МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Зөв буруугаа тогтоож, шийдвэрлэх чухал цаг үедээ улстөржин хагаралдаж байгаа нь харамсалтай

   Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаанд С.Эрдэнэбат төлөөлөгчөөс бусад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байлаа. Гэвч сүртэй эхэлсэн хурал “өглөө хазаар, орой ташуур” гэгчийн үлгэрээр төд удалгүй МАХН-ын бүлгийнхэн хурлаа хаяж явснаар Ардчилсан намын бүлгийнхэн олонхоороо хурлыг үргэлжлүүлэх журамтай хэмээн цааш үргэлжилсэн юм. Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд МАХН-ын бүлгийнхэн санал оруулах гэсэн боловч тэдний саналыг хүлээж аваагүй учир төлөөлөгчид хурлыг орхиж гарсан. Олонхийн бүлгийнхэн хэдийгээр тэднийг хурал орхиж явсан ч хурлаа цааш үргэлжлүүлэв. Гурвантэс сумын нөхөн сонгуулиар аймгийн ИТХ-д 65 хувийн саналаар сонгогдсон Я.Болдбаатарын бүрэн эрхийг баталгаажуулах асуудал байв. Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар нөхөн сонгуулийн дүнг албан ёсоор аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан. Аймгийн ИТХ-ын дарга сонгуулийн хороонд ямар нэгэн алдаа дутагдал байхгүй сайн ажилласанд талархал илэрхийлсэн юм. Гэвч нөхөн сонгуульд ялсан Я.Болдбаатарын бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг 11 төлөөлөгч дэмжиж, гурван төлөөлөгч хойшлуулах, 9 төлөөлөгч хурал хаясан учир дэмжигдэх боломжгүй /татгалзсанд тооцож/ учир дараагийн хурлаар шийдвэрлэхээр болсон.
ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөх: 
Аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн заалтуудын 50 хувь нь 30-10 хувийн хэрэгжилттэй байгаа учир энэ эхлүүлэх гэдэг дээр анхаарах хэрэгтэй байна. Цогтцэций суманд сум дундын эмнэлэг барьж эхлэх, цэвэр шугам сүлжээний болон 04квт-ын шугамын асуудал байна. Үүнээс гадна дулааны шугам сүлжээний асуудалд анхаарал тавих шаардлагатай. Гэвч аймаг орон нутаг анхаарлаа төвлөрүүлэхгүй байна гэхэд аймгийн Засаг дарга Энержи ресурс компаниас бичиг ирсэн учир Цогтцэций сумын асуудлууд үндсэндээ шийдэгдсэн гэж ойлгож болно гэхэд Г.Цог-Өрнөх төлөөлөгч тайвшрав. 
ИТХ-ын төлөөлөгч С.Сумъяа: 
Хөрөнгө оруулалтын асуудал оройтож байна. Цогцолбор сургууль байгуулна гэдэг гэвч яаж ямар хэлбэрээр цогцолбор болгож байгаа нь тодорхой бус байна. Үүнд анхаарч ажиллах. Ноён сумын сургуулийн асуудал хүнд байгаа. Тиймээс сайн менежмент хийх, удирдлагыг нь өөрчилж болдоггүй юм уу. Мөн аймгийн боловсролын хувьд ахиц дэвшил гарахгүй байна. Өмнөговьд МСҮТөвөөс өөр коллеж, дээд сурууль байхгүй. Бий болгох үүднээс шантралгүй хөөцөлдөх хэрэгтэй. Хувийн цэцэрлэг, сургууль байгуулах талаас нь дэмжиж, сургалтын программ, боловсон хүчний асуудалд анхаарч ажиллах. Өөр нэг асуудал бол дээрээсээ боловсон хүчнээ хангадаг газар говийн нэмэгдлийг олгохгүйгээр өөрөөсөө /нутгаасаа/ боловсон хүчнээ авдаг газартаа өгч болохгүй юу. Ийм бодлогыг баривал яасан юм бэ гэв. 
ИТХ-ын төлөөлөгч С.Адилбиш: 
Хөдөлмөрчидтэй ярилцлага хийж тэдний санаа бодлыг үйл ажиллагаандаа тусгаж баймаар байна. Бүтээн байгуулалтад зарцуулсан төсөв хөрөнгийг гаднаас орсон ч гэсэн хөтөлбөртөө оруулах нь зүйтэй. 
ИТХ-ын төлөөлөгч Д.Мядагсүрэн: 
Боловсролын салбарын хөгжил хуучин байсан түвшнээсээ энэ жил буурсан. Гүнзгийрүүлсэн сургалттай сургуульгүй болсон. Хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийг дэмжих хэрэгтэй гэх зэргээр төлөөлөгчид өөр өөрийн санал бодлоо хэлж ярилцан хурал цааш үргэлжилсэн юм. 

   Хоёр намын бүлгийнхэн хэдийгээр үзэл бодлоор зөрчилдөж байгаа ч аймаг орон нутгийнхаа хөгжил, ард түмнийхээ сайн сайхны төлөө үйлс зорилго нэгтэй явах нь чухал билээ. Гэтэл Ардчилсан намынхан МАХН-ын бүлгийнхний саналыг хүлээж авсангүй хэмээн хурал хаяснаар юунд хүрэх вэ. Ардчилсан намын бүлгийнхэн олонхи учир хурлаа үргэлжлүүлэн асуудлыг харин ч маргалдаж зөрчилдөх зүйлгүй ярилцаад, шуудхан батлаад л явчихаж байгаа харагдсан. Гэтэл бүхэл бүтэн аймгийн хөгжил, ард түмний амьдралын асуудал ярьж хэлэлцэж, зөв буруугаа тогтоож, шийдвэрлэх чухал цаг үедээ улстөржин хагаралдаж байгаа нь харамсалтай. Ард түмэн нь тэднийг өөрсдийнхөө төлөөлөл болгон сонгож энэхүү хуралд суулгасан. Харин тэд танхимд сууж түмэн олныхоо алс ирээдүйг ямар байхыг шийдэх чухал үедээ талцаж бие биенээ үл хүндэтгэснээр барахгүй сонгогчдоо үл хүндэтгэсэн мэт явдал болж байна. Ингэж сонгогчдынхоо сэтгэлээр дахин бүү тоглоосой билээ. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдгийн жишгээр хамтдаа сууж асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх нь чухал биш үү.
Ж.Сайнжаргал



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:21 Мэдээний төрөл ,

0 comments for "Зөв буруугаа тогтоож, шийдвэрлэх чухал цаг үедээ улстөржин хагаралдаж байгаа нь харамсалтай"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook