МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Даланзадгад дулааны цахилгаан станцын захирал Д.Тулгатай ярилцжээ

- Даланзадгадчууд энэ өвөл халуун дулаан, сайхан өвөлжсөн. Харин үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр халаалт дулаан зогсох дөхөж байхад станцад эвдрэл гарлаа. Хэдийгээр доголдол гарсан ч дулаан өвөлжүүлсэн та бүхэнд талархаж байгаагаа уншигчдынхаа өмнөөс хэлье.
- Баярлалаа. Даланзадгад дулааны цахилгаан станц өнгөрсөн онд ажлын арвин их амжилттай, үр дүнтэй жил байлаа. Учир нь 2009 оны эрчим хүч үйлдвэрлэлтийг 2008 оныхтой харьцуулахад 2.5 сая квт эрчим хүчийг илүү үйлдвэрлэж, 10 мянган тонн нүүрс илүү түлсэн. Их нүүрс түлж, эрчим хүч илүү үйлдвэрлэнэ гэдэг маань тийм хэмжээний цахилгаан эрчим хүчийг ард иргэддээ түгээж тэднийг ая тухтай өвөлжүүлэхийн төлөө Даланзадгад дулааны цахилгаан станцын хамт олон идэвх зүтгэл гарган ажилласан гэдгийг хэрэглэгчид ойлгох хэрэгтэй.
- Станц юунаас болж доголдов?
- Даланзадгад дулааны цахилгаан станц 2010 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 14.10 минутын үед хувиарлах байгууламжин дээр гал гарч аваарын нөхцөл байдал үүссэнээс станц зогссон. Үүнтэй холбогдуулаад станц өндөржүүлсэн бэлэн байдлаар шуурхай ажиллаж 24-ны өдрийн 22 цагт аваарын нөхцөл байдлаас гарсан. Эрчим хүчний яамнаас шуурхай ажлын хэсэг байгуулаад газар дээр ирж ажилласан. Мөн Улаанбаатар хотын дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаниас мэргэжлийн өндөр чадвартай долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байгаа. Дээр нь Шивээ говь уурхайн хамт олон ганц нэг сэлбэг явуулсан. Системийн хамт олон болон яамнаас шуурхай арга хэмжээ авсан ба станцын ажиллагсадын идэвх зүтгэлээр аваарын нөхцөл байдлаас 48 цагийн дараа сэргэлтээ авч чадлаа. Аваар анх гарсан үед аймгийн онцгой байдлын комисс хуралдсан. Энэ үед гал гарч станц нойл зогссон, улмаар гэмтсэн тоноглолынхоо үзлэг шалгалтуудыг хийж чадаагүй байсан учраас станцыг сэлбэж, засварлахад наад зах нь долоо хоног, аваарынх нь байдлаас харахад 2-3 хоногийн хугацаа хэрэгтэй гэж хэлж байсан. Тэгээд аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад дээр нь цаг агаарын хүйтэн шуургатай холбоотойгоор нөхцөл байдал үүсэх нь гэсэн шалтгаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон тал байгаа байх. Бидний хувьд станцын аваарын нөхцөл байдлаас гарах, дулааны шугам сүлжээнд үүсэх хүндрэлийг гаргахгүй байх, нийт хэрэглэгчдийг цахилгаан болон дулааны эрчим хүчээр хэрхэн яаж хангах вэ гэсэн асуудлууд тулгарсан. Улаанбаатар хотын дөрөвдүгээр дулааны цахилгаан станцын дарга Цэвээн ажилчдаасаа чадварлаг баг бүрдүүлэн аваар гарсан шөнийн гурван цагт Өмнөговь руу ажлын хэсэг гаргаж ирүүлсний хүчинд 24 цаг тасралтгүй ажилласны үр дүнд аваарынхаа нөхцөл байдлаас гарсан. Одоогоор сэргээн босголтын ажилдаа ороод байна. Энэ нь гэмтсэн тоноглолуудынхаа жагсаалтыг гаргаж захиалах байгаа.
- Гал юунаас шалтгаалж гарсан гэж үзэж байгаа вэ?
- Эрчим хүчний салбарын байгууллагуудад томоохон хэмжээний аваар осол гарсан тохиолдолд өөрсдийн болон техникийн, хөндлөнгийн үзлэг шалгалтууд хийгдэж дүгнэлтүүд гардаг юм. Энэ нь эрчим хүчний салбарын байгууллагуудын тогтсон дэг журмын дагуу явагдана. Техникийн комисс гарсан ослын дүгнэлтийг хийсэн. Мөн Эрчим хүчний яамнаас хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллан техникийн дүгнэлт хийсний дараагаар Улсын Мэргэжлийн хяналтын газар болон баймгийн Мэргэжлийн хяналтын газар шат дараалсан үзлэг шалгалтуудыг хийсэн. Аваар осол хэрхэн, яаж гарсан тухай эцсийн дүгнэлтийг хөндлөнгийн байгууллагууд гаргана. Станцын инженер техникийн ажилчдын дүгнэлтээр байнгын өндөр хүчдэлтэй байдаг “шийнн” тусгаарлагчийн тусгаарлах чадвар нь муудсанаас богино залгааны гүйдэл үүссэнээс дөл гарч гал гарсан гэж үзсэн. Бидний гаргасан дүгнэлттэй яамнаас ирж ажилласан ажлын хэсгийн дүгнэлт ойролцоо гарсан. Тэгэхээр аваар гарах нөхцөл техникийн шалтгаанаас болжээ гэж дүгнэсэн.
- Гурван ажилчин энэ үеэр угаартсан гэсэн?
- Аваарын үед ашиглалтын ажилчид галыг даамжруулахгүйн тулд унтраах зорилгоор үүссэн цэг дээр ажиллаж байгаад утаанд хордож угаартсан. Гал гарсан үед аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгөхөд таван минутын дотор гал командын багийн бүрэлдэхүүн ирж галыг түргэн шуурхай унтрааснаар аваараас гарах үр дагаварыг багасгаж чадсан. Цахилгааны гэмтэл бол богино хугацаанд хамгийн хор уршигтай аваар осол. Энэ аваарын үед гэмтсэн цахилгааны долоон шкаф сэргээн засварлах боломжгүй болсон гаднаас худалдаж авна гэсэн дүгнэлттэй байсан. Түүнийг Дөрөвдүгээр цахилгаан станцаас ирсэн ажилчид богино хугацаанд гэмтсэн тоноглолуудын засаж болохыг нь сэргээн засварлаж гурван шкаф худалдаж авах хэмжээнд хүртэл сайн ажилласан. Мөн үүнээс гадна салбарын хэмжээнд ажиллаж байгаа ижил төстэй байгууллагууд утсаар юу хэрэгтэй байна яаж туслах вэ гээд ярьж байгаа нь манай салбарынхан сэтгэл санаа нэгтэй ажилладгийн илрэл юм.
- Угаартсан хүмүүсийн бие ямар байгаа вэ?
- Тэр утаатай орчноосоо гараад хүчилтөрөгчөөр амьсгалахаар дотор нь муухайрч бөөлжсөн. Газтай ус гэх мэт гарын доорх материалаар хордлогыг нь тайлсан. Одоо бие нь зүгээр ажлаа хийгээд явж байгаа. Үнэнийг хэлэхэд бид ч ажилдаа самгардаад тэр хүмүүсээ анзаарсангүй.
- Хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар гарсан уу?
- Тус гэмтлээс үүдэн гарсан хохирлын хэмжээг тоон утгаар хэлэхэд хэцүү. Хохирол гэдэгт сэлбэг материалын үнэ, ажиллах хүчний зардал, хохирлын үед ажиллах техникийн шатахуун тослох метариалын үнэ ордог. Аваар гарсан үед аймаг бүхэлдээ харанхуй байх байсан боловч хязгаарлалттайгаар эрчим хүчтэй байсан. Энэ бол 2009 онд 2000квт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай аваарын дизель станцыг засвралан ашиглалтад оруулчихсан байснаа ашигласан. Осол аваар гарснаас хойш нэг цаг 50минутын дараа аваарын диезль станцаа асааж цахилгаан эрчим хүч хэрэглэгчиддээ түгээсэн.
- Аваарын дизель станц асаахад өндөр зардалтай гэсэн. Хэдэн цаг асаасан бэ?
- Нийтдээ 20 цаг асаасан. Энэ станц нэг цагт дунджаар нэг тонн түлш иддэг. Тэгэхээр хохирлын тоонд нэлээд томд тооцогдож байгаа зүйл бол дизель станцын түлшний өртөг, сэлбэг материалын зардал.
- Ойролцоогоор түлшний үнэ хэд болсон бол?
- 30-аад сая төгрөг болсон.
- Станц хэдий хугацаанд хэвийн үйл ажиллагаатай болох вэ?
- Даланзадгад дулааны цахилгаан станц хоёрдугаар сарын 24-ны 22 цагт аваарынхаа нөхцөл байдлаас гарсан. Энэ нь нэг зуух, нэг турбинтэй ажиллаж байгаа гэсэн үг. Аймаг орон нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэг зуух, нэг турбины горимоор ажиллахад хангаж чадахгүй. Урьд жилүүдэд эрчим хүчээр хангаад болоод байдаг байсан. Тэгэхээр сүүлийн жил эрчим хүч тогтвортой, найдвартай ажиллаж байгаатайхолбогдуулаад хэрэглэгчид цахилгаан тоноглол ихтэй болж хэрэглээ өндөрссөн гэж ойлгож байгаа. Үйл ажиллагаа хэвийн болоход наад зах нь гуравдугаар сарын найман гэж урьдчилан тооцоолон харж байна. Гадаадад захиалсан сэлбэг материал хэзээ ирж угсарч бэлэн болгоно тэр хугацаанаас шалтгаалан станцын үйл ажиллагаа хэвийн болох нь хамаарна шүү дээ.
- Ирсэн засварчид хэдийд буцах вэ?
- Дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг ажлын багийнхан өнөөдөр буцна. Станцад тавьсан сэлбэг материалынхаа тохиргоо, үзлэг үйлчилгээ хийхийн зэрэгцээ манай ажилчдад техник, тоног төхөөрөмж дээр практикын болон онолын сургалтыг явуулна. Манайх боловсон хүчин үнэхээр дутагдалтай. Дээр нь цалин бага, нийгмийн асуудал хоцрогдсон, урьд өмнө ямар ажиллагаатай байлаа, байнгын доголдолтой, ажилчдын ажиллах орчин нөхцөл муу ийм газарт хэн залуу насаа өнгөрөөхийг бодохов дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд нилээд зүйлийг хийж ажиллах орчин нөхцөл сайжирч, урьдныхаас өөр болсон. Бидэнд дөрөвдүгээр цахилгаан станц гэдэг том айл бидний ард байж ямарч үед тусладагт баярладаг юм. Тэгэхээр сүүлийн жилд Даланзадгад дулааны цахилгаан станц сайн ажиллаж байна гэдэг бол дөрөвдүгээр цахилгаан станцын инженер техникийн ажилчдын хүчин зүтгэл юм гэж ойлгодог. Сэлбэг матеирал ирээд суурьлуулах явцад мэргэжлийн ур чадвар дутагдах тохиолдол гарвал дахин энэ багийнхныг ирүүлэх санал тавьсан.
- Улсаас өгсөн төсөв мөнгийг хэрхэн зарцуулж байна, хүрэлцээ нь хэр байхав?
- Яам, Тамгын газруудаас эрчим хүчний алдагдлыг нөхөх зориулалтаар санхүүжилт өгдөг. Улсаас мөнгө төгрөг өгдөг гэхээр иргэдийн дунд буруу ойлголт байдаг юм шиг билээ. Өнөөдрийн байдлаар хэрэглэгчдэд түгээж байгаа 1квт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэн гаргаж байгаа өөрийн өртөг нь 373 төгрөгөөр гардаг. Түүнийгээ хэрэглэгчдэд өгөхдөө айл өрх, албан газар гэж хоёр өөр үнэ бий. Энэ хоёр үнийг дундажлаад 1квт-ыг 74 төгрөгөөр өгч байгаа. Тэгэхээр цахилгаан станц үндсэндээ 300 төгрөгийн алдагдал үүрч ажиллаж байна гэсэн үг. Мөн нэг калор дулааныг 115 мянган төгрөгөөр үйлдвэрлэн гаргадаг. Борлуулж байгаа бүтээгдэхүүнтэйгээ харьцуулаад үзэхээр нэг калор дулааныг 30 мянган төгрөгөөр борлуулж байна. Үндсэндээ дөрөв дахин бага үнээр борлуулдаг. Станцын ажиллах боломж нөхцлийг боомилж байгаа асуудал бол ердөө л энэ. Нэгэнт төрийн өмчит хувьцаат компани учраас ард иргэдэд ачаалал нэмэгдүүлэхгүй байх зорилгоор энэ алдагдлыг төр хариуцдаг. Ийм учир төрөөс алдагдлыг нөхөх зориулалттай татаас авдаг. Даланзадгад дулааны цахилгаан станц хэвийн ажил явуулахад 5.2 тэрбум төгрөг шаардлагатай.
- Жилд үү?
- Тийм. Нэг жилд шаардлагатай мөнгө. Бид цахилгаан эрчим хүч, дулаанаа үйлдвэрлээд хэрэглэгчдээсээ борлуулалтын орлого авдаг. Нэг жилдээ нэг тэрбум төгрөгийн борлуулалтын орлого ордог. 2009 онд алдагдлыг нөхөх зорилгоор 850 сая төгрөг улсаас өгсөн. Манайх 2009 онд борлуулалтын орлогын төлөвлөгөөг 1.2 тэрбум төгрөг болгон өсгөсөн. Ингэснээрээ өнгөрсөн онд борлуулалтын болон улсаас авсан татаасаараа хоёр тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Үлдэж байгаа 3.2 тэрбум төгрөгийн алдагдлыг үүрч ажиллаж байна. Хэрвээ хувийн байгууллага байсан бол дампуурсан шүү дээ.
- Өр ихтэй гэж яригддаг энэ талаар?
- Энэ станц зээлийн хөрөнгөөр баригдсан учраас зээл, зээлийн хүү 1.5 тэрбум төгрөгийн өртэй. Түүнээс гадна “Таван толгой” ХК-д өнгөрсөн онд 393 сая төгрөгийн, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс зэрэг байгууллагад нийтдээ 60-аад сая төгрөгийн өртэй гарсан. Төрийн байгууллага гэдэг утгаараа бүх өрүүд цаасан дээр бичигдээд яваад байдаг учраас Даланзадгад дулааны цахилгаан станц хэвийн ажилладаг. Өнгөрсөн онд засварын ажил, ашиглалтын ажиллагааны түвшин, ажлын сахилга бат, ажилчдын мэдлэг чадвар зэрэг олон хүчин зүйл сайжирч, нэмэгдсэн. Өмнөговьчууддаа хэлэхэд мэргэжилтэй сайн боловсон хүчин болчихоод аймгийнхаа дулаан цахилгаан станцад ирж ажиллаачээ гэж уриалмаар байна.
- Энэ их өрийг яаж шийдвэрлэх вэ?
- Өрний асуудлаар холбогдох яам, тамгын газруудад хүсэлт тавьж байна. Улсын хэмжээний эрчим хүчний салбарын байгууллагууд өртэй гэж яригддаг. Эрчим хүчнийхээ үнийг нэмэх гэхээр иргэдийн дунд бөөн яриа, бухимдал үүсдэг. Тэгэхээр станц муу нэр зүүж явдгийн шалтгаан нь энэ. Станц алдагдал үүрч ажилладаг. Өрийг МУ-ын Засгийн газар бодож үзэж байгаа. Тийм учраас цаасан дээр бичигдээд яваад байдаг. Улсаас авах татаасыг 1.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Төр засгаас үзүүлж байгаа энэ итгэлийг даахын тулд бид хариуцлагатай сайн ажиллах ёстой. Дээрээс нь бид борлуулалтын орлогоо 1.2 тэрбум төгрөгөөсөө бууруулахгүй байвал энэ онд нийт орлогын хэмжээ 3 тэрбум төгрөгт хүрнэ. Урьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад станцын амьдрах чадвар дээшилсэн. Станцын 10 жилийн ой 2010 онд болно.
- Станц ашиглалтад орсноос хойш хэдэн цагийн зогсолт хийсэн байдаг бол?
- Төрийн өмчийн хороонд ажлынхаа тайланг тавьдаг. Үүнээс харахад 2002 оноос хойш хийсэн судалгаагаар зогсолтын цаг өссөөр 2008 онд 900 цаг буюу хамгийн их зогсолт хийсэн байдаг. 2007 онд 290, 2006 онд 800, 2009 онд 192 цаг зогссоны 100 цаг нь нойль зогсолт зарлаж байгаад хийсэн. Тэгэхээр 92 цаг төлөвлөгөөт бус зогсолт хийснээрээ хамгийн бага зогсолт хийсэн байна. - Ажлын амжилт хүсье.

Ж.Сайнжаргал
Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:38 Мэдээний төрөл ,

0 comments for "Даланзадгад дулааны цахилгаан станцын захирал Д.Тулгатай ярилцжээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook