МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Манлайчууд манлайлсаар л явна

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор, Өмнө­говь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Х.Бадамсүрэн өмнийн говь нутгаа зорин энэ сарын 10-ны лхагва гарагт очлоо. Түүний ийнхүү очих болсон нь тус аймгийн Манлай сумын малчин Р.Базар гуай Улсын сайн малчин цол хүртэж, өргөмжлөл шагналаа хүртсэнтэй холбоотой юм.
Бид нийслэлээс лхагва гарагт 13.50-д замдаа гараад 23.45-д зорин очих Манлай сумандаа хүрэлцэн очлоо. Зам зууртаа Чойр, Баянжаргалан сумаар дайрсан бөгөөд хаа сайгүй цас их орсон байдалтай, өвөлжөөндөө буй хонь мал ихээ даарсан байдалтай харагдаж байв. Тус суманд очиход сумын Засаг дарга Х.Сугар биднийг хүлээн авч орон нутгийн сонин сайхнаас хуваалцаж, өвөлжилтийн байдлаа танилцууллаа.
Ойрын жилүүдэд тохиолдоогүй их хэмжээгээр цас орсон, хамгийн гол нь мал өнгөрсөн зун намар тарга тэвээрэг гавьтай авч чадаагүй тул мал өвөлжилтийн байдал тун тааруу байгаа тухай яьж байлаа. Мөн нэгэн хачирхалтай гэмээр сонин дуулгасан нь тус сумын зарим нутгаар үнэг галзуурч байгаа бөгөөд одоо нийтдээ 30 гаруй үнэг галзуураад байгаа гэнэ. Галзуурсан үнэг шууд айын гадаа давхин ирж нохойнд бариулсан ч тохиолдол гарсан гэнэ. Галзуу өвчний халдвараас сэргийлэн вакцин хийлгэсэн гэж байлаа.
Маргааш өглөө нь бид эртлэн мордож тус сумын Жаргалант багийн малчин Базар гуайнд хүрэлцэн очлоо. Базар гуай өөрийн төрсөн дүү Цогтбазар, Дамдинбазар  нарын хамт өвөлжиж байв. Биднийг хүрэлцэн очиход тэд айл хотлоороо угтан авлаа. Тэднийх 1000-аад малтай бөгөөд хонь, тэмээ голдуу малтай айл аж.
Биднийг хүлээн авсан сумын дарга болон малчдын ярианаас сонсож байхад тус сумын зарим газарт үнэг галзуурах явдал нэлээд гарсан гэнэ. Манай гэрэл зургийн сурвалжлагч орсон буурын зургийг авах гэсэн учраа хэллээ. Гэтэл одоо хүртэл буур ороогүй байгаа аж.  Уг нь цаг хүйтэрвэл, цас орвол буур ордог сон. Гэтэл одоо цаг өөр болсон юм байх даа. Уг нь хүйтрэх тусам буур ордог гэсэн чинь орохгүй байна гэлцэн гайхан ярилцаж байлаа.
Хан Богд зэргийн урд зүгийн сумдаар л буур оржээ. “Хоол тэжээл сайтай газрын буур л ороод байх шиг байна “ гэлцэж байлаа. “Тэмээтэй хүнийг алс холоос элдэж хөөгөөд, явган хүн дээр шууд тулж очоод шаваад зогсчихож байсан гэсэн байдаггүй шүү” хэмээлцэж байлаа. “Ер нь хүйтний эрч буурахгүй, хасах 22 хэмээс буухгүй байна” гэж малчид зовниж байсан. Зам дагуу бидний тааралдсан мал бээрээд нэг нэгийгээ налаад гэдэс суга руу нь толгойгоо чихчихсэн харагдсан.
“Малын хоол тэжээл ямар байна” гэхэд “Мал маань бут л мөлжиж байна даа. Энэ бут сайн ургамал юм аа. Малд сайхан ч тэжээл болно. Ханиад дэлгэрсэн үед утаа нь ханиадыг анагааж чаддаг. Харин үнэр нь жаахан тийм дээ. Зарим нь “хар бут” зарим нь “шивэр түлээ” ч гэнэ. Шивэрэрхүү үнэртэй гэсэн үг юм байх аа даа Харин мод нь зантай хатуу, машины дугуй руу зүү шиг л орно” гэлцэж байв. Манлай сумын урд талаар 30-аад үнэг галзуурч, үүнээс үүдэн вакцин тарилга хийсэн гэнэ.
УИХ-ын гишүүн Хоохорын Бадамсүрэн “Жилд бүр Монгол Улсын Засгийн газраас улс орны хэмжээнд “Улсын сайн малчин”-ийг тодруулдаг сайхан уламжлалтай билээ. Үхэр жилийн хувьд улсын хэмжээнд 31 “Улсын сайн малчин”-г тодрууллаа. Үүнээс тус Өмнөговь аймгаас Сэврээ сумын малчин  Бүд болон  Манлай сумын малчин Р.Базар нарыг “Улсын сайн малчин”-аар тодрууллаа. “Улсын сайн малчин”-аар тодорсон Р.Базар гуайнхаа шагнал өргөмжлөлийг гардуулан олгохоор бид хүрэлцэн ирлээ.
Өнгөрөн улирч буй үхэр  жилдээ бүтээн байгуулалтын салбарт монголчууд бид чамгүй амжилт оллоо. Та бидний хүсэн хүлээсэн Оюу толгойн ашиглалтын гэрээ хийгдлээ. Мөн Таван толгойн уурхайн хувьд Ухаа худгийн хэсгийг нь “Энержи ресурс” компани ашиглаад явж байна. Монгол Улсад анх удаа нүүрс баяжуулдаг, нүүрс угаадаг баяжуулах үйлдвэр байгуулагдана.
Үүний нээлтийн ажиллагаанд  нь миний бие намар оролцсон болно. Хоёр Толгойн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Таван толгойн гэрээ хэлцэл хийх ажил явагдаж байна. Энэ талаар УИХ удирдамж чиглэлээ гаргаад Засгийн газартаа өгсөн. Ний нуугүй хэлэхэд “энэ бүх үйл явц удаан явагдаж байна” гэж би дүгнэж байгаа. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Таван толгойг бүрэн ашиглах, өмнөговьчуудын амьдрал ахуйг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийг тэтгэх тийм бүтээн байгуулалт болгох талаар хувилбаруудыг гаргасан байгаа. Таван толгойн асуудал бүрэн шийдэгдсэнээр говийн бүсийн хөгжил дэвшилд үсрэнгүй дэвшил гарна. Ингэснээр ард иргэддээ хишиг хүртээх асуудал бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Ирэх дөрөвдүгээр сард УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц Таван толгойн асуудлыг авч хэлэлцэнэ. Аль болох Монгол Улсын эдийн засгийг өөд татах, говьчуудад үр өгөөжтэй, элдэв сэжиг таамаг багатайгаар асуудлыг шийдэх бооломж бүрдэнэ.
Монголын төр, Монголын тал энэ уурхайгаа эзэмшдэг, ажиллуулдаг, шинэ ажлын байр, шинэ мэргэжил буй болсон ийм байдлаар эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар би саналаа хэлсэн. Миний боловсруулсан энэ санал дээрх хувилбаруудын нэг нь болж хэлэлцэгдэнэ байхаа гэж бодож байна. Хөгжил дэвшил монголчууд бидэнд ойрхон байна.
Гэхдээ үйл явцын хурдац удаан байгаад УИХ-ын гишүүний хувьд шүүмжлэлтэй хандаж, нэлээд эрч хүчтэй хөгжих боломж байгааг анхааруулан хэлсэн. Өмнөх жил эхэлсэн Таван толгойн барилгын ажил дуусаж энэ жил ашиглалтанд орох ёстой. Сумын төвд нийтийн аж ахуй, үйлчилгээний төвийг сэргээн хөгжүүлэх үүднээс нийтийн аж ахуй, үйлчилгээний цогцолборыг улсын хэмжээнд хэдхэнийг барихаар шийдээд байгаа. Үүний нэгийг тус Манлай суманд барих болно. Мөн сүүлийн 4-5 жилд яригдсан цэцэрлэгийн асуудал байна. Монгол Улсын хэмжээнд загвар цэцэрлэгийг танай суманд барихаар шийдвэрлэснийг хэлэхэд таатай байна. Олон улсын хөрөнгө, бусад хөрөнгийн эх үүсвэрээс үүнийг санхүүжүүлэх болно. Мөн ээлж дараалан багуудаа үлгэр жишиг баг болгоё, сумынхаа төвийг хөгжилтэй болгоё гэж ярилцсан. УИХ-д суугаад ажиллаж байхад аливаа ажил эхлээд хэрэгжтэл дор хаяж 2 жил болдог юм байна. Үүнийг бид холбогдох сайд нартай ярилцаж байгаад өөрчилье гэж шийдсэн байгаа. Ингээд дээрх цэцэрлэг, нийтийн аж ахуйн салбарын барилгыг / зураг төсөл нь хийгдсэн / хурдан түргэн барих технологийг туршиж үзэх болно. Энэ нь 2 сараас илүүгүй хугацаанд баригдана гэж үзэж байгаа.
Мөн Улаанбаатар- Даланзадгадыг холбох замын ажлыг эхлүүлж байгаа. Сая хоёрдугаар  сарын 1-нд тендерийг нь зарлуулчихлаа. Улаанбаатар-Мандалговийн хооронд 100 км зам тавигдана. Мандалговиос Даланзадгад хүртэл 163 км зам мөн тавигдана. Үлдсэнийг нь ирэх жил дуусгах бодолтой байна. Миний хувьд энэ бүх ажилд хяналт тавьж ажиллах болно.
Мөн Оюу толгой, Таван толгойг төмөр замаар холбох асуудал байна. Гэтэл аливаа асуудал шийдэгдэхдээ шат шатандаа эмх цэгц муу, нэг яам, нэг сайд гарч ирэнгүүтээ асуудлыг өөрөөр шийдвэрлэх гэж оролддог явдал байсаар байна. Ийм байж таарахгүй ээ. Хаврын чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцүүлснээр цаашид элдэв маргаан мэтгэлцээнгүйгээр бүтээн байгуулалтын ажлаа бид эрхлэн хийх болно. Иймээс энэ онд нэлээд том бүтээн байгуулалтын ажил хийж, та бидний олон жилийн ярьсан ажил шийдэгдэнэ.
Энэ жил төрийн бодлогоо эмхлэн цэгцэлж нэг мөр болгосноор бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх болно. Оюу толгойг тойрсон Хан Богд, Баян-Овоо, Манлай гэсэн гурван сум Оюу толгойн төслөөс дэмжлэг аваад эхэлж байгаа. Эхний ээлжинд манлайчуудыг гэрэл гэгээтэй байлгах ажил хийгдээд эхэллээ. Тус төслөөс дээрх сумдад дизелийн түлшээр тусалж байгаа.
Бид олон улс орноор явж туршлага судалж явлаа. Нар салхины эрчим хүчийг ашиглахад анхаарах нь нэн чухал байгаа. Харин манайд энэ асуудал яагаад үр ашиг муутай байна вэ? Энэ талаар судлах ажлын хэсэг гарган  байдлыг шалгуулснаар  үүнийг ашиглах нь үр өгөөжтэй юу үгүй юу гэдгийг нэг мөр болгоё гэж бодож байгаа. Хэрвээ үнэхээр үр ашигтай бол үүнийг цаашид ашиглана, хэрвээ үгүй бол цаашид байлгахгүй.  Ураны талаар Монгол Улс ямар байр суурь илэрхийлэх бодлогыг тодорхойлж, хуулийг нь бид батлан гаргалаа.
Дэлхийг хамарсан санхүү-эдийн засгийн хямрал гэж хэдэн жил бид ярьлаа. Зарим үед бидний бүтэлгүйдлийн шалтаг, шалтгаан ч болсоор ирлээ. Гэхдээ манай хувьд дэлхийн хэмжээнийх шиг хямарчихсан зүйл алга байна. Бүхий л түвшинд хариуцлага, санаачлагагүй ажилласан, цаг алдсан асуудал байгаа. Дэлхийн хямралаас Монголд бодитойгоор нөлөөлсөн зүйл бол ашигт малтмалын түүхий эдийн үнэ унасан явдал юм. Зэс, нүүрс, жонш гээд.
Нөгөө талаасаа бусад орнууд хямралд өртөөд эхэлмэгц мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ хөлс унасан билээ. Тэр нь манай малчдад хүндээр туссан. Тэгээд ч  2009 онд бороо хур орсонгүй, зуншлага сайн болсонгүй. Ийм туранхай, тарга тэвээрэг аваагүй малтай, өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаагүй нөхцөлд үр дагавар нь айхтар гарах нь тодорхой. Тэгээд ч говьчууд бид өвс ургамлаар баян биш нутаг устай юм даа. Ийм учраас өвөлжилт анхнаасаа хүндээр эхэлсэн бөгөөд одоо ч тун хүндээр туссаар байна.
Харамсахаас өөр аргагүй байдал харагдаж, зудад нэрвэгдсэн нутгийн хувьд гамшгийн байдалтай байна. Миний хувьд л мэдэхгүй тийм хүйтэн болж байна. Энэ жавар салхи, байнгын шуурга шуурч буй, цас ойрын хэдэн жилд ороогүй их хэмжээгээр орсон байна. Нэлэнхүйдээ Монгол Улсын хэмжээнд зудын байдалтай байна. Манай хувьд мал тарга тэвээрэг сайн байсан сан бол гайгүй байх байлаа. Гэтэл мал эцэнхий туранхай байгаа учраас олноороо хорогдож байна. Ялангуяа баруун зүгийн аймгуудад байдал илүү хүнд байна даа. Ер нь алсдаа тэжээлийн үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай болжээ.
Миний хувьд есдүгээр сарын эхэээр орон нутгаараа явж, аймаг, сумдын удирдлагуудтай уулзаж ярилцсан. Төр засгаас мөнгө санхүүгийн асуудлыг шийдсэн байгаа. Гэхдээ л малчин бүртээ хүрч тусалж чадахгүй байна. Өнгөрөгч наймдугаар  сард Өвөр Монголын Баяннуур аймагт айлчлан ярилцсанаар 560 тонн малын тэжээл оруулж ирлээ.
Засгийн газар мөн хямд үнэтэй тэжээл малчиддаа өгч байгаа. Сая бид нутгийн зөвлөлийн шугамаар хандивын тоглолт хийсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай ярьснаар манай аймагт 50 сая төгрөг хуваарилуулсан байгаа. Түүгээрээ тэжээл авч зарим сумдад хүргүүлсэн. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах дэд хороог би ахалж ажилладаг болсон.
Энэ чиглэлээр НҮБ-ын хуралд суугаад ирлээ. Ази, Номхон далайн орнуудад санхүү-эдийн засгийн хямрал хэрхэн нөлөөлж байна гэдгийг бид гурав хоног Бээжин хотод шүүн хэлэлцлээ. Товчхондоо хэлэхэд улс орон бүрийн бэрхшээл зовлон өөр өөр байдаг юм байна.  Зудын дараах нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ гэдгийг одооноос анхааран ажиллаж байна.
Аль болох цөөн мал хорогдож, хохирол хөнөөл бага байгаасай гэж анхааран ажиллаж байгаа. Одоо Манлай суманд Оюу  толгой төслийн төлөөлөгч ажиллаж байна. “Энержи ресурс”-т манай хүмүүс ажилд орж байна гэсэн юм. Манлай сумын Засаг дарга Сугар “УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн санал санаачлагаар тус аймгийн 14 суманд жил бүрийн 3 дугаар сарын 1-нд торомны уралдаан зохион явуулж байхаар болж байна. Энэхүү арга хэмжээг Х.Бадамсүрэн гишүүн ивээн тэтгэж санхүүжүүлж байх болно. Мөн 9 дүгээр сарын 1-нд дааганы уралдаан зохион байгуулж байхаар боллоо” гэж зарлав.
Манлай сумын дунд сургуулийн захирал Ц.Ганхүлэг “Манай сургууль 430 сурагч, 25 багш, 15 үйлчилгээний ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургууль 400 сурагчийн хичээлийн байртай, харин дотуур байр нь ердөө л 100 хүүхдийн багтаамжтай.  Сурагчдын 60 хувь  нь хөдөөнөөс ирсэн малчдын хүүхэд байдаг аж. Гэтэл дотуур байр 100 хүүхдийг л багтаах сав тул малчдын хүүхдийн 40 хувь нь л энд хамрагдаж байна. Дотуур байрны хувьд хүндрэлтэй ганцхан асуудал байдаг. Хоногт хүүхэд бүр 868 төгрөгийн хоолны лимиттэй. Гэтэл цэцэрлэгийн багачууд л хоногт 1110 төгрөгийн лимиттэй болчихоод байна шүү дээ. “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсан хүүхэд өдрийн цайгаа 400 төгрөгөөр уудаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн норматив нь ердөө хоёрхон өдрийн цайгаар хязгаарлагдчихаж байна шүү дээ.
Иймээс БСШУЯ-наас тогтоосон дотуур байрны сурагчдын хоолны нормативыг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.

Мэдээний эх сурвалж: Сонин.мн



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:47 Мэдээний төрөл ,

1 comments for "Манлайчууд манлайлсаар л явна"

  1. манай нутаг байнашд мэдээ ер нь бага байна шүү сайт гэхэд

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook