МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, зөвлөх, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч Ц.Равданжамц: Намайг мэргэжлийн банзал гэдэг байсан

- Саяхан гэр бүлийн хоёр биенээ хутгалсан хэрэг гарсан. Эдгээр хүмүүст хагалгаа хийсэн байгаа. Биеийн байдал нь ямаршуухан байна?
- Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баяраар гэр бүлийн хоёр хүн нэгнийгээ хутгалаад, эмэгтэй нь маш их цус алдсан хүнд байдалтай ирсэн. Манай эмнэлгийн 103 болон сэхээний эмч, ажилчид хурдан шуурхай ажиллаж хагалгааны багийнхныг дуудсан. Манай хагалгааны багийнхан шуурхай сайн ажиллаж хагалгаанд оруулсан. Одоогоор өвчний биеийн байдал сайн байна. Өнөөдөр өвчтөнийг гэрэлд харахад уушигны үлдсэн хэсэг нь ажиллаж байна. Шарх сайхан эдгэж байгаа. Цус их алдсан учраас тэнхээ тамир муутай.
- Эмнэлэг дээр мөлхөж ирсэн гэсэн?
- Нэгдсэн эмнэлгийн ойролцоо гэр нь байдаг юм билээ. Тэгээд өглөө үүрээр эмнэлгийн үүдэнд цусаа гоожуулаад мөлхөөд явж байсныг нь манай жижүүр эмч хараад манайхан оруулж ирсэн. Одоо ч цус нь шороон дээр байж байна лээ. Түргэний өрөөнд орж ирээд цус их алдсанаас ухаа алдсан. Тэгээд бид хагалгаанд яаралтай оруулсан. Эмэгтэй гэмтэл ихтэй, зүүн уушигны доод дэлбэнг нэвт хутгалуулсан. Түүнээсээ их цус алдсан байсан. Цээжний хөндийг нээж уушигны гол том судсуудыг барьж цусыг нь тогтоосон. Уушгийг нөхөн сэргээж оёх ямар ч боломжгүй байсан учраас тайрсан. Хагалгаа амжилттай болсон.
- Хэд хутгалуулсан байсан бэ?
- Дөрөв хутгалуулсан байсан. Дал мөрөн дээр нь өнгөц хэд хэд зүссэнийг нь оёж, зарим гүн зүссэнийг нь нээж цусыг нь тогтоож оёсон.
- Нөхрийнх нь биеийн байдал ямар байгаа вэ?
- Ер нь гайгүй байгаа. Цээжрүүгээ хутгалуулсан байсан. Цээжний хөндий дэх цусыг нь соруулж аваад зүсэгдсэн хэсгийг нь оёсон. Энэ гэр бүлийн хоёр хүний амь нас аврагдсан.
- Манай аймагт мэс заслын эмч дутагдалтай байдаг. Танаас өөр ямар эмч байгаа вэ? 
- Мэс заслын Г.Шижиртуяа гээд залуу эмч ажиллаж байгаа. Энэ эмч тасаг үздэг, би амбултор, зөвлөх, поликлиникт суудаг. Ер нь манай Шижиртуяа жижиг, том гэлтгүй хагалгаанд орохоос гадна ойр зуурын бүх зүйлийг хийнэ шүү. Би томоохон хагалгаанд нь ордог. Одоогийн байдлаар бид хоёр ажиллаж байна.
- Мэс заслын эмч бэлтгэгдэж байгаа юу?
Улаанбаатар хотод гурван залуу Аймгийн Эрүүл мэндийн газартай гэрээ байгуулаад сурч бий. Хоёр нь мэс заслын чиглэлээр, нэг гэмтлын чиглэлээр сурч байгаа. Хоёр нь Өмнөговийн, нэг нь Улаанбаатарын харъяат юм билээ.
- Манай аймагт мэс заслын болон хүүхдийн эмч дутагдалтай гэдэг шүү дээ. Одоо хоёр эмчтэй гэхээр арай цөөдөж байгаа биш үү?
- Тийм ээ, хоёр эмч хүмүүст хүрч үйлчлэхэд цөөддөг л дөө. Гэхдээ социализмын үед гарсан стандартад 60 хүртлэх мянган хүн амд хоёр мэс заслын эмч, нэг гэмтлийн эмчийн орон тоотой байсан. Тэр үед манай аймаг гурван эмчтэй, тэгээд нэг нь илүүдээд Ишээ бид хоёр чинь ээлжилж хөдөө хөөгдөөд байдаг байлаа. Нэг үеэ бодвол ч ханьтай, бүлтэй, бид хоёр болж байна. - Хөдөө сумдад зэрэг хоёр тийшээ дуудлагад явах тохиолдол гарна биз?
- Гарна шүү. Гардаг юм. Гэхдээ бид хоёр ээлжилж дуудлагад явдаг.
- Хэрвээ тийм үед энэ хутгалуулсан гэр бүлийн хоёр шиг хүнд хүмүүс ирвэл хэцүү л болно доо?
- Тийм ээ, хэцүү л дээ. Гэхдээ би ганцаар биш манай хамт олон бий. Хэдийгээр мэс заслын эмч биш ч мэс барьдаг хүн байгаа. Энэ гэр бүлийнхний хагалгаа бол маш хүнд, хөдөө орон нутагт хийгддэггүй, Улаанбаатар хотын хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт хийгддэг том хагалгаа шүү дээ. Тийм учраас хэрвээ бид эзгүй байсан бол хэцүү хэцүү, эдэнд маань хүнддэнэ. Тэгэхээр мэс заслын эмчийн орон тоо хоёр биш хэд хэд байх нь зүйтэй. Бусад аймгууд ихэнх нь дөрөв таван эмчтэй, манай аймаг хүн ам цөөтэй гээд цөөн эмчтэй байдаг. Гэхдээ манай Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн захиргаа эмч бэлдэж байгаа. Удахгүй бид олуул болно.
- Хэдийд төгсөж ирэх вэ? 
- Нэг жил зургаан сарын хугацаатай сурахаар явсан. Залуу эмч нар одоо жил болоод ирнэ дээ. Өмнөговь аймагт одоогоор мэс заслын гурван эмч бий. Нэг нь Ноён сумын сум дундын эмнэлгийн эмч олон жил ажилласан Пүрвээ эмч. Шижиртуяа маань саяхан төгсөж ирсэн эмэгтэй хүн гэхэд их юм сурч байгаа. Намайг эзгүйд болгоод л байдаг юм.
- Эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна? 
- Би эрүүл мэндийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. Гурван жил багшилсан. Анагааах ухааны дээд суруулийг төгсөж ирээд мэс заслын эмчээр ажлынхаа гарааг эхэлсэн. Өнөөг хүртэл Өмнөговь аймагт 34 жил мэс заслын эмчээр ажиллаж байна.
- Олон жил мэс заслын эмчээр ажиллах энэ хугацаанд хичнээн хүнд мэс засал хийсэн бол?
- Жил болгонд ажлын тооцоо гаргадаг. Гуч гаруй жилд том жижиг нийлсэн 13 мянга гаруй хүнд хагалгаа хийсэн байна лээ.
- Хөдөө суманд дуудлагаар очиж хагалгаа хийх тохиолдолд ганцаардах явдал гарах уу?
- 1970-1980 оны үед хөдөө сумдруу ганцаараа дуудлаганд явна. Хагалгаа хийхээр болвол өөрөө бүх зүйлээ бэлдээд сумын бага эмч юмуу сувилагчийг дагуулж ордог байсан. Гурвантэс сумаас “олгой” гэсэн дуудлага ирсэн. Очоод үзсэн олгой биш, савны гадуурх жирэмслэлт байсан. Ганцаараа хагалгаа хийх гэж айсан шүү. Залуу ч байж дээ.
- Таны санаанаас гардаггүй хамгийн хүнд хагалгаа бий биз? 
- Одоогоос 3-4 жилийн өмнө Баяндалай суманд бууны аваар гарч хүн гэмтсэн гэсэн дуудлага ирсэн. Очоод үзэхэд цээжний хөндий, хэвлийн хөндий нэвт гэмтсэн, дээр нь элэг, дэлүү, өрц, ходоод бүгд гэмтсэн. Тэгээд хагалгаа хийгээд элгийг нь тайрч, дэлүүг нь аваад бүх гэмтлийг оёж янзалсан. Дорвинкоор буудуулсан учир өрцийг юу ч үгүй салбалаад хаячихсан учир нөхөн сэргээхэд маш хүнд байсан. Тэр хүнийг олон эрхтний гэмтэл авч, тийм хүнд хагалгаанд орсон юм чинь хүн болохгүй байх гэж бодож байсан юм. Гэтэл Сэлэнгэ, Дарханаар дажгүй явж байгаа сурагтай. Хамгийн сүрхий гэмтэл дорвин бууны гэмтэл байдаг юм билээ. Бүх л эрхтнийг нь салбайтал ураад, сэглээд хаячихдаг. Калавери бууны сумны гэмтэлтэй, шархтай хүн зөндөө л таарч байсан. Тэр бол гайгүй бүгдийг нь оёчихно, айх юм байхгүй. Бас нэг тохиолдол ярья. Каратэгийн сургууль хийж байгаад 12 хуруу гэдэс нь тасарчихсан хүн байсан. Түүнийгээ хэлэлгүй нуугаад хэд хоноод бүр хүндрүүлчихсэн ирсэн. Тэгээд бүдүүн гэдэсний баруун хэсгийг бүгдийг аваад 12 хуруу гэдэс залгасан. Ийм гэмтэл улсын хэмжээнд цөөхөн тохиолддог, үхэл өндөртэй хагалгааг хийж байлаа. Одоо дажгүй явж байгаа. Энэ мэтчилэн элэгний задралд оёдол тавьсан, нойр булчирхайнд тайралт хийсэн гэх зэрэг зөндөө л хүнд хүнд хагалгааг хийсэн дээ.
- Хүний амийг аварч чадах байсан боловч аварч чадсангүй дээ гэж харамсах тохиолдол гарч байв уу? 
- Нэг л тохиолдол байдаг юм. Тархины яс нь цөмөрчихсөн. Тархины том судас нь таарч задарсан учир цус их алдаад аварч чадаагүй. Хагалгааны ширээн дээр үүнээс өөр хүн эндүүлээгүй. Хагалгаанд оруулсан хүмүүсээ авраад л гарч байсан. Харин мэс заслын дараагаар хагалгаа нь идээлж хүндрээд нас барах тохиолдол 1980 оны үед их байсан. Олгойгоор жилд 1-2 хүн нас бардаг байлаа шүү дээ. Ер нь олгой бол дэлхийд 100 мянган хүн тутамд 30 хувийн хүндрэлтэй, долоон хувийн нас баралттай өвчин. Олгойг хүмүүс өргөс авахтай адилтгаж, амархан мэт ойлгодог. Хүнд өвчин шүү дээ.
- Мэс заслын эмчийн ажил хүнд алба гэж ойлгодог. Та энэ олон жил ажиллахдаа шантрах үе гарч байв уу? 
- Би оюутан байхаасаа хобби, сонирхолдоо хөтлөгдөж мэс заслын эмч болсон. Гараар хийх юманд их дуртай. Тэр ч утгаараа манай багш нар “чиний гар чинь их уран” гэж хэлдэг байсан. Анх Базардарь гэж эмч надад мэс заслын хутга бариулж эмч болгож байлаа. Мэс заслын эмч нар намайг оюутан байхад хагалгаанд дагуулж ордог байсан. Би төгсөж ирээд шууд л мэс заслын эмчээр ажилласан. Оюутан байхдаа 60 гаруй хагалгаанд орчихсон, юм юм үзчихсэн оюутан суруулиа төгсөж Өмнөговьд эмчээр ирж байлаа. Мэс заслын эмч багаар ажилладаг учраас хамт олныхоо хүчинд юуг ч хийж чадна. Шантрах үе байгаагүй.
- Сэтгэл зүрхнээсээ хөдөлмөрлөсөн энэ их хөдөлмөрийг нь төр засаг үнэлсэн байх. Ямар гавьяа шагналтай вэ? 
- Гавьяа шагнал багатай даа. Эмнэлгийн тэргүүний ажилтан, 2002 онд алтан гадас одон авсан. Гавьяатад 2009 онд тодорхойлолт явуулсан чимээгүй л өнгөрсөн. Энэ жил бас л явуулсан гэсэн чимээгүй л байна. Миний хувьд ажил мэргэжлээрээ арван хэдэн мянган хүний аминд орж буян болсон. Тэр утгаараа болохгүй ч юм байхгүй болов уу гэж боддог юм. Цөөхөн жил тэгж ингэсгэчихээд нэр хүндтэй цол хэргэм авч байгаа нь ч байна. Насаараа ажил алба, ард түмний төлөө нойр хоолоо хасан байж зүтгэчихээд хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй нь ч байна. Миний хувьд социализмын үед хоёр гурван жилийн ажлыг нэг жилд хийдэг байсан байна лээ. Яаж тооцсон гэхээр дуудлаганд явсан, ажлын бус цагаар болон шөнө хагалгаанд орсон цагаа ажлын найман цагт хуваагаад үзэхэд гарсан. Түүгээрээ би өөрөө л бахархаж явдаг. Хүн ардынхаа төлөө нойр, хоолгүй их ч ажиллаа. Олон ч хоног нойргүй хонож дээ. Гэрт байх хугацаа бага шүү. Ер нь долоо хоногийн 2/3 хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг. Намайг дээр үед “мэргэжлийн банзал” гэж хэлдэг байсан юм. Хийдэггүй юм байхгүй, гараар хийж болох бүх л зүйлийн хагалгааг хийдэг байлаа. Хагалгаа ч хийнэ, унтуулга ч хийдэг. Хүний амь аврахын төлөө юу чаддаг бүхнээ хийх ёстой шүү дээ. Тангараг өргөсөн дөө биш чадвар гэж юм байна л даа. Би өөрийнхөө авьяас, чадварт найдаж, итгэдэг. Би эмч хүний гараар хийж болох бүх л зүйлийн хагалгааг хийж үзсэн. Ер нь хийж чадахгүй юм байхгүй.
- Бүтэн жилд хэдэн хоног нойргүй явсан байдаг бол?
- Цагаа тооцож үзэхэд 500 цаг илүү ажилласан байдаг. Одоо ч нэг үеэ бодвол олон эмчтэй болчихсон харьцангуй гайгүй шүү.
- Тэтгэвэрт гарах болж байгаа юу? 
- Ер нь тэтгэвэрийн нас болсон. Манай Нэгдсэн эмнэлгийн удирдлага захиргаа мэс заслын албанд байлгаж байгаа учраас ажлаа хийж байна.
- Эмнэлгийн хамт олондоо сэтгэлийнхээ үгийг хэлэхгүй юу? 
- Хамт олныхоо дунд бужигнаж байх надад сайхан байдаг. Наадаж, тоглоод эдэнтэйгээ хамт байхад ямар ч сэтгэлийн дарамт байсан арилж, залуу юм шиг болчихдог. Ганцаараа хэвтээд байвал олон юм бодож, сэтгэл санаа хэцүү байх юм шиг байна лээ. Тэтгэвэрт гараад зүгээр суувал яана даа гэж боддог. Хамт олонтойгоо байхаас илүү сайхан юм хаа байхав. 1990 оноос өмнөх удирдлагууд надад сайнгүй байсан шүү. Дарга удирдлагын дэмжлэг авдаггүй учраас 1997 он хүртэл ямар нэгэн шагнал авч үзээгүй. Тэр үеийн удирдлагууд намайг сайн зарж авъя гэж боддог байсан байх. /инээв/ Өвчтөн хүндрүүллээ гээд шүүхэд дуудагдаж эрүү үүсгүүлж явлаа. Үнэн худлыг хуулийн байгууллага нь шийдээд өгсөн. Би ч их зовлон үзсэн дээ. Шийтгэл, шагнал хоёр адилхан байдаг юм билээ. 1990 оноос өмнө шийтгэл нь илүү байсан. Түүнээс хойш шийтгэл нь багасч, шагнал нь ихдэж байгаа. /инээв/ Одоо үед захиргаа удирдлагууд хүний сайн муу, аливаа зүйлийг ялгаж, салгаж хардаг, алсын хараатай болсон. Дээр үед нэг л муу гэсэн бол тэр чигээрээ дуусдаг байлаа шүү дээ.
- Ажлын амжилт сайн сайхныг хүсье. Ард түмнийхээ төлөө гэсэн энэ сайхан сэтгэлээр улам олон олон хүний амь насыг аварч, ард олондоо хүндлэгдсэн гавьяат болохыг ерөөе.
- Баярлалаа.

Ж.Сайнжаргал
Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:26 Мэдээний төрөл ,

1 comments for "Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, зөвлөх, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч Ц.Равданжамц: Намайг мэргэжлийн банзал гэдэг байсан"

  1. uu manai angi jawiin aaw n baiana hsdee uneheer gawyatai hun shuu tand undruus undur amjilt husey gawyat bolohiig yuruuy

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook