МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Аймгийн алдарт уяач Х.Мөнхбат: Морио түрүүлэхэд сэтгэл хөдлөөд тайлбарлаж чадахгүй юм билээ


Аймгийн баяр наадмаар уяач Х.Мөнхбат, Х.Түмэнбаяр нар “Аймгийн алдарт уяач”-ийн болзол хангаж хурдан морьдын цол дуудах үеэр аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулсаны дараагаар сэтгэгдлийг нь авснаа уншигч түмэндээ хүргэж байна.
- Аймгийн “Алдарт уяач” цол авсан танд баяр хүргэе.
- Баярлалаа.
- Хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүн бэ?
- Арван жил морь дагаж, хурдан хүлгийн тоосонд явсныхаа үр дүнг ийнхүү үзсэндээ баяртай байна.
- Хэдэн оноос морь уяж эхэлсэн бэ?
- 2000 оноос өөрөө гардаж морио уяж эхэлсэн. Үндсэндээ арван жил хурдан морь уяж сойх эрдэмд суралцаж байна даа.
- Хүүхэд байхдаа хурдан морь унаж байв уу?
- Унаж байсан. Би хүлгийн зоон дээр өсч, адууны дэргэд хүүхэд насаа өнгөрөөсөн. Зургаан насны морь унаж олон ч айрагдаж, түрүүлж байсан даа.
- Одооны хүмүүс уяачтай байдаг. Танд уяач бий юу?
- Уяач байх нь байна. Гэхдээ уяачтайгаа хамт нийлж мориныхоо уяа сойлгыг тааруулж тохируулахад зөвлөлдөж хамтран ажилладаг. Ер нь бол хурдан хүлэг хурдлуулна гэдэг бол эзэн хүн, уяач, унаач хүүхэд гурвын хамтын хөдөлмөр байдаг.
- Энэ жил хэдэн насны морь уралдуулав?
- Энэ жилийн наадамд хоёр насны морь уралдуулсаны нэг нь түрүүлж, нөгөөдөх нь долоогоор давхиж сайхан наадлаа.
- Цаашид зургаан насны морь сойх ч юм уу, хурдан морьдынхоо тоог олшруулах уу?
- Олшруулах бодол бий. Гэхдээ чанар гэж юм байна шүү дээ. Тоо гүйцээх гээд явдаг явдаггүй хэдэн морь уралдуулахдаа гол нь биш. Аймгийн наадам бол том хэмжээний уралдаан. Тийм учраас энэ жилийн наадамд дээгүүрт цээжинд давхиж айрагдаж, түрүүлчих болов уу гэсэн горьдлого төрүүлж байгаа морио авчирч уралдуулсан.
- Аймгийн уралдаанд түрүүлж байгаа хурдан ажнайгаа улс, бүсэд уралдуулах бодол бий юу?
- Байлгүй яахав. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг шүү дээ /инээв/. Төрийнхөө наадамд очиж уралдах бодол бий. Морь маань сайхан байвал явна даа. Ирэх жил манай аймагт Говь шанх хурд болно. Энэ уралдаанд хурдан хүлгээ сойно.
- Цогтцэций сумын наадамд морио уралдуулна биз?
- Цэцийн наадам энэ сарын 16-17-нд болно. Морио уралдуулна даа. Ер нь сүүлийн үед уяачид аймгийн наадмын морь, сумын наадмын морь гэж хурдан хүлгээ ялгаж сойдог болсон байна. Сумын наадамд уралдуулан туршиж үзээд сайн байгаа морио аймгийн наадамд уралдуулдаг. Цаашилбал аймгийн хэмжээний уралдаанд тасархай хурдлаж байгаа морийг улс, бүсийн уралдаанд уралдуулна шүү дээ.
-Уралдааны талбайгаас морь тайлбарладаг хүн манай аймагт ховор байдаг. Ганц тайлбарладаг хүн маань та.
-/Инээв/ Хувь хүний хүсэл, сонирхол гэж байдаг шүү дээ. Тэр сонирхолдоо хөтлөгдөн аймгийнхаа баяр наадамд дөрөв таван жил морь тайлбарлаж байна. Гарааны зурхайгаас үзэгчдэд морь тайлбарлахад техник хэрэгсэл шаардлага хангахгүй хүндрэлтэй байдаг байсан. Харин энэ жил барианы зурхайд цагаан хоолой гурав дөрвөн газар байрлуулснаар гарааны зурхайгаас уралдааны замд морь тайлбарлахад хүмүүст сонсогдох нь илүү байлаа.
- Морь тайлбарлаж явахад морь нь түрүүлэх ямар байв? Барианд орохыг нь харж чадсан уу?
- Харж чадаагүй.Өөрийнхөө морийг тайлбарлаж чадаагүй.
- Яагаад?
- Сэтгэл хөдлөөд, дотор огшоод ёстой нөгөө самсаа шархирна гэдэг чинь болдог юм билээ. Эхний гуравт давхиж байхад гайгүй байлаа. Түрүүлээд тасарчихсан хоёр морийг гүйцэх морь байхгүй байх гэж бодож явтал хонгор морь маань араас нь гүйцэж ирээд түрүүлэхэд сэтгэл хөдлөөд баярлаад тайлбарлаж чадахгүй юм билээ. Урд нь аймгийнхаа наадамд нилээн хэдэн удаа айрагдаж түрүүлж байсан. Энэ жилийн наадамд хонгор морио түрүүлсэн шиг баярлаж байсангүй санагдана.
- Аргагүй шүү дээ. Хонгор морь эзэндээ аймгийн “Алдарт уяач” хэмээх хүндтэй цолыг авчирлаа. Түрүүлэх найдвар хэр төрүүлж байв?
-Уяачдын эрхэм хүндтэй цолны нэг. Хүссэнээр авчихдаг зүйл биш. Аймгийн “Алдарт уяач” болоход нэг түрүү юм уу, хоёр айраг дутуу байсан учир энэ болзлоо хангахын тулд хоёр морь уралдуулсан юм. /Нэг түрүүг хоёр айраг гэж тооцдог/. Хоёр морь маань найдвар төрүүлж байсан шүү. Хонгор морио айрагдана гэдэгт итгэлтэй байсан.
- Аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч хүний хувьд энэ жилийн хурдан морины уралдааны онцлог нь юу байв?
- Уяачдын уясан хүлгүүд сайхан хурдлаж байна. Сайхан байна. Энэ жил морин спорт уяачдын холбоо шинээр зохион байгуулагдаж тэргүүлэгчид нь өөрчлөгдөн шинэ тэргүүнтэй болсон. Морин спорт уяачдын холбооны дүрмийн дагуу төрийн наадмын морины уралдааны зай хэмжээг дүрмэнд зааснаар сунгаж уралдуулсан. Урд жилийн аймгийн наадмуудад ган зудтай холбогдуулан зай хэмжээг нь нааш татаж уралдуулж байсан. Энэ жил бүх насны морьдыг улсын дүрмэнд заасан километрээс нь уралдуулсан. Манай говь нутгийн уяачдын уясан хурдан хүлгийн уяа сойлго нь сайн байгаа нь харагдаж байна. Их насны морьдыг 26км-ээс уралдуулахад эхний арван морин дотор шогшиж ирсэн морь байсангүй. Уяачид морьдоо тэжээж, уяж сойж сурч байна.
-Ярилцсанд баярлалаа. амжилт хүсье.

Ж.САЙНЖАРГАЛ

Мэдээний эх сурвалж: МОНГОЛ ГОВЬ СОНИН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:28 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Аймгийн алдарт уяач Х.Мөнхбат: Морио түрүүлэхэд сэтгэл хөдлөөд тайлбарлаж чадахгүй юм билээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook