МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Аймгийн алдарт уяач шинээр хоёр төрлөө

   Ардын хувьсгалын 89 жил, аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаан амжилттай боллоо. Хэдийгээр өнгөрсөн өвөл, хавар цагийн байдал тарчигхан байсан ч уяачид маань морьдоо өвөлдөө тэжээн хавартаа ойрын болон холын зайн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байсны үр дүнд морьдын уяа сойлго тэгширсэн, чадал тэнхээ сайн байлаа. Энэ жилийн наадамд зургаан насны 300 гаруй шандаст хүлэг хурд хүчээ сорьсон. 
   Урьд жилүүдийн наадмын түрүү, айргийн 50%-ийг заримдаа түнээс ч илүү хувийг гадныханд буюу хөрш аймгийн уяачдад алддаг байсан бол энэ жил үндсэндээ нутгийн морьд 30 айраг түрүүнээс 28-ийг нь авсан. Тэр дундаа Цогтцэций сум, Баяндалай сумын “Далай их хурд” галынхан, Ханбогд сумын уяачид одтой сайхан наадаж ихэнх айраг түрүүг авлаа. 
   Хурдан морины уралдааны дүрмийн дагуу 7-гоос дээш насны хүүхдүүд морь унах, аюулгүй байдлын үүднээс хамгаалалтын малгай өмссөнөөр хүүхэд гэмтэж бэртсэнгүй. Үүнээс харахад уяачдын хүүхдээ хайрлах сэтгэл мөн тус уралдааныг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүний зохион байгуулалт хүчин чармайлт сайн байгаа нь харагдаж байлаа. Уралдааны бас нэг онцлог нь хамгийн сүүлийн үед ашиглагдаж байгаа стандартын гарааны төхөөрөмж ашигласан явдал байлаа. Ингэснээр морь дутуу эргэх зэрэг ямар нэгэн будлиан гарсангүй. Харин уяачийн буруугаас ганц нэг морь эндсэнийг эс тооцвол хурдан морьдын уралдаан сайхан боллоо. 
   Уншигч та бүхэндээ түрүүлж айрагдсан хүлгүүд түүний уясан эздийг танилцуулъя. 
Сүргийн манлай 47 азарга хурдласнаас: 
Цогт-Овоо сумын залуу уяач Ж.Эрдэнэтөгсийн бор халзан түрүүлж Цогтцэций сумын уяач Н.Амгалангийн хонгор аман хүзүүдэж Ханхонгор сумын уяач Д.Нарангэрэлийн хээр, Цогтцэций сумын уяач Х.Түмэнбаярын халтар, Ханхонгор сумын уяач Б.Түвшинбаярын хүрэн зээрд айргийн тавд хурдлаж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. 
Их насны 51 морь шандасаа сорьсноос: 
Цогтцэций сумын уяач Х.Мөнхбатын хонгор түрүүлж, Хүрмэн сумын уяач А.Идэрцогын сартай хонгор аман хүзүүдэж Дундговь аймгийн Хулд сумын уяач Д.Өлзиймөнхийн хонгор, Цогтцэций сумын уяач Х.Түмэнбаярын хүрэн, мөн сумын уяач Н.Амгалангийн хүрэн цэгээн айргийн тавд хурдлаж хурсан олныг баясгалаа. 
Соёолон насанд нийт 47 хүлэг тоосоо өргөснөөс: 
Цогтцэций сумын уяач Х.Түмэнбаярын алаг түрүүлж Дундговь аймгийн Хулд сумын н.Будхүүгийн зээрд аман хүзүүдэж Цогтцэций сумын уяач Н.Энхсайханы ухаа, Ханбогд сумын уяач Т.Буян-Өлзийгийн хээр, Даланзадгад сумын уяач Ц.Отгонбатын хээр алаг айргийн тавд хурдлаж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. 
Хязаалан насны 50 хүлгээс: 
Цогтцэций сумын уяач Х.Түмэнбаярын саарал түрүүлж мөн сумын уяач Н.Амгалангийн хар аман хүзүүдэж Ханбогд сумын уяач Х.Нэхийтийн хонгор, Цогтцэций сумын Х.Түмэнбаярын сартай хул, Ханбогд сумын Ц.Гантөмөрийн сартай хонгор айргийн тавд хурдлаж баяр наадмын магнай боллоо. 
Шүдлэн насны 69 аргамаг хүлэг хурдласнаас: 
Даланзадгад сумын уяач А.Жаргалсайханы хээр түрүүлж Ханбогд сумын уяач Т.Баясгалангийн сартай хар аман хүзүүдэж Сэврэй сумын Д.Баттүвшингийн хөх бор, Баян-Овоо сумын уяач Э.Шинэхүүгийн зээрд, Цогтцэций сумын уяач Л.Батчулууны зээрд айргийн тавд хурдалж харьшгүй хүчтэй хурдан хүлэг гэдгээ харууллаа. 
54 даага хурд хүчээ сорьсоноос: 
Цогтцэций сумын уяач Н.Энхсайханы цагаан түрүүлж Цогт-Овоо сумын уяач Ж.Эрдэнэтөгсийн хүрэн аман хүзүүдэж Хүрмэн сумын уяач А.Идэрцогийн хонгор, Ханхонгор сумын уяач Ч.Баярсайханы хонгор, Цогтцэций сумын уяач Т.Ганбатын саарал айргийн тавд хурдлаж түмэн олныхоо өмнө алдар цолоо дуудууллаа. Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай нь Баяндалай сумын уяач н.Мөнхөөгийн зээрд даага байлаа. 

Хурдан морьдын уралдаан нар хур тэгширсэн сайхан өдрүүдэд болж уяачид, унаач хүүхдүүд, үзэгч наадамчин олон сэтгэл дүүрэн байлаа. Түрүүлж айрагдсан морьдууд төв асрынхаа өмнө алдар цолоо дуудуулж аймгийн алдарт уяач цолтон хоёроор нэмэгдэн шагналаа гардсан. Цогтцэций сумын уяач Хүүгийн Түмэнбаяр энэ жилийн наадамд одтой сайхан наадаж 2 түрүү, 4 айраг, урьд жилүүдийнхтэйгээ 4 түрүү 8 айраг, Хүүбаатарын Мөнхбат 2003-2005 оны аймгийн баяр наадмын азарганы түрүү, Баяндалай сумын 80 жилийн ойн наадмын хурдан азарганы түрүү, энэ жилийн наадмын их насны түрүү зэрэг томоохон амжилтуудаараа “Аймгийн алдарт уяач” хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:13 Мэдээний төрөл , ,

0 comments for "Аймгийн алдарт уяач шинээр хоёр төрлөө"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook