МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Сэтгүүлчид уурхайгаар аяллаа

Өмнөговь аймагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Таван толгой уурхайн үйл ажиллагаатай танилцахаар анхныхаа аялалд гарч буй нь энэ. Бидний зорьсон газар орон нутгийн өмчит “жижиг” гэгддэг Таван толгой уурхай. Уул уурхайн нөөц баялаг ихтэй Өмнөговь нутгийн иргэд бидний ганц бахархал нь Таван толгой гэж хэлж болно. Яагаад гэхээр тус уурхайн 51 хувь нь орон нутгийн өмчит. Энгийн бөгөөд халуун яриа өрнүүлэн хааяа нэг дөрөө мултлан талын Таван толгой руу хурдалсаар уурхайн хотхонд ирэв. Өдрийн цагаар очсон болохоор уурхайчдын тосгон хөл хөдөлгөөн багатай тайван угтав. Гаднаас нь харахад тайван юм шиг байсан ч уурхайн захирлын хувьд утас нь зай завсаргүй дуугарч, ажил нь ар араасаа ундран цаг мөчтэй уралдан нилээд давчуухан байв. Гэсэн хэдий ч бидэнд цаг зав гарган хүлээн авч уулзан “Өмнөговь аймагт саяхан байгуулагдсан сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбар анхны ажлынхаа гарааг манай уурхайгаас эхэлж байгаад талархаж байна. СНЭ-ийн салбар зөвлөлд эрэн сурвалжлах, ард түмэндээ үнэтэй, үнэн бодитой мэдээллийг хүргэж байхыг хүсэн нэг сая төгрөгийн хандив өгье. Үг нь үнэн үзэг нь хурц байхыг ерөөе. Манай уурхай хоёр нийгэм дамжсан их ч түүхтэй, их ч туршлагатай хамт олон” гэж Таван толгой ХК-ийн захирал Х.Түмэнбаяр ярьсан. Тэрээр “Манай дэд захирал Сэдээ та бүхнийг уурхайтай танилцуулна. Ажил их байна ойлгоно биз дээ” гэсээр гарсан юм. “Таван толгой” уурхайн хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер Б.Батзориг сэтгүүлчдийг уурхайгаар зочилсонд талархаж байна гээд бидэнд хөдөлмөр ауюлгүйн зааварчилгааг өгсөн юм. Компанийн дүрмийн дагуу гаднаас ирсэн хүмүүс зочин гэсэн бичиг бүхий улаан шар өнгийн хантааз, малгайг өмсөж уурхайн үйл ажиллагаатай танилцах ёстой. Ёс журмын дагуу хувцаслан уурхайн үйл ажиллагааг сонирхохоор хөдлөлөө. Таван толгой хотхоноос дөрөвдүгээр ам нь 7км, наймдугаар ам нь 12км зайтай ажээ. Таван толгой ХК-ийн дэд захирал Р.Сэддорж биднийг чиглүүлэн уурхайн зүг давхив. Тосгоноос 12км зайд байх уурхайн наймдугаар амаас бидний уурхайтай танилцах аялал эхэлсэн юм. 

Ингээд уншигчиддаа галын хар сүлдтэй Таван толгой ХК-ний захирал Х.Түмэнбаяр болон бусад ажилчдтай уулзаж ярилцсан юм

Таван толгой ХК-ний захирал Х.Түмэнбаяр: 31.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүллээ 
 Манай уурхай өнгөрсөн онд монголын шилдэг “Топ 100 компани”-ийн 13-т орсон. Мөн Монгол улсын шилдэг татвар төлөгч кампани боллоо. 2009 онд хоёр сая тонн нүүрс олборлож борлуулна гэсэн төлөвлөгөөтэй ажилласан. Төлөвлөгөө гэдэг нь улсын өмнө хүлээсэн үүрэг гэсэн үг. Энэ үүргээ манай хамт олон маш сайн биелүүлж хоёр сая 600-гаад маянган тонн нүүрс олборлож борлуулсан. 31.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүллээ. Хувьцаа эзэмшигчдийн нийт ноогдол ашигт 10 гаруй тэрбум төгрөгийг урьдчилж тараасан. 42.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа. 
Манайд 170 гаруй ажилтан ажиллаж байна. Нийт ажилчдын 40 хувь нь дээд боловсролтой мэрэгжлийн боловсон хүчин, 30 хувь нь дунд мэргэжилтэй хүмүүс байдаг. Манай уурхайн нэг онцлог нь кемп, нүүдлийн бус 44 жилийн түүхтэй суурин амьдралтай. Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн төв дээр байрладаг юм. 
Манайх борлуулалтын таван компани, хөрс хуулалтын гурван компанитай гэрээгээр ажиллаж байна. Хөрсийг хуулахгүйгээр нүүрс авна гэж байхгүй учраас энэ нь хамгийн чухал ажил байдаг. 
Таван толгой ХК орон нутаг руугаа чиглэсэн бодлогоо юунаас эхлэх вэ гэвэл орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хамгийн ойрын хэрэглээгээ орон нутгаасаа авъя. Уул уурхай дагасан хэрэглээг орон нутгаасаа хангадаг байя гэж уриалж байгаа. Орон нутгийн сэтгүүлч та нартай уулзаад би нэг зүйлийг олж харлаа. Энэ бол эв нэгдэл. Дөрөв дэх засаглал гэж яригддаг та бүхэн нэг бодол санаа, нэг зорилготойгоор хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Тэр дундаа манай уурхайгаас сэтгүүлчид хамтын ажлаа эхлэж байгааг онцлон эв нэгдлийн эхлэл нь ат бүгд шүү гэж ярьсан юм 

Таван толгой уурхайн наймдугаар аманд эксковаторчнаар ажиллаж байгаа Хүрмэн сумын харъяат Нүдэнхүүгийн Алтанцог: Би 440.000 төгрөгийн цалин авдаг 
-Энэ уурхайд хэдэн жил ажиллаж байна? 
-Би “Таван толгой” уурхайд хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. 
-Таны ажил бусад ажилчдаас юугаар онцлог вэ? 
- Эксковаторчины ажил нь явдал багатай, биед арай л амар даа. 
- Яаж яваад уул уурхайд орчихов? 
- Өмнөговьд уул уурхай хөгжиж байна. Уурхайд ажилласанаар амьдралд ахиц, өөрчлөлт гарч байгаа. 
- Хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? 
- Би одоогоор 440.000 төгрөгийн цалин авч байна. 
- Одоо хэдэн эксковаторчин ажиллаж байна? 
- Уурхайд одоогоор 5 эксковатор ажиллаж байна. 
- 13 дахь сарын цалин хэд вэ? 
- Нэг сая гаргаад л авдаг даа. Ер нь уурхайд ажиллах сайхан шүү. Би ажилдаа дуртай. Анх намайг ирж ажиллаж байхад энэ уурхайн хэмжээ арай бага байсан. Хоёр жилийн хугацаанд нилээд том болсон. Одоо бид 50м-ийн гүнд ажиллаж байна. Үүнээс доошоо дахиад ухна. 
-Таны ажил амжилт арвинтай байх болтугай

Ийнхүү бид инженер, уулын мастер, эксковаторчин, жолооч зэрэг хүмүүстэй уулзаж ярилцан сэтгэгдлийг нь сонсож уурхайн талаарх мэдээллийг авав. Уурхайн нэг аманд одоогоор таван эксковатор ажиллаж байна. Техник хэрэгсэл нь ерөнхийдөө хуучирсан. Саяхнаас шинэчилж том оврын эксковатор нэгийг оруулж иржээ. 80-120 тоннын даацтай машины тэвшийг шинэхэн эксковаторын ган шанагаар яах ийхийн зууртгүй хэд хутгаад л дүүргэж байгаа харагдсан. Уурхайн гүн нь 50м орчим. Ёроолд нь тунаж буй усанд усны шувуу ирдэг аж. Уурхайнхаа ажлаар бахархсан залуус үндэст газрын хөрсийг нь хуулж уул мэт овоолон, үйц баялаг хар алтыг олборлон экспортлож, улс орныхоо сайн сайхны төлөө өдөр шөнийг ялгалгүй хөдөлмөрлөж байна. Биднийг уурхай ороод эргэж ирэхэд тосгоны иргэд хуралдаж байлаа. 1938 оноос Таван толгой уурхайг ашиглаж эхэлсэн түүхтэй аж. Хөрсийг нь гараар хуулж, нүүрсээ шуудайлаад тэмээгээр тээвэрлэн Цогтцэций сумын сургуулийн дотуур байрыг галладаг байжээ. Энэ үеэс олборлолт эхэлсэн гэвэл Таван толгойн уурхай 70 гаруй жилийн урт түүхийг өгүүлнэ. Гэвч уурхайн түүх одоогоос 43 жилийн өмнөөс эхэлдэг. Өссөн төрсөн энэ л нутагтаа ажиллаж уурхайдаа идээшин дассан тосгоны иргэдийн санааг зовоосон асуудал нилээдгүй байдаг аж.Том таван толгойг хэрхэн хуваахаа яриад байгаа болохоос биш уурхайн амьдрал хүнд байсан үед буцаж няцалгүй, ард түмнээ илчээр таслалгүй өнөөдрийг хүртэл Таван толгойгоор овоглож яваа уурхайн тосгоны иргэдийн ирээдүйн талаар огт яригдахгүй байгаа юм. Албан ёсоор нүүрс олборлож эхэлснээсээ хойш 40 гаруй жилийн түүхтэй Таван толгойн уурхай нь Өмнөговь аймгийн 50 гаруй мянган хүний одоо болоод ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж буй цорын ганц уурхай гэж хэлэхэд дэгсдүүлсэн болохгүй биз. Яагаад гэхээр уг уурхайн 51 хувь нь орон нутгийн өмч гэдгийг дээр өгүүлсэн. Орон нутгийн өмчит гэдэг нь Таван толгой уурхайн 51 хувь нь Өмнөговийн иргэд биднийх гэсэн үг юм. Гэтэл Таван толгой уурхай нь 169 га талбай эзэмшдэг. Газар доорх их үйц, баялгийн эзэд гэж цоллуулдаг бидний 70 гаруй жилийн түүхтэй уурхайн дэргэд хаяа залгаа байгуулагдсан үндэсний гэж овоглогддог Энержи ресурс компаний эзэмшил талбай нь долоо дахин том аж. Мөн одоогоос дөрвөн жилийн өмнө тус уурхайн хоёр амны голын хэсгээс гадаадын компанид алдчихснаа эргүүлж авахаар хуулийн байгууллагад хандаад багагүй хугацаа өнгөрч байгааг уурхайн захирал хэлсэн юм. Өөр нэг сэтгэл зовоосон асуудал нь өнөөдөр хамгийн бага талбайтай, 22 сая тонн нүүрсний нөөцтэй уурхай нь орон нутгийн өмчит “жижиг” овогт Таван толгой. Гэхдээ нөөцийн бодит тоо нь 10 гаруйхан сая тонн гэж үздэг гэнэ. Томчууд том том юм ярьж бидний газар нутгийг том томоор нь хуваагаад, зарим нь авчихсан зарим нь авах тухай амтат бодолдоо түүртэж суухад бидний өмч арай л “буруу хувиарлалт” байгаа биз. Нүүдлийн маягаар байрлан газар доорх баялгийг минь бидэнд хүртээлгүй цөлөмчихөөд нутаг нутгийн зүг явчихвал орон нутгийн иргэд бид яах юм бол. Тэднийг дагаад нүүхгүй нь лавтай. Харин 40 гаруй жилийн тэртээгээс өнөөг хүртэл уурхайн тосгондоо ээнэгшин дассан уурхайчид “Бид хийх ёстой, бид нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэх ёстой” гэсэн нэг л бодолтойгоор ажилладаг. Тэдэнд маш их туршлага мөн төдий чинээ эх нутгаа гэсэн чин сэтгэл бий. Уурхайн хотхондоо жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө зориулж ажилчдынхаа амьдрах таатай орчинг бүрдүүлэн орон сууц, нэг дор 11 хүн хүлээн авах хүчин чадалтай халуун ус, саун, цайны газрын өргөтгөл зэргийг шинээр бий болгожээ. Орон нутгийн өмчит Таван толгойн уурхайнхаа буянаар бид нутгийн хишиг хүртэж, орон нутагтаа өөрсдийн мэдлээр хөрөнгөө шийдвэрлэж, улсаас чихэр горьдсон хүүхэд шиг суудаггүй. Гэтэл бидний ганц саалийн үнээ болсон уурхай талбайгүй болж, ангаахай адил амаа ангайгаад дээшээ харж суудаг болчихвол эрднэсийн эзэд гэж цоллуулж байсандаа гомдох цаг ирэх вий дээ. Гэхдээ бид энэ сургалжлагаа гэгээнээр жаргаахыг хүслээ. Өмнөговь аймгийн энэ олон ард иргэдийн заяа түшиж байгаа цагт орон нутгийн өмчит Таван толгой уурхайнхаа газар нутгийн хэмжээг тэлэх болтугай гэж ерөөе. Бидний амны хишиг хариагүй байлгүй дээ. 

Ж.Сайнжаргал
Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:52 Мэдээний төрөл , ,

0 comments for "Сэтгүүлчид уурхайгаар аяллаа"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook