МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Монголын алдарт “Хонгорын элс”

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Их Сэврэйн уул, Зөөлөнгийн нурууны араар, Баян бор нурууны урдуур үргэлжлэн тогтсон, Улаанбаатараас баруун урагшаа 650 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун хойш 216 км, Сэврэй сумын төвөөс зүүн хойш 35 км зайд х.ө 43* 45’, 53,9” з.у 102* 15’. 32.6” солбицолд Говь Гурван сайханы Байгалийн цогцолборт газарт Хонгорын их элсэн манхан оршино.
Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр Ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр. Баруун хэсгээрээ илүү өндөр бөгөөд элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах нь холоос сонсогдоно. Ийнхүү дуугардагаас нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэх нь бий.
Энэхүү үргэлжилсэн элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоёр салаа гол бөгөөд адаг дээрээ нийлэн “Адаг нуур ” хэмээх бяцхан нуурыг үүсгэдэг.
1993 оноос гадаад дотоодод өргөнөөр сурталчлагдаж 1997 онд Японы Жайка төслөөс боловсруулсан “Монгол улсын аялал жуулчлалын мастер” төлөвлөгөөнд говийн аялал жуулчлалын хамгийн гол цэгийн нэгээр тэмдэглэгдсэн Хонгорын элсний орчинд эдүгээ 4 жуулчны бааз, орон нутгийн олон иргэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж монголын аялал жуулчлалын хамгийн гол маршрут, зорих газрын нэг болж жил ирэх тутам ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна.

Нэг. “Хонгорын элс”- ний байгалийн тогтоц, биологийн төрөл зүйл
     Хонгорын их элсэн манхны талбай нь 925 км. кв бөгөөд элсний баруун үзүүр рүүгээ элсэн манхан нь илүү өндөр, энэ орчинд Баруун, зүүн шургуул, Цонжин хотгор, Тасархай цонж, Талын цүнхэг, Хоохорын тээг, Хун нуурын шал, Балар цонж, Балар заг, Алмасын довон, Алаг цавын давс, Чоно харайхын задгай, Адаг, талын гашуун зэрэг өвөрмөц сонин хэлбэр дүрс, тогтоц, өнгөтэй газар орон нь нэн үзэсгэлэнтэй.
Балар заг нь эдүгээ Өмнөговийн хамгийн өндөр, хамгийн их загийн бөөгнөрөл бүхий газрын нэг бөгөөд энд явган хүн явахад ч хэцүү газрууд их бий. Чоно харайх, Баруун зүүн шургуул, Хун нуурын шал, Талын гашуун нь говийн баян бүрдүүд бөгөөд тэр орчныхоо зэрлэг амьтдын гол ундаалах газар болдог. Хонгорын элсний орчинд говийн ховор шувууд Монголын “Улаан ном” - д бүртгэгдсэн “Хулан жороо - Роdосеs hеndеrsоni - Mоngоliаn Grоund- Jаy” харьцангуй элбэг, “Хонин тоодог – Otis tarda – Great Bustard”, “Жороо тоодог – Chlamydotis undulate Jacq., 1784 - Horbary Bustard ”, “Цөлийн зэржигэнэ - Sylviа nаnа - Dеsеrt Wаrblеr” цөөнгүй тааралдана. Говийн нийтлэг ургамлын зүйлүүдтэйгээс “Заг - H. ammodendron / C. A. Mey / Bge - Sаksаul”, Монгол улсын Улаан ном- д орсон “Цөлийн аргамжин цэцэг буюу Цагаан гоёо - Сistаnсhе dеsеrtiсоlа - Dеsеrt Сistаnсhе”, ховор ургамал “Алтан бэрмэг – Limonium aureum”, Алтан харгана – C. Leucophloea Pojark – ийн багагүй нөөцтэй.
Хонгорын элсний урдуур орших Хатан Сэврэй уул нь Монголын болон дэлхийн “Улаан ном”- д бүртгэгдсэн “Цоохор ирвэс – Unica unica - Snowleopard”- ийн өлгий нутаг бөгөөд Монголын “Улаан ном”- д бүртгэгдсэн ховор шувуу “Алтайн хойлог – Tetraogallus altaicus - Snowcock” мөн энд амьдардаг билээ. Хатан Сэврэй уултай залган үргэлжлэх Зөөлөнгийн уул, Хонгорын элсний араар орших Баян бор нурууны уулс нь говийн томоохон хөхтөн амьтан аргаль – Ovis ommon – Argali, Wild sheep, янгирын- Capra sibirica Pallas – Siberian Ibex- ийн ихээхэн нөөц бүхий нутаг билээ. Эдгээр уулсын хөндий, бэл талаар цагаан зээр – Procapra gutturosa Pallas – Mongolian gazelle Zeren, хар сүүлт зээрийн Gazella subgutturosa Guldenstaedt – Goitred gazelle сүрэг харьцангуй элбэг.

Хоёр. “Хонгорын элс” орчны түүх, соёлын дурсгал
Их Сэврэйн уулын өвөр бэл дэхь “Сэврэй хадны сүг зураг” нь “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал”- ийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд энэ нь эртний хүн төрөлхтөний 3- 8000 жилийн өмнө урлан бүтээсэн томоохон дурсгалууд бөгөөд тэдгээрээс нутгийнханы “Гурван баатар” нэрт зураг, тэмээн сүргийг морьтой хүн хөөн харваж байгаа зураг, “Салхитын буудал” – ын морин тэрэг, ахуйн амьдралын зургууд нь нэн ховор уран сайхан дүрслэлтэй зургууд юм. Эндээс эртний хүмүүсийн амьдарч ирсэн олон дурсгалт зүйлсүүд олдсоор байна. Сэврэй сумын зүүн урд 6 км- т, Мандалтын хошууны өвөрт орших 1300 жилийн өмнөх цагаан чулуун гэрэлт хөшөө нь Түрэгийн жанжин Чин тайжид зориулан босгосон хөшөө гэгддэг. Мөн энэ нутгаас олдсон Хүрэл зэвсгийн үеийн 52 см урт хүрэл хутга нь 13- 10- р зууны үеийн хутгануудаас үлэмж бахим бөгөөд ирний урт нь 35 см, мөр нь маш өргөн өвөрмөц хутга билээ. Сэврэй сумын Замын хондоос 1977 онд олдсон Хуягт үлэг гүрвэл – Armoured dinosaur Saichania нь одоогоос 75 сая жилийн өмнөх эртний амьтдын томоохон дурсгал бөгөөд эндээс одоо ч олон төрлийн дурсгалт зүйлүүд олдсоор байгаа юм.

Гурав. “ Хонгорын элс” – ний аялал жуулчлалын ач холбогдол
Хонгорын элс нь “Говь гурван сайханы байгалийн цогцолбор газар” – т харъяалагдах бөгөөд энэ бүсийг бүхэлд нь Өмнөд говийн Улсын тусгай хамгаалалтын газруудын хамгаалалтын захиргаа хариуцаж байна.
Хонгорын элсний орчинд 1993 оноос эхлэн гадаадын аялал жуулчлал явагдаж эхэлсэн бөгөөд энэ үеэс өргөн хэмжээнд сурталчлагдаж 1995 оны 9 сард анхны тэмээн аялал хийгдсэнээр эдүгээ Хонгорын элс нь тэмээн аялалын хамгийн гол бүс нутаг болж өвлийн тэмээн аялал, тэмээний баяр тогтмол зохиогдон орон нутгийн олон малчин иргэдийн орлогын гол эх үүсвэр болоод байна.
2000 оны эхээр Францын телевизийн ZED компани тэмээчин малчин иргэдийн амьдрал, малчин хүмүүс үр удамдаа мал маллагааны арга барилаа хэрхэн өвлүүлэн үлдээдэг тухай баримтат уран сайхны “Эрийн цээнд хүрэх замд” кино бүтээсэн нь дэлхийн олон орны жуулчдын монголын говьд ирэх сонирхлыг татсан сонирхолтой кино болсон билээ.
Дээр дурьдсан газар орнууд нь бүхэлдээ 70 километрийн хүрээнд хамрагдах бөгөөд энэ орчныг бүхэлд нь “Хонгорын элс” гэсэн нийтлэг нэрээр “Монголын 7 гайхамшиг” – ийн нэгэнд тодруулан гадаад дотоод сурталчилгаа, аялал жуулчлалаар дамжуулан энэ орчны хамгаалалт, аялал жуулчлалын бодлогыг сайжруулан хэрэгжүүлэх шаардлагатай болоод байгаа билээ.

Хонгорын гол

Дуут манхан

Хонгорын элсний хамгийн өндөр Их Монгол элс

Сэврэйн хадны сүг зураг нь Монгол улсын түүх соёлын дурсгалт зүйлд Албан ёсоор бүртгэгдсэн

Сэврэйн хадын Гурван баатар хэмээх зураг

"Балар заг"-ийн заган шугуй


Хар сүүлт зээр

Янгир

Аргаль

Цагаан зээр

Хонгорын элсний орчинд өвлийн аялал зохион байгуулах хамгийн тохиромжтой нутаг

Хонгорын элсний орчин нь "Экотуризмын шилдэг загвар - Тэмээн аялал"-ын хамгийн тохиромжтой нутаг

Аялал жуулчлал нь малчдын мал маллагааны уламжлалт соёл, ёс заншлыг сэргээн хөгжүүлэх хөшүүрэг юм

Монголын "Улаан ном"-д бүртгэгдсэн ховор шувуу Алтайн хойлог

Монголын "Улаан ном"-д бүртгэгдсэн ховор шувуу Хонин тоодог

Эх сурвалж: Өмнөговь аймгийн "Гайхамшигт Говь" Аялал Жуулчлалын Холбоо
Вебсайт: http://www.amazinggobi.com E-mail: contact@amazinggobi.com



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 22:36 Мэдээний төрөл , , ,

7 comments for "Монголын алдарт “Хонгорын элс”"

  1. goe medee oruulje

  2. olon goe zuragnuud oruulaarai

  3. manai sum sak shuu

  4. Сайхан газар байнаа. Заавал очиж үзнээ. Энэ даграмд өмнөговийнхон мргэддэ нутгийн хишиг гэж тараасан байсан. Энэ нь сайн хэрэг л дээ. Гэхдээ ийм эх үүсвэр байгаа бол юун түрүүн энэ зундаа үүл буудаж бороо оруулах талаар төсөвлөсөн нь дээр байхаа. Ган гачиг болж малчид их хохирсон сурагтай. Сэлэнгэ, Булганыхан жаахан үүл гарвал л буудсаар урагш нь бороо явуулаагүй тал бий шүү.

  5. таван амт

    Монголгүйгээр би эх дэлхийгээ төсөөлж чаддаггүй ээ ....

  6. delhiid gaihagdsan mongol gobio gej ... manai nutag saihan bn shuu

  7. энэ бол миний төрсөн нутаг монголын сайнхан орон минь уу зээ

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook