МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Их говийн эгэл начин /Хөрөг найруулал/

Хөрөг бичих болсны учир 
   Энэ жилийн аймгийн баяр наадмын үеэр “Найман сарын 20-21-нд Баян-Овоо суманд улсын начин Д.Багахүүгийн зодог тайлах барилдаан болно” хэмээн зарлаж байлаа. Бөхийн асарт авга ах А.Сугиатай хөөрөлдөж суутал Д.Багахүү гуайтай таарч хөрөг найруулал бичүүлэхийг санал болгов. Миний асуултын хариуд начин татгалзаагүй ч “Говийн энгийн л нэг бөх гэсэн утгаар бичнэ биз дээ” гэж өгүүлсэн юм. Түүний энэ үгнээс “Гарьд магнай” киноны Очир хэмээх бөхийн дүр сэтгэлд буух. Хэд хоногийн дараа хөрөг бичихээ сануултал “Манай охин Нандинтай уулз. Миний бүх юмыг сайн мэдэж байгаа” гэв. Утсаар ярьж уулзалдах зав гарахгүй явсаар нэг мэдэх нээ сонины дугаар гарах хариугүй дөхчихөж. Наадмаас нь наана хөргийг нь гаргачих юмсан гэж бодсоор холбоо баритал “Би аавынд байна” гэж байна. Ашгүй дээ хамт байхад нь уулзах нь гэж бодон яваад очив. 

Ижий аавдаа эргэж очсон хүүхэд нас 
   Бие нь жаахан чилээрхүү байсан ч начин дөхөж суугаад хууч хөөрлөө. Түүний өвөө н.Адъяа гэж хүн хангай нутгаас нэгэн хүү үрчилж авч ирсэн нь өдгөө Д.Багахүүгийн аав А.Ишдорж байжээ. Нэр нь хүртэл шүлэг шиг, нар дэргэдээс мандахад дуу өөрөө эгшиглэдэг, загийн ногоон шугуйнд нь хулан зээр идээшилсэн Баян-Овоо сумын Налих хэмээх нутагт өссөн хүү энэ нутагтаа голомт нэмсэн аж. Хорвоо хүсэхэд хясдаг хойно А.Ишдоржийнх инээд цалгиасан гэнэн томоогүй хонгор үрийн хүслэн болсон ч хүүхэд тогтсонгүй. Хажуудаа байлгах хувь дутсан ч холоос барааг нь харж явах гэхдээ төрүүлсөн хүүхдүүдээ хүнд үрчлүүлжээ. Д.Багахүүг говьчуудын сайн таних гавъяат нэгдэлчин Ц.Мандал гуайнд өргүүлж. Харин түүнийг зургаан нас хүрэхэд нь гай барцанд нь ариллаа гээд хоёр хөгшин өөрийн хүүгээ гэртээ авч ирж. Энэ үед хүүхэдгүй байсан Ц.Мандал гуайнх олон сайхан хүүхэдтэй болсон байжээ. Ингэж л хоёр буурлынхаа “бурхан” нь болсон гэдэг. Эрх танхи өссөн хүү дүрсгүй нэгэн байв. Багш нар нь түүнийг ямар хүн болох бол хэмээн санаа зовдог байснаа хожим дурссан байдаг. Түүний охин Б.Нандин-Эрдэнэ “Аавыг минь спорт л ийм сайн хүн болгон хүмүүжүүлсэн гэсэн. Миний аав хамгийн сайн аав, гэр орондоо нөмөртэй эр хүн” гэж ярьсан юм. Аав ээж хоёр нь “Говийн хөгжил” нэгдлийн туслах аж ахуйд ажилладаг байлаа. Сумынхаа дунд сургуульд наймдугаар ангиа төгсөөд нэгдлийн туслах ажилчнаар ажлынхаа гарааг эхэлжээ. Тэрээр аавтайгаа хамт барилга байшин засах, хороо бууц янзлах, хадлан хадах, мал ноослох гээд нэгдлийн ажлыг хийдэг байв. 

Бөх болсон түүх 
   Баян-Овоо сумыг домогт хүчтэн Идэрдампилийн нутаг гэдгийг манай ард түмэн надаар хэлүүлтгүй мэднэ. Энэ сумаас улсын цолтой гурван бөх төрсөн гэж Монгол улсын бөхийн түүхийн хуудсанд бичигдэн үлдсэн нь бий. Огт бөх төрөөгүй нутаг байхад нэг нутгаас гурван улсын цолтон төрнө гэдэг эх нутгийнх нь хүй холбоонд ямар нэгэн учир буй биз. 
   Хичээл тараад цүнхтэй номоо мартан үеийн жаалуудтай барилдан цамцныхаа сугыг ханзлажчихаад ирдэг Д.Багахүүг дунд ангид орсон жил нь биеийн тамирын багшаар н.Хүү гэж багш иржээ. Багш нь өөрөө барилддаг хүн байсан учир сургуульдаа бөхийн дугуйлан байгуулж. Барилдах хорхой асаж явсан жаал хүүд бөх болох анхны цагаан толгойн үсгийг заажээ. Түүний аав барилдаж яваагүй ч гэлээ бяртай тэнхээтэй хүн байсан аж. “Аав минь их том шар хүн байдагсан. Олон хүүхэд цуглуулж барилдуулаад өөрөө хараад суудаг байлаа” гэж начин аавыгаа дурсана. 
   Анх 15 настай хүү аймгийн аваргад түрүүлж тэндээсээ шууд бүсэд түрүүлж улмаар бөхийн чөлөөт барилдааны улсын аваргын идэрчүүдийн хүрэл медаль хүртжээ. Тэр жилдээ улсад насанд хүрэгчдийн аваргаас М.Хойлогдорж, З.Ойдов хоёрыг арай л дийлээгүй спортын мастер н.Гантөмөрийг ялж хүрэл медалийн эзэн болов. Хоёр медальтай, нэгдүгээр зэргийн тамирчин гээд сонин дээр зурагтайгаа гарч мандах нь тэр. “Бидний үед нэгдүгээр зэргийн тэмдэг зүүсэн хүн мундаг амьтан байлаа шүү дээ” гээд Д.Багахүү гуай инээж сууна. Үүнийхээ дараа эх орны дэвжээнээс улсын залуучуудын 1974, 1975 оны хоёр удаагийн аварга, 1974 онд Улаанбаатар хотод болсон АНУ-Монгол улсын шигшээ багуудын халз уулзалт барилдаанд алтан медаль, насанд хүрэгчдийн 1973, 1974, 1975 оны мөнгөн медаль, 1976 оны хүрэл медаль,1977онд Дэлхийн хошой аварга З.Ойдовын нэрэмжит тэмцээнд алтан медаль, олон улсын дэвжээнээс 1978 онд Олон улсын “ИНТЕРНАЦИОНАЛЬ-78” тэмцээний мөнгөн медаль 1977 онд Ах дүү найрамдалт армиудын ОУ-ын тэмцээнд мөнгөн медаль, 1976 онд Улаанбаатар хот ОУ-ын “ИНТЕРНАЦИАНОЛЬ-76” тэмцээнд мөнгөн медаль, 1976 онд ах дүү найрамдалт армиудын ОУ-ын спартикадад ЗХУ-ын бөх, Европын аварга,Зөвлөлтийн аварга Борис Савлаховыг ялж алтан медаль, 1974 онд БНАСАУ-ын Пехнянь хотод соц орнуудын залуучуудын ОУ-ын тэмцээнд дөрөвдүгээр байр, 1979 онд ЗХУ-ын ТБИЛИС-ийн ОУ-ын тэмцээн буюу бага дэлхийн аварга гэгддэг нэр хүндтэй тэмцээнд ОЛИМПЫН 2, ДЭЛХИЙН 3 удаагийн аварга АНУ-ын алдарт бөх ДЭВИД ШУЛЬЦ-ийг цэвэр ялж хүрэл медаль гээд түүний чөлөөт бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилт араасаа хөвөрчээ. Тэрээр бөхийн дэвжээнд анх хөл тавьсан үеэсээ начин ийнхүү дурсав. 
   18 настай хүү спортын мастер цолыг хүртэж аймгийнхаа спорт хороонд бөхийн дасгалжуулагчаар иржээ. Одоогийн хоёрдугаар 10 жилийн зааланд тойргийн барилдаанд Г.Дэмүүл, И.Ламаажав хоёрын дараа орж аймгийн начин цолны болзол хангасан аж. Цэргийн зарлангаа өвөртлөөд Цогтцэций сумын наадамд очиж барилдан түрүүлчихээд ирэхэд нь цэрэг татлага бараг дууссан байж. Тэр үеийн цэргийн хэлтсийн дарга Ц.Цэрэндорж “Чи армиас зайлсхийлээ” гээд комисст ч оруулалгүй цэргийн албанд мордуулжээ. Ингээд 124-р ангид хувиарлагдан очив. Хожим сонсох нээ тэр ангид ахлагч байсан манай аймгийн н.Адилбиш начин “Манай ангид хэрэг болно наад цэргээ ав” гэсэн юм билээ. Шинэхэн цэрэг каринтинд байж байтал Дарханы н.Галаа түрүүч “Удахгүй каринтины баяр болно. Чи түрүүлж чадах уу” гэж асуухад нь “Надтай адил цолтой хүн байхгүй бол түрүүлнэ” гэж хариулжээ. Харин барилдаанаар Галаа дандаа хал цэргүүдийг эхэлж амлуулж тэр каринтины баяраар түрүүлэв. Тэндээсээ Алдар нийгэмлэг рүү татагдан очиж томчуудтай хамт бэлтгэлд гардаг болов. Удалгүй 68 кг-д армийн аварга болж. Үүний дараагаар ах дүү найрамдалт армиудын ОУ-ын спартикадад Алдар нийгэмлэг бие даан оролцоход ганц шинэ цэрэг орсон нь Д.Багахүү байлаа. Эхний тойрогт М.Хойлогдорж хувцасыг түгжчихээд алга болчихож. Гэтэл н.Хадбаатар аварга өөрийнхөө хувцасыг өмс гээд шидчихэв. Тэр том хүний хувцас томдолгүй яахав. Дэвжээн дээр гараад иртэл бөөн юм болов. “Алдар барилдуулах хүн олдсонгүй юу. Наад шинэ цэргээ буулга” гээд л. Өөрөөсөө ичээд Болгарын бөхөд ялагдаж орхив. Оройн нь Г.Махбариад генерал Ч.Дамдиншарав багшийг хамтад нь дуудаж “Цэргийн хувцас бэлтгэж өгсөнгүй” хэмээн загнаж. Багш нь харин Д.Багахүүг шөнөжин загнаж Европын аваргыг дарахгүй бол 14 хоногийн сахилгатаа яв гэх нь тэр. Маргааш нь нөгөөх аваргыг нь цэвэр ялж, алтан медалийн төлөө барилдаанд өмнө нь Солонгост барилдаж байхад нь залилаж хожсон Солонгосын бөхтэй үлдсэн байв. Мань хүн нутагтаа хоёр ч дахин аварга болчихоод ирсэн байлаа. Залилууж хожигдчихоод дэвжээн дээр уйлж сууснаа санаж, найзууддаа “Та нар харж байгаарай би үүнийг цэвэр ялна” гэж хэлээд уг тэмцээнээс шинэ цэрэг алтан медаль энгэртээ зүүжээ. Ингээд Б.Дорж генералаас 10 хоногийн чөлөөгөөр шагнуулан нутагтаа ирж чөлөөгөө хэтрүүлэн 20 хоноод очиж сахилгат сууж байсан хөгтэй түүх бий. 
>
   Тэрээр үндэсний бөхийн спортод түүний гаргасан амжилтууд бас олон. Аймгийн начин цолтой хүү 1980 онд Эрдэнэт хотын наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж. 1981 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн хурц арслан, мөн ондоо Монголын цагаан сарын баярт зориулсан барилдаанд хүчит 128 бөхөөс шөвгийн 8-д шалгаран үлдэж явжээ. 1983 онд нэгдэл дундын амралтанд амарч байтал аймгийн дарга Т.Наранхүү ирж хурц арслан Г.Дэмүүлтэй хамт улсын наадамд зодоглохыг санал болгожээ. Ингэж Ардын хувьсгалын 62 жилийн ойн улсын их баяр наадамд 5 давж улсын начин хэмээх алдар хүндтэй цолыг авсан түүхтэй. 
   1991 онд ардын хувьсгалын 70 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадамд улсын заан П.Сүхбаттай үзүүр түрүү булаалдаж хүчит 256 бөхөөс үзүүрлэсэн. Улсынхаа их баяр наадамд 10 гаруй удаа барилдаж, аймгийн болон 15 сумынхаа ойн баяр наадамд нийтдээ 30 гаруй удаа оролцон барилдаж 22 түрүүлж, 8 үзүүрлэсэн байна. Зүүний магнайд 15 жил гарсан Д.Багахүүг түүний охин Нандин-Эрдэнэ нь: 
   “Дэнж хотойлгон эхлэх нутгийн наадмын асарт 
    Дэврэн хөөсөрөх айраг тааны үнэртэй шуугихад 
    Зүүний магнайд дэвэлзэх начин шонхор ааваар минь 
    Зунжин хүлээсэн наадмын нэгийн даваа эхэлдэг ээ 
    Зүүний үзүүрт арвай тогтох шиг 
   Зүүний манлай цөөхөн төрдөг юм” хэмээн шүлэглэжээ. Энгүй их говьдоо энгийн л нэг сайхан бөх гэж хэлүүлэхийг хүссэн улсын начин Д.Багахүү нутагтаа чанартай бөхийн клуб нээж, нутгийнхаа нэрийг дуурсгасан бөхчүүд төрүүлэхийг мөрөөддөг гэсэн. Манай нутагт бөх болох сайхан залуус байгаа хэдий ч тэдэнд бэлтгэл сургуулилт хийхэд нь хөрөнгө хүч дутагддагийг дурсаад авна лээ. Ямартаа ч аймгийнхаа наадмыг гадныханд алдахгүй байгаадаа сэтгэл бас өег байдаг гэсэн юм. 

Бөхийн гэр бүл түүний найз нөхөд 
   Бөх хүн бүдүүн ширхэгтэй гэж манайхан ярьдаг. Начинтай ярьжээ суухад энэ үгийг хэн анх гаргасан юм болоо үнэнд нийцэхгүй л байна даа гэж бодож суулаа. Гэргий Р.Бодьцэцэгтэйгээ их спортын тогоонд танилцжээ. Энд нэгэн мартагдсан түүхийг дэлгэхэд Д.Багахүү хөнгөн ателтикаар спортод анх хөл тавьсан гэнэ. Тэрээр 1974 онд түүний тогтоосон өндрийн харайлтын рекордыг 10 жилийн дараа эвдсэн түүхтэй аж. Гэргий нь хөнгөний тамирчин байв. Наймдугаар ангийн хүүхдүүд анх танилцаж түүнийг цэргээс халагдаж ирэхэд том охин Б.Нандин-Эрдэнэ залуу хосыг баярлуулан үрийн зулай үнэрлүүлсэн байна. Одоо охин Б.Болор-Эрдэнэ, Б.Баярмаа нар нь хамтдаа амьдарч байна. Орчлон түүнд дөрвөн сайхан хүүхэд хайрласан ч ганц хүүг нь буцаагаад авчихсан аж. Сайхан хүүгээ санахаар аавын сэтгэлд бодлын цагаан суварга амилдаг. Хатуутай зөөлөнтэй хорвоод ханийн заяа түшиж голомтоо бадраагаад 40 гаруй жилийг ардаа орхижээ. Ууган охин Нандин аавдаа болон нутгийхаа наадам, бөхийн гэргий нарт зориулсан нилээн олон шүлэг бичснээ сонирхуулж бөх хүний гэргий нар сэтгэлээрээ бөх байдгийн нууцыг дэлгэсэн. “Наадмын өдрүүдэд бөхийн асарт бөхчүүдийн гэргий нар чимэг болон ижилсэж эр нөхрийнхөө дээлийн захыг мушгиж сууцгаадагсан. О.Пүрэв гуайн гэргий Г.Сэлэнгэ, Ц.Түвшинтөрийн гэргий Ц.Байгаль, Л.Цэгмэдийн гэргий А.Цэсэннамид гээд олон бөхчүүдийн гэргий нартай ээж минь одоо ч сайхан харьцаатай байдаг” гэж охин нь хуучиллаа. 
   Аймгийн төв номын санд ном зүйчээр тасралтгүй 40 гаруй жил ажиллаж байгаа начны гэргийг хальт уулзаад өнгөрсөн хүнд их зантай эмэгтэй гэж бодогдохоор. Гэхдээ түүний дотоод сэтгэл тийм бус. Д.Багахүү начин анх нэгдлийн туслах аж ахуйн ажилтнаас амьдралаа эхэлж байсан бол одоо гурван дээд сургууль төгсөж, биеийн тамирын багш дасгалжуулагч, газар зохион байгуулагч инженер, төрийн удирдлагын менежер мэргэжил эзэмшин, 1974-1976 онд Өмнөговь аймгийн БТС-ын хороонд дасгалжуулагч, 1976-1979 онд Ардын армийн байлдагч, Алдар нийгэмлэгийн тамирчин, БТС-ын улсын хорооны чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин, 1979-1986 онд Аймгийн БТС-ын хороонд бөхийн дасгалжуулагч, 1986-1994 онд 1-р 10 жилийн дунд сургуульд биеийн тамирын багш, 2003-2007 онд Даланзадгад сумын засаг даргын тамгын газарт газрын албаны газар зохион байгуулагчаар, 2007 оноос одоог хүртэл Төрийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны улсын байцаагчаар тус тус ажиллаж улс нийгэмдээ 40 жил алба хашиж, нутгийн олондоо хүндлэгдсэн бөх болоход нь ханийн түшиг, гэр бүлийн дулаан орчин их нөлөөлсөн нь лавтай. Харин тэр хайрыг дааж ноён нуруутай гэрийн эзэн байж, аавын нөмрийг бий болгож чадсан нь түүний хүн чанар, аав ээжийн хүмүүжил, өр нимгэн монгол эр хүний сэтгэлийн илэрхийлэл биз ээ. 
   Өрсөлдөгч үгүй бол тамирчин төрөхгүй шүү дээ. Нэгэн үе Д.Багахүүтэй торгон ногоон дэнжнээ зодоглож, түүнийг ирлэж явсан хурц арслан Г.Дэмүүл, МУ-н харцага О.Пүрэв, И.Ламаажав, МУ-ын начин Д.Төмөрбаатар, А.Ганбаатар, нэгэн үе аймгийн наадмаа чимж явсан аймгийн арслан Ц.Түвшинтөр, Г.Батжаргал, хамгийн дотны анд Дамдин аваргын хүү Баяраа гарьд, гавъяат тамирчин А.Баатархүү зэрэг найз нөхдөө эргээд дурсахад дэндүү эрт замын дундаас буцчихсанд нь хорвоод гомдож нулимс унагах өдөр олон. Тэднийхээ үр хүүхдүүдийг хараад өнгөтэй гэрэлтэй яваад нь талархаж өр зүрхээ нимгэлдэг. “Миний нутгийнхан бөхөө хайрлахгүй болохоор тэднийг орчлон харамлахдаа буцаагаад аваад явчихдаг байх” хэмээн түүний охин Б.Нандин-Эрдэнэ шүүрс алдан ярьж суусан. Бөхчүүдээ уулс нь хүртэл намсаж угтдаг нутгийн минь зүлгэн дээр алсад одсон алдартнуудынхаа нэрийг дуурсгах олон сайхан бөхчүүд төрөх буй заа. 
   “Д.Багахүү начины амьдрал, амжилт нь домог юм. Бид 2004 оноос найзалж байна. Г.Дэмүүл арслангаас хойш анх удаа бөхийн гал 2005 онд Улаанбаатар хотод гарсан. Тэнд Өмнөговийн бөхчүүдээ цуглуулж чадсан юм. Говийн хоёр улсын начин уулзаад их баяртай байж билээ. Тэр бэлтгэл манай аймгийн бөхчүүдийн эргэн сэргэлтийн эхний, А.Ганбаатар багштайгаа гарсан хамгийн сүүлийн бэлтгэл байлаа. Тэр үеэс өнөөг хүртэл нутгийнхаа бөхчүүдийг нэгтгэх, хөгжүүлэх гэж зүтгэж явахад Багаа түшиг тулгуур минь болж явна. Би Багаа ахыгаа оллоо гэдэг юм” гэж залуу бөх аймгийн арслан Р.Сэддорж ярьсан юм. 
   Д.Багахүү Номгон сумаас С.Идэрсүрэнг анх авч ирж бөх болох замыг нь нээж өгсөн аж. Улсын начин Т.Энхтуяа, аймгийн арслан Т.Энхтайван, Б.Сумъяа, Р.Сэддорж зэрэг залуу бөхчүүд одоо тэднийхээр байнга ирж бөхийн спортыг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцно. Энэ олон уурхайтай ийм баян аймаг том цолтой бөх байхгүй байгаад говийн хүнийхээ хувьд тэрээр эмзэглэж явдаг нэгэн. Тэрээр ач хүүгээ удам залгасан бөх болгох гэж наадам бүрт дагуулж явна. Санаж явахад бүтнэ гэдэг дээ. Начины маань бодож, сэтгэж, хүсэж, мөрөөдөж яваа бүхэн бүтнээ. Тэр говиос төрсөн, говьдоо элэгтэй, говийн бөх өө. 

Д.МИШИГСҮРЭН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2 comments for "Их говийн эгэл начин /Хөрөг найруулал/"

  1. Сайхан бичсэн байна. Та бүгдэд баяр хүргэе

  2. bagahuu nachindaa ajil amidrald ni sain saihniig erooe. Nutgiin duugees ni

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook