МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Нүд хальтрам малын сэг зэм, хөлдүү цаснаас нь салгалаа


Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн АСЗХолбооны дарга Н.Амарзаяа Ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүлэгч, гишүүд болон малчдад сэтгэлээсээ туслах гэсэн 40 залуусыг уриалан Булган сумын Дал багийн Нүцгэний тал, Ирмэгт өвөлжиж буй малчдад туслаад ирлээ. Үүнд Булган сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй баг сумаасаа ирж оролцсон. Таван ес эхэлсэн ч өвөлжөө бууц нь цасан хучлаганд дарагдсан малчид, бүл хүч муутай учир хашаа хороогоо цэвэрлэж хүчрэхгүй сууна. Цагийн хүнд нөхцөлд зутруухан өвөлжиж байгаа малчиддаа сайхан сэтгэлийн үүднээс туслахаар дөчин залуус арав арваараа хуваагдан дөрвөн зүгт зэрэг гарч малчдын хотонд ажилласан.





Хашаа дүүрэн шуурсан хунгар цасыг цэвэрлэж, хотныхоо дэргэд овоолсон үхсэн малын сэг зэмийг нь зайлуулж тус хүргэлээ. Мөн Даланзадгад хотын МАХН-ын хорооны гишүүд, дэмжигч, иргэдийн малчиддаа туслахаар хандивласан лаа, шүдэнз, цай, хүнсний ногоо, нэмнээ, бээлий, хувцас зэргийг айл өрхүүдэд тарааж өгсөн. Залуучууд очсон айлдаа биднээр юу хийлгэмээр байна. Бид та бүхэнд туслахаар ирлээ гэхэд жаахан гайхсан янзтай юун сайн юм гэж баярлан хүлээж авсан. Бүл хүч муутай болохоор үхсэн малаа холдуулж, цасан хунгарыг ховхолж, зайлуулж чадахгүй байлаа гээд биднээр хийлгэх ажлаа зааж өгч байв. Харин хүч, сэтгэл нийлсэн залуучууд хурдан шалмаг ажиллаж хэдэн өдрийнх нь ажлыг цагийн дотор дуусган хороо бууцыг нь цэмцийтэл цэвэрлэж тэдэнд үлдсэн хэдэн малаа үхэл хорогдол гаргалгүй өвлийг давах юм сан гэсэн сэтгэлийн дэм, урам зориг өгч чадлаа. Багуудаас Дамдинсүрэн ахлагчтай Булганы багийнхан хамгийн олон айлд зургаан өрхөд тус хүргэсэн байлаа. Малчид үлдсэн хэддээ санаа зовниж сууна. Одоо үхэл хорогдол ч багасч байна. Гэхдээ л цаг болоогүй, урин дулаан ороод ирэхээр хонь, адууны үхэл эхэлнэ. Өвс, тэжээл хэрэгтэй байна. Хандив туламжаар ирж буй өвс, тэжээл нь нэг айлд 2-3 ширхэг оногддог, илүү олдохгүй. Тэр болгоныг авах гэж явдал, зардал болдог. Бид нэг явсан дээрээ ахиухан өвс, тэжээл авчихмаар байдаг гэтэл олдож байгаа нь цөөн, дахин дахин яваад байх зардлын мөнгө төгрөггүй малчид бидэнд хэцүүхэн байна. Болдог бол энэ хавийн айлуудын өвс тэжээлийг нэг айлд нь ч юмуу, эсвэл явах замдаа зам дээр орхичихвол бид очоод авчих боломжтой. Үүнийг сум, багийн удирдлага анхаарч туславал сайн байна гэснийг дуулгая. Гэнэтхэн баахан залуучууд ирээд сэтгэлийн тус дэм хүргэх гэж явна гэхэд гайхсан, бас баярласан шүү. Өдрийн дулааныг харж байгаад цагаан сараас өмнө ямар ч байсан үхсэн малынхаа сэг зэмийг зайлуулъя гээд өнөөдрөөс ганц хоёроор нь зөөж байсан юм. Бид өөрсдөө зөөвөл хоёр өдрийн ажил.





Энд 150 гаруй үхсэн малын сэг бий. Харин сайхан сэтгэлтэй залуучууд ирж яах ийхийн зуургүй зөөж өгч их тус хүргэлээ. Залуустаа баярлалаа гэж Дал багийн малчин С.Цэрэнсамба гуай ярьсан юм. Ийнхүү Өмнөговь аймгийн Ардчилсан социалист залуучуудын холбооны залуус 11 айл өрхийг нүд хальтрам малын сэг зэмээс нь бас хөлдүү цаснаас нь салгаж, сэтгэлийн дэм хайрлалаа. Одоо цагт ийм тус хүргэдэг залуус байгаад гайхаж, бас баярлаж буйгаа малчид ярьж байсан. Хонхор, жалгагүй цэлийсэн талд хашаа хороо, бууц муутай эдгээр айлууд хүйтэн цасан шуургыг энэ зэргийн үхэл хорогдолтой давсныг бодоход сайшаамаар. Гаднаа үхсэн малаа овоолчихсон хэрнээ “Ашдын билгээс амны билэг гэгчээр” мал дажгүй ээ, хийлгэх ажил одоогоор байхгүй гэх ганц нэг айл таарч байсан. Гэхдээ цаг наашлах болоогүй.
Ж.Сайнжаргал

Мэдээний эх сурвалж: Монгол Говь сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 16:39 Мэдээний төрөл , ,

0 comments for "Нүд хальтрам малын сэг зэм, хөлдүү цаснаас нь салгалаа"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook