МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хүн гэдгийн үнэ цэнийг 33 уурхайчин дэлхийд дахин санууллаа

Хүн төрөлхтний анхаарлыг татсан нэгэн үйл явдал Өмнөд Америкийн баруун эргийг эмжсэн жижигхэн орон Чили рүү өөрийн эрхгүй татлаа. Тэр зүгт хөл бөмбөг сонирхогчдоос илүү олон хүн нойроо мартан нүдэндээ нулимстай, зүрхэндээ түгшүүртэй, сэтгэлдээ догдлолтой харцгаалаа. Дэлхий дахинд Английн ВВС, монголд Ийгл телевизийнхэн дурангаа чиглүүлж, дэлгэцээ нээж өглөө.

Манай гарагийнхан анх сансарт гарсан хүнээ ч ингэж дэргэдээ байгаа шиг дэлгэцээр харж байсангүй. Хүн төрөлхтний нэгэн гайхамшиг нь хаанаас ч, хэзээ ч , юуг ч харж мэдэж авах хөгжилд хүрсний нотолгоо энэ болов. Сайхан л хэрэг.
Эзгүй шахам цөлийн эзэнгүй шахам уурхайн гүнд хаягдахаа дөхсөн уурхайчдыг аврах ажиллагаа амжилттай боллоо. Энэ бол манай хүн төрөлхтний хийж бүтээж чадахын гайхамшиг, бас цаашид хийж бүтээхийн их урмыг ч бие биедээ өгч авсан үйл хэрэг боллоо. Уурхайчдыг аврах үйл ажиллагааг анх удаа цэнхэр дэлгэцээр шууд нэвтрүүлсэн тул бараг л гэртээ зурагттай хүн бүр үзсэн нь даваадуулахад зургаан тэрбум хүний нүдийг бүлтийлгэсэн явдал болсон нь мөнөөх Геннисийн номонд орох олон нээлтүүдийг дагуулав.
Хамгийн удаан хугацаанд газар дор амьд байсан 33 уурхайчныг "Хүн төрөлхтний баатар”-аар өргөмжлөв. Дэлхийд хамгийн хүнд хүчир хөдөлмөрт тооцогдож байсан уул, уурхай, уурхайчдын амьдралыг дахин, бүүр үнэмшмээр хамгийн хүнд хөдөлмөр гэдгийг нотлон баталгаажуулав. Одоо уурхайчидтай барьцах өөр хүн гарахгүй байх аа. Газрын гүнд 700 гаруй метрийн дор 69 хоног амиараа дэнчин тавьсан уурхайчид "Хүний амь нас, үнэ цэнэ ямар вэ?” гэдгийг ч хүн төрөлхтөнд биеэрээ харуулж өглөө.
Бас их ухаарлыг, сургамжийг ч бидэнд өгөв. Монголчуудын "Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг үгийн учир начрыг ч эндээс ухаж ойлгож болно. Амьдралыг ухаарсан өвгөдийн минь алсыг харсан алтнаас үнэтэй үг энэ шүү дээ.
Амьд явахын тулд, амьдрахын тулд хүмүүн бидэн газар шороогоо зүгээр самарч болох бил үү, үгүй бил үү? Манай дэлхийд уурхайгүй улс орон гэж байхгүй. Хүн төрөлхтөн агуйн гэрээсээ гарч өнөөдрийн соёл иргэншлийн оргилд хүрэн хүртлээ уурхайгаас гэрэл, цахилгаан, дулаанаа татан авсаар байна. Сөнөж мөхтлөө л тэгэх биз ээ. Цай чанаж уухдаа ч, сансарт нисэж явахдаа ч уурхайгаас л хувь заяа минь холбоотой гэдгээ ухаарч байгаа бил үү?
Дэлхийг сүлжсэн интернэт маань ч уурхайгаас холбоотой. Уурхай бүхэн уурхайчидтай холбоотой. Уурхайгаас эх авсан хөгжлийг уурхайчид бий болгодог. Өнөөдөр дэлхийн эрчим хүч хамаг нөөцөө шавхаж дуусахын ирмэг дээр ирээд байгаа. Уурхайн гүнээс, их дороос бид эрчим хүчээ авдаг болоод байна. Дэлхийн хаана ч уул уурхайн сан хөмрөгөө хамгаалж, эх байгалийнхаа хэвлийг ухаантайгаар авч ашиглахад анхаарлаа хандуулах боллоо. Уул уурхайн сан хөмрөг дотроо алтных нэг өөр. Авдар доторхио авчихвал хаячихна. Алмазных өөр. Авч чадвал аз, чадахгүй бол хохь. Тэгвэл өдөр тутам ухаад байдаг, дуусашгүй сан хөмрөгийг нь хүртээд байдаг нүүрсний уурхай болохоор их өөр.
Өглөө бүрийн талхтай адил өдөр бүрийн ухаж гаргадаг нүүрсний хэрэглээ их энгийн. Тэгэх тусмаа нүүрс гаргадаг уурхайчид бас энгийн мөртөө үнэ цэнэтэй хүмүүс. Жирийн хэрэглээний нүүрс, энгийн ажилчин уурхайчдаа бид тоохоо ч больчихож. Энд тэнд гардаг уурхайн ослуудыг ч тоохоо болихоо дөхсөн. Зарим улс оронд хэдэн арваараа уурхайчид осолддог. Түүнийг байдаг л зүйл мэт хүлээн авсаар өдий хүрсэн. Нэлээд олноороо уурхайчид эндэхэд улс орноороо нэг өдрийн эмгэнэл гашуудал зарлаад л өнгөрдөг.
Тэгтлээ бид уурхайг доош хийж, уурхайчдынхаа амь насыг юман чинээ санахаа байсан. Тэгвэл бидэнд Чилид болсон 33 уурхайчны амь настай холбоотой үйл явдал нэгийг сануулж, нөгөөг ухаарууллаа.
Хүний үнэ цэнэ ямар билээ? гэдгийг л онцлон ухаарууллаа. Ядуу буурай ч бай, ажилгүй ч бай хүн л бол хүн гэдгийн үнэ цэнийг эндээс бид ухаарахгүй бол өөр хаанаас ухаарах билээ? Чили улсын бөглүү нэгэн цөлд газрын дорх нуралт болж, түүнийг тухайн үед анхааралдаа авсан Чили улсын Ерөнхийлөгч хүн чанар, ёс суртахууны өндөр мэдрэмжтэй хандсаны хүчинд л өнөөдөр дэлхий дахины шуугиан дуулиан дундаас амьдаараа "булшлагдсан” 33 уурхайчны амь өрссөн цагийг тоолж эхэлсэн юм. Өнгөрсөн 8 дугаар сарын 5-нд газар дор хоригдсон уурхайчдаас анхны захидлыг аваагүй бол өнөөдрийн бахархалтай гавьяаг бид бүтээж чадахгүй байлаа. Гурав хоног эрж хайгаад олоогүй уурхайчдыг "Яах вэ?” гэж улсынхаа Ерөнхийлөгчид хандахад " Та нар эрлээ үргэлжлүүл, ядаж надад цогцос, хувцасны тасархай ч болов олж авчир” хэмээсний дагуу эрэлчид, аврагчид энд тэнд өрмөө зоосоор байжээ. Тэгтэл өрмийнх нь үзүүрт "Бид амьд байна. Аврагчдаа хүлээж байна” гэсэн зурвас наалттай ирэх нь тэр.
Ийнхүү 20 гаруй хоног газрын дор хашигдсан уурхайчдыг аврах ажиллагаа эхэлж, дэлхий нийтэд тэднийг хэрхэн аврах тухай санал бодлоо уралдуулж, шинээр аврах техник бүтээх, түүнийгээ хурдан хугацаанд амжуулах гээд эрдэмтэд, инженерүүд толгойгоо базалсан. Чилийн Ерөнхийлөгч ч уурхайчдад шуурхай хариу илгээж "Бид та нарыг аварна. Чадах бүхнээ хийж, эцсийн мөч хүртэл тэмцэнэ” гэснээр уурхайчдад найдвар төрж, тэдний ар гэрийнхэнд ч сэтгэлийн дэм өгч, ер нь л хүн төрөлхтөн дуу нийлэн газрын татах хүчийг ялан дийлэхийн төлөө тэмцэлд нэгдсэн.
Энэ бол хүнлэг ёсны, хүн чанарын дээд илэрхийлэл, гэгээлэг итгэл найдвар байлаа. Газар дор нурж буй чулуу, элс шороон дунд нөхдийнхөө хамт амь наана там цаана байхуйд хамгийн түрүүнд хань гэргийдээ зориулж бичсэн хашир уурхайчин Луис Урсуагийн эр хүний чин сэтгэлийн хэдхэн мөр үг улс орны нэг номерийн хүний гарт орсон нь бас их азтай хэрэг. Ядаж л цогцосны хэсэг, хувцасны тасархай ч болов олж үзэх гэсэн ерөнхийлөгчид гэргийдээ бичсэн уурхайчны захиа авралын элч болон ирснээр дэлхийн сонорт төдхөнөө түгээгдсэн юм. Хувь хүний нууцыг огоорч хуулийнхны өмнө буруудахаа дөхсөн ч Ерөнхийлөгч гэргийдээ дамжуулсан захиа улам ч хэрэгтэй үедээ, хэрэгтэй хүнийхээ гарт дамжиснаар уурхайчдын ар гэр, үр хүүхэд, газар дор байгаа болоод дээр байгаа хүн бүхэнд сэтгэлийн асар их дэмжлэг болсон юм.
Ийнхүү 8 дугаар сарын 20-ноос эхлээд Чили орон даяараа, дэлхий нийтээрээ 33 уурхайчинтай амь нэгсэн, аврахын төлөө хөдөлгөөн өрнөсөн. Уурхайчдад дэлхийн хөл бөмбөгийн тоглолтыг үзүүлж чадахгүй ч хуучны бичлэг илгээж, дуртай хөгжим, дууг ч дамжуулахыг хичээлээ. Холбоо барихад нөөцөө шавхаад байсан хүчилтөрөгчийн бортогыг ч солих арга хэмжээ авав. Уурхайчдад эм тариа, хоол хүнс, ойрын хэрэгцээт зүйлсийг дамжуулахад найдвартай суваг, хоолой хийхэд ч бүхий л анхаарлаа чиглүүлэв.Дэлхийн хөгжилтэй улс орнууд ч хамгийн чадалтай өрөм, техникээ илгээлээ. Австралийн хүчирхэг өрөм, африкийн хамгийн урт өрмийг ч авчруулав. Уул уурхай хамгийн их хөгжсөн улс орнуудад ч байхгүй өрөм, техник хэрэгсэл хэрэгтэй боллоо.
Заримыг нь шинээр зохион бүтээж хийхээс аргагүй болов. Америкийн НАСА-гийн эрдэмтэд ч туслахаар шийдлээ. Дэлхий нийтээрээ 33 уурхайчныг амьдаар нь газар дээр гаргаж, ар гэрийнхэнтэй уулзуулахын төлөө гар сэтгэл нийлэн ажиллав. Хүчилтөрөгчөөр хангах системтэй, холбооны төхөөрөмжтэй, 4 метр урттай аврах бортого хийх ажлыг эхлүүлж, богино хугацаанд амжилттай бүтээн босгож чадлаа. Аврах ажиллагааг 3 хоногт багтаах төлөвлөгөөтэй байсан ч 24 цагийн дотор нэг л удаа жаахан гацаа үүссэнээс өөр сандрах юмгүй уурхайчдаа бүгдийг аварч чадлаа. Аврах ажиллагааг 2000 гаруй хүний оролцоотой, амжилттай хийсэн нь хүн төрөлхтний гавьяа юм. Дэлхийн 1000 гаруй сэтгүүлчид газар дээр нь очиж сурвалжиллаа.
Чилийн эрх баригчид сайн зохион байгууллаа. Хамгийн сүүлд гарч ирсэн 54 настай Луис Урсуаг Ерөнхийлөгч Себастьян Пиньер Еченике, гэргийн хамт шөнийн турш хүлээсээр халуун гараа атгалцан, дотноор тэврэлдэн чухам "Үндэсний баатар”-аа тосон авч байгаа эцэг шиг хандсан нь дэлхийн олон хүний талархлыг хүлээлээ. Чили улсын төрийн дууллыг амь аврагдсан уурхайчидтайгаа хамтран дуулж байгаа Ерөнхийлөгчийг хараад самсаа шархирам болсон. Чилийн Сан Хосе уурхайн 622 метрийн гүнд 69 хоног амь өрөөстэй байсан 33 уурхайчны тэсвэр тэвчээр, сэтгэлийн их хүч дэлхийн сая сая хүнд итгэл найдвар, урам бэлэглэсэн, хүн төрөлхтөнд нэгдэн нийлэхийн үлгэр дууриаллыг үзүүлж, хамтдаа юуг ч хийж бүтээж чадахын ид хавыг ойлгуулсан нь хамгийн том олз юм. Бас дэлхийн олон удирдагч тэргүүнүүдэд хүн ардынхаа төлөө, тэдэнтэйгээ хамт байсан цагт ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг юм шүү гэдгийг Чилийн Ерөнхийлөгч, түүний гэргий хоёр үлгэрлэн харууллаа. Ийм хүн чанарын гэрэл гэгээг хүн төрөлхтөн цаг үргэлж магтан ярьж, шагшин дууриах болно.
Бас нэг хамгийн гол ололт нь дэлхийн уул уурхайг удирдагчдад байгалийн гамшгаас илүү сургамж өгч, уурхайчдаа хүн ёсоор хайрлан хамгаалахын нээлттэй хичээлийг зааж өгөв. Өнөөдрийн уул уурхайгаа уралдан ухаж, ашигт малтмалын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч сийхгүй байгаа зарим эрхмүүдэд уурхайчнаа, жирийн иргэнээ хэрхэн хайрлан хамгаалахын чухлыг санууллаа. Уул уурхай хамгийн их өндөр хөгжсөн Чили тулдаа л аюумшигт тулгарлыг даван тууллаа. Өнгөрсөн жил АНУ-д уурхайн осолд 20 гаруй уурхайчин өртөхөд яаж ч чадалгүй 4 хүний амийг эрсдүүлсэн. БНХАУ-д 100 гаруй уурхайчныг харж байгаад газар дор шургуулсан. ОХУ-д бас л 100 гаруй уурхайчныг ослоос аварч чадахгүйд хүрч байсан.
Манай улсад бол өдөр бүр нэгээс доошгүй уурхайчныг үдчих гээд байгаа. Нүүрс болоод алтны ченжүүдийн хууль бус олборлолтыг бид тоохгүй байсаар, хүний амийг нохойноос дор үзсээр яваа. Дэлхийн дансанд орсон Оюутолгой, Тавантолгойн гүнээс эрдэнэс ухах уурхайчдаа одооноос хайрлан хам гаалахын төлөө анхаарья. Дэлхийд ховор баялгаа шүүн тунгааж авахын төлөө бусадтай тун эвсэг хамтран ажиллая. Чили шиг байя. Манай өмнөд хөрш Хятадууд маргааш л гэхэд уурхайчдаа аврах бортого хэд хэдийг хийчихэж чадах улс. Оросууд ч дутахгүй чадалтай. АНУ, Канад уурхайчдаа бүрэн ивээлдээ авч чадна. Манайх л яах билээ?
Хөөрхий уурхайчид ч гэсэн хүн төрөлхтний баатрууд. Өнөөдөр газар ухаж амиа хоохойлж яваа "Ченж” нэртэй хүн бүхэн асар үнэтэй бодгалиуд. Мөнгөнд шунасан баячуудад дахин олдохгүй үнэт "Капитал” бол хүмүүс-уурхайчид. Чилээс жишээ авч Монгол уурхайчнаа төрийн хамгаалалтад авья. Ашигт малтмалаар хөгжиж, хөлжих гэж байгаа л юм бол уурхайчдынхаа, иргэдийнхээ үнэ цэнийг өндөрт өргөе.

/МОНЦАМЭ/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:09 Мэдээний төрөл ,

0 comments for "Хүн гэдгийн үнэ цэнийг 33 уурхайчин дэлхийд дахин санууллаа"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook