МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Даланзадгаас Булган хүртэлх хөндийг бага өртгөөр ойжуулах боломж байна

   Ногоон хувцастай цэрэг эрс жагсаад зогссон юм шиг жирийж харагдах нь Булган сумын Хавцгайтын 15га ойжуулалтын талбай аж. Ойр хавьдаа мотортой худаг энэ тэр алга. Тал дээр хашсан 15 га талбайн баруун захад усны ёмкос тавиатай. Ойн зурвасаа байгуулахдаа хайлаасыг шигүү суулгажээ. Ингэж шигүү суулгасан нь элсний нүүдлийг сааруулахад нөлөөтэй гэнэ. Нэг метр 40 см-ээс дээш ургуулахгүй гэж бодож буйгаа Өмнөговь аймгийг ойжуулах үйлсэд тэргүүлж яваа “Мод үржүүлгийн” гэж нутгийнхандаа овоглогдсон Ч.Одсүрэн ярив. Талбайд улиас, сухай, чацарганы мод харагдана. Усалгааны шуудууг дагаад зэрлэг ногоо нь өндөр ургажээ. Шуудууны хажуугаар нилээд хэдэн боодолтой ногоон өвс харагдана. Дэргэд нь модоор хийсэн ногооны прессэн дотор нь өвс хийгээд орхисон нь бидний сонирхолыг татав. Булган сумын Хавцгайт багийн малчин Ц.Валя гуайн хийсэн ажил гэнэ. Бага оврын pajero жип хөлөглөсөн намхан улаан өвгөн бууж ирсэн нь мянгат малчин Ц.Валя гуай байлаа. Энэхүү бидний сонирхоод байгаа гайхалтай услалтын системийн анхны санааг гаргасан ноёнтон энэ эрхэм аж. Энгийн энэ малчныг ноёнтон хэмээн бичих болсны учир томчууд том том юм ярьж толгойгоо гашилгаж байхад энгийн энэ эрхэм жижигхэн зүйлээр том зүйлийг сэтгэн бүтээж чадсан нь түүнийг ямар ч хөдөлмөрч болохыг харуулна. 
   Ц.Валя гуай “Задгайн усыг дэнж дээр гаргах санааг 2002 онд гаргасан. “Есөн эрдэнэ” нөхөрлөл хоёр сая төгрөгийн санхүүжилтээр усны хоолой 7км-т татаж усгүй бэлчээрийг усжуулсан юм. Замд нь багийн төвийн айлыг ундны усаар хангаж, хэдэн мод тарьсан. Харин 2007 оноос Ч.Одсүрэн санхүүжүүлж, услалтын системийн хоолойг өргөсгөн, ойн зурвас байгуулан бидэнтэй хамтарч ажиллаж байна. Манайх талбайг нь харж усладаг. Усны хоолой өргөссөнөөр ирэх усны хэмжээ ихэссэн нь хүнсний ногоо тарих боломжийг бүрдүүлж өгсөн. Модоо сайн арчлахгүй бол нэг мод үхвэл нэг мал үхсэнтэй тэнцэх хэмжээний юм болно шүү дээ” хэмээн ярив. Тэрээр нэг ч боодол өвс худалдаж авалгүйгээр ойн зурвасын талбайгаас өөрийн бэлдсэн хадлангийнхаа өвсөөр мянган сүргээ онд оруулж хорогдолгүй өвлийг давсан байна. 
   Мөн гаднаас хөрөнгө мөнгө гэж явсангүй өөрсдийн нөөц боломжоо ашиглан жижигхэн хүлэмж байгуулж улаан лооль тарьжээ. Ойн зурваст бид хэсэгхэн саатах зуурт Ц.Валя гуай хатсан боодолтой өвсөө агуулахдаа хураачихаад ирэв. Бид тэндээс услалтын системийн эхийг үзэхээр хөдлөв. Урсгал усны шингэж буй хэсэгт услалтын системийн эх байгаа гээд бодчихсон болоод тэгсэн үү задгайн адгаас хэтрээд явахаар нь жаахан гайхав. Машин зогссон газарт энэ услалтын систем гээд хэлчих зүйл огт алга. Зөвхөн уулын танхил задгай усны зүггүйтэн цовхчих чимээ л сонсогдоно. Ч.Одсүрэн “За хаана эх нь байгаа юм шиг байна” гээд инээж зогсоно. Харагдахгүй юмыг бид юугаа мэдэх билээ эргэн тойрноо харж зогсох зуурт “Тэр хар кабелийн утсыг харж байна уу. Тэнд л услалтын системийн эх байгаа даа” гэлээ. Урьд нь Хавцгайтын задгайн адаг энд байдаг байсан гэнэ. 50см-ийн гүнд услалтын системийн эх болох хоёр жижигхэн кольце суулгасан ажээ. Усны хоолойгоо 30 см-ийн гүнд суулгасан байна. 7км-т 30см-ийн гүнд усны хоолой суулгасан гэхээр ямар хэмжээний хүч хөдөлмөр орсон нь ойлгомжтой. Анх энэ услалтын системийг өргөсгөж байгуулах үед нутгийнхан нь Ц.Валя, Ч.Одсүрэн хоёр нийлээд Хавцгайтын голыг ширгээх нь гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байсны хариултыг байгаль ээж өөрөө хариулсан нь өнөөдөр услалтын системийн эхээс голын ус 100 гаруй метр хэтрээд явчихаж. Хаа холын Ховд аймгаас энэ л услалтын системийг үзэх гэж хүмүүс зорьж иржээ. Буянт голынхоо эргээр газар тариалан эрхлэдэг тэдний дунд усны маргаан тасардаггүй аж. Харин энд ирээд тэд “Ийм жаахан уснаас том бүтээн байгуулалт хийж чадсан байхад бид өөрсдөөсөө ичиж байна” хэмээн шогширч байгаад буцсан гэнэ. 
   Ингээд бид Хавцгайтын голоос 5км-т байгаа Ц.Валя гуайн хаваржаанд ирлээ. Гаднаа крант нээгээд л амныхаа усыг авчихдаг тэднийх гаднаа багахан ч гэлээ хүнсний ногоо тариалжээ. Буцах замд тал дээр ганц усны ёмкс, хажууд нь мал усладаг онгоц тавиатай байна. 7км-т ирж буй услалтын системийн төгсгөл энэ ажээ. Гэхдээ энд ирж буй услалтын системийн дундаас Хавцгайтын багийн төвийн айл, багаас баруун урд буй айл, ойжуулалтын 15га, Ц.Валя гуайн хаваржаа гээд дөрвөн газарт салаалсан. 
   Нэг мод таривал энэ насны буян хоёр мод таривал хойт насны буян гэсэн нь зүгээрч нэг хэлчихсэн үг биш болов уу. Дэлхий нийтээр мод тарьж эх дэлхийгээ аврах гэсэнтэй санал нийлээд байгаа шүү дээ. Эх нутгаа хамгаалахын тулд Ч.Одсүрэнгийн яриад байсан Даланзадгаас Булган хүртэлх хөндийг бага өртгөөр ойжуулах боломж үнэхээр байгааг газар дээр нь ирж үзсэн хүн ойлгох нь дээ гэж бодож зогслоо. Аймгийн удирдлагууд бүгд энэ услалтын системтэй нэг танилцаасай. Улсын баруун хязгаараас ирж туршлага судласан байхад бид хаяанд нь байгаа хэрнээ яагаад нэг сонирхож болохгүй гэж. 
   Аймаг руу буцах замдаа шууд буцах тухай бодож явлаа. Гэтэл тэгсэнгүй Нүцгэний эхэнд байгуулсан ойн зурвасаа сонирхуулав. Харин бидний сонирхолыг татсан нь Эхэн Хөөврийн чачарганын төгөл байв. Цаашдаа энэхүү талбайгаа Өмнөговь аймгийн жимс жимсгэнийн талбай болгох зорилттой байгаа гэж Ч.Одсүрэн ярьсан. Уг талбайн услалтын систем бас л сонин. Газрын гүнээс усаа мотпомпоор татаж талбайд ус очмогц мотпомпоо унтраахад ус тасалдахгүй хэвийн гардаг ажээ. Өөрийн байгуулж буй дээрх ойн зурвас талбайнуудаа иргэдийг санаа авахад зориулан байгуулж байгаагаа ч Ч.Одсүрэн дурсаад авна лээ. 
   Монголын “Ногоон хэрэм” хөтөлбөрийн үндсэн шугам нь Булган сумын Арц богдын өвөр хоолойгоор орж ирээд Говь гурван сайхан уулын зүүн бэлээр Даланзадгадаар дамжин Цогт-Овоо руу гарахаар байгаа аж. Хэрвээ Говь гурван сайхан уулын ам бүрийн задгайн усыг Хавцгайтын услалтын системийн жишгээр татаж Даланзадгаас бүр Арц богдын өвөр хоолой хүртэл ногоон зурвас байгуулах боломж байгаа юм. Хавцгайтын услалтын систем газрын гүнд шургаж байгаа усны 5 хувийг ч авч чадахгүй байгаа гэсэн. Уулын задгайн онцлог усных нь 80-90 хувь нь хөрснийхөө сул хэсэгт шингэдэг хөрсөн доогуур урсдаг. Нэгэнт л урсаад явчихаж байгаа усыг хөрсөн дээр ил гаргаж, ногоон ой байгуулан бид амьдрах таатай орчноо бүрдүүлж яагаад болохгүй гэж. Зөвхөн мод ургах ургалтын үед л ашиглах болохоор ил хөрсний усыг татарч байгалийн унаган төрх алдагдах болов уу гэж эмзэглэх шаардлагагүй юм. 
   Мод тарихад урамшууллын гэрээ байгуулан ургуулсан мод бүрийгээ үнэлдэг байсныг болиулахаар болсон нь амьдралд хэр нийцэж байгааг мөн удирдлагууд эргэж харах буй за. Ямар нэгэн санхүүгийн хөшүүрэггүйгээр энэхүү ойжуулалтын бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг хэн бүхний хийх ажил арай л биш болов уу 
Ж.САЙНЖАРГАЛ
Мэдээний эх сурвалж: МОНГОЛ ГОВЬ СОНИН



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:59 Мэдээний төрөл , ,

0 comments for "Даланзадгаас Булган хүртэлх хөндийг бага өртгөөр ойжуулах боломж байна"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook