МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлж сумогийн дэвжээг орхилоо

Их аварга Дагвадорж зодог тайлж буйгаа зарласан нь томоохон шуугиан дэгдээлээ.
Тэрээр “Би бүх хүнд талархсанаа илэрхийлж, зодог тайлж буйгаа мэдэгдэж байна” хэмээжээ.

Япон улсын Мэргэжлийн сүмо бөхийн Монголоос төрсөн анхны аварга, 68 дахь Их аварга Асашёорюүгийн зодог тайлах эсэх асуудлаар өнөөдөр Сүмогийн холбоо хэлэлцэх ёстой байсан билээ.

Гэвч Д.Дагвадорж өөрийн шийдвэрээр сүмог орхихоор шийдсэнийгээ Сумогийн холбооны хурал дээр хэлсэн байна. Тэрбээр "Та бүхний миний төлөө хийсэн бүхэнд баярлалаа. Одоо би зодог тайллаа" гэжээ. Мөн "асуудал бүхэн надад байна. Одоо бүх зүйл сайхан болно. Би амар тайвныг мэдэрч байна" гэсэн байна. Ердөө 20 гаруйхан минутын өмнө Японы телевизээр хийсэн түүний энэхүү мэдэгдэл нь спортын ертөнцөд шуугиан тараад байна.

Японы Эзэн хааны цомыг 25 дахиа хүртээд хэдхэн хонож буй их аварга ийм шийдвэр гаргасан нь хэдэн хоногийн өмнө болсон шуугиантай нь холбоотой болов уу. Их аварга маань үнэхээр өөрийн хүсэлтээр ийм шийдвэр гаргав уу, эсвэл ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд хүрэв үү. Олон олон асуулт түүний шүтэн бишрэгчдэд үлдлээ.

Тэрээр Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд алдар нэрээ бичүүлсэн түүхэн гавъяатай нэгэн билээ.
Японы мэргэжлийн сүмогийн хацү башёд түрүүлэн Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа хүртсэнээр сүмогийн түүхэнд гурав дугаарт бичигдээд байсан юм. Тэрбээр Их аварга Тайхогийн 32, Чиёнофүжигийн 31 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэх л үлдсэн байлаа.

Ердөө иймхэн зорилт үлдээд байхад тэрээр яагаад өөрөө энэ спортоос “явах” болов.

Харин Их аварга “Би дэлхийгээр нэг асуудал тарьсан. Одоо энэ бүгдийг ухрааж, уучлалт гуйж байна” гэлээ.
М.Жаргал
Мэдээний эх сурвалж: news.gogo.mn

***********************************************************************
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр 14 цагийн орчим /орон нутгийн цагаар/ сумо бөхийн ертөнцийг орхиж, зодог тайлах болсноо албан ёсоор зарлалаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумо бөхийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж өөрийн багш Такасаго ояката болон менежер Акихиро Ичимияа нарын хамт энэ тухайгаа Мэргэжлийн сумо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдсэн байна.
Их аварга сумог орхих болсондоо ямар нэгэн тодорхой тайлбар хэлээгүй бөгөөд “Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж байсан бүх хүмүүст талархаж байна. Энэ шийдвэрийг гаргаснаараа би мэргэжлийн сумо бөхийг орхиж зодог тайлах боллоо, Харамсах зүйл байхгүй” гэжээ.
Хэдийгээр Асашёорюү зодог тайлах болсон шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч сүүлийн долоо хоногт Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан их аваргатай холбоотой мэдээлэл, түүний нэр хүндэд зориудаар халдах зорилготой хэсэг бүлэг хүний явуулга, Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны явцуу гэмээр шахалт дарамт Монголын их аваргыг зодог тайлахад хүргэсэн нь тодорхой юм. Энэ тухай ч аваргын Япон дахь ойрын эх сурвалжууд ярьжээ.
Ялангуяа, өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлсэнийх нь дараа Японы сонин хэвлэлээр өдөр бүр Асашёорюүгийн нэр хүндэд халдсан мэдээлэл гарч, үүнийг зарим хүн бодлоготойгоор дэвэргэн, сумогийн холбоо түүнийг хөөх хүртэл арга хэмжээ авах болсон талаар шуугиж эхэлсэн нь их аваргад сэтгэл зүйн хүнд дарамт болсон юм.
Асашёорюүг тэвчихийн аргагүй байдалд хүргэсэн үйл явдал буюу ресторанд хүмүүстэй маргалдсан гэх хэрэг нэгдүгээр сарын 16-нд гарсан гэж байгаа ч түүнийг сүүлийнхээ сарын башёд түрүүлсэн өдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацсан байдаг. Энэ өдөр их аварга Д.Дагвадорж 25 дахь удаагаа түрүүлснээр Мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтын гуравдугаарт бичигдэж, домогт Тайхо /32/, Чиёнофүжи /31/ нарын араас нэхэн ирсэн юм. Харамсалтай нь, түүнийг түрүүлсэн өдөр “Их аваргын бяр хүч хариагүй байна. Асашёорюү хүчтэй байна” гэсэн мэдээлэл гарч байсан ч хэдхэн хоногийн дараа их аваргын нэр хүндэд халдсан мэдээлэл ээлж дараалан цацагдаж эхэлснийг сумо сонирхогчид өөр өөрсдийнхөөрөө хүлээн авч байгаа биз ээ.
Гэхдээ дээрх сөрөг мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо Асашёорюүд хатуу хандах хэрэггүй, түүнийг ийм асуудалд холбогдсон хэргээр шүүх шаардлагагүй” гэсэн тайлбар хийж байсан ч хэд хоногийн дараа түүнийг сумогоос хөөх тухай албан ёсны тайлбар хийж, шахалт үзүүлж эхэлсэн нь магадгүй МОНГОЛ их аваргыг сумогоос явах шийдвэрийг өөрөө гаргахад хүргэсэн байх талтай.
Ийнхүү Японы мэргэжлийн сумогийн ертөнцөд шинэ хуудас нээж, үзэгчгүй болсон үндэсний спортыг нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хэмжээнд хүргэн, олон шинэ дээд амжилтын эзэн болсон ИХ АВАРГА Асашёорюү Д.Дагвадорж өнөөдрөөс эхлэн мэргэжлийн сумо бөхөд өөрийн орон зайгаа үлдээн, зодог тайллаа.
Б.Бадмаа

Мэдээний эх сурвалж: News.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 21:06 Мэдээний төрөл

0 comments for "Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлж сумогийн дэвжээг орхилоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook