МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Монголын алдарт "Баянзаг"


Эртнээс нааш Монгол орныг дэлхий нийт 1920- оод оны дунд үеийг хүртэл "Төв Азийн цөл" гэсэн нэгдсэн ойлголтонд хамааруулан үзэж иржээ. Учир нь энэ өргөн уудам газар нутагт байгаль, цаг уур, түүх, археологи, шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа төдийлэн хийгдээгүй байсанд оршино.
Харин 1920- оод оны дунд үед хийгдсэн Америкийн Байгалийн түүхийн музейн судлаач, Төв Азийн судалгааны багийн ахлагч Рой Чепмэн Эндрюсийн / Roy Chapman Andrews / багийн судалгаа дэлхийн үгсийн санд тухайн үедээ монголчуудын нийтлэг хэллэг "ГОВЬ" гэдэг нэрийг оруулж ирсэнээр дэлхий нийт Төв Азийн их цөлийн цээжинд орших Монгол орныг "говь" гэдэг нэрээр таних болсон билээ. Харин энэхүү "говь" гэдэг нэрийг дэлхий нийтэд таниулах болсон гол үндэслэл нь монголчуудын тухайн үедээ "лууны яс" хэмээн нэрлэж төдийлэн тоож анзаардаггүй байсан эртний үлэг гүрвэлийн олдвор бүхий нутаг, дэлхийд анхны үлэг гүрвэлийн өндгийг олсон түүхэн газар, эртний хүмүүсийн амьдран ирсэн суурин газар, эдүгээ ч дэлхийн улс орнуудын судлаачид, эрдэмтэд, жуулчид, зочдын сонирхлыг татсан хэвээр байгаа, Монголыг дэлхий нийтэд таниулах нэрийн хуудас болсон, нутгийнхандаа "Ширээ шавар", "Тэмээн шавар", "Баянзаг", гадаадынханд өглөө, оройн нарны туяанд асч байгаа гал мэт харагддагаасаа " Flaming cliffs" хэмээх нэрээрээ алдаршсан, Өмнөговь аймгийн Булган сумын нутагт, Улаанбаатараас баруун урагш 550 км, Аймгийн төв Даланзадгадаас баруун хойш 100 км, Булган сумын төвөөс зүүн тийш 18 км - т Хойд өргөргийн 44*09’37,86” N, Зүүн уртаргийн 103*41’40,63” E- д орших алдарт "Баянзаг - Flaming cliffs" юм.
Баянзаг нь Монголын, цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр, олдворуудыг харьцангуй сайнаар хадгалан үлдсэн алдарт Арц богдын уулсын дагуух уудам хөндийд орших бөгөөд Баянзагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөний эртний түүх, археологи, палеонтологийн нэн чухал, ховор олдворууд олдсоор байгаа түүхэн чухал, газар орон юм.
Иймээс Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд алдаршсан нэн чухал газар нутгийнх нь хувьд "Баянзаг - Flaming Cliffs" - ийг Монголын 7 гайхамшигт оруулан Дэлхийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, аялал жуулчлалын томоохон түшиц нутаг болгон үеийн үед сурталчлан хамгаалах, аялал жуулчлалын гол бүс нутаг болгон хөгжүүлэх түүхэн цаг үе эдүгээ ирээд байна.
Манайхаас харьцангуй нөөц багатай, олдворынх нь байгаль дахь хадгалалт нь төдийлэн сайн биш Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудад дэлхийд гайхагдсан үлэг гүрвэлийн хүрээлэн, парк байгуулан сая сая жуулчдын урсгалыг бий болгож байгаа нь үлэг гүрвэлийн “амьд” өлгий нутаг Монгол орны хувьд нэн хожимдож байгааг анхаарах цаг нэгэнт болсоныг аль хэдийнээс сануулсаар байгаа юм.

Нэг. Баян Загийн түүх, археологийн ач холбогдол: Баян заг нь эдүгээ дэлхийн олон эрдэмтэд судлаачдын санал нэгдэх болсон дэлхийн гарал үүслийн төв, Төв Ази, түүний дундаас Монголын говьд оршиж эртний хүн төрөлхтөний амьдарч байсан анхны түүхэн дурсгал, баримтуудыг өнөөг хүртэл хадгалж үлдсэн дэлхийн түүх, шинжлэх ухааны нэн чухал ач холбогдолтой газар нутаг юм. Энэ чанараараа Баянзаг нь 80 гаруй жилийн өмнө Америкийн эрдэмтэд судлаачдын олж тогтоон “Баянзагийн суурин” хэмээн нэрлэсэн, Монголын болон дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн нэн чухал газар бөгөөд Алдарт Арц богд уулын хөндий дагасан, эртний хүмүүсийн амьдарч байсан бууц, суурин, чулуун зэвсэг, ваар савны хагархай, үлдэгдэл, дурсгал бүхий бас нэгэн өвөрмөц нутаг юм. Энэ талаар 1920- д оны дундуур хийгдсэн Америкийн Байгалийн түүхийн музейн судлаачдын Төв Азийн 3- р экспедицийн судалгаанд “ ... Баянзагийн суурин нь Хятадын Хаалганаас баруун хойш 600 бээрийн газарт, Ховд орох замын дагууд оршино...” хэмээн онцгойлон тэмдэглэгдсэн байдаг. Баянзагийн сууринаас одоогоос 40 орчим мянган жил, түүнээс өмнөх үеийн хүмүүсийн амьдарч байсан ул мөр, эдэлж хэрэглэж байсан чулуун болон хүрэл зэвсэг хэрэглэлийн үлдэгдэл одоо ч олдсоор байгаа юм. Монголын түүх, археологийн нэн чухал дурсгал болох, Төв Ази цаашлаад дэлхийд хамгийн томд орох Арц богдын " Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн дархны газар", Төгрөгийн ширээгийн орчин, Баянзагийн суурин, Гурван сайхан уулын салбар уулс Богинын хяр дахь Хавцгайтын хадны сүг зураг, эртний их зам - Торгоны замын үлдвэр зэрэг нь дэлхийн байгалийн түүх, хүн төрөлхтөний үүсэл, хөгжлийн нэн чухал, томоохон дурсгалууд юм. Эдгээрээс:
1. "Баянзагийн суурин" нэрт эртний хүмүүсийн амьдран сууж ирсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн үлдэгдэл, олдвор, дурсгалууд
2. Хятадын "Хаалган"- аас Хархориноор дамжин Монголын баруун хязгаар Ховд түүнээс цааш дамжин аялж байсан нутгийнханы "Илжгэн чихт хааны зам" нэрт худалдаа арилжааны томоохон замын үлдвэр, мөр
3. Гадаадын судлаачид, жуулчдад "Flaming cliffs" нэрээрээ алдаршсан, дэлхийд анхны үлэг гүрвэлийн өндөг, үлдэгдлийг олсон газрууд
4. Баянзагаас баруун хойш 45 км, Булган сумаас мөн баруун хойш 31 км – т орших үлэг гүрвэлийн олдвор бүхий, Хойд өргөргийн 44* 14’ 17.89”, Зүүн уртрагийн 103* 17’ 49.18“ – д оршдог, “Ноцолдож байгаад үхсэн” гэх тодотголтой, эдүгээ дэлхийн олон улс оронд Монголын нэрийг дуурсган яваа, махчин өвсөн тэжээлтэн хоёр гүрвэлийн зууралдан үхэж үлдсэн олдвор, дөнгөж өндөгнөөсөө гараад нэгэн дор шавааралдан үлдсэн “Монгол эмиганс” нэрээр алдаршсан “Хуягт үлэг гүрвэл - Протоцэратопс – Рrоtосеrаtорs”- ийн 15 ширхэг зулзагын олдворыг хадгалж үлдсэн, нутгийнхан “Төгрөгийн ширээ” хэмээн нэрлэдэг үлэг гүрвэлийн олдворт, түүхэн чухал газрууд нь нэгэн дор байрладаг бөгөөд цаг алдалгүй хамгаалах, цаашид дэлхий нийтэд сурталчлан "Тогтвортой аялал жуулчлал" - ын томоохон бүс нутаг болгон хөгжүүлэх үндсэн түшиц газар нутгууд юм. Байгалийн түүх, хүн төрөлхтөний томоохон дурсгал болон үлдсэн эдгээр газар нутгууд нь түүхийн нэгэн цаг үед болон ойролцоо, зарим нь нэн хол үед хамаарагдах хэдий ч байршлынхаа хувьд ойрхон оршиж байгааг нь харгалзан “Баянзаг – Flaming cliffs ” гэсэн нэгэн нэрийн доор хамаатуулан нийтэд нь хамгаалж, сурталчилж болох юм.

Хоёр. Баян загийн палеонтологийн шинжлэх ухааны ач холбогдол Баян Заг нь дэлхийн амьтан, ургамлын түүхэнд чухал байр суурь эзлэх, нэгэн үеийн томоохон төлөөлөгч болох, одоогоос 60 - 100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн өлгий нутгийн нэг билээ. Эндээс дэлхийд хамгийн анхны, доторхи хөврөл нь дөнгөж гараад царцаж үлдсэн үлэг гүрвэлийн өндөгнүүд олдсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон юм. Энэхүү алдарт нээлтийг хийсэн Америкийн Байгалийн түүхийн музейн нэрт судлаач Рой Чепмэн Эндрюсийн удирдсан Төв Азийн шинжилгээний багийн байрлаж судалгаа, шинжилгээгээ явуулж байсан газрууд, үлэг гүрвэлийн анхны өндгийг олсон газар зэрэг нь түүхийн нэн чухал дурсгалт газарт тооцогдох нь зүйн хэрэг билээ.. Баянзагаас олон орны нэртэй эрдэмтэд судлаачид Обиравтор - Оvirарtоr, Пинакозавр - Рinасоsаurus, Протоцэратопс - Рrоtосеrаtорs, Сайрорнитойдэс - Sаurоrnithоidеs, Вэлисэравтор - Vеlосirарtоr зэрэг үлэг гүрвэлийн олон төрөл зүйлийн олдворууд болон үүрэндээ байгаа үлэг гүрвэлийн өндөгнүүдийн хамгийн анхны олдворуудыг олсон бөгөөд энэ газар нутаг одоо ч олон улсын эрдэмтэн судлаачид, аялагч жуулчдын сонирхол, шохоорлыг татсан хэвээр байна. Сүүлийн жилүүдэд олон орны жуулчид, дэлхийд нэртэй эрдэмтэн судлаачид Баянзагийг зорин ирж судалгаа шинжилгээ явуулах, олон улсын чанартай хурал зөвлөгөөнийг зохион байгуулах болсон нь түүний шинжлэх ухааны ач холбогдол хичнээн өргөн болохыг нотолж байна. Түүнчлэн дэлхийн цөөнгүй орнуудад ялангуяа АНУ, Канадад Үлэг гүрвэл судлалаар зөвхөн Баянзаг орчны олдвор дээр түшиглэн олон судлаач докторын зэрэг хамгаалж байгаа нь энэ газрын шинжлэх ухааны үнэ цэнийг дэлхийн тавцанд улам нэмэгдүүлсээр байгаа юм. Түүнээс гадна олон улсын үлэг гүрвэл судлалын шинжлэх ухааны аливаа судалгаа шинжилгээ нь Монголын үлэг гүрвэлүүд, тэдгээрийн судалгааны материалыг түшиглэхгүйгээр үнэн бодитойгоор гарах аргагүй болсон нь манай орны байгалийн түүхийн үнэ цэнэ, ач холбогдол нь дэлхийн шинжлэх ухаанд хичнээн өндөр үнэлэгдэх болсоныг гэрчилж байна.

Гурав. Баянзагийн түүх, соёлын ач холбогдол Баянзаг нь дэлхий нийтэд Төв Азийн цөл хэмээх нийтлэг нэрнээс “Монголын говь” хэмээх нэрийг дуурсган гаргаж ирсэн, эрт эдүгээгээс өнөөг хүртэлх хүн төрөлхтөний амьдран суурьшиж ирсэн томоохон бүс нутгийн нэг юм. Баянзаг нь өнөөгийн дэлхий ертөнцөд магадгүй хамгийн сүүлчийн нүүдэлчин, малчин соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйг бодитоор нь харуулж чадах , говьчуудын эртнээс нааш идээшин амьдарч ирсэн өлгий нутаг юм. Эдүгээ Баянзагт Булган сумын Дал баг, Мандал - Овоо сумын Мандал багийн олон малчин иргэд, эцэг өвгөдөөсөө өвлөн ирсэн соёл, уламжлалт мал аж ахуйгаа даган амьдарч байна. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 1963 онд одоогийн “Жуулчин говь” компани байгуулагдсан үеэс эхлэн өнөөг хүртэл Баянзагт гадаадын жуулчид, зочид, нүүдлийн мал аж ахуйн амьдралтай танилцаж говийн билэг тэмдэг болсон тэмээ унаж, тэмээгээр аялах нь улам бүр нэмэгдсээр байна. Түүнчлэн Баянзагийн байрладаг Булган сум нь нутгийн иргэдийн жил бүр оролцдог өвлийн наадам “Тэмээний баяр”- ын түшиц нутаг, эдүгээ нутаг дэвсгэр дээрээ 5 жуулчны баазыг байрлуулсан, монголын аялал жуулчлалын гол сүлжээ газар нутгийн нэг юм. Баянзагийн сав нутаг болох Төгрөгийн ширээд 2000 оны дундуур манай улсын иргэн Германы кино урлагийн дээд сургуулийн оюутан н. Бямбасүрэнгийн найруулан оролцсон “Ингэн нулимс” кино нь дэлхийн кино наадмуудад өндөр шагнал хүртэж олон орны жуулчид говийг зорин ирж киноны зураг авалтанд голлон оролцсон малчныд олон арваараа зочлон ирж танилцан эдүгээ ч ирсээр байгаа билээ. Тус сум нь “Говийн гурван тэмээ” ХХКомпаний дэмжлэгээр “Булган булагийн уяачдын холбоо”- г байгуулсан бөгөөд энэхүү холбоо нь малчин нүүдэлчдын томоохон уламжлалт наадмууд, хурдан морьдын уралдаан, үндэсний бөх, сурын спортыг өргөжүүлэн хөгжүүлж жуулчдад зориулсан эвент болгох, тэмээ уяач малчдад “Алдарт”, “Манлай уяач” зэрэг цолыг олгох болсон нь уламжлалт соёлоо сэргээж аялал жуулчлалаас ард иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээний нэг болж байна. Монголын уламжлалт нүүдэлчин малчин амьдралыг сонирхсон жуулчдын нөлөөгөөр нутгийн иргэдийн орлого нэмэгдэхээс гадна монголын мал маллагааны уламжлалт соёл, ёс заншил сэргэн хөгжиж байна. Эдүгээ монгол оронд зочилж байгаа жуулчдын 60 - 70 хувь нь говьд зочлон ирдэгээс Баянзагийг үзэхгүй буцдаг жуулчин нэгээхэн ч үгүй байгаагаас үзэхэд Баянзагийн түүхэн ач холбогдол, нэр хүнд гадаад ертөнцөд хичнээн өндөр болохыг харуулж байна.

Дөрөв. Баянзагийн байгалийн шинжлэх ухааны ач холбогдол Баянзаг нь говийн гол төлөөлөх амьтан, ургамал, шувуудын ихээхэн нөөцтэй. Үүнээс ховор болон ашигт голлох ургамлаас дурьдвал томоохон модлог ургамлын төлөөлөгч “Заг - H. ammodendron / C. A. Mey / Bge - Sаksаul”, Монгол улсын Улаан ном- д орсон “Цөлийн аргамжин цэцэг буюу Цагаан гоёо - Сistаnсhе dеsеrtiсоlа - Dеsеrt Сistаnсhе”- ийн ургадаг гол бүс нутаг юм. Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо нь говийн экосистемийн тэнцвэрийг хангахад ихээхэн нөлөө бүхий паразит ургамал бөгөөд түүний эмчилгээний чанар нь нэн өндөр, ховор ургамал юм. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү ургамлыг их хэмжээгээр хууль бусаар олборлон БНХАУ руу гаргасаар байна. Түүнчлэн Монголын “Улаан ном” - д бүртгэгдсэн ховор шувуу “Хулан жороо - Роdосеs hеndеrsоni - Mоngоliаn Grоund- Jаy”, “Хонин тоодог – Otis tarda – Great Bustard”, “Цөлийн зэржигэнэ - Sylviа nаnа - Dеsеrt Wаrblеr” зэрэг шувуудын амьдран оршдог нутаг дэвсгэр юм. Зөвхөн эдгээр ховор шувуудыг харахаар Герман, Япон, Америк, Английн шувуу судлаачид, сонирхогчдын олон групп энэ нутгаар аялсаар байна. Энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын цаашлаад Өмнөговь аймаг, Монгол орны ард иргэдийн хувьд зөв, тогтвортой бодлого, менежментийг хэрэгжүүлэн ашиглаж чадвал хэзээ ч нөөц нь үл шавхагдах “Оюу толгой” болох өргөн боломж байна. Иймийн учир Баянзаг нь "Монголын 7 гайхамшиг"-т бүртгэгдсэнээр дэлхийн түвшинд сурталчлагдаж нэр нөлөө нь өнөөгийнхөөс илүү өндөр түвшинд хүрэх, олон улсын түвшинд хамгаалагдах, Монголын болон дэлхийн аялал жуулчлалын томоохон сүлжээ, бүс нутгийн нэгэн болон баталгаажих юм. “Баян заг – Flaming Cliffs” орчмын газар нутгуудийн баримтат гэрэл зураг, баримтууд:

Рой Чипмэн Эндрюс "Баянзаг"-т


Америкийн байгалийн түүхийн музейн Төв азийн гуравдугаар экспедиц Монголын говьд анхны автомашины мөрийг гаргажээ


Баянзагаас дэлхийн анхны үлэг гүрвэлийн өндгийг олсон нь дэлхийн байгалийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон юм


1923 онд Америкийн эрдэмтийн олсон Хуягт үлэг гүрвэл - Протоцэратопс /Protoceratops/


Баянзагаас хамгийн сүүлд 2006 онд олдсон үлэг гүрвэлийн өндөг


Хуягт үлэг гүрвэл - Протоцэратопсийн /Protoceratops/ олдворыг боловсруулж байгаа нь. 2009оны 1-р сар. Палентологийн төв



"Баянзагийн суурин" эртний хүмүүсийн амьдарч байсан орчин



Баянзагийн өнөөгийн байдал 2008 он


Баянзаг нь нүүдэлчин малчин ард түмний уугуул нутаг, Монголын аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм


Цөлийн зэржигэнэ - Sylvia nane - Desert Warbler


Хонин тоодог - Otis tarda - Great bustard - Монголын улаан номонд бүртгэгдсэн ховор шувуу


Хулан жороо - Podoces hendersoni - Mongolian Graund-Jay Монголын улаан номонд бүртгэгдсэн ховор шувуу


Баянзагийн бүс нутагт орших хавцгайтын хадны сүг зураг нь эртний хүн төрөлхтний 3-8мянган жилийн өмнө томоохон дурсгал бөгөөд түүний зохиомж дүрслэл нь өвөрмөц, уран гоёмсогоороо гайхагдаж байна






Хүрэлийн үеийн хүмүүсийн Баянзагийн орчинд үлдээсэн дурсгалууд

Эх сурвалж: Өмнөговь аймгийн "Гайхамшигт Говь" Аялал Жуулчлалын Холбоо
Вебсайт: http://www.amazinggobi.com E-mail: contact@amazinggobi.com



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:01 Мэдээний төрөл , , , ,

1 comments for "Монголын алдарт "Баянзаг""

  1. Миний говь нутаг үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нутаг шүү говь нутгаараа бахархаж байна

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook