МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймгаас төрсөн алдартнууд

МОНГОЛ УЛСЫН БААТРУУД:
 ТҮВДЭНГИЙН БОР
            Т.Бор Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Дархар нүдэн гэдэг газар малчны гэр бүлд 1913 онд төржээ. Эцэг эхийн гар дээр мал маллахын хамт тэр үеийн Дэлгэрхангай уулын хошуу тамган дээр бичиг үсгийн түр сургуульд орж амжилттай суралцан 17 насандаа 1930 онд тэр үеийн Богд хаан аймгийн Шанхай уулын хошууны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдож, тэр үеийн нийгмийн онцгой байдлыг ухааран цаг төрийн байдалд дүгнэлт хийх чадвартай болсон байлаа.
1932 оны хавар хувьсгалын эсэргүү Ганжирваа хувилгаан (Одоогийн Баян-Овоо сумын төвлөрч байгаа Долоо шар загийн хөндийн том лам) түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсдын үг ятгалганд сохороор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн, хөдөлсөн ардуудад төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж яваад Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар эсэргүү нарын отоонд орж хүчинд автан баригджээ. Баригдсан тэднийг Лүнгийн хийдэд аваачиж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгий дотор зөрүүлж боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоож, маргааш өглөө нь эртлэн “Тугийн цохио”-нд аваачиж хороохоор авч явсан боловч нар гарч хүн малын хөдөлгөөн их болсон тул зорьсон газраа хүрсэнгүй. Т.Борыг нөхдийн хамт “Тугийн цохио” хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь 4 м өндөр цавчим цохион дээр аваачин буудаж нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан хороожээ. Тэдний дотроос Цогцолын Сайнбаяр, хөндий цээжээрээ буудуулан шархдан мөлхөж яваад Даваа гэгч эмэгтэйн ачаар амьдарч хувьсгалын эсэргүү нарын харгис үйл явдлыг илчлэн зоригт эмэгтэй Т.Бор түүний нөхдийн баатарлаг эх орон ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө тууштай тэмцэгч байсан алдар гавъяаны амьд гэрч болсон билээ.
Ийнхүү Түвдэнгийн Борыг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд “Улсын баатар” цолоор нэхэн шагнасан юм. Мөн Цогтцэций сумын дунд сургуулийг Т.Борын нэрэмжит болгож сургуулийн урд зоригт эмэгтэйн хөшөөг босгож Т.Борын амьдрал тэмцлийг харуулсан музей байгуулсан байна. Даланзадгадад 1932 оны эсэргүү нарын хэрэг явдлын улмаас амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж босгосон өндөрлөгт Т.Борын дүрийг товойлгон нэрийг сийлж алдаршуулсан юм.
 ДАМИРАНГИЙН НАНЗАД
Түшээт хан аймгийн Эетэй бээлийн хошуу одоогийн Манлай сумын нутагт 1891 онд ядуу ард Дамирангийн 7-р хүү болон мэндэлжээ. Нанзадыг бага байхад эх Хундган нас барж, эцэг Дамиран амьдралын ядуугийн эрхээр 7 настайд нь бусдад үрчлүүлсэн байна. Нанзад нь үрчилсэн эцэг Ишбал, эх Буджаргал нарын асрамжинд мал маллаж, эмнэг хангал сургаж, халуунд халж, хүйтэнд хөрч явж хүний зэрэгт хүрчээ.
Тэр 1910 онд ах Балдангийн оронд цэргийн албанд дайчлагдан тэнд өөрийн авхаалжаар бичиг үсэг сурч цэргийн байлдах чадварыг эзэмшиж үлэмж авъяастай болохоо харуулсан ажээ. Манжийн дарлалд байсан Монголын ард түмний хорсол хилэн бадарч, нутаг орноо харийн дайснаас хамгаалах үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөх үед жирийн цэрэг Нанзад, ард түмнийхээ гашуун зовлон, эх орныхоо өмнө тулгарсан аюулыг ухамсарлан Монголын ард түмний тусгаар тогтнолыг хамгаалах үйл хэрэгт Хатанбаатар Магсаржавын удирдлагаар нэгэн санаат зоригт нөхдүүдийнхээ хамт тэмцэн Хятадын хар цэрэгтэй 10 гаруй удаа амжилттай байлдсаны дотор 1921 онд Буут, Хөх хот, 1913 онд Шанаган, Шиндий, Батхаалганы чиглэлээр удаа дараа байлдаж урвагч жанжин Мууранг 70 цэргий нь хамт баривчилж 1914 онд Шинэ булаг, Улаан дов, Сулинхээрийн чиглэлд байлдаж ялалт хийжээ. Дараа нь 1915-1917 онуудад Бавуужавын дээрэмчдээс өөрийн орны хязгаар нутгийг хамгаалан Бухын хашаат Халхын гол орчмоор аялан явжээ. Ийнхүү Д.Нанзад эх орныхоо хил хязгаарыг харийн дайснаас хамгаалах хэрэгт зориг самбаа гарган морины нуруунаас буух завгүйгээр баатарлагаар байлдаж тэмцэлдэж ялалт байгуулсан учир Богдын засгийн газраас “Баатар”, “Баатар тэргүүн” цолоор удаа дараа шагнагдаж байжээ.
Гэтэл Хятадын Аньфу бүлгийн Засгийн газар нийслэл хүрээнд (1917-1919 онд) сууж байсан өөрийн төлөөлөгч Чен-И-гээр дамжуулан Автономит Монголын засгийн газарт шахалт үзүүлснээр Хятад, Монголын хилийн дагуу байсан цэргийн тоог цөөлөн тарааж, заримыг нь Оросын хил рүү шилжүүлэн суулгаснаас хойш Хятад цэргийн тоо олшрон олон газар тархсан энэ үед Нанзад баатар хүрээнд эргэн ирж, урьдын адил Хужир булангийн цэрэгт сууж байснаа Алтан булагт томилогдон их бууны аравны даргын үүргийг гүйцэтгэж байгаад 1918 онд Хятадын цэргийн захирал Өлзийдүүрэнгийн тушаалаар гамин цэрэгт зэвсгээ хураалгаж тэдний гарт орсон боловч цагийн аясыг даган Ерөө голын өртөөний албыг хаахын хамт элдвийг бодож, ард түмний тэмцлийн байдлыг ажиглаж байтал Хужирбулангийн цэрэгт хамт байж ижил дасал болсон хуучин танил Д.Сүхбаатар намын ажлаар Дээд шивээнээ хүрэлцэн очих замдаа Ерөө гол орсноор уулзах завшаан тохиожээ.
 Энэ үеэс эхлэн Д.Нанзад бүх амьдралаа Ардын хувьсгалын үйл хэрэгт зориулжээ. Д.Сүхбаатарын удирдлагын дор олон сэтгэлт сайн нөхөдтэйгээ хамтран ардын намын цэргийн эгнээг өргөтгөх дайсныг устгах ба амьд хүчийг олзлох, дайсныг тагнах, хувьсгалчидтай холбоо барих, нууц мэдээ дамжуулах үүргүүдийг чадамгай биелүүлж байлаа. Ийнхүү Д.Нанзад ардын намын үйл хэрэгт үнэнч зүтгэгч болохоо хувьсгалч нөхдийнхөө өмнө харуулж чадсаны учир Д.Сүхбаатарын урьдчилан өгсөн даалгаврын ёсоор өөрийн салааг авч Хиагт хотын хойт хаалгаар цөмрөн орж гамин цэргийг устгалцан гамингийн яам, гамин цэргийн үүрэлж байсан байшинг эзлэн авчээ.
Дараа нь гамингийн цэргээс чөлөөлөгдсөн Хиагт хотын иргэдийн амгалан байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээж анги удирдан суужээ. Дараа нь цэргийн тусгай анги удирдуулан Ивцэг, Шаамар зэрэгт чөлөөлсөн нутгуудыг тохижуулах ба цагаантны дээрэмчдийг устгах хүрээг чөлөөлөх зорилтыг тавьж цэргийн байлдааны бэлтгэлийг хангах чухал үед Д.Нанзад нь ардын журамт цэргийн тэргүүн хорооны даргаар томилогдон 1921 оны 6 дугаар сард Жанжин Сүхбаатараас Эрдэнэвангийн хошууны хойт биеэр орж баруун ангийн цэрэгтэй нийлэн хүч хавсран Барон Унгерны цэрэг дотоодын харгис хүчинтэй нэгдэж Хиагт хотыг түрэмгийлэн дайрч эзлэх гэсэн оролдлогыг таслан зогсоох үүрэг авч цагаантны цэрэгтэй ширүүн тулалдан ялалт хийжээ. Эндээс цааш явж хүрээг чөлөөлөх, тохижуулахад оролцож байгаад Улиастайн цэргийн захирлаар томилогджээ.
Ардын Засгийн газраас Улиастайн сайдад нууцаар довтолгон тушаасан 1922 оны 10-р сарын 7-ны өдрийн тушаалаар хэсэг нөхдийн хамт харгис Дамбийжанцанг даран сөнөөх үүрэг авч даалгаврыг тушаал ёсоор гүйцэтгэсэн билээ.
Д.Нанзад түүнээс хойш Улаанбаатарт цэргийн албанд сууж байгаад 1923 оноос Зүүн хязгаарын Гурванбаян, Ховд дахь цэргийн хороонуудад даргаар томилогдон ажиллаж байснаа өвчний учир уг албанаас чөлөөлөгдөн Улаанбаатарт ирж Цэргийн яам, Цагдан сэргийлэх байгууллагуудад ажиллаж байгаад 1931 оны өвөл 40 насандаа насан өөд болжээ. Ардын баатар, партизан Д.Нанзадын түүхэн гавьяаг өндрөөр үнэлж түүний дурсгалын хөшөөг 1966 онд мэндэлсний нь 75 жилийн ойгоор төрсөн нутаг Манлай сумын төвд босгохоор МАХН-ын Төв хороо 1965 онд тогтоол гаргажээ.

ЗОГСОО САНГИ
Санги баатрын талаар (С.Дамбадаржаа “Их говийн зоригтон” 1872 он) номонд дурьдсан хүмүүсийн тодорхойлсноос үзэхэд Зогсоо Санги нь 1867 онд Сайн ноён хан аймгийн Балдан засгийн хошуу одоогийн Ноён сумын нутагт Таана хэмээгч ардын гэр бүлд төржээ. Санги нь туйлын ядуу амьдралтай айлын хүүхэд байсан бөгөөд ямаан дээл өмсөж илжиг унан айлын мал малладаг байв. Тэр залуу насандаа цэрэгт татагдаж Хятадын хар цэрэгтэй байлдаж ихээхэн ялалт байгуулж явсан ба Санги нь Монголын автономит засгийн үе, дараа нь ардын хувьсгалын эхэн үеүдэд Хатанбаатар Магсаржавын удирдлагын доор явж Сулин хээрээс Бат хэрэм хүртэл 3 удаагийн байлдаанд оролцож байв. Мөн эх нутгаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалах шударга дайнд удаа дараа гарамгай байлдсан учир Автономит засгийн газраас Санги нь баатар цол, сэлэм жинс, жороо морь зэргээр шагнагдаж байжээ. Санги нь бирдаан буугаар зогсоогоороо маш мэргэн бууддагаас гадна сэлэм сайн эргүүлдэг байсан учраас “Зогсоо” нэрийг авчээ.
Санги нь орон нутагтаа ирж Хүрэн хана гэдэг газар нутаглаж байтал 1921 онд ардын журамт цэрэгт бут цохигдсон гамин цэргүүд орон нутгаар тарж ард түмнийг айлган түйвээж байгааг сонсоод угтан байлдаж ард түмний амгалан тайван байдлыг хамгаалалцаж явжээ. Тэрээр 1940 онд 73 насандаа тэнгэрт хальсан байна.
ПАРТИЗАН МЯТАВЫН ЯРИН
М. Ярин Түшээт хан аймаг засаг Содномдоржийн хошуу, одоогийн Манлай сумын нутаг Цагаан хад гэдэг газар 1884 онд төржээ. Багадаа эхтэйгээ хоёулаа амьдарч хэдхэн ямаанаас өөр хөрөнгөгүй ядуу зүдүү байсан учир нутгийн нэгэн баян Минжүүрийнд зарцлагдаж байжээ. 1911 онд Хужирбулангийн цэрэгт орж таван сар болсны дараа зүүн өмнө хязгаарт байлдаанд мордож хятадын хар цэрэгтэй байлджээ. Үүнд: Уур чулуу, Шилийн гол, Шуурга, Хөөрөг, Дархан уул, Тэнгэр элс, Долнуур зэрэг газруудаар олон удаа байлдаанд оржээ. Хатанбаатар Магсаржавын 500 цэрэгт оролцож Сулинхээрийн байлдаанд гурван удаа оролцож баатарлаг гавъяа байгуулж “Баатар” цолоор шагнуулжээ. Дараа нь баруун өмнө хязгаарыг илбэн тохинуулахад сайд СО-гийн 10 цэрэгт оролцож Дамбийжанцангийн дээрэмдсэн эд хогшлыг хураалцаж иржээ.
Барон Унгерний цэрэг ирж нийслэл хүрээнд гамин цэрэгтэй байлдах үед Ярин хуучин цэрэг, ардууд 200 гаруй хүн нэгтгэн гамингийн ар талд бослого гаргаж гаминг нийслэл хүрээнээс хөөн зайлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Тэгээд Барон Унгерний хүчинд автагдаж түүний цэргээр 24 хоног болсон байна. Энэ завсар Алтанбулагаас зугатан ирсэн гаминг устгах Улаан хаданд болсон хоёр удаагийн байлдаанд оролцжээ.
Хатанбаатар Магсаржав баруун хязгаарт томилогдон явах үедээ Яринтай уулзаж цагаантнууд гамингаас илүү хортой гэдгийг тайлбарлаж автономитийн үед цэрэгт явж байсан хүмүүсийг цагаантнаас салгах тухай ажил хийхийг даалгажээ. Энэ үүргийн дагуу Ярин хуучин цэргийн нөхдийн дунд ухуулга хийж Барон Унгернээс салган оргуулах ажлыг нууц хийсэн байна. Даргаар Сүхбаатар, Чойбалсан нарын ангид Барон Унгерн дарагдаж , Бишрэлт гүн Сундуй нь өөрийн лам, хар хоёр түшмэлийг нууцаар нийслэл хүрээнд ирүүлж ноёд ихсээс хэрхэхийг асуулгах үед Ярин хоёр түшмэлтэй уулзаад та нар Баронаа барьж улаан цэрэгт тушаавал амь чинь аврагдахаар барахгүй харин гавьяа болно гэж сануулжээ.Тэгээд гүн Сундуй Барон Унгернийг барьж улаан цэрэгт тушаагаад нийслэл хүрээнд буцаж ирээд чи сайн арга хэлж өгсөн шүү гэж Яринд хэлжээ. Ярин Бароны цэргийн дотор байхдаа Ерөө голд Сүхбаатараас нууц даалгавар авч монголчуудыг цагаантнаас салгах ажлаа идэвхитэй болгож Сүхбаатарт Бароны цэргийн байдыг тодорхой мэдээлж байсан алдар хүндтэй хүн байлаа. Тэрээр 1965 онд тэнгэрт хальжээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД:
 ДАВААСҮРЭНГИЙН ЖИЖЭЭ
Манай аймгийн Хөдөлмөрийн ууган баатар Д.Жижээ 1922 онд Мандал-Овоо сумын нутаг Хоромсого гэдэг газар ядуу ард Даваасүрэнгийн 4 дүгээр охин болон төрж бага наснаасаа эхлэн тэмээ маллажээ. Д.Жижээ 1947 онд баян Ёгоо гэгчийн тэмээ хариулж байсан тэмээчин залуу Доржтой гэр бүл болжээ. Ийнхүү заган их говьдоо, зандан ширээ тэмээгээ маллах хувьтай төрсөн хоёр хос амьдралаа холбож амины 80 гаруй тэмээгээ маллаж, аз жаргалтай амьдралын эх суурь нь тавигдсан гэдэг. 1957 онд тэр үеийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд элсэн орж тасралтгүй 30 шахам жил тэмээн сүргээ адгуулан маллаж, мал сүргээ өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар гарамгай амжилт гаргаж улс, аймаг, сумын аварга малчнаар удаа дараалан тэргүүлж амжилт үзүүлж байлаа.
Түүний тэмээн сүргийн арчилгаа маллагаа, ботго бойжуулах, ашиг шимийг нь авч ашиглах талаар гаргасан хөдөлмөр бүтээлийн их амжилтыг өндрөөр үнэлж 1962 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгож Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнасан нь аймаг сумандаа анхных байлаа. Тэрээр өөрийн арвин их туршлагаа бусдад эзэмшүүлэх талаар уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд Номгон сумын тэмээчин Гомбосүрэн, Мандал-Овоо сумын тэмээчин Хамар нар “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж, улс аймгийн аварга олон тэмээчид төрөн гарчээ.

ЦЭДЭВИЙН ШАТАР
Шатар нь 1923 онд одоогийн Хүрмэн сумын нутаг “Чулуут” гэдэг газар малчин ард Нанзадын анхдугаар хүү болон мэндэлжээ. Шатар нь эгч Цэдэвт үрчлэгдэж 16 нас хүртлээ түүний асрамжинд хүмүүжиж мал маллаж байгаад 1939 онд Улаанбаатар хот дахь ХАА-н техникумд орж суралцан онц дүнтэй төгсгөж, 1943 оноос Төв аймгийн Жаргалантын САА, Өвөрхангай аймгийн Хар хорины САА, Архангай аймгийн Төвшрүүлэхийн САА-нуудад механикч, ерөнхий механикчаар, Өмнөговь аймгийн Ханхонгор сум дахь ХААЯ-ны механикжуулалт, цахилгаанжуулалтын эрдэм шинжилгээний станцын харъяа явуулын бригадын даргаар тус тус ажиллаж байв.
Улсад ажиллах хугацаандаа будааг салхины хүчээр цэвэрлэх машин, өвсний морин хадуур жаткуудыг агрегатлан ажиллуулах холбоос, уулнаас барилгын материал татах дүүжин маягийн гүүрийг Орхон голд тавьж ашиглуулан “С-6” комбайнаар эрдэнэ шиш хураадаг болгож хөдөлмөр хөнгөвчилсөн зэрэг олон арван шинэ бүтээл, оновчтой санал гаргаж, ХАА-н үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн хамт БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очир, Шаравдорж, Р.Авирмэд, Ц.Адъяа, С.Цагааншүхэрт, Э.Туваан, Г.Лувсанчимэд зэрэг олон зуун хүнд тракторч, комбайнчны мэргэжил эзэмшүүлжээ. Төр засгаас Шинийг сэдэж санаачлан уйгагүй хөдөлмөрлөгч Ц.Шатарын гавъяа зүтгэлийг үнэлж, 1962 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, 1973 онд БНМАУ-ын ХАА-н анхны гавъяат механикжуулагч цол болон төрийн олон одон медалиудаар шагнагджээ.

ДАЛАЙН ХАМАР
Мандал-Овоо сумын нутаг “Боргиот” гэдэг газар 1937 онд малчин ард Далайн 1-р хүү болон төрж бага наснаасаа мал маллан, 1958 онд Мандал-Овоо сумын “Өрнөлт” нэгдэлд гишүүнээр элсэж, тэр цагаас эхлэн тасралтгүй 35 жил тэмээн сүргээ маллаж иржээ. Хөдөлмөрийн баатар, алдарт тэмээчин Д.Жижээгийн шавь бөгөөд түүний арга туршлагаас эзэмшин, өөрийн үйл ажиллагаанд мөрдөхийн сацуу залуу үеийнхэнд өвлүүлэхэд сэтгэл, зүтгэл гаргасаар ирсэн алдарт малчин юм. Д.Хамар нь БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар нэг удаа, аймаг сумын ардын хурлын депутатаар удаа дараа сонгогдон ажиллажээ. МАХН-ын болон Хөдөө аж ахуйн нэгдлийн удаа дараагийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байв. Мөн гурван удаагийн таван жилийн гавшгайч цол, ЗХУ-ын аравдугаар таван жилийн гавшгайч цол, мэдээлэл радио, телевизийн улсын хорооны нэрэмжит “Алтан ботгоны эзэн” шагнал, ботго бойжуулалтаар аймгийн 3 удаагийн, сумын 8 удаагийн аварга төлчин болжээ.
Д.Хамарын тэмээн сүргийн арчилгаа маллагаа, ботго бойжуулах, ашиг шим авч ашиглах талаар гаргасан хөдөлмөрийн идэвх зүтгэлийг өндрөөр үнэлж 1975 онд “Алтан гадас” одонгоор, 1979 онд “Сүхбаатарын одон”, 1988 онд БНМАУ-ын аварга малчин цол, 1993 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Алтан соёмбо медаль болон ойн медалиудаар шагнажээ.
 ХОРОЛЫН ЦЭВЭГМЭД
Баян-Овоо сумын нутаг Гэдрэгийн ард 1935 онд малчин эмэгтэй Хоролын хүү болон төржээ. Баян-Овоо сумын бага сургуульд суралцан улмаар 8 жилийн боловсролтой болж, бага насаа мал маллан өнгөрүүлж, 1954 оноос жолооч болж, 30 гаруй жил ачааны машин барьж, жил бүрийн уралдааны үүргээ 107.0-200.0 хувь биелүүлж, хос чиргүүл хэрэглэж, өвсний өргөтгөсөн механик татлага хэрэглэх, резин дугуй, шатахуун сэлбэг хэмнэж жил бүр олон мяган төгрөгийн ашигтай ажиллаж иржээ.
1977 онд аймгийн, 1979 онд ачаа тээврийн улсын аварга, аймгийн хөдөлмөр соёлын 11 удаагийн аварга болжээ. 1978 онд саятны бригадын анхны гишүүн болж, улмаар 11 залуу тээвэрчдээр саятны төлөө бригад байгуулан ажиллаж залуучуудыг халамжлан хүмүүжүүлж байсан манай улс, аймгийн алдар цуутай тээвэрчний нэг юм. Х.Цэвэгмэд нь Ардын Их Хурлын депутатаар нэг удаа сонгогдож байжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 1981 онд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол, “Алтан соёмбо”-т медаль, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон бусад ойн медалиудаар удаа дараа шагнасан байна.
УЛСЫН АВАРГА МАЛЧИД:
Малчид бүх нийтээрээ нэгдэлжиж, мал сүргийн үнэмлэхүй олонх нь нийгмийн өмч болсон, амины малд тоо хязгаар тогтоосон шинэ нөхцөлд малчны хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, зайлшгүй шаардлага гарсан учир 1962-1993 онд “Улсын аварга малчин” алдар цол, диплом, энгэрийн тэмдэг, хүндэтгэлийн тууз, дотуур тавилга бүхий таван ханатай давхар бүрээстэй гэрээр Хөдөө аж ахуйн яам, Нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс шагнаж байлаа. Хариуцсан сумынхаа төлийг бусдаас давуу бойжуулсан, мал аж ахуйн мэргэжилтэнд “Мал аж ахуйн аварга мэргэжилтэн” алдар цол, диплом, энгэрийн тэмдэг, хүндэтгэлийн тууз, мотоцикль, урьдын амжилтаа ахиулан бататгасан малчинд “Улсын хошой аварга малчин” алдар цол, диплом, энгэрийн тэмдэг, хүндэтгэлийн тууз, 5000 төгрөг олгож байлаа.
Улсын бэлтгэлийн малыг олон жил алдаа эндэгдэлгүй тууварлахдаа дээд зэргийн тарга хүч авахуулж, гэрээт даалгавраас их хэмжээний мах илүү тушаасан тууварч малчинд “Улсын аварга тууварч малчин”, урьдын амжилтаа ахиулж бататгасанд “Улсын хошой аварга тууварч малчин” алдар цол, диплом, энгэрийн тэмдэг, хүндэтгэлийн тууз, мөнгөн шагнал олгож байлаа. Суурийн ахлагчид нь дээрх шагналыг олгохын хамт туслах зарим малчинд “Улсын туслах аварга малчин” алдар цол, энгэрийн тэмдэг, диплом, мөнгөн шагнал өгч байв.
Тус аймгаас дээр дурьдсан хугацаанд 68 малчин, мал аж ахуйн 2 мэргэжилтэн, 1 тууварч малчин, гахайчин, ногоочин, хадланч тус бүр 1 улсын аварга болсны гадна 3 хүн улсын хошой аварга малчин, тууварч малчин цол шагнагджээ.
Тэдгээрийг сумаар нь авч үзвэл: Баян-Овоо сум Ш.Аюурзана 1962 онд, С.Мижиддорж 1981 онд, Баяндалай сум А.Түвдэнлувсан 1966 онд (аварга мэргэжилтэн), Х.Доржсүрэн 1967 онд (аварга мэргэжилтэн), Н.Жамцдорж 1970 онд, Булган сум С.Адъяа 1966 онд, Ж.Дондив 1978 онд, Г.Бадамсүрэн 1974 онд, С.Цэдэн-Иш 1989 онд, Д.Баатар 1990 онд, Б.Цэдэвсүрэн 1991 онд, Гурвантэс сум Ц.Чимэд 1962 онд, Ж.Дондив 1978 онд (тууварчин), Р.Нэргүй 1979 онд (ногоочин), С.Сугир 1981 онд (гахайчин), Ханхонгор сум Ж.Бага 1963 онд, Г.Өлзий 1968 онд, Э.Цэрэнжав 1972 онд, Г.Чимэддорж 1989 онд, Ц.Шоовдор 1989 онд, Сэврэй сум Б.Нацаг 1966 онд, Д.Чулуун 1967 онд (зоотехникч), Х.Шархүү 1967 онд, А.Бадамцэдэн 1967 онд, Ц.Маавар 1968 онд, Л.Намжилдорж , Манлай сум Д.Дорж 1962 онд, Х.Лавсандорж 1965 онд, Б.Совд 1967 онд, Ц.Банди 1971, 1975 онд (хошой аварга), У.Агваандорж 1972 онд, Г.Ламхүү 1978 онд, Д.Лувсан-Иш 1985, 1988 онд (хошой аварга), Д.Хүүхэндүү 1986 онд, Ш.Пүрэв 1989 онд, Д.Бямбажав 1989 онд, А.Амарсанаа 1989 онд, Л.Батмөнх 1991 онд, Д.Баасанжав 1992 онд, Мандал-Овоо сум Д.Хамар 1987 онд, Ө.Лхагваа 1990 онд, Ц.Батсүрэн 1990 онд, Ноён сум Т.Бантгар 1963 онд, Х.Дашжамц 1983 онд (хадланч), Ш.Бадамцэрэн 1988 онд, Цогт-Овоо сум Ц.Балхүү 1965 онд, М.Балдорж 1977 онд, Ц.Шар 1985 онд, Т.Туулайхүү 1987 онд, Ч.Бямбаа 1988 онд, Т.Шар 1988 онд, Д.Банзрагч 1989 онд, Цогтцэций сум О.Гимбэл 1975 онд, Р.Даваахүү 1985 онд, Ханбогд сум У.Чулуунхүү 1989 онд, С.Төмөр 1965 онд, Д.Тангад 1969 онд, Ж.Жамбал 1969 онд, М.Пүрэв 1988 онд, Хүрмэн сум Г.Батчулуун 1963 онд, Л.Түмэн-Өлзий 1967 онд.
Мөн улсын залуу аварга малчин цолыг 1975 оноос олгож 19 залуу хүртсэн юм. Үүнд: Булган сум Ё.Бадамсүрэн 1979 онд, Н.Нарантуяа 1979 онд, Гурвантэс сум О.Цогзолмаа 1982 онд, Номгон сум Б.Энхжаргал 1987 онд, А.Батжаргал 1988 онд, Ш.Аюурзана 1989 онд, А.Эрдэнэчулуун 1989 онд, Ц.Цэрмаа 1989 онд, Хүрмэн сум Д.Энхтуяа 1976 онд, Ханбогд сум Ц.Нэргүй 1976 онд, Х.Бадамцэцэг 1978 онд, Т.Дашням 1977 онд, С.Түмэндэлгэр 1989 онд, Сэврэй сум Ж.Отгонсүрэн 1980 онд, М.Саран 1989 онд, Цогтцэций сум С.Дүүхүүхэн 1976 онд, Х.Цэцэгдэлгэр 1986 онд тус тус болжээ.
УЛСЫН САЙН МАЛЧИД:
Мал аж ахуйн үйл ажиллагаанд ихээхэн дутагдал оршиж байгааг НТХ-ны 1943 оны 12 дугаар сард бүгд хурлаар хэлэлцэн тэмдэглээд тогтоолдоо заасан нь: Мал аж ахуйг хөгжүүлэх талаар ард түмэнд тусламж болох тусгай сургааль зааврыг зориуд үйлдэж гаргах тухай илтгэлд тавьсан саналыг сайшаан уул заавар сургааль гаргахыг Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд даалгасугай хэмээжээ. Үүнийг үндэслэн авсан нэг арга хэмжээ нь 1944 оны 3-р сард олон сайн малчдын тэргүүний хэсэг хүмүүсийг зориуд урин ирүүлж, мал маллагааны арга туршлагаар улсын зөвлөгөөн Улаанбаатар хотод хийжээ. Түүнд оролцох малчдыг тусгай болзлын дагуу баг, сум, аймгийн захиргаа, хөдөлмөрчдийн хурлаар шат дараалуулан хэлэлцэж, 1943 оны хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон малчдад “Улсын сайн малчин” алдар хайрлаж энгэрийн тэмдэг олгожээ.
 1944 оны 9 дүгээр сарын 22-нд Засгийн газар, Намын Төв Хорооноос малаа 1000, 5000, түм хүртэл өсгөсөн малчинд “Улсын алдарт сайн малчин” цол олгож үнэт эд өлгийн 3 зэрэгт шагнал дурсгах тухай 92/62-р тогтоол гаргажээ. Тэр дагуу уг алдар цолыг “Улсын алдарт сайн малчин” гэсэн үг бүхий таван хошуу малын дүрсийг товойлгон цутгасан мөнгөн пайз, “1000 малтан”, “5000 малтан”, “10000” малтан гэсэн үг бүхий мөнгөн бүслүүртэй хувин, эрээн майхан, өвсний машин, малын хашааг олгодог болжээ. Малын тоо нэмэгдэхийн хэрээр шагналын зэргийг ахиулж хувин, майхны хэмжээг томруулж байв.
Түмэн малтай малчинд таван төрлийн эцэг малын мөнгөн цутгамлыг 6 хасаг, 5 тотготой ган тулгатай нэмж өгдөг болжээ. 1944 оны амжилтаар улсын хэмжээнд 97 малчинд олгосон бол 1945 онд Мичин жилийн зудад мал сүрэг ихээр хорогдсоны учир алгасан 1947 онд 57 малчинд олгосон байна. Энэ шагналын 1000 малчны зэргийнхээр манай аймгаас лавтай мэдэгдсэнээр Мандал-Овоо сумын малчин Дашийн Авирмэд 4 удаагийн зөвлөгөөнд дөрвүүлэнд нь оролцож, маршал Чойбалсантай байнга уулзаж мал аж ахуйн талаар санал зөвлөгөөнийг нь сонсдог “Маршлын 16” гэгддэг тэргүүний хэсэг хүмүүсийн нэг нь байлаа. Тэрээр 1950-иад оны үед 1150 толгой мал тоолуулсан мэдээ бий.
Мөн Сэврэй сумын сайн малчин Магсарын Ваанчиг 1941 онд 1614 толгой мал тоолуулж, Баян-Овоо сумын сайн малчин Сүрэнхорын Намжил, мөн сумын сайн малчин Дарамын Чойдорж нар 1000 давсан малтны зэргийнхээр шагнагджээ. Дээрх 4 удаагийн зөвлөгөөнд оролцож, “Улсын сайн малчин” тэмдэг, төрийн одон медалиудаар шагнагдсан олон сайн малчин сум бүрд байсныг энд бүрдүүлэн тооцож чадсангүйг уучилна бизээ.
Нэгдлийн мал сүрэг хувьчлагдсаны дараа амины мал сүргээ өсгөж 1000 түүнээс дээш тоо толгойд хүргэсэн ашиг шимийн үзүүлэлтээр өндөр амжилт гаргасан малчдад Монгол улсын Засгийн газраас 1993 оноос эхлэн улсын сайн малчин цол олгож анх диплом, энгэрийн тэмдэг, цалин цагаан мөнгөн азарганы цутгамал, мөнгөн шагнал өгсөн юм. Энэ алдар цол шагналаар 1994 онд Самбуугийн Буянт (Цогт-Овоо сум), Бөлцөөний Дамдин 1995 онд (Ханбогд), Гунгаагийн Од 1996 онд, Дашийн Сэд 1997 онд (Булган сум), 2006 онд Рэнцэндооровын Баатар /Цогтцэций сум/, 2007 онд Бандийн Жаалхүү /Манлай сум/ нар шагнагджээ.
  
СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРТ:
  
ЮНДЭНГИЙН СОСОРБУРАМ
Өмнөговь аймгийн Ноён сумын Бэлийн толгой гэдэг газар 1931 онд Юндэнгийн 7-р хүү болж төрсөн. 1941 онд Ноён сумын бага сургуулийг төгсч аймгийн дунд сургуульд орж суралцан жүжигчин болох гараагаа эхэлсэн. 7-р анги төгсөөд багшийн сургуульд суралцан багш болж ирэхэд нь аймгийн соёлын ордонд жүжигчнээр авсан нь түүний уран бүтээлээ туурвих     боломж хангагдсан байна. Өндөр настай ээжээ асрахын тулд саналаараа төрлөх Ноён сумандаа очиж сумын клубын эрхлэгч болж ажиллав. Энэ үед нь Монголын залуучуудын урлаг спортын анхдугаар их наадам болж бүх сумдын урлагийн үзлэг явагдаж Ю.Сосорбурамын найруулсан концерт тэргүүн байранд шалгарсан байна. Ингэж урлагийн авъяас билэгтэй нь тодорч тэр үед аймгийн соёлын хэлтсийн дарга байсан М.Бадамгарав түүнийг аймгийн соёлын ордны бүжгийн багшаар томилон ажиллуулж Гавъяат жүжигчин болох гарааг нь эхлүүлж өгчээ.
Ю.Сосорбурам оройн сургуулиар 10 дугаар анги төгсөж 1967 онд гадаадад суралцах уралдаант шалгалтанд тэнцэж БАССФ-н Улаан үүд хотын Дорно дахины соёл урлагийн дээд сургуульд суралцаж Соёлын ажилтан, найруулагч мэргэжлээр төгсч соёлын ордондоо ирж ажиллав. Сосорбурам авъяаслаг зохион байгуулагч, найруулагч, сайн бүжигчин, бүжгийн багш байсны зэрэгцээ дуучин, зураач зэрэг соёл урлагийн бүхий л төрөлд өв тэгш мэргэшсэн хүн байв. Сосорбурам улсын чанартай олон удаагийн урлагийн наадамд шалгаран тэргүүн байр эзэлж байсны дээр 220 гаруй уран бүтээл хийсэн хүн юм. Хамт олондоо зарчимч өндөр шаардлага тавьдгийн дээр маш нөхөрсөг тусч хүн байв. Сосорбурамын ажлын амжилт бүтээлийг төр засаг өндөр үнэлж Соёлын Гавъяат зүтгэлтэн цол шагнав.

СОДНОМЫН БАТЦЭРЭН
            1943 онд Мандал-Овоо сумын нутаг Алгуй улаан цавын Энгэр гэдэг газар малчин эмэгтэй Цэрэндолгорын 3 дахь охин болон төржээ. Түүнийг 2 настайд нь аймгийн төвд өндөр Рулма гэгч эмэгтэйд үрчлүүлсэн боловч тэрээр удалгүй бие барсан тул үрчилж авсан эх Рулмын охин Цэвэлийн хамт Улаанбаатар хотод ирж амьдрах болж Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн II дунд сургуульд орж суралцан 7-р ангиа төгсөж төмөр замын техникумын холбооны ангийг 1963 онд онц дүнтэй төгсч холбооны удирдах газарт техникчээр, 1964 оны 4-р сарын 1-нээс 1995 оны 5-р сарын 1 хүртэл тасралтгүй 31 жил Монголын Радиогийн бидний танил эвсэг нэгэн дуу хоолой болон цуурайтсан байна. Энэ хугацаанд Монголын Радиогийн томилолтоор 1967-1971, 1984-1988 онуудад Москвагийн радиогийн монгол хэлний хэлтэст, монгол хэлний нэвтрүүлэгчээр ажиллахын хамт Оросын баримтат киноны студи, Монгол кино үйлдвэр, теле кино үйлдвэр зэрэгт 500-гаад баримтат болон уран сайхны киноны тайлбар уншсан байна. Мөн Монголын Радиогийн алтан санд түүний уншсан гадаад, дотоодын уран зохиол, хөгжмийн тайлбарт концерт, гайхамшигт хүмүүсийн намтар, хөрөг найрууллууд зэрэг олон бүтээл оржээ.
С.Батцэрэн нь олон удаа шууд нэвтрүүлэг уншиж байсныхаа дотроос Ж.Гүррагчааг сансарт нисэхэд Монголд ажиллах хэсэгт багтаж, сансарт монгол хүн ниссэнийг анх удаа эх орон даяар зарлан дуулгасандаа бахархдаг билээ. Түүний он удаан жилийн уран чадвар, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж улс хувьсгалын ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух, Хөдөлмөрийн хүндэт медаль, 1981 онд Монгол улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнасан байна.

ГОМБЫН ОРГОЙ
1935 онд Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу одоогийн Мандал-Овоо сумын нутаг Онгийн голын Адар хөөвөр гэдэг газар төржээ. 1950-иад онд бага сургуульд сурч байх үеэсээ ерөөл, магтаал хэлэх, зохиох авьяас нь тодорч “Язгуур урлагийн тухай”, “Тэмээчин залууст хэлэх ерөөл”, “Цагаан сарын ерөөл”, “Өөрчлөлт зах зээлд шилжилтийн үеийн миний монгол” зэрэг олон ерөөл магтаал уншигч, сонсогч, ерөөлчдийн дунд ихээхэн түгэн дэлгэрч улс орон даяар ерөөлч Оргой хэмээн алдаршсан билээ. Түүний шууд хэлсэн ерөөлүүд нь уламжлалт ардын ерөөлийн задгай, энгийн хэмнэлттэй цаг үеийнхээ үйл явдлыг тусгасан байхаас гадна аливаа зүйлийн зөвхөн цагаан талаас төдийгүй нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн үеийн явц, алдаа дутагдлыг ч шүүмжлэн хэлсэн бий.
Анх 1963 онд Монголын залуучууд, Оюутны II их наадамд ардын ерөөлийн төрлөөр оролцсоноос эхлэн Бүх ард түмний урлагийн их наадам, язгуур урлагийн болон ардын урлагийн удаа дараагийн улсын үзлэгүүдэд оролцож 3 удаа алт, 4 удаа мөнгөн медалиар энгэрээ мялааж “Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн” гэсэн эрхэм цолыг малчин түмнийхээ дотроос анх удаа хүртсэн билээ. Г.Оргой нь монгол зан заншил, ёс суртхууныхаа уламжлал, мал маллагааны ажлын онцлог зэргийг нарийн сайн мэддэг түүнийгээ цаг үеийн болон, тухайн ерөөх сэдэвтэйгээ холбон хэлж чаддаг нарийн мэдрэмжтэй ерөөлч юм.
ЧАНЦАЛЫН ДҮНДГЭЭ
1935 онд Цогтцэций сумын нутагт төрсөн. 1950 оноос аймгийн клубт жүжигчин, 1956 оноос соёлын ордны найрал дууны ангийн багшаар ажиллаж байсан. ДЗО-ны YI их наадамд, Москва хотод 1953 онд БНХАУ-д зочлон тоглосон. 1969 онд “Алтан говь” үлгэрийн танхим хамтлаг санаачлан байгуулж улмаар 1970 онд чуулга болж мандат авсан. Ч.Дүндгээ найрал дууны багш, дуучин хөгжимчин төдийгүй 40 гаруй шинэ уран бүтээлийг үзэгч сонсогч түмэндээ өргөн барьсан. 1983 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж, Алтан гадас одонгоор шагнагдсан.
ШАРАВЫН АЮУШ
            1946 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн. 1963 онд Цогтцэций сумын дунд сургууль, 1966 онд хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурч, нарийн бүрээчийн анги, 1970 онд ЗХУ-д соёл урлагийн дээд сургуулийн хөгжмийн удирдаачийн анги төгссөн. 1970-1987 онд Говь-Алтай аймгийн АДБЧ-ын “Алтай” чуулгын багш удирдаач, уран сайхны удирдагч, 1987 оноос Өмнөговийн Хөгжимт жүжгийн театрт удирдаач даргаар ажиллаж байв. ЗХУ, Герман, Чехословак, Польш, Болгар зэрэг оронд уран бүтээлийн тоглолтоо хийж байв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон зэрэг бусад медалиудаар шагнагдаж байв. 1991 онд урлагийн гавьяат цол хүртсэн.

                  ЦЭЕНГИЙН ЦЭРЭНДОРЖ
Ц.Цэрэндорж нь 1940 онд Баян-Овоо сумын нутагт төржээ. Бага дунд сургууль төгсөн, 1975-1980 онд Монгол Улсын Их сургуулийг дүүргэжээ. Ц.Цэрэндорж 1956 оноос Барилгачнаас их ажлынхаа гарааг эхэлсэн байна. Тэрээр 1960 онд аймгийн соёлын ордны дагалдан жүжигчнээр ажиллажээ. Ажиллах хугацаандаа Соёлын ордны дэргэд “Алтан говь” язгуур урлагийн чуулга, Улаанбаатар хотод “Ардын уянга”, “Хан хуур” чуулга, “Магтаалч ерөөлчдийн чуулга” зэргийг санаачлан байгуулж олон арван авъяаслаг шавьтай болсон байна. Төрийн хан хуурыг залах ёслолыг санаачилсан билээ.
Ц.Цэрэндорж МЗЭХ-ы ардын үлгэрийн танхим, Монголын морин хуурын төв, Монголын урлагийн ажилтны холбооны хороо, Монголын ерөөлч магтаалч нарын төв зэрэг байгууллагад дарга ерөнхийлөгч, тэргүүн зэрэг албыг хашиж байлаа. Мөн аман зохиол судлалаар “Монгол магтаал” сэдвээр ЮНЕСКО-оос зохион явуулсан “Төв Азийн тууль” сэдэвт симпозиум, мөн олон улсын Монголч эрдэмтдийн их хуралд илтгэл тавьсан байна. Саяхан түүний компакт дискийг Герман улсад байдаг Баруун Европын ардын урлагийн академиас эрхлэн гаргасан юм. Ц.Цэрэндорж Монгол-Японы найрамдлын “Улаанбаатар-Мияаконоже” төвийн Улаанбаатарт байх Найрамдал хэлэлцээний соёлын асуудлыг хариуцдаг бөгөөд “Киришима” нийгэмлэгийг байгуулалцжээ. Нийслэлийн 360 жилийн ойгоор түүний санаачилсан “Нийслэлийн сүлдэт хуур”-ыг залсан билээ. Ц.Цэрэндоржийн бүтээл, амжилтыг үнэлж Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, Монгол улсын өргөмжлөлт ерөөлч магтаалч цол олгожээ. Тэрээр эрдмийн их сургуулийн хүндэт доктор юм.

НЯНДАГИЙН ЦЭВЭЭНРАВДАН
Өмнөговь аймгийн уугуул, театр, кино, хошин урлагийн нэрт жүжигчин, Няндагийн Цэвээнравдан нь Дорноговь аймгийн Иххэт сумын Улаан хороот хэмээх газар малчин ард Няндагийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. 1958 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын бага сургуульд орж улмаар Даланзадгад хотын 10 жилийн сургуулийг 1968 онд төгсөж Улаанбаатар хотод ирж мах комбинатад нормчноор ажиллажээ. 1969 онд Ардын цэргийн албанд татагдаж, 1972 онд халагдан Улсын хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад 1973 онд Ленинград хотын театр кино хөгжмийн дээд сургуульд элсэн суралцаж 1978 онд жүжигчний мэргэжлээр төгсөж ирээд Дундговь аймгийн соёлын ордонд найруулагч, Дэрэн суманд клубын эрхлэгчээр тус тус ажилласан байна.
1987 оноос “Тоншуул” сэтгүүлийн “Учиртай инээд” хамтлагт, 1991 оноос мөн ҮЖЭТ-д жүжигчнээр ажиллаж байв. Тэр “Говийн зэрэглээ”, “Ингэх гээд байсан юм”, “Би чамд хайртай”, “Найрын ширээний ууц” кинонуудад тоглосон дүрээрээ үзэгч олондоо танил болсноос гадна Улсын хүүхэлдэйн театр, Драмын улсын академик театрт жүжигчнээр ажиллаж олон сайхан дүр бүтээжээ. УБДС-ийн кино драмын ангид багшилж олон авъяаслаг залуу уран бүтээлчдийг төрүүлсэн гавъяатан билээ.
Хүн чанарын хувьд өрөөлийг ялгалгүй хайрлаж хүндэтгэж чаддагийнхаа хирээр бусдад хайрлагдаж, хүндлүүлж чаддаг байлаа. Тэр бас жүжигчин төдийгүй шүлэг бичдэг, орчуулга хийдэг, кино зохиол бичсэн онцгой авъяастан байсныг үе тэнгийн найз нөхөд нь анддаггүй.
Н.Цэвээнравдан тоглолт бүрдээ өөрийнхөөрөө байдаг хир нь ямар ч дүрийг гаргаж чаддаг, түүний тоглосон гол дүр төдийгүй туслах дүр нь ч тэр кино, жүжгийг өөд нь татаад аваад явчихдаг, түүний тоглолтыг хараад хүмүүс баярлаж, хөгжиж байдаг өвөрмөц жүжигчин байлаа. Тэр хар мөргүй хүн байсан. Өөрөө сэтгэл нь, хүн нь бүтээл нь цагаан хүн байсан. Тайз дэлгэцнээ бүтээсэн олон арван дүр нь мэргэжил нэгт, нутгийн зон олны дунд түүнийг үүрд мөнхрүүлсэн юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:17 Мэдээний төрөл ,

0 comments for "Өмнөговь аймгаас төрсөн алдартнууд"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook