МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өндөр хүчдэлийн цахилгаантай болсон ч нарны цахилгаан станцаа ашиглана


Ноён сумын нарны цахилгаан станц, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Д.Өнөрбаяртай хийсэн ярилцлага:
 - Танай сум 24 цагийн цахилгаантай болоход бэлэн болжээ. Ажил ямар шатандаа явж байна?
- Улсын төсвөөс нэг тэрбум төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн нар багцаасаа нэг тэрбумыг өгснөөр хоёр тэрбум төгрөгөөр манай сум Нарийн сухайт - Чинхуа Мак компаниас өндөр хүчдэлийн шугам татаж байнгын цахилгаантай болох эх үүсвэр тавигдсан. Өндөр хүчдэлийн шугам тавьснаар сумын төвийн айл өрхийг цахилгаан тоолууртай болгох шаардлагатай болсон. Үүнд хэрэгцээтэй хөрөнгө мөнгөний асуудлыг аймгийн ЗДТГазартай ярилцсаны үндсэн дээр манай сумын нутаг дэвсгэр дээр хайгуулын үйл ажиллагаа явуулдаг Поло-ресурс компанид энэ саналыг тавьснаар 16 сая 243 мянга 150 төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Энэ хөрөнгөөр цахилгаан тоолуур -150ш, гурван фазын тоолуур – 7ш, гүйдлийн тарнсформатор -15ш, монтажны утас -100м, тоолуурын хайрцаг -60ш, оруулгын кабель – 2000м-ийг авч айл өрхүүдэд суурилуулж, тоолуурыг нь баталгаажуулан 24 цагийн цахилгаанд холбогдоход бэлэн болоод байна.
- Фаз гэдгээ тайлбарлаач?
- Фаз гэдэг нь голдоо хоёр болон гурван салаа утастай тоолуур буюу кабель. Энэ нь нэг хашаанд байгаа айлын тооноос хамаарч тавина. Жишээ нь нэг хашаанд гурван айл байвал гурван фазын оруулгын кабель тавина. Түүнээс цөөн байвал хоёр фазынхыг нь тавина. Үнэ нь жаахан зөрүүтэй юм билээ. Гэхдээ зэсэн голтой хамгийн чанартай кабелийг нь Хятадаас оруулж ирсэн.
- Хэдий үед цахилгаандаа холбогдох вэ?
- Одоогоор бүх айл өрхүүдээ цахилгаанд холбогдоход бэлэн болгосон. 2010 оны 4, 5 сарын үед айлуудаа 24 цагийн цахилгаанд холбох зорилттой ажиллаж байна.
- Хэдэн сараас эхлэн өндөр хүчдэлийн шон тавьсан бэ?
- 2009 оны зургаан сараас эхлээд сумын 04-ийн шугамыг бүрэн шинэчилж дууссан. Манайх одоо ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байна. Сэврэй - Ноён – Нарийн сухайтын чиглэлд өндөр хүчдэлийн шон тавиад явж байгаа. Өндөр хүчдэлийн ажил 70 хувьтай, шонгоо босгоод хүрэх газрынхаа ихэнх хэсэг буюу Овоотын отряд хүрч байна.
- Нарны цахилгаан эрчим хүчээ ашиглаж байгаа юу? 
- Ашиглаж байгаа. 2003 онд Япон улсын төслийн хөрөнгө оруулалтаар туршилт судалгааны чиглэлээр анх тавьсан. Энэ нь Монгол улсад байгаа хамгийн том нарны станц.
- Хүчин чадал нь хэр вэ? Сайн ашиглаж чаддаггүй гэж сонссон? 
- 200квт-ын хүчин чадалтай нарны станц гэж байгаа. 2500-аад дэлгэцтэй, 270-280 ширхэг батарей бий. Тавьснаас хойш ашиглаад зургаан жил болж байна. Батарей нь хоёр жил болоод хугацаа нь дуусснаас наргүй өдөр цахилгаанаа өгч чадахаа байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Сумъяад санал тавьснаар 40 сая төгрөгөөр 70 ширхэг батарейг авчирч өгсөн хэдий ч ампер заалт нь муу юм билээ.
- Одоо хэдэн цаг гэрэл асах вэ?
- Сумын төв өвлийн улиралд өглөөний 09 цагаас 16 цаг хүртэл нарны эрчим хүчээр гэрэл асна. Орой 19 цагаас 22.30 цаг хүртэл дизель мотороор асаадаг. Аймгийн Засаг даргын хөрөнгө оруулалтаар авсан 30 станцаар шөнөдөө уурын зуухаа халааж өглөө нар гартал асаадаг.
- Ус, нүүрснийхээ асуудлыг яаж зохицуулж байна? 
- Уурын зуухныхаа дэргэд 2009 онд гүн өрмийн худаг гаргаснаар урьдны хүндрэлтэй асуудал байхгүй болсон шүү. Энэ жил манай сум Монгол Хятадын хамтарсан Чинхуа Мак 100 тонн, Саус гоби сэндс SGS 250 тонн, Монгол алт компани 100 тонн нүүрс үнэгүй өгөхөөр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь уул уурхайн компаниудтай Аймгийн Засаг дарга ярилцаж тохиролцсоны үндсэн дээр баруун гурван сумын уурын зууханд үнэгүй нүүрс өгүүлэхээр болсон. Нүүрсний чанар ялгаатай байдаг. Жишээ нь Саус гоби сэндс SGS компаниас 2008 онд 300 тонн нүүрс авах ёстой байсан боловч шаталт муу, хар шороо, чулуу учраас аваагүй. Чинхуа Мак компаниас авсан нүүрс шаталт сайтай тул тэндээс нүүрс авах сонирхолтой. Манай суманд том машин гэх юм байхгүй, манай эрчмийн ганц ЗИЛ-130 бий. Түүгээрээ нүүрсээ татдаг. Бинзен их иднэ, бага нүүрс ирдэг учраас зарлагаа нөхөхийн тулд нэг тонн нүүрс 30-35 мянган төгрөг болдог. Манай сумынхан нүүрсний уурхайн бараг дэргэд нь байж өндөр үнэтэй нүүрс авдаг.
- Яагаад? 
- Нүүрс зөөх том машингүй, зам эвгүй, өндөр даваатай, их ачаатай машин давах боломжгүй. Байгаа ганц гуч машинаараа зөөж байна.
- Тэгвэл тэр замаа засварлаж болно доо? 
- Нүүрснээс орж ирдэг Хар овооны замын давааг сэтлэж өгөөч гэсэн саналыг холбогдох газруудад болон манай сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тавьсан, ярьж байгаа. Шийдэгдэх байх. Хэрвээ энэ асуудал энэ жил шийдэгдэхгүй бол нүүрсний уурхайн орд газрын дэргэд нь байж өндөр үнэтэй нүүрс худалдаж авсан хэвээр байх болно шүү дээ. Хаана хаанаасаа ярилцаж дэмжиж байж асуудлыг хурдан шийдүүлмээр байна.
- Нэг квт цахилгааны үнэ хэд вэ? 
- 143 төгрөг.
- 24 цагийн цахилгаанд холбогдохоор өөрчлөгдөх үү? 
- Мэдээж өөрчлөгдөнө. Гэхдээ арай хямдрах байх гэж бодож байгаа. 80 хэдэн км-ээс шугамаар цахилгаан дамжин ирж байгаа учраас шугамын алдагдал гарна. Үүнийг хаанах хариуцах тухай шийд ирээгүй. Хэрвээ айл өрх хариуцахаар бол хэдэн төгрөг нэмэгдэх байх. Чинхуа Мак компани Гурвантэсийн шугамын алдагдлыг даадгаараа даана. Харин бусад сумдын шугамын алдагдлыг даахгүй гэдгээ мэдэгдсэн байгаа.
- Цаашид нарны эрчим хүчээ яаж ашиглах вэ? 
-Японоос болон Сэргээгдэх эрчим хүчний газраас дарга нар нь ирсэн. Хэдийгээр өндөр хүчдэлийн цахилгаантай болсон ч энэ их хөрөнгө болох нарны сэргээгдэх эрчим хүчийг хаяхгүй. Автомат хэлхээ хийнэ гэсэн. Энэ нь нарны эрчим хүчээр гэрэл цахилгаанаа өгч байгаад тасарсан үед нь өндөр хүчдэлд шууд холбогдох жишээтэй. Нартай буюу нарны эрчим хүч байх тохиолдолд өндөр хүчдэлээс автоматаар нарны эрчим хүчрүүгээ шилжих гэх зэргээр хэрэглэгчдийг цахилгаанаар таслахгүйгээр ажиллуулах арга хэмжээг авна гэж байгаа.
- Таны ажилд амжилт хүсье. 
 Жамсрангийн Сайнжаргал

Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:28 Мэдээний төрөл ,

0 comments for "Өндөр хүчдэлийн цахилгаантай болсон ч нарны цахилгаан станцаа ашиглана"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook