МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Олон үйлчлүүлэгч эрхий хураагаа гозойлгон баяр хүргэж байгаа

- Бариа заслын мэргэжил хэдийд эзэмшсэн бэ?
- 1986 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны сургууль төгсөж ирээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх баригч, бага эмчээр нэлээд хэдэн жил ажилласан. Сонсголгүй болсны улмаас ажлаасаа гараад ажилгүй байж байгаад гурван жилийн өмнө Улаанбаатар хотод бариа заслын дамжаанд сураад хотод хувийн эмнэлэгт ажиллаж байгаад ирсэн.
- Ажлын байраа нээгээд удаж байна уу?
- Нутгийнхаа ард түмний эрүүл мэндийн төлөө мэдсэн сурснаа зориулръя гэж бодсон. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн шугамаар ажлын байр бий болгож өгсөн. Ажлын байраа нээгээд сар гаруй хугацаа болж байна. Хэдийгээр удаагүй ч үйлчлүүлэгч олонтой болсон. Өглөөний есөн цагаас оройн 22-23 цаг хүртэл хүмүүсийнхээ эмчилгээг таслахгүйн тулд амралтын өдрүүдэд ч ажиллаж байгаа. Ер нь үйл ажиллагаа жигдэрчихсэн дээ. Энэ дашрамд аймгийн ХХҮХ-ийн дарга Бадамцэрэнд их баярласнаа илэрхийлье.
- Бариа заслынхаа талаар сонирхуулаач?
- Би толгой тархины доргилт, өвдөг нурууны өвдөлт, бүтэн биеийн бариа, бумба, татлага хийдэг. Үүнээс гадна амьд ус буюу өөрийнх нь усаар татлага хийж барьдаг. Энэ бол үр дүн сайтай болж байна гэж үйлчлүүлэгчид хэлж байгаа. Мөн ядаргаа тайлах бариа хийнэ. Надаар үйлчлүүлсэн хүний хүүхэд нь “манай ээж өглөө эрт сэрчихээд бос бос гээд дуудаад байдаг байсан чинь таниар бариулснаас хойш хичээлд явахад сэрэхгүй унтаад үлддэг болсон” шүү гэж ярьж байсан. 
- Хэдий хугацаанд эмчлэх вэ? 
- Хүнийх нь өвчнөөс шалтгаална. Ер нь долоо хоног бариулахад үе мөч, нуруу нугалмын өвчин намддаг. Өвдөг, үе мөч нь өвдөөд зүү тавиад, шавар тавиад яаж ч эмчлээд намддаггүй гэсэн хүн ирээд миний эмчилгээнд намдаад их сайхан болоод явсан.
- Одоогоор хэдэн үйлчлүүлэгч байгаа вэ?
- Өнөөдрийн байдлаар 10-аад үйлчлүүлэгч бий. Нэг хүний эмчилгээнд 1.30 минут шаардлагатай. Өдөржин завгүй ажилласаар 23-24 цаг хүргэдэг. Ганцаараа үйлчлүүлэгчиддээ эмчилгээ хийж хүрэлцэхгүй болоод байна. Нэмж нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авч ажиллуулахаар ярьсан. Тэр хүүхэд зөвхөн Япон массажаар мэргэшиж байгаа юм билээ. Би өөрөө монгол бариа засал заагаад дагалдуулж авъя гэж бодож байгаа. Бариа заслын сургалт 5-6 дугаар сараас явуулахаар төлөвлөсөн. Хүмүүс их сонирхдог юм билээ. Улаанбаатар хотод нэг сарын бариа заслын дамжаа 150 мянган төгрөг гэдэг юм. Би 50 мянган төгрөгөөр явуулна.
- Бариа засалчид олширчихвол таны ажил сөрөг нөлөөлөхгүй юу?
- Мэргэжлийн түвшинд барьтлаа удах байх л даа. Гэхдээ сум болгонд нэг бариа засалчтай байвал толгойны өвчинг нь намдаагаад өгчихдөг байвал зүгээр шүү дээ.
- Энэ байрыг түрээслэдэг үү?
- Тийм. Нэг сарын 60 мянган төгрөгөөр түрээслэдэг юм. Уг нь Нэгдсэн эмнэлгээс 90 орт дээр нэг өрөө түрээслээч гэсэн Буманцэцэг дарга нь өгөөгүй. Нэгдсэн эмнэлэгт олон жил ажилласан болохоор түүнд нь би жаахан гомдсон. Гэхдээ энд халаалт, цэвэр устай болохоор болж байна. Хүмүүсч мэддэг болчихсон.
- Та юунаас болоод сонсголгүй болоо вэ?
- Миний бөөр өвдөөд Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад антиветикийг өндөр дозоор тариад түүнд нь хордоод сонсголгүй болсон.
- Сонсголын аппарат зүүвэл сонсох уу?
- Аппарат таардаггүй юм. Сонсгол их муу болчихоор таарахаа байчихдаг юм байна. Юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй цуурайтаад, чанга дуу чимээнд бүр ч эвгүй болдог.
- Үйлчлүүлэгчтэйгээ харьцахад бэрхшээл гарах уу?
- Гайгүй дээ. Бичиг үсэг мэддэг бол бичгээр, мессежээр харьцаад ойлголцож болдог. Гэхдээ хаана нь хуян, шар ус хурсан байна гэдгийг гараар бариад мэддэг. Эмчлүүлж байгаа хүмүүс ирэхдээ эрхий хураагаа гозойлгоод орж ирдэг. Би их баяртай байгаа. 
- Уншигчдад юу хэлэх вэ? 
- Хүн эрүүл л байх ёстой. Би хүнд эрүүл энхийг л хүсдэг. Дээр нь урт насуулах таван дасгалыг хүн бүр хийж хэвшээсэй. Тэгвэл хөгшрөхгүй үргэлж залуугаараа явах болно гэдгийг хэлье.
- Та хийж байгаа юу?
- Би өөрөө хийж байгаа. Петер Килдерын зохиол Эртний түвдийн залуужуулах жор номын дасгалуудыг хийснээс хойш бие хөнгөрөөд их таатай санагдсан шүү. Энэ ном нь хоёр сая гаруй хувь борлуулагдсан байна. Заалгах хүн байвал зааж өгнө. /номонд хүмүүсийн бичсэн сэтгэгдлээс нэгийг хүргэе. Миний ой тогтоолт үнэхээр муудсан байсан. Таван дасгалыг хоёр сарын турш өдөр тутам хийсээр ой тогтоолт сайжирч, эрч хүчтэй болсон юм. Надад гарсан энэ өөрчлөлтийг найз нар маань олж харсан байсан. Би 62 насандаа хөгшрөх биш харин залуужиж мөнгөн буурал үс минь харлаж өнгө нь өөрчлөгдөж байгаад үнэхээр их баяртай байна. Энэ дасгал миний амьдралдаа олсон хамгийн гайхалтай сайн эм байлаа гэжээ/.
- Танд ажлын их амжилт, эрүүл энхийг хүсье.
- Барялалаа 

Ж.Сайнжаргал
Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:47 Мэдээний төрөл , ,

1 comments for "Олон үйлчлүүлэгч эрхий хураагаа гозойлгон баяр хүргэж байгаа"

  1. holboo barih utas hayag bnuu

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook