МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Сар шинийн мэндчилгээ



Эрхэм хүндэт Өмнөговьчууд аа!
Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгаж, арван долдугаар жарны “Тийн урвагч” хэмээх төмөр барс жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Өргөө гэр, хороо хотоо цэмцийлгэн, идээ ундаа, битүүлэг цагаалгаа бэлтгэн өрх бүл, ураг саднаараа цуглан баясаж, ургах жилээ угтаж буй та бүхэн минь бие тэнхлүүн, бүтээл өндөр сар шинээ сайхан угтаж байна уу? Монголчууд бид баярын энэ өдрүүддээ улирах жилийн ололт амжилтаа цэгнэж, ургах жилийн өнгө төрх, бэлгэдэл, утгыг шинжин хэлэлцдэг билээ. Улиран одож буй “Харшлалт” хэмээх үхэр жил говь нутгийн ард түмний маань амьдрал шинэ соргог үйл явдлаар арвин баялаг байж, түүхийн хуудсыг зузаалан үлдээлээ. Тэнгэрт сүслэж, мал буянаа дээдэлсэн малчин түмний маань цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсөж 1755,2 мянган толгой мал тоолуулж өнгөрсөн оноос 70,2 мянган толгойгоор өслөө. Улиран одож байгаа 2009 онд нутгийн зон олныхоо эрх ашгийг хамгаалах, тэдний эдийн засгийн чадавхыг дээшлүүлж, амьдралын чанарыг сайжруулахын төлөө “Нутгийн хишиг” хөтөлбөрөө хэрэгжүүлж, говь нутгийн ард түмэндээ хүртээж эхэлсэн нь аймаг орон нутгийн хөгжил, нутгийн зон олны минь амьдрал ахуйд бодитой хувь нэмрээ өгч байна. Өмнөговь аймгийн болоод Монгол улсын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдан, уул уурхайг дагасан их хөгжлийн эх тавигдаж, хүн ардын маань амьдрал ахуй өөдлөн дэвжих эхлэл бий боллоо. Аймаг орон нутгийн ирээдүйн хөгжлийг цогцлоох “Байгалын баялаг-Сайн засаглал-Хөгжсөн Өмнөговь” хөгжлийн төлөвлөгөөг хийж, аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь тогтвортой аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай, эрчимжсэн мал аж ахуй гэж үзэн, Монгол улсын хөгжлийн “Жишиг аймаг” болох зорилт тавин ажиллаж эхэллээ. Уул уурхай эрдэс баялагын олборлолт, барилга орон сууц, дэд бүтцийн салбарт өмнөх жилүүдийн эхлүүлсэн ажлуудын үр дүнг үзэж, нийт иргэдийнхээ бизнес эрхлэх, амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4,9 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3,7 тэрбум төгрөг, БНХАУ-тай түншлэлийн журмаар 1,4 тэрбум төгрөгийн, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг шаардаж ажилласны үр дүнд 1,0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, орон нутгийн хөгжил цэцэглэлтийг нэмсэн олон төрлийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гадаад хамтын ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар анхаарч ажилласны үр дүнд БНХАУ-тай харилцдаг 2 боомтыг байнгын ажиллагаатай болгож, түүний үрээр экспорт гурав дахин нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл эерэг болж, иргэд, бизнес эрхлэгчдийн худалдаа хийх нөхцөл сайжран, эдийн засгийн үр ашиг дээшилж байна. Төрөлх говь нутагт минь уул уурхайн аж үйлдвэр түлхүү хөгжиж байгаагаас ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг онцлон хэрэгжүүлж, “Өмнөговь хөгжлийн сан”-аас санхүүжүүлэн 17 оюутныг БНХАУлсад инженерийн мэргэжлээр сургаж, Айвенхоу майнз компаний тэтгэлгээр 45 оюутан, Энержи ресурс компанийн тэтгэлгээр 30 оюутан хэрэгцээт мэргэжлээр их дээд сургуулиудад сургаж байна. Орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр жижиг, дунд үйлдвэрийн сан, хөдөлмөр эрхлэлтийн сангуудаас барилгын материал, оёдол, сүлжмэл бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй, эсгий, сүү сүүн бүтээгдэхүүн, гахай, тахианы аж ахуй эрхлэх чиглэлээр 98 аж ахуйн нэгж, хувь хүнд 1,0 тэрбум төгрөгийн зээл олголоо. Эрүүл мэнд, боловсрол болон нийгэм эдийн засгийн бусад салбарынхан ч чамлахааргүй үзүүлэлтэйгээр бар жилтэйгээ золголоо. Гэрэлтэй гэгээтэй энэ бүх үйлсийн эзэд нь говь нутгийн ард түмэн та бид билээ. “Тийн урвагч” хэмээх төмөр барс жилдээ үр хойчис, өрх бүл, говь нутгийнхаа сайн сайхны төлөө эв эеэ хичээж, хийж бүтээж, санаж сэдэх ажил их бий. Золгон ирж буй төмөр барс жил орон нутагт бизнесийн хөгжлийг дэмжсэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хүний хөгжилд чиглэсэн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн жил болно гэдэгт итгэлтэй байна. Ёс жудаг уламжлалт заншил, бэлгэдэл хүндэтгэлийг эрхэмлэн дээдэлсэн монгол түмний их баярыг ахмад настнаа хүндэтгэж, хүүхэд нялхсаа баярлуулан, ариун сайхны бэлгэдэл болсон сүү цай айраг ууж тэмдэглэдэг эртний уламжлалыг сэргээн, өрх гэр бүл, байгууллага хамт олны хүрээнд архи хэрэглэхгүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. Эрхэм хүндэт говь нутгийн ард түмэн минь ээ! Угтаж буй төмөр барс жилдээ ард олон, айл хотлоороо аз жаргалтай, эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, буян хишиг хурж, өлзий хутаг орших болтугай! Сүүн цацалтай ард түмний минь сүлд хийморь ямагт өөдөө байх болтугай! Сар шинэдээ сайхан шинэлээрэй !

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БАДРАА
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Л.БАТЧУЛУУН

Мэдээний эх сурвалж: Монгол Говь сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:51 Мэдээний төрөл

0 comments for "Сар шинийн мэндчилгээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook