МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас хүүхдүүд хичээллэхгүй байгаа

   Даланзадгадын дулааны цахилгаан станцад гэтмэл гарсны улмаас аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тухай аймгийн Засаг даргын А/84 тоот захирамж гарсан байна. Энэ захирамжийн дагуу сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр хугацаагаар хаагаад байгаа. Энэ талаар аймгийн Боловсрол соёлын газрын дарга Б.Батбилэгээс тодруулга авсан юм.
- Ямар шалтгаанаар Даланзадгадын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа вэ?
- Дулааны цахилгаан станцад гэмтэл гарсан учир халаалт, дулаан, гэрэл цахилгаан тасарч доголдсоны улмаас сургууль цэцэрлэгийг ажиллуулахад бэрхшээлтэй болсон учир аймгийн Засаг даргын А/85 тоот захирамжаар нэг, хоёр, гуравдугаар сургуулиуд, хоёр, ес, 11, 24 дүгээр цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Энэ жилийн хичээлийн хугацаанд халдварт өвчинтэй холбоотойгоор хичээл зургаан долоо хоногоор тасалдсан байгаа. Тэгэхээр сурагчдын хичээлийг тасалдуулахгүйн үүднээс сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай зөвлөлдөөд сургуулиудын 9-11 дүгээр ангийг наран талын цонхтой ангиудад өглөө 09 цагаас хичээллүүлэхээр болсон. Харин 1-8 дугаар ангийн хүүхдүүдэд гэрээр нь даалгавар өгч шалгах маягаар хичээлийг нь зохицуулж байгаа. Дөрөвдүгээр сургуулийн халаалт дулаан Даланзадгадын дулааны цахилгаан станцаас хамаардаггүй учир хичээллэж байгаа.
- Хэднийг хүртэл хичээл хаах вэ?
- БСШУЯ-наас хоёрдугаар сарын 28-ны өдрийг дуустал хичээлийг түр хугацаагаар хаах зөвшөөрөл өгсөн. Сурагчдын хичээлийг эхлүүлэх, түр хугацаагаар зогсоох уу гэдгийг БСШУЯ-ны Сайдаас шөвшөөрөл авсны дараа аймгийн Засаг дарга захирамж гаргаж байж асуудал шийдэгддэг. Дулааны цахилгаан станцын осол, эвдрэлийг Улаанбаатар хотоос засварчид ирж янзлаж байгаа. Удахгүй засварлагдах байх гэсэн яриа сонсогдсон. Тэгэхээр энэ асуудал удаан үргэлжлэхгүй байх аа.
- Дулааны цахилгаан станцын доголдлоос шалтгаалан хичээл хааж байгаа гэсэн хэдий ч H1N1 вирусын халдвар тархах магадлал ихэссэнээс болсон гэх яриа иргэдийн дунд байна. Энэ талаар?
- Энэ хичээл хаасан нь халдварт ханиадтай огт хамаагүй. Дулааны цахилгаан станцтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Гэхдээ ханиад сүүлийн үед ихэсч байгаатай холбоотойгоор бага ангийн хүүхдүүдийг халаалтгүй анги танхимд хичээллүүлснээс даарч ханиад хүрэхээс болгоомжилж байгаа юм. Ахлах ангийн хүүхдүүдийн хичээлийг нөхөхөд хэцүү, сургуулиа төгсөж амьдралд хөл тавих үе, дээр нь бага ангийн хүүхдүүдийг бодвол биеэ аваад явах чадвар илүү байдаг учраас хичээллүүлж байна. Станц таг зогсчихоогүй, хэсэгчилэн халаалт, гэрэл цахилгаан өгч байгаа.
- Тасарсан хичээлийг яаж нөхөх вэ?
- Үндсэнд нь тасарсан хичээлүүдийг нөхсөн. Тавдугаар ангийн математик, монгол хэлний хичээлийн нөхөлт жаахан удаашралтай хүнд байгаа.
- Танд баярлалаа 
Ж.Сайнжаргал

Мэдээний эх сурвалж: Монгол Говь сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 16:41 Мэдээний төрөл ,

0 comments for "Цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас хүүхдүүд хичээллэхгүй байгаа"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook