МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Цагаан хоолны зарим жор

Эрс тэс уур амьсгалтай монгол орны хүмүүсийн хоол тэжээл бусад орнуудынхыг бодвол өвөрмөц бөгөөд олон зуун жилийн уламжлалтай. Өвөл хаврын сэрүүн улиралд мах, махан бүтээгдэхүүн, зун намрын дулаанд сүү цагаан идээ голлон хэрэглэдэг билээ. Өвөл хаврын цагт ч нөөцөлсөн цагаан идээг хэрэглэдэг. Сүүлийн үед хотжилт суурин амьдралд хэвшихийн хэрээр монгол хүн сүү цагаан идээ хоол хүнсэндээ хэрэглэх нь багасаж ходоод гэдэсний /цөс/ өвчин дэлгэрч хүн амын дундаж наслалт буурлаа гэж яригдах боллоо. Монголчууд өвлийн идсэн махны хорыг зуны урин дулаан цагт цагаан идээ идэж авдаг, өвөл, зун, өглөө оройгүй мах иддэггүй хоол хүнсээ зөв хэрэглэдэг соёлтой ард түмэн юм. Үр цэцэг дэлгэрэх, цагаа эхлэх мөн талийгаачын 49 хоногийн дотор, бурханы шашин их дүйцсэн өдрүүдэд /шинийн 8, 15, битүүн / амьтны амь тэвчин буян ном хураан цагаан хоол хэрэглэдэг уламжлалтай. 
Хярманд чанасан гурил 
Хярманд чанасан гурил бол Дарьгангын үндэсний хоол юм. Ус, сүү хоёрыг хувь тэнцүү хийж давс, өрөм, шар тосоор амтлан буцалтал нь самарна. Буцалмагц хатуувтар зуурсан гурилыг өргөн хэрчиж хийж буцалган хоол бэлэн болно. Түүхий сүүний бяслаг хэрчиж хийвэл бүр сайхан болно. Хярманд чанасан ногоотой гурил Төмс, манжин, лууван байцааг давстай усанд болтол нь чанана. Дараа нь сүүг дээрхийн адил хийж буцалган гурилаа хийнэ. Бяслаг, шар тос, өрөм хийнэ. Энэ 2 хоолонд сүү нь ихэдвэл идэхэд хурц нялгардуу болдог тул сүүг багавтар хийх хэрэгтэй. Мөн сонгино, хөмүүл, элдэв амтлагчаар амтлаж болно. 
Өрөмтэй гурил 
Усанд өрөм, давс амтлагчаа хийж самарна. Буцалмагц нимгэн элдэж тасалсан гурил хэрчсэн бяслаг хийж хөөсийг нь намдтал зөөлөн гал дээр буцалгаж уг хоол бэлэн болно. Өвөл харвын цагт цагаан тос, аарцанд гурил буцалгаж идэх нь маш сайхан хоол болдог юм. Хэрэв та энэ хоолыг ногоотой хийе гэвэл эхлээд усандаа ногоогоо болтол нь буцалгана. Тэгэхгүй бол аарц өрмөнд ногоо төмс улам хатуурдаг. 
Гоймонтой хярам 
Мөн дээрхийн адил өрөм, цагаан тос бяслаг сүүгээр гоймонтой хоол хийж болно. Ингэхдээ сүүгээ хийхээс өмнө гоймон ногоогоо хагас болгоно. Дараа нь сүү, шар тос, бяслаг зэргийг хийвэл дэвэрч асгахгүй, мөн гоймон чинь нялцайж урсахгүй. 
Цайны хандтай гурил 
Буцалсан усны дээр жаахан хуурай цай хийж таглан 5 минут орчим байлгана. Цайныхаа шаарыг сайн шүүж авна. Уг хандыг шар тос, бяслаг, сүүгээр сүлж буцалган хярамтай гурил адил хийнэ. 
Ногоог гурилтай жигнэх 
Гурилтай нимгэн элдэж шар тос /ургамлын тос, масло/ түрхэж завсар нь сонгино, давс үрж хуйлан жигнээд бэлэн болгоно. Ногоо төмсөө урт нарийхан хэрчиж хуйлсан гурилын хамт жигнэн болгоно. Гурилаа нарийхан хэрчинэ. Ногоогоо шар тос, масло, шинэ өрөм, элдэв амтлагчаар амтлана. Гурилтайгаа хольж идээд үзээрэй! 
Ногоотой цуйван 
Та махаас бусдыг оруулан ногоотой цуйван хийж болно. Махны оронд шинэ бяслаг хөшиглөөд хийнэ. Амтанд чинжүү, перец, гоньд гаа зэрэг амтлагч байхад энэ хоол ямарч махтай хоолноос чинь дутахгүй. 
Шарсан гоймон 
Эхлээд та гоймонгоо сонгох хэрэгтэй. Манай үйлдвэрийн уурагжуулсан гоймон арай илүү амттай, идэнгитэй юм шиг байдаг. Мөн герман, турк гоймон ч сайн. Гоймонгоо буцалж байгаа усанд хийж чанаж болгоно. Болсон гоймонгоо шүүлтүүрт шүүнэ. Тэгэхдээ хүйтэн усаар угаах юмуу, усанд сойж болохгүй. Хайруулын тавгаа сайн халааж ургамлын тос, /масло, зөөхий, шинэ өрөм, шар тос ч болно/ сонгиноо хуурна. Дараа нь шүүсэн гоймонгоо хийж зөөлөн галаар шарна. Энэ хоолыг хуурсан ногоотой хольж идэж болно. 
Ааруултай гурил 
Нунтаглаж нүдсэн ааруулыг усандаа хийж буцалгаад элдэж хайрсан гурилаа өргөн хэрчиж чанана. Өрөм, шар тос, давс амтлагчаар амтлана. 
Ээзгийтэй гурил 
Ээзгийг усандаа хийж буцалгаад элдэж хайрсан гурилаа өргөн хэрчиж чанана. Өрөм, шар тос, давс амтлагчаар амтлана. 
Өрөмтэй хуушуур 
Чанаж болгосон ногоог бяслаг өрөмтэй хольж нухаж элдэв амтлагчаар амтлан хуушуур хийнэ. 
Бантан 
Сүүтэй хярманд бантан хийж болно. 
Монгол бяслагийг хадгалах арга 
Намрын сэрүүн орсон үед бяслагны голыг нүхлэн аваад сүүдэртэй сэрүүн газар хатаана. Мөн хэрчин борцлон хэлхэж хатааж болно. Ингэж хатаасан бяслагийг хүйтэн усанд хэдэн цаг сойход л шив шинэ бяслаг болно. Бас нэг сайн арга бол нойтон бяслагаа бяцлах буюу машиндаад нунтаг давс үрж дэлгэц дээр хатааж даавуун уутанд хийж хадгална. Ингэж хатаасан бяслагийг өвөл хаврын цагт шууд хоолондоо хийж хэрэглэнэ. Дангаар нь ч идсэн болно. 
Будаатай хоолны төрөл 
Будаа олон янз байдгаас манайхны цагаан будааг өргөн хэрэглэдэг. Ер нь хоол тэжээл болохын хувьд хамгийн сайн будаа бол гурвалжин будаа, шар будаа 2 юм. 
Будааны агшаамал 
Будааг сайтар угааж усыг нь шүүнэ. Ногоогоо жижиг шоо дөрвөлжин юмуу, урт нарийхан хийнэ. Энэ агшаамалд байцаа тохиромж муутай. Хайруулын тавагтай тосондоо сонгино хийж шарна. Шүүсэн будаа ногоогоо хийж тосондоо хуурч дээр нь буцлам халуун ус хийж битүү таглаж зөөлөн гал дээр жигнэж /сайн болгоорой/ болгоод цөцгийн тос, шар тос, ургамлын тос аль дуртайгаа хийж давс амтлагчаар амтлан идээрэй. 
Дээр дурьдсан 3 будааны алинаар ч хийсэн болно. 
- Дээрх агшаамлаар бууз, хуушуур, банш хийж идэж болно. 
- Будааны агшаамлаар банш хийж давстай хярманд чанана. Ер нь сүүтэй гурил зэрэг хоолонд саахар хийж идэх нь их нялуун хурц болдог тул давс хийх нь зохимжтой байдаг. 
- Ногоо, бяслагийг будаатай агшаасан агшаамлаар мантуун бууз хийж болно



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 09:31 Мэдээний төрөл ,

0 comments for "Цагаан хоолны зарим жор"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook