МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Д.Жамъян: Аймгийн 2009 оны төсвийн 85 хувь нь уул уурхайгаас бүрдсэн

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Өмнөговь аймаг дахь төлөөлөгч Д.Жамъян: Аймгийн 2009 оны төсвийн 85 хувь нь уул уурхайгаас бүрдсэн 
- Төлөөлөгчийн газрын ажил ямар байна даа?
- Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Өмнөговь аймаг дахь төлөөлөгчийн газар хоёрдугаар сарын 24-нд үйл ажиллагаагаа албан ёсоор нээгээд ажлаа явуулж байна. Орон нутагт зөв, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд бидний ажил чиглэгдэх ёстой. Гишүүн компаниуддаа үйлчилгээ үзүүлэх, тэднийг орон нутагтай холбохоос гадна уул уурхайн талаарх мэдээллийг ард иргэдэд хурдан шуурхай хүргэж байх нь бидний гол ажил. Энэ үүргээ биелүүлж эхэлж байгаа.
- Уул уурхайн өнөөгийн байдал ямар байгаа гэж бодож байна?
- Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжиж байгаагаас гадна зөв голдиролдоо орох төлөвтэй болж байна. Үйл ажиллагаа нь тогтмолжиж, хуулийн дагуу олборлолт явуулж байгаа компаниуд байна. Тухайлбал “Энержи ресурс”, “Өмнийн говийн элс”, “Монголын алт”, “Олон овоот”, “Чинхуа-Мак” компаний үйл ажиллагаа бараг жигдэрчлээ. Цаашид энэ эрчээрээ улам боловсронгуй болж хөгжих байх. Аливаа ажлыг шинээр хийхэд саад бэрхшээл тулгардаг. Тийм учраас уул уурхайд ашиглалтын өмнөх гурван жилийн хугацаа өгдөг. Тэгэхээр дээрх компаниуд тодорхой хугацаанд бэрхшээлээ туулж ажил нь жигдэрч эрчимтэй хөгжих шатандаа ороод байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 24 аж ахуйн нэгжийн эзэмшдэг 52 ашиглалтын лиценз байна. Одоогоор 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашилбал Өмнгөговь аймагт 14 аж ахуйн нэгжийн 40-өөд уул уурхай нэмэгдэнэ гэсэн төлөв бий. Уул уурхайн компаниудын хайгуулын ажил эрчимтэй хийгдэж байгаа боловч шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Хайгуулын ажил ямар хэмжээтэй явж байна, сум орон нутаг ямар дүгнэлт өгч вэ гэдэг дээр судалгаа явуулсан. Жишээ нь Ноён суманд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 26 аж ахуйн нэгж байна. Тус сумын төр захиргааны байгууллага, олон нийтийн дүгнэлтээр 19 хувь хайгуулынхаа ажлыг сайн хийдэг. Тавин хувь нь орон нутагт үзэгддэггүй, осолдохгүй хайгуулын лиценз эзэмшдэг гэдэг нэр байдаг гэж байгаа. Энэ нь хоёр талтай л даа. Хэд хэдэн газар лиценз эзэмшдэг учир нэг жилд нөгөө газраа гэх маягаар ээлж дараатай хайгуул хийдэг учир ард түмэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэхдээ хайгуулын компаниудад цаг алдах, назгайрах явдал бий. Цаашид уул уурхайн компаниудтай хамтарч ажиллаж хайгуулын үйл ажиллагааг сайжруулахад анхаарна. Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өмнийн говийн элс” компани дээр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй арга хэмжээний сургалт зохиосон. “Өмнийн говийн элс”, “Монгол алт” компаниудын зохион явуулсан уг сургалтад олон уул уурхайн компаниуд хамрагдаж үйл ажиллагаагаа илэн далангүй тайлбарлаж, үзүүлж харуулсан, үр дүнтэй, өндөр хэмжээний сургалт болсон. Мөн үүнтэй адил бас нэгэн компани дээр байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр уул уурхайн компаниуд ямар ажил зохиож байгаа тухай үзүүлэх сургалтыг хийх нь зүйтэй гэсэн бодол төрж байлаа.
- Уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж чадаж байгаа юу?
- Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, ажилтай болгоход “Өмнийн говийн элс”, “Монголын алт компани”, “Энержи ресурс”, “Чинхуа Мак” зэрэг компаниуд орон нутгийн иргэдээс ажилчдаа авч, дэвшилттэй ажиллаж байна. Гэхдээ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад заавал тэр сумын иргэд ажиллана гэсэн юм байхгүй шүү дээ. Үндсэн хуулинд монгол улсын иргэн хаана ч ажиллах эрхтэй. Гэвч уул уурхайн компаниуд орон нутгаас ажилчдаа авч байгаа нь сайшаалтай. Тухайлбал Гурвантэс сумаас 120 хүн “Өмнийн говийн элс” болон бусад компанид ажилладаг юм байна. 120 хүний нэг хүнийх нь ард гурван хүн гэж бодохоор 360 хүн. 120 хүнийг ажилтай болгосноор 120 өрхийн амьдралд дэм болж байна гэсэн үг. Энержи ресурс компани тусгай баг гаргаж Өмнөговь аймгийн 12 сумаар орж уул уурхайд ажиллах сонирхолтой хүмүүстэй уулзаж ярилцлага хийлээ. Ийм тусгай зохион байгуулалттай ажил урьд болж байгаагүй, анх удаа хийж байгаагаараа онцлогтой. Хүмүүс компаниудад ажилд орьё гээд өргөдлөө өгдөг. Компаниуд судалж үзээд хариу өгдөг. Ажилд орохоор өргөдлөө өгөөд бүтэн жил болж байна гэсэн хүн ч таарч байсан. Гэхдээ иргэд нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Уул уурхайд маш нарийн мэргэжлийн хүн шаардлагатай. Түүнээс биш уул уурхай гэхээр хүрз бариад газар ухдаг ойлголтоос салах цаг болсон. Хамгийн орчин үеийн техник технологийг Энержи ресурс, Монголын алт, Өмнийн говийн элс, Оюу толгой компаниуд хэрэглэж байна. Тийм учраас иргэдээ уул уурхайн компаниудад ажиллуулахын тулд мэргэжил эзэмшүүлэх шаардлагатай. Үүнд аймаг орон нутгийн төр захиргаа яаралтай онцгой анхаарч, арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Энэ бол зөвхөн уул уурхайн компаний ажил биш. Иргэдээ бэлтгэж өгөхөд орон нутгийнхан чухал үүрэгтэй. Хэрвээ уул уурхайнхан ажлынхаа амрыг харвал монгол орон даяар зарлаад хамгийн өндөр мэргэжилтэй хүмүүсийг хамж авчраад ажиллуулна шүү дээ. Гэтэл Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд Өмнөговийн иргэдийг дэмжиж амьдрал ахуйг нь дээшлүүлэхийн тулд тэднийг ажлын байраар хангаж байгаа. Төр засгаас уул уурхайн компаниудтай хамтраад иргэдээ мэргэжилтэй болгоход анхаарч даруй ажлаа эхлэх хэрэгтэй. Өмнөговь аймагт Чинхуа Мак компани Таван толгойн дараа ордог хоёр дахь том компани. Монголчууд Хятад гэхээр үндэсэрхэг үзэл гаргаж цээжээ дэлддэг. Гуравдахь орны хүн байвал тэр миний түнш гэдэг. Тэгж болохгүй л дээ. Монгол оронд хамгийн том хөрөнгө оруулалт хийж байгаа орон бол Хятад,Орос хоёр. Өмнөговьд Чинхуа Мак компани том хөрөнгө оруулалт хийсэн гэж үздэг. Тухайлбал Гурвантэс сум 24 цагийн тог цахилгаантай болсон. Одоо Ноён, Сэврэй сумруу өндөр хүчдэлийн шон татчихсан зургаан сараас байнгын цахилгаантай болоход бэлэн болсон байна. Мөн Овоотын хилийн цэргийн анги байнгын цахилгаанаар хангагдсан. Тэгэхээр Чинхуа Мак компанийн үйл ажиллагааг зөвөөр ойлгох хэрэгтэй. Монголын баялаг нүүрс Хятадруу л гарч байгаа. Тэгэхээр уул уурхайн компаниудыг ард иргэд ялгаварлах нь буруу юм.
- Нүүрс экспортлож байгаа компаниуд нэг дороос авч байгаа ч үнэ нь өөр өөр байдаг. Үүнд Уул уурхайн үндэсний ассоциаци яаж нөлөөлдөг вэ?
-Экспортлож байгаа нүүрсний үнийг адил байх, өөр байхыг төр хариуцна. Гурил ангилалтай байдаг шиг нүүрс мөн ялгаагүй ангилал, төрөлтэй учир үнэ нь өөр байдаг. Манай улс Шанхайн биржийн үнийг баримтладаг учир гааль ч түүгээр тооцож татвараа авдаг. Жишээ нь Таван толгойн наймдугаар амнаас гарч байгаа нүүрс дөрөвдүгээр амны нүүрснээс коксжих чанараараа муу. Түүнээсээ шалтгаалаад үнэ нь өөр болно. Тэгэхээр үүнээс гарах ганц гарц бий. Монгол улс нүүрс баяжуулах үйлдвэрээ байгуулаад нүүрсээ цэвэршүүлээд олон улсын стандартад нийцсэн нүүрсээ бэлдээд экспортловол нэг адил үнэтэйгээс гадна улс орны эдийн засагт ашигтай байх болно. Нүүрсний компаниуд өөрсдөө зөөвөрлөхгүй, харин аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулаад бэлтгэсэн нүүрсийг нь зөөвөрлөдөг. Тэд нүүрсээ хурдан борлуулахын тулд “чи тэрнээс 50-иар авч байгаа бол минийхийг 49-өөр авчих” гэх зэргээр үнийг нь унагах явдал байна. Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн төсвийн 85 хувь уул уурхайгаас бүрдсэн. Уул уурхайн компани бүх татвараа хуулийн дагуу төлж байгаа. Гэвч үүнээс орон нутагт хувь үлдээх үү үгүй юу гэдгийг уул уурхайн компани мэдэхгүй, төр мэднэ. Хэрвээ төр шийдвэрээ гаргаад 10 хувийг сумын дансанд, 15 хувийг аймгийн дансанд, үлдсэн 75 хувийг төрийн дансанд шилжүүл гэхэд татгалзах компани нэг ч байхгүй. Гэтэл төр 100 хувь төрийн дансанд хийлгэчихээд түүнээсээ бид хувиарлаж өгнө гэдэг учраас уул уурхайн компаниуд тэр журмаар явдаг.
- “Таван толгой”, “Таван толгой транс” компаниуд танай гишүүн мөн үү?
- Эдгээр компаниуд манай гишүүн биш. Өмнөговийн хэмжээнд “Энержи ресурс”, “Оюу толгой”, “Өмнийн говийн элс”, “Монголын алт”, “Чинхуа Мак” компаниуд Уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн. Нэг зүйлийг хэлэхэд Таван толгой, Таван толгой транс компаниудын захирал, удирдлагуудыг том дайснууд байгаа мэтээр ойлгох явдал бий. Тэгэхээр эдгээр компаниуд үйл ажиллагаа явуулснаар олон олон хүмүүсийг ажилтай болгож амьдралыг нь дээшлүүлсэн. Хэний ч нүдэнд ил байгаа шүү дээ. Компаний дотоод зохион байгуулалтад алдаатай юм бий л дээ. Түүнийгээ яваандаа засна биз. Таван толгой ХК-ныг төр авна гэж ярьж байгаа ч шийдэгдээгүй. Тэр уурхайн хэдэн ажилчдаар Өмнөговьчууд бахархах ёстой. Нутгийн хишиг 100 мянган төгрөг тараасан. Үнэндээ тэр уурхайн ажилчдын дусалсан хөлс юм шүү дээ. Тэр уурхайн ажилчид байгаагүй бол хаанаас тэр мөнгө гарах вэ. Хэрвээ тэр уурхай хувийн хэвшлийнх байсан бол тэр мөнгө олдох уу үгүй юу? гэдгийг бодох нь зүйтэй. Нутгийн хишиг болох 100 мянган төгрөгийг аймгийн төр захиргаа, удирдлага үйлдвэрлээгүй, ердөө Таван толгойн ажилчдын хөлс, хүч. Тийм учраас энэ хоёр компанийн сайн талыг нь олж хараасай, алдаатай зүйл хийж байвал зөв болгохын төлөө хаана хаанаа хамтарч ажиллаасай гэж хэлье. Бид ч хамтарч ажиллана. Сүүлийн үед төвийн хэвлэл мэдээллээр сонсож, харж байхад Таван толгой, Таван толгой транс компаниудад баахан дээрэмчин, луйварчид очоод суучихсан юм шиг л ярьж байна. Ажил хийхэд алдаж онохыг алийг тэр гэхэв. Гэхдээ байнга хар талыг нь харж болохгүй. Таван толгой транс компани Өмнөговийг малжуулах төсөлд 500 сая төгрөг өгч байх жишээтэй.
- Уул уурхайн компаниуд орон нутгийнхантай уялдаа холбоо хэр байна?
- Аймаг, орон нутгийн дэмжлэг уул уурхайханд маш их хэрэгтэй байна. Тэдний хоорондын ажлын уялдаа холбоо тааруухан байна. Гэхдээ уул уурхайн компаниуд орон нутагт тодорхой хэмжээгээр дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Өнгөрсөн өвөл малчдад хүнд байсан. Тэр үед уул уурхайгаас өвс, тэжээлийн тусламж нилээд өгсөн. Гэвч уул уурхайн компаниуд зудтай хүнд байхад чинь өвс, тэжээлд мөнгө хандивласан одоо сүү, цагаан идээ үнэгүй өг гэж хэзээ ч хэлэхгүй. Тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэхээр хайгуулын болон олборлолтын ажлаа хуулийн дагуу хийхэд нь орон нутгийн төр захиргаанаас саад, хүндрэл учруулахгүй байгаасай. Энэ бол том дэмжлэг. Ер нь ард түмний дунд нэг буруу ойлголт бий. Тэр нь уул уурхайн компаниудыг “саалийн үнээ” гээд ойлгочихсон байнга хандив тусламж гуйгаастай. “Саалийн үнээ” дөрвөн хөхтэй бол уул уурхай хэд дахин илүү хөхтэй “саалийн үнээ” мэтээр төсөөлчихсөн. Тэрнээс нь нэг нэгээрээ зүүгдээд хөхөөд хэвтэж байх бодолтой. Үгүй юм аа. Таван толгойгоос бусад бүх компаниуд хувийн хөрөнгөн дээр тулгуурласан компаниуд. Хамгийн чухал юм нь тодорхой мэргэжил эзэмшээд уул уурхайн компаниудад ажиллаж өндөр цалин авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь хөгжил юм шүү дээ. Түүнээс биш таван даага баг дээр уралдуулах гээд уул уурхайгаас хандив нэхээд явж байгаа нь хэтэрч байна. Тэр нэхэж байгаа нь хандив нь таван дааганы үнэ нийлээд хүрэхгүй их мөнгө нэхэж байх жишээтэй. Хандив тусламжаа түр зогсоогоод уул уурхайн компаниудаа эхний ээлжинд дэмжих нь зүйтэй. Уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад орон нутаг хөгждөг.
- Орон нутгийн иргэд уул уурхайн компаниудад угаагч, цэвэрлэгч, үйлчлэгч мэтийн ажил хийж байгаа. Цаашид эдгээр хүмүүс маань шахагдах вий гэсэн болгоомжлол төрдөг. Энэ талаар таны бодол?
- Энэ чухал асуудал. Манай аймагт уул уурхайд ажиллах мэргэжлийн хүн байхгүй. Таны хэлдэг үнэн. Гэхдээ уул уурхайн компаниуд мэргэжилтэй мэргэжилгүй хамаагүй тэр хүн ажлын шаардлагыг хангаж, сайн ажиллах ёстой. Өөрөө санаачлагатай ажиллаж ажлын байраа хадгалахын хажуугаар өөрийгөө хөгжүүлж шат шатаар ажил албан тушаал ахих, дээшлүүлэх хэрэгтэй.
- Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого бий биз?
- Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн удирдлагууд уул уурхайн компаниудтай ярьж байгаа. Төр иргэнээ бэлтгэх ёстой. Гэтэл одоо комьютерийн, эдийн засгийн, хуулийн мэргэжилтэн бэлтгэж байхынхаа оронд уул уурхайн мэргэжлийн чиглэлээр хүмүүсээ эртнээс бэлдэж баймаар байгаа юм. Ялангуяа аймгийн удирдлага онцгой анхаарах хэрэгтэй. Манайхаас энэ талаар санал тавьж байгаа. Уул уурхайн компаниудтай нягт уялдаа холбоотой ажиллаж байж орон нутагт боловсон хүчин бэлтгэгдэнэ. Учир нь онол, дадлага хоёр зэрэгцэж байж сайн боловсон хүчин гарна. Өмнийн говийн элс том эксковатор оруулж ирсэн. Түүн дээрээ гадаадаас хүн авчирч монгол хүн дагалдуулж байж 1-2-оор нь сургаж байх жишээтэй. Тэгэхээр төрийн байгууллага яаралтай арга хэмжээ авах цаг болсон. Одоо ажилгүйчүүдийн эгнээ улам нэмэгдэнэ. Яагаад гэхээр малаа зуданд барчихсан малчид төврүү нүүдэллэж байна. Одоогийн хүнд механизмын 14 хоногийн сургалтаар чанартай мэргэжилтэн бэлтгэж хэзээ ч чадахгүй. Уул уурхай хөгжиж байгаа манай аймаг одооноос урьдчилаад хүмүүсээ бэлтгэх шаардлагатай. Одооноос нүүрс угаах үйлдвэрт ажиллах мэргэжилтнээ бэлдэж баймаар байгаа юм.
- Танайтай холбогдохыг хүссэн иргэдэд юу хэлэх вэ?
- Манайтай 23611 гэсэн утсаар холбогдож болно. Уул уурхайн компаниудын талаарх мэдээллийг хүлээн авна. Уул уурхайг шүүмжлэхээсээ илүү зөв хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах талаас хууль дүрмийнхээ дагуу хамтарч ажиллацгаая. Ашигт малтмалын тухай хуулиа сайн судлах хэрэгтэй. Уул уурхайн компаниуд мэргэжилгүй, 10 дугаар анги төгсөөгүй хүнийг ёстой л нүдээ аниад ажилд авч байгаа. Залуучууд биеэ дайчлах хэрэгтэй.
-Танд ажлын амжилт хүсье.

Ж.Сайнжаргал
Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:27 Мэдээний төрөл , ,

0 comments for "Д.Жамъян: Аймгийн 2009 оны төсвийн 85 хувь нь уул уурхайгаас бүрдсэн"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook