МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Үзэсгэлэн худалдаагаар далимдуулан үнийн хөөрөгдөл бий боллоо

   Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хоёрдугаар сарын 05-ны өдөр цагаан идээний үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор боллоо.
   Энэ жилийн үзэсгэлэн худалдаа урьд жилүүдийнхээс цомхон хүрээнд болж цагаан идээ ховор, үнэтэй байлаа. Номгон, Хүрмэн, Мандал-Овоо зэрэг сумдаас малчид цагаа идээтэй иржээ. Мөн Өвөрхангай, Архангай аймгуудын цагаан идээ худалдаалж байсан. Өмнөговь аймгийн хувьд ган, зудтай байгаа учир өнгөрсөн зун цагаан идээ хийж нөөцөлсөн айл өрх ховор байгаагаас цагаан идээний үнэ тэнгэрт тултал өсөөд байна. Урд өдөр нь 2200 төгрөгийн үнэтэй байсан ингэний айраг, сүүг маргааш нь 4000 төгрөгөөр худалдаж байх юм. Үүнийг үнийн хөөрөгдөл биш гэх үү?. Гэтэл Өмнөговьчууд “ховрын юм одоо яая гэхэв, цагаан сар ч болох нь, үнэтэй гээд хар цайтай сууж байлтай биш” хэмээн битон, саваа бариад дараалал үүсгэн зогсчихсон худалдан авч байлаа. Тэр битгий хэл Номгон сумаас уг үзэсгэлэн худалдаанд оролцохоор ингэний айраг, сүүтэй ирсэн малчин “Арай гайгүй зарах бодолтой ирсэн чинь үнэ нь 4000 төгрөг болчихсон байна. Тэгэхээр энэ ханшаар л зарна даа” гэж гайхсан янзтай хэлж байсан. Арга ч үгүй биз 2500-аар хэдэн литр айраг зарчих санаатай ирсэн чинь бодсон үнэнээс нь бараг нэг дахин нэмэгдчихсэн байхаар гайхах, баярлах зэрэгцсэн биз ээ. Спорт заалны гадна талд пургон машинд цагаан идээ худалдаж байгаа хэд хэдэн хүн байна. Сонирхвол дээр дурдсан аймгуудаас ирсэн гэнэ. Үнэ нь ч манай аймгийн наймаачдын цагаан идээний үнэнээс 500-3000 төгрөгийн доогуур ханштай байх юм. Өвөрхангайгаас ирсэн цагаан идээний үнийг нь сонирхуулвал: /Нэг килограммых нь үнэ/
Сарлагийн аарц 2500, өрмөн тос 4500, шар тос 6000, сарлагийн архи 3000, аарц 3000, сарлагийн сүү 1800, шүүрмэг 5500, өрөм 4500 төгрөгөөр худалдаалж байна. Би хэдхэн хоногийн өмнө сарлагийн нэг тогооны өрөм 7500 төгрөгөөр авсан. Гэтэл 4500-аар зарж байх жишээтэй. Танайх яагаад ийм хямд байна гэхэд худалдагч эмэгтэй “Танай аймгийн цагаан идээний үнэ арай дэндэж байна аа. Биднийг цагаа идээгээ хямд зарлаа гээд хөөгөөд байгаа шүү дээ. Бид үзэсгэлэн худалдаа болно гэж мэдээгүй ирсэн. Гэтэл азтай таарчихлаа. Гэхдээ бид зарна гэсэн үнээрээ л худалдаж байгаа. Хүмүүс маш сайн авч байна. 1.5тн цагаан идээтэй ирээд бараг дуусч байна” гэж ярьсан юм. Тэгвэл манай аймгийнхны үзэсгэлэн худалдаанд цагаан идээгээ борлуулж байгаа үнэ ханшыг хүргэе. Улаанбаатарчууд та бүхэн сонсоод гайхах нь лавтай. Ямааны хурууд 8000, цагаан тос 4000, шүүрмэг гурилтай 6000, шүүрмэг гурилгүй 10.000, хольсон тос 5500, 800гр шар тос 5500, гүүний айраг 3000, ингэний архи 4000, ингэний айраг 4000, ингэний сүү 4000, ингэний хурууд 14000 төгрөгөөр худалдаж байлаа. Энэ жил цагаан идээ ховор учир үзэсгэлэн худалдаагаар хямдардаг байсан үнэ харин ч эсрэгээр өсөн нэмэгдэж улсын хэмжээнд хаана ч байхгүй үнэд хүрлээ. Худалдан авагч нар цагаан сар хаяанд тулсан болохоор яалтгүй авахаас өөр аргагүй болсон. Гэхдээ иргэдэд нутгийн хишиг буюу 50 мянга, эх орны хишиг 70 мянган төгрөг олгож байгаа үетэй давхацсан учир худалдан авагчид цагаан идээг үнэтэй гэлтгүй авч барсан. Зарим нь бүр саваа барьчихсан ахиад ирэх болов уу гээд хүлээж суугаа харагдсан. Урьд жилүүдэд спорт заал дүүрэн лангуутай хэрнээ бараг хүрэлцэхгүй, хүн бүр бүтээгдэхүүнээ худалдахын тулд амтлуулдаг, үнийг нь буулгадаг байсан. Бараг амсаж явсаар байтал цадаад гардаг байлаа шүү дээ. Энэ жил амталгаа тун ховор байна лээ. Шүүрмэг, аарц, хайлмаг, хольсон тос гээд гурилгүй цагаан идээ ч ховор.
Гурил хольж жинг нь нэмэгдүүлж тав арван төгрөг илүү олно. Үнийг нь судлаад таван минутны дараа эргэж ирээд авах гэхэд хэнэгчгүй 500 төгрөг нэмчихсэн хэлээд зогсож байгааг юу гэх вэ? Ёстой шунал гэлтэй. Хүмүүс энэ жил цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохиохгүй байсан нь дээр байж, хамаг юмны үнэ хөөрөгдүүлээд хаячихлаа. Одоо нэгэнт өсчихсөн үнэ буухгүй дээ гэж бухимдацгааж байна лээ. Ийнхүү жил бүр уламжлал болгон зохиодог цагаан идээний үзэсгэлэн худалдаа, тэмээн поло тэмцээн болдогоороо болж байна.
 Ж.Сайнжаргал

Мэдээний эх сурвалж: Монгол Говь сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 16:28 Мэдээний төрөл ,

0 comments for "Үзэсгэлэн худалдаагаар далимдуулан үнийн хөөрөгдөл бий боллоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook