж, бүтээн босгох томоохон хөтөлбөрүүдтэй уялдаж, гадаадын төсөл хөтөлбөр өргөжиж, хөрөнгө оруулах сонирхол өсч байгаа энэ таатай боломжийг төр, хувийн хэвшлийнхэн нэгдмэл байр суурь дээр байж, бүрнээ ашиглах ёстой гэж хэлмээр байна. Үүнд, Үндэсний зөвлөл, салбар зөвлөлүүд гол анхаарлаа хандуулна. Товчоор МСҮТ төгссөн мэргэжилтнээ бүгдийг нь ажлын байртай болгохын төлөө л төр бодлого хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тиймээс сургалтын үйл явцад ажил олгогчдыг татан оролцуулах замаар олон асуудлыг шийдвэрлэж эхэлсэн. 
- Хамгийн их эрэлттэй, төгсөөд ажилтай болох боломжтой ямар мэргэжил байгаа вэ? 
- Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталж, Тавантолгойн орд газрын бүтээн байгуулалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор уул уурхайн нарийн мэргэшсэн ажилчин хамгийн их эрэлттэй байгаа. Мөн тэдгээр бүтээн байгуулалтыг дагаад барилга, үйлдвэр, үйлчилгээний ажилтан ч олноор хэрэгтэй. Энэ чиглэлээр яамнаас гэрээ байгуулаад боловсон хүчний бэлтгэлдээ анхаарч байна. Манай сайд Ё.Отгонбаяр “Оюутолгой” ХХК-ны удирдлагатай гэрээнд гарын үсэг зурж, ажил эрхлээгүй 3300 залууг аймгуудад тогтоосон квотын дагуу сургалтад хамруулах ажлыг өнөөдөр эхлүүлээд байгааг би томоохон захиалгын үндсэн дээр мэргэжлийн боловсролын сургалтыг зохион байгуулах шинэчлэлийн томоохон эхлэл гэж хэлмээр байна. 
- Ажил олгогчид ажилтандаа ёс зүйн өндөр шаардлага тавих нь бий. Манай залуусын хувьд гологдох бас нэг шалтгаан нь энэ байдаг. Иймд энэ сэдэвт хэр анхаарал хандуулж байна? 
- Энэ асуудлыг онцлон анхаарч байгаа. Зөвхөн ерөнхий эрдэм болон мэргэжлийн хичээлийн зэрэгцээ сэтгэл зүй, харилцааны соёл, хөдөлмөрийн сахилга, хариуцлагын талаарх агуулгыг сургалтын хөтөлбөрт баяжуулж оруулна. Мөн багш нарын чадварын асуудал ч чухлаар тавигдаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд энэ салбарт 2033 багш ажиллаж байгааг нэмэгдүүлж 3000-д хүргэнэ. Дээр нь МСҮТ-үүдийн сургалтын менежер, гол мэргэжлийн багш нар болон дадлагын багш нарыг чадавхжуулах сургалтад хамруулж эхэлсэн, ер нь мэргэшлийг дээшлүүлэх тогтолцоог төлөвшүүлэхээр ажиллаж байна. 
- Монголын мянганы сорилтын сангаас энэ салбарт тодорхой төсөл хэрэгжүүлж байгаа. Та үр дүнг нь хэрхэн тодорхойлох вэ. Сүүлийн үед олон төсөл хэрэгжүүлээд байдаг үр дүн нь харагдахгүй байна гэдэг яриа нэлээд их том сэдэв болоод байгаа? 
- Монголын мянганы сорилтын сангаас Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн эхний хэсэг болох Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг чадавхжуулах, шинэ тогтолцоог бий болгоход зориулж, 22.1 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Мөн уг төслийг 20.0 гаруй сая доллараар өргөтгөсөн. Энэ төслийг бид багш, ажилчдыг нь чадавхжуулах төдийгүй сургуулиудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулах юм. Төслөөс мэргэжлийн боловсролын чадавхийг бэхжүүлэх талаар багагүй ажил хийсэн. Үндэсний ажиллах хүчний эрэлтийг бодитой тодорхойлж, ажил олгогчид эздийн шаардлагад нийцэхүйц боловсон хүчин бэлтгэх зорилтын хэрэгжүүлэхэд ММСС-ийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөлтэй хамтран ажиллаж байна.  
- Төслийн үр дүнг та хэрхэн үнэлж байгааг сонирхоё
- МБСТ богино хугацаанд ихийг хийж амжуулсныг тэмдэглэх нь зүйтэй. Гол нь цаашдаа монгол улсын эдийн засгийн хөгжилд мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ тогтолцоо, чанар үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулах юм. Гарааны амжилтаа барианы амжилт болгож хадгалахын тулд ажил олгогчид, төр засаг, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлмээр байна. 

Б. Урантуяа



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 10:22 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Б.Мишигжав: Мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааны бүхий л шатанд ажил олгогч, нийгмийн түншүүдтэй хамтарч ажиллана."

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook