МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Халуун усгүй, хөдөлмөр хамгааллын хувцасгүй ажиллаж байна

   Өдрийн 16.00 цагийн орчимд ажлын ойролцоох хогийн цэгийн хогийг том цэнхэр машинд ачиж байгаа харагдана. Уулзахаар очиход салхигүй тогтуунд хог шороо хийсэхгүй ч ус бороонд норж дарагшсан эвгүй үнэр ханхлана. Хог ачиж байгаа хоёр хүнтэй хэдэн үг солив. Тэд энэ ажилд ороод удаагүй гэнэ. Нэг нь сар болж байгаа бол нөгөө нь 10 гаруй хонож байгаа аж. Жолооч нь ч мөн адил шинэхэн ажилчин гэнэ. Тэд урд нь “Гүний ус” компанийг хотын хог хаягдлыг хариуцдаг байхад ажиллаж байсан болохоор дадаж сурсан туршлагатай ажилдаа орсон. Бид өглөөний 07.00 цагаас ажилдаа гараад оройн 19.00 цагт буудаг. Өдөрт хогийн цэг дээр төвлөрсөн хогийг ачиж ажиллаад сарын 100 мянган төгрөгийн цалин авдаг. Бүтэн сар ажилласан ч цалингаа аваагүй л явна. Уг нь сар сардаа өгдөг бол аятайхан юм. Даанч сардаа олгохгүйгээс ажилчид нь тогтдоггүй бололтой. Үндсэн цалин нь 180 мянган төгрөг гэж байгаа боловч Эрүүл мэндийн болон НДШ төлөөд гар дээр бэлэн 100 мянгыг авдаг гэж ярьж байлаа. Тэднээс бохир нөхцөлд ажиллаж байж яагаад хамгаалах хэрэгсэл байхгүй байна вэ гэхэд бидэнд өгдөггүй. Бишгүй л нэхсэн, өгөхгүй юм билээ. Урд нь “Гүний ус” компани хог хаягдлыг хариуцдаг байхад А.Жаргалсайхан захирал бээлий, маск, саван, сүү хангалттай өгч хүн бүрт олгодог байсан. Дээр нь гурил, будаа өгөхөөс гадна халуун устай бид ажлаа тараад усанд орчихно. Мөн хоол цай хийчихсэн бидэнд өгдөг байлаа. 

   Одоо тэр сайхан цаг байхгүй болсон. Халуун ус ажиллахгүй, хөдөлмөр хамгааллын хувцас олгохгүй, цалингаа сардаа өгөхгүй гэх зэрэг бэрхшээл их байна. Хогийн цэгийн хог ялгаж салгаж устгахгүй байгаагаас овоороод аймгийн урд талын хог шиг замбараагүй болсон. Ойр хавийн айлын үхэр мал өнөөх хогноос идээд 2-3 үхэр бөөнтөж үхсэн тухай тэд ярьцгааж байсан. Бохир заваан хэмээн гололгүй бид урд нь ажиллаж байсан мэддэг ажлаа хийж байна хэмээн ярьж буй тэднээс хариуцаж ажиллуулдаг хүнтэй нь уулзахаар асуухад “мэдэхгүй ээ, хэн гэдэг билээ дээ, нэг эмэгтэй бий. Бид яг ямар компанид ажиллаж байгаагаа ч сайн мэдэхгүй байна. Ямарч байсан сумын Тамгын газрын 101 номерт суудаг юм” гэж тоомжиргүйхэн инээцгээв. Гэнэн байна даа гэх бодол зурсхийх. Аливаа ажилд нас, хүйс, царай зүс заадаг болсон одоо цагт тэдний насны хүмүүст ажил олдох нь бэрх. Ажил хийх сонирхолгүй, бэлэн мөнгө нэхээд өөрсдийгөө нэн ядуу гээд тодорхойлчихсон хүмүүсийн дэргэд ажиллаж хөдөлмөрлөж амьдрал ахуйгаа өөд татахын төлөө юу гэдэг нэртэй компанид хэний удирдлагад ажиллаж буйгаа ч анзааралгүй цайлган гэнэн зангаар чин сэтгэлээсээ ажиллаж байгаа нь юутай сайхан. Тэдний энэ сайхан сэтгэл, хөдөлмөрийг үнэгүйдүүлж, эрүүл мэндээр нь хохироож хэрхэвч болохгүй гэдгийг Хог хаягдал, тохижилт үйлчилгээний орон нутгийн өмчит компанид сэтгүүлчийн зүгээс “Хүн хэлэхээс нааш санахгүй, цаас чичэхээс цааш цоорохгүй” гэдэгчлэн анхааруулъя. Хог ачдаг машинд 10литр солярк өгч байгаа нь хог ачиж хүрдэггүй байна. 
    Ө.Чандмань захиралтай Хог хаягдал, тохижилт үйлчилгээний орон нутгийн өмчит компанид хоёр машин, нэг пад пад, 2 ялгагч, дөрвөн ачигч, гурван жолооч ажиллаж байгаа аж. Одоогоор нэг машин нь эвдэрчихсэн хоёр машинаар хог ачиж байгаа юм байна. Хогийн машин бүхээгтэй байх нь чухал. Гэтэл гурван машины хоёр нь бүхээггүй. Салхитай өдөр хог ачихад цаас, гялгар уут хийсч, салхин доогуур нь яваа хүмүүсийг ч сандаргах үе ч байдаг. Хийссэн өнөөх хог эргээд хотын цэцэрлэгийг чимэглэх нь элбэг үзэгдэл. Хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа ажилчдын тоо арай цөөдөж байх шиг санагдсан. Орон сууц болон төвийн хогийг ачсаар өдөр дуусдаг учир гэр хорооллын хогийг ачиж амжихгүй явдал гардаг гэдгийг ч тэд хэлж байсан. Гэр хорооллын хогийг ачихгүй удсанаас иргэд өөрсдөө дураараа хээр хөдөө гуу жалганд аваачиж хаяж байна. Одоо аймгийн төвийг тойроод хаа сайгүй хог болоод байгааг тус компанийхан болон аймаг, сумдын удирдлагууд анхааралдаа авч тодорхой төсөв, хөрөнгө төсөвлөж зохих компани, ажилчдаар цэвэрлүүлэх нь зүйтэй мэт санагддагаа дуулгая. Ж.Сайнжаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:19 Мэдээний төрөл ,

2 comments for "Халуун усгүй, хөдөлмөр хамгааллын хувцасгүй ажиллаж байна"

  1. өмнө говь аймаг бид газартай гэсэн шиг хогоо тарааж хаядаг юм байна лээ шүү уг нь уул уурхай хөгжиж байгаа биз дэ нэг овоолго үүсгээд түүн дээрээ хаяаад байвал эргээд нөхөн сэргээхэд ч амархан бишүү хөө

  2. овоолго мэдэхгүй бол нэг уурхай дээр очоод асуу

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook