МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хууль журмыг ноцтой зөрчөөгүй гэдгээ хаана ч хэлнэ

Аймгийн Засаг дарга Б.Бадраа хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг уншигчиддаа хүргэе. Тэрээр хэлэхдээ Өмнөговь аймагт саяхан Засгийн газрын хуралдаан болж Оюу толгой, Таван толгойн уурхайн үйл ажиллагаатай биечлэн танилцсан. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ тухайн бүс нутагт гарч байгаа сөрөг үр дагавар юу байна, түүнийг арилгахад МУ-ын Засгийн газар хэрхэн ажиллах вэ гэсэн асуудлаар МУ-ын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Өмнөговь аймагт ажилласан. Ажиллах хугацаандаа баригдаж буй зам, хилийн боомтуудтай холбоотой тодорхой асуудлуудыг шийдэх тал дээр анхаарал тавихаа МУ-ын Ерөнхий сайд хэлсэн. Цөлжиж байгаа газар дээр нь ирж Засгийн газрын хуралдааныг хийсэн нь Өмнөговь аймгийн хувьд түүхэн үйл явдал болсноос гадна үнэхээр ач холбогдолтой хуралдаан болсон. Ирэх жилээс олон улсын байгууллагуудтай хамтран цөлжилтийн эсрэг өргөн хүрээтэй ажлууд хийгдэх байх. Баяндалай сумын Гашууны хоолойд МУ-ын Засгийн газар хуралдсан гэсэн тэмдэг тэмдэглэгээ хийнэ гэж бодож байгаа. Энэ бол түүхэн үйл явдал. МУ-ын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ орон нутагт ажиллаж салбар чиглэлийн байгууллагуудын болон уул уурхай эрчимтэй хөгжиж буй аймгийн хувьд байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал зэргийг газар дээр нь ирж үзэн танилцаад явна гэдэг бол Өмнөговь аймгийн цаашдын хөгжилд ихээхэн тус нэмэр болно гэж үзэж байгаа. 
Өмнөговь аймгийн баруун дөрвөн сумаас бусад нутгаар зуншлага гайгүй байлаа. Баруун сумдынхан отор нүүдэл хийсэн. Харин Гурвантэс сумын малчид отор нүүдэл хийх газаргүй хүндхэн зуссан. Хожуухан ч гэлээ нийт нутгаар 2-3 хоног үргэлжилсэн бороо орлоо. Ирэх жил зуд турханд өртсөн алдаагаа давтахгүй байхыг малчид маань хичээж эртнээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа хийж байна. Даланзадгадын хувьд Дулааны цахилгаан станц 10-15-ны өдрийг хүртэл түр зогсолт хийж өвлийн бэлтгэл ажил засвар үйлчилгээ хийнэ. Энэ хугацаанд мотор асааж айл өрхүүддээ цөөхөн цагаар өгөх бодолтой байгаа. Булган сумыг уурын зуухтай болгох, Баян-Овоо, Цогтцэций зэрэг сумын дулааны гадна шугам сүлжээний холболтын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна. Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэлийг яаж ийгээд хангаж болно. Харин мал аж ахуй тал дээр цаашид анхаарах шаардлагатай байгаа гэх зэрэг мэдээллийг өгөөд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан. Нутгийн хишгийн дараагийн олголтын талаарх асуултад Монголд анх удаа нутгийн иргэддээ бид нутгийн хишиг олгосон. Цаашид нутгийн хишгийг бэлэн мөнгөөр тавих асуудалд бэрхшээл гарч ирсэн. Учир нь 10 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж байсан аймаг 20-30 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжой гэж нутгийн хишгийг аль болохоор өгүүлэхгүй гэсэн санаатай улс төрийн хүчин байхыг үгүйсгэхгүй. Нутгийн хишиг тавьснаас хойш шалгалтууд дараалан ирж шалгасан, төвд төвлөрүүлэх орлогын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэн. Ингээд ирэхээр нутгийн хишиг тавихад бэрхшээлтэй болж байна. 
Хүмүүстээ нэгэнт амласан амлалтаа биелүүлэхийн тулд нутгийн хишгийг олгох ажлын хэсэг байгуулж ямар хэлбэрээр өгөх талаар ИТХ-аар ярилцана. Тухайлбал орон нутгийн өмчит Таван толгой компаниас иргэддээ хувьцаа эзэмшүүлж болно. Энэ нь нэг иргэнд нэг хувьцаа эзэмшүүлэхэд хангалттай. Мөн улсаас уул уурхайн ашгаас иргэдэд олгож эхэлж байна. Тэгэхээр энэ хийх ёстой ажлын нэг мөн байж гэж бодож байгаа. Цаашид нутгийн хишгээ үргэлжлүүлэн хийнэ. - Саяхан гарч эхэлсэн “Говийн цаг” сонин дээр төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэсэн нэрийн дор дарга нарыг тус бүр 15 сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан гэж бичсэн байна лээ. Энэ үнэн үү? Төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх нь зүйтэй юм. Өнгөрсөн 2009-2010 онд нийтдээ 50 орчим хүнд орон сууцны дэмжлэг үзүүлсэн байгаа. Тэр сонин дээр бичсэн нь хэдхэн хүнд өгчихсөн мэт улс төржүүлж гаргасан байна лээ. Бид дарга, цэрэг гэлтгүй төрийн албанд зүтгэж байгаа хүмүүстээ орон сууцны дэмжлэгийг хуулийнх нь хүрээнд үзүүлсэн. Түүнийг улстөржүүлээд цөөхөн хэдхэн хүнд өгчихсөн мэт бичсэн байсан. Хэн хэнд өгч вэ гэдгийг нэрээр нь гаргаад өгч болно. Тэр сонин дээр бичсэн шиг төрийн хуулийг гажуудуулсан, авлигын чанартайгаар өгсөн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Тэр сонин дээр хурлын дарга, аймгийн дарга машин тэрэг авсан гэх зэрэг олон л юм бичсэн байна лээ. Эдгээрийг бид хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж бодож байгаа. Тэгэхээр хэн нэгнийг буруутгахын төлөө биш хамтраад орон нутгийнхаа хөгжлийн сайн сайхны төлөө ажиллах цаг болчихсон. Гэтэл хэтэрхий улстөржиж явдаг аа болих хэрэгтэй. Ер нь хийсэн ч бай хийгээгүй, сайн ч бай муу байна, сайхан зүйлс бүтээсэн ч өө тэр болохгүй, бүтэхгүй гэдэг талаас ханддаг асуудлаас салмаар байна. Хүний хийсэн гэрэлтэй гэгээтэй зүйлийг болж бүтэхгүй байгаатай нь хамт ярьж хэлэх учиртай. Энэ нь болж энэ нь болохгүй байна, үүнийг нь ингэчихвэл яасан юм, ингэж болохгүй анхаарах хэрэгтэй гэх зэргээр санаа оноогоо нэгтгэн хамтарч ажиллах хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш худлаа үнэн юм яриад бичээд хүмүүст буруу зөрүү янз бүрийн ойлголт өгөөд байхаар ажил хийхэд ч хэцүү байна. Ер нь нэг зүйлийг хэлчихье. Би урьд нь асуудал хөндөж ярьж байгаагүй. Хэн нэгнийг буруутгахын тулд юу ч хийхээс буцахгүй болчихсон байгааг та бүхэн сонссон, мэдсэн байх. Намайг бие өвчтэй, Хөх хотод шинжилгээ хийлгэх гээд явсан хойгуур “Ганц худаг”-ийн шоронд орсон гэж интернэтээр “shuud.mn”-дээр цацсан. Оройн 18.00 цаг гээд хилээр гарахад 18.30 цагт энэ мэдээллийг тавьсан байгаа юм. Энэ чинь болохгүй шүү дээ. Аав ээж маань эрт өнгөрсөн ч гэлээ би чинь ах дүү төрөл садантай хүн. Нөгөөдүүл маань утасддаг утас холбогдохгүй учир хоёр гурван өдөр ах дүү, үр хүүхдийн минь сэтгэл санаагаар тоглосон асуудал гарсан. Дараа нь уучлаарай Ханбогд сумын Засаг даргатай андуурчээ гэж. Тэгж андуурдаггүй л байхгүй юу. Энэ мэт улстөржиж намайг шоронд хүртэл орууллаа шүү дээ. Одоо үхлээ гэж бичих нь үлдэж байх шиг байна. Бид өөрсдийгөө өөгүй өндөг шиг гэж хэлэхгүй. Шаардлагатай шүүмжлэх юм байлгүй яахав. Үнэн бодитой зүйл дээр бид намайг шүүмжилчихэж гээд байхгүй шүү дээ. Шүүмжлэлийг хүлээж авна. Ажил хийж байгаа хүнд алдаа оноо байж болно. Гэхдээ хууль дүрмийг ноцтой зөрчөөгүй гэдгээ хаана ч хэлнэ. Тийм учраас дэндүү нэг талыг барьж хэн нэгний хийж буй ажлыг харлуулахын тулд улс төр хийх нь явуургүй шүү. Үүнийг цааш цаашдаа анхаарч ажиллах хэрэгтэй. Бид бүгд Өмнөговиор овоглож явах учир энэ аймгийнхаа сайн сайхны төлөө хуваагдалгүй хамтраад ажиллая. Ирэх жил аймгийн 80 жилийн ой болно. Нэгнийгээ сонин дээр муулаад бичээд сууж байх зав хаа байхав. Хамтраад хийсэн бүтээсэн зүйлтэй, ард олондоо ярих юмтай баймаар байна гэснээр яриагаа өндөрлөсөн юм. 
Ж.САЙНЖАРГАЛ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:33 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Хууль журмыг ноцтой зөрчөөгүй гэдгээ хаана ч хэлнэ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook