МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хатан Сэврэйчүүд баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ

   Сум байгуулагдсаны 84, сургууль байгуулагдсаны 70 жилийн ойн баяр Сэврэй суманд болж өндөрлөлөө. Тус сумын сургуульд ажиллаж байсан болон сургуулийн үе үеийн төгсөгчид ирж сургуулийнхаа ойн баярт оролцсон. Уг ойг тохиолдуулан олон арван ажил хийж байна. Тухайлбал Ерөнхий боловсролын сургуулиа самбо бөхийн дэлхийн аварга М.Пунцаг агсны нэрэмжит болгож, 1940 онд сургуулиа анх байгуулж байсан газар буюу одоогийн Бүйлсэн багийн нутагт дурсгалын хөшөө босгохоор болсон байна. 
   Мөн гадаадад амьдарч байгаа дэлхийн аварга агсны гэргий утсаар холбогдон ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн нутгийн ахан дүүст баярын мэнд хүргэж, түүний эгч М.Ичинхорол дүү нар нь М.Пунцагийн нэрэмжит сан байгуулж байгаагаа зарлан мэдэгдэв. Ахмад багш Ж.Буян-Өлзий “70 жилийн түүхтэй хатан Сэврэйн сургууль минь” нэртэй номоо уншигчдийн гар дээр тавьсан. Тус сургуулийн ойн баярт аймгийн төлөөлөгчөөр ирж оролцсон хүндэт зочдоос дурдвал ХХААХҮ-ийн газрын дарга Ё.Жамбалдагва, МУ-ын гавъяат эдийн засагч Ц.Дагдан, МУ-ын гавъяат барилгачин Д.Санж, МУ-ын гавъяат багш Ч.Тогоохүү, СТА Ж.Нордог, АБТА Д.Долгорсүрэн, улсын аварга малчин Ц.Маавар, самбо бөхийн дэлхийн аварга М.Пунцаг агсны охин П.Оюунчимэг, эгч М.Ичинхорол зэрэг олон арван хүмүүс хүрэлцэн ирж оролцсон юм. Ойн арга хэмжээний хүндэтгэлийн урлагийн тоглолтыг МУГЖ Ө.Батжаргал, СТА Б.Төмөртогоо, ардын авъяастан Д.Ганчимэг нар найруулан тавьсныг энд дурьдахад таатай байна. 
   Ойн баярын арга хэмжээг эрийн гурван наадамгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гурван аймгийн 10 гаруй сумын хүчтэнүүд, шандаст хүлгүүд, эрхий мэргэн харваач нар хурсан олныг хөгжөөсөн. Азарганы уралдаанд Сэврэй сумын Хоолт багийн уяач Д.Түмэнцэнгэлийн сартай хүрэн, их насанд Өмнөговь аймгийн ХААН банкны захирал А.Идэрцогийн сартай хонгор, соёолон насанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уяач Б.Золжаргалын соёолон, хязаалан насанд Өвөрхангай аймгийн Богд сумын уяач н.Баяртогтохын сартай хонгор, шүдлэн насанд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уяач Л.Пүрэвдоржийн хонгор, дааганы уралдаанд Булган сумын н.Азбилэгийн хээрлэг даага тус тус магнайлж хурсан түмнээ баярлууллаа. 
   Уг арга хэмжээнд хүчит 64 бөх зодоглосноос 167 дугаар ангийн бөх аймгийн арслан н.Одбаяр түрүүлж, аймгийн арслан Т.Далайням үзүүрлэлээ. Өсвөр насны 32 бөхөөс сурагч Г.Ренчин түрүүлж, Б.Золбаяр үзүүрлэсэн. Сурын харваанд 22 харваач цэц мэргэнээ сорьсноос эрэгтэй төрөлд өсөх идэр мэргэн н.Сүхболд түрүүлж, спортын мастер н.Мөнхөө удаалж, эмэгтэй төрөлд спортын мастер С.Отгончимэг түрүүлж, залуу харваач н.Отгонцэцэг удаалсан байна. Ийнхүү Сэврэйчүүд баяр наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.
 
И.Сумъяа



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:32 Мэдээний төрөл , ,

0 comments for "Хатан Сэврэйчүүд баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook