МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БАДРАА: ОРОН НУТГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫН ДАГУУ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДТАЙ ЯРИЛЦАЖ БАЙГАА ХЭДИЙ Ч ОДООГООР БИЕЛЛЭЭ ОЛСОН ЗҮЙЛ АЛГА БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын тэргүүнүүд Өмнөговь аймгийн цаг үе, өвөлжилт, мөн сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайтай холбоотой асуудлаар тус аймгийн зарим газар нутгуудаар аялан явж, малчид болон уул уурхайн компаниудын ажил байдалтай танилцсан юм. Мөн сүүлийн үед орд баялгийг тойрсон элдэв хардлага, сэрдлэгэ мэдээллийн хэрэгсэлүүдээр ихээхэн цацагдаж байгаа билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахаар аймгийн засаг дарга Б.Бадраатай уулзаж ярилцснаа толилуулж байна.

- Сайн байна уу? Орон нутгийн хэмжээнд өвөлжилт нэлээд хүндрэлтэй болоод байна? Одоогоор ямар арга хэмжээ авч байгаа вэ? Саяхан шадар сайд тэргүүтэй ажлын хэсэг ирээд явлаа? Энэ үеэр ямар ямар асуудал яригдсан бэ?      
- Өмнөговь аймгийн хэмжээнд малын өвөлжилт их хүндрэлтэй байна. Зундаа бороо орсонгүй, одоо ингээд цас шуураад эхэлчихсэн, мал бол нэлээд хорогдож байна. Өнөөдрийн хэмжээгээр 12000 орчим мал хорогдчихоод байгаа. Бидний хувьд зүгээр суусангүй, хөрш зэргэлдээ Баяннуур, Рашаан аймгуудтай уулзаж, өвс тэжээлийн гэрээ хийсэн. Зүүн талаар Гашуун сухайт, хилийн боомтоор хэд хоногийн дараа 1000 тонн өвс, 1000 тонн тэжээл орж ирнэ. Мөн Рашаан аймгийн Хүрмэний нутагт байдаг Өлзий-Цагаандэл уулын боомтыг түр нээхээр Засгийн газар шийдэж байгаа юм. Энэ асуудал албан ёсоор шийдэгдвэл бас 1000 тонн өвс, тэжээл орж ирэх болно. Энэ бол тийм хангалттай тоо биш ч гэлээ аймаг орон нутаг чадлынхаа хэмжээгээр оруулж ирсэн өвс, тэжээлээ сум, багууддаа хуваарилана. Цаашлаад цаг хүндэрвэл аймаг, орон нутаг улсын нөөцөөс өвс, тэжээл худалдаж авах, тэргүүлэгчидтэйгээ яриад төсвийн тодотголд 200 сая төгрөг батлуулж авсан. Дараагийн нэг асуудал бол төв суурин газрын хөгжлийн бэлтгэл ажлын асуудал яригддаг. Энэ нь Дулааны цахилгаан станцын урьдчилсан засварыг хийсэн. Одоогоор станц маань гэнэтийн ямар нэг осол, саатал гарчихгүй бол таг зогсчихгүй байх гэж найдаж байгаа. Мөн саяхан Монгол Улсын шадар сайд С. Алтанхуяг  Гашуун сухайт хилийн боомт дээр ажилласан. Гашуун сухайт хилийн боомтыг тохижуулах, өргөтгөх, гарч байгаа нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх болон хоёрдугаар заалийн асуудлыг яаралтай барьж, иргэдийн боомтоор үйлчлүүлэх нөхцөл бололцоог хангах, тэдний амрах байр, орон сууц, хооллож ундлах гуанз, цайны газар зэргийн байр савыг барих гэх мэт хотхоны асуудлыг яаралтай шийдэх талаар ярисан. Мөн тэргүүн шадар сайдад орон нутагт бэрхшээлтэй байгаа, гаалиар орж ирж буй асуудлууд, одоо энэ тусламжийн журмаар орж ирж байгаа өвс, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг бид холбогдох хүмүүст ярилаа. Иймэрхүү байдалтай байна. Тэргүүн шадар сайдын хувьд бол тавьсан асуудлуудын тодорхой нэг асуудлыг шийдсэн.

- Отроор яваа малчдад маань эн тэргүүнд тулгамдаж байгаа ямар асуудал байна?  Тухайн нутаг орны зүгээс бэлчээр, ус гээд ямар нэг татвар, татаасны дарамт, шахалт хэр байна вэ?
- Өмнөговь аймгийн хэмжээгээр 400 орчим өрхийн 200 гаруй толгой мал Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад өвөлжиж байна. Бид тухайн газруудад отрын штаб байгуулаад тэнд төвлөрсөн отрын айлуудад холбоо тавьж, тэндээсээ аймаг, орон нутагтайгаа холбогдох асуудлыг анхаарч ажиллаж байгаа. Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний хувьд бол мэдээж очсон газрынх нь эрүүл мэндийн байгууллага манай оторчдод үйлчлэх үүрэгтэй, тийм хууль тогтоомж, хэм хэмжээ бол байх ёстой. Малын хувьд малын эмч ажиллуулах, тэр төв штаб дээрээ хүмүүсийг байлгах ажлыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөөд байна. Дундговь аймгийнхан бол өөрсдөө олон жил отор нүүдлийг хийсэн хүмүүс учраас зовлон бэрхшээлийг сайн ойлгож, тэнд өвөлжиж байгаа отрын малчдад  өвөлжөө бууц, ус бэлчээрний хүндрэл үндсэндээ гайгүй байна. Өөр бусад аймгуудын хувьд бас тодорхой хэмжээний үнэ хөлстэйгээр өвөлжөө бууц, хонд зэргээ түрээслүүлж байна. Дээр нь отроор очсон аймаг, сумдынхан тодорхой хураамж авна гэсэн асуудал яригдаж байна лээ.

- Малчдын өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан хандивын данс нээсэн. Энэ хандивт уул уурхайн компаниуд хэр бодитой оролцож байна?
- Таван толгой уурхайгаас Цогтцэций суманд 400 боодол өгсөн. Бас тодорхой хэмжээнд отор нүүдэл хийж яваа зарим малчдад мөнгөн тусламж үзүүлээд байна. Цаашид Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад хүсэлт тавиад ярилцаж байгаа юм. Тэдгээр компаниуд онц байдал, өвөлжилтөд ийм ийм замаар ингэж, ингэж туслая гэж ярьцгааж байгаа боловч яг биеллээ олсон зүйл одоогоор алга. Бид энэ асуудлаар дахин ярих болно.Нэгэнт Өмнөговь аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн учраас уул уурхайн компаниуд маань говьчууддаа туслах байх аа гэж найдаж байгаа! Мөн Ерөнхий сайд С. Батболд Дундговь аймагт оторлож буй Өмнөговь аймгийн малчидтай уулзаж, хандив тусламжаа үзүүлсэн юм. Энэ уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч. Батчулуун очиж, одоогийн өвөлжилтийн байдлын талаар товч мэдээлэл хийж, цаашдаа авах арга хэмжээний талаар тодорхой саналуудыг боловсруулан өргөн барьж, зарим нэг шийдвэрт хүрлээ. Отроор яваа малчид, мөн нутаг орондоо өвөлжиж буй малчид хөдөлмөрчидтэйгээ уулзаж, тэндээс гарсан дүгнэлт, санаачилгууд дээр үндэслэн есөн чиглэл бүхий ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

- Байгалийн баялаг, орд газраараа олны анхааралд буй нутаг орны удирдлагын хувьд та бүхний талаар зарим нэг хардлагын өнгө аястай асуудлууд их гарах болжээ?
- Ер нь бол энэ хүнд, хэцүү цаг үед хамтраад аймаг, орон нутгийнхаа төлөө тийм тийм зүйлүүдийг хийж байгаа нь зөв зүйтэй байна. Энэ талд ийм дутагдал байна, үүнийг ийм замаар шийдвэл дээр гэсэн зөвлөмж, урмын үг хайрладаг олон хүмүүс, мөн урьд өмнө удирдлагаар ажиллаж байсан арвин туршлагатай ахмадууд олон байгаад би талархаж явдаг. Гэвч үүний хажуугаар янз янзын сонин хэвлэлээр хүний нэр хүндийг зориудаар гутаан доромжлох гэсэн байдлаар элдэв янзаар бичдэг, муулдаг ийм аргаа барсан ажил байна. Ялангуяа Сэрүүлэг сонины вэб сайт дээр маш их хэмжээгээр муулж, гүтгэн доромжилсон нь хэрээс хэтэрсэн зүйл байгаа учраас арга буюу бид Сэрүүлэг сонинг  Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан байгаа. Хуулийнх  нь дагуу шалгуулаад үнэхээр тэгж идээд, уугаад байдаг юм бол тэр хүмүүст нь арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв үнэхээр ийм асуудал байхгүй бол ажил хийх гэж зүтгэж байгаа нэгэндээ туслаж дэмжихийн оронд элдэв явуургүй бусармаг үйлдэл хийж байгаа тэдгээр хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэх учиртай. Бидний хувьд ард иргэддээ "Нутгийн хишиг" гэж 50 мянган төгрөг тарааснаас болж, аймгийн удирдлагыг болон Таван толгой ХХК-ыг янз янзаар шалгаж байсан. Сүүлдээ ийм аргад шилжээд хамаг юмыг хувааж идчихсэн болгож бичээд тэр битгий Таван толгойг төрийн мэдэлд авья! Орон нутгийн 51 хувийн өмчтэй байсаар атал төрийн өмчид авна гэсэн яриа гаргаад яваад байгаа нь үнэхээр байж болохгүй асуудал юм. Ийм учраас хуулийн байгууллага үнэн мөнийг нь олоод ажил, үйлсийг маань хэвийн, тайван нөхцөлд явуулаасай гэдэгт найдаж байна. Гэхдээ бид энэ бүхнийг нэг их хүнд хүлээж аваад "бид ингэж байгаагүй, тэгж байгаагүй. Тэр тэгээд байвал тэгчих юмсан" гээд байхгүй. Тийм зав ч бидэнд алга. Харин дээр ярисан гурав дөрвөн зүйлийнхээ тал дээр онцгой анхааран  ажиллаж, ард иргэдийнхээ хүнд хэцүү байдлаас аль болох хуваалцахын төлөө туйлширна уу гэхээс юун энэ хэрүүл хэлцэл хийгээд, чи тэгсэн, би ингэсэн, чи муухай, сайхан гээд явах зав өнөөдөр үндсэндээ алга гэдгийг онцлон хэлье!

            - Нутаг орондоо баялаг олборлодгийн хувьд нутгийн иргэд хувь хүртэх эрхтэй нь яах аргагүй зөв. Харин аймгийн удардлагууд та бүгдийг хэт намын харьяалалд автан манай нутагт байгаа баялаг юм чинь зөвхөн манай аймгийн иргэд л хувь хүртэх ёстой гэж явцуурч байна гэсэн шүүмжлэх тал ажигллагддаг. Зүй нь аливаа байгалийн баялаг Монголын нийт ард түмний өмч гэж үзэх ёстой хэмээж байна? Энд та ямар хариулт өгөх вэ?
- Яахав дээ. Таван толгой уурхайг ашиглаж эхэлснээс хойш 43 жилийн нүүр үзэж байна. Анхны үед эндээс нүүрс авах газар бараг байхгүй шахам, татвар татаасаа ч төлж дийлэхгүй зарим нэг газрынхаа хэмжээг багасган, буцааж өгч байсан хүнд үеүд бол байсан. Сүүлийн жилүүдэд Таван толгой ХХК-ий ашиг орлого нь нэмэгдээд, экспортод нүүрс гаргаж ирснээс хойш хүн бүхэн түүнийг сонирхдог, тэр зүгт хошуурдаг болчихсон юм шүү дээ. Тэгэхээр бид юу гэж үзэж байна вэ гэхээр Таван толгой ХХК-ий 51 хувь нь орон нутгийн өмч л юм бол энэ нь Өмнөговь аймгийн өмч гэсэн үг. Тийм болохоор эндээс олсон ашгаасаа нутгийн иргэдэд "Нутгийн хишиг" гээд хэдхэн төгрөг тараагаад өгөхөд буруудах зүйл огтхон ч байхгүй. Яагаад бид анх "Нутгийн хишиг"-ийг санаачилсан бэ гэхээр нэгэнтээ Өмнөговь аймагт уул уурхай их хэмжээгээр хөгжинө гэдэг бол зайлшгүй сөрөг нөлөө гарч ирж байгаа. Зам, харгуй, газар нутаг дээгүүр нүүрс зөөж буй машинууд хөрсийг хэрхэн сүйтгэж байгаа билээ? Тоосжилт ямар хэмжээтэй үүсч байгаа билээ? Тэр хавьд нутаглаж буй малчдын эрх ашиг яаж зөрчигдөж байгаа билээ? Малын эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа билээ? гээд олон хохирлыг амсч байгаа нь зөвхөн Өмнөговьчууд шүү дээ. Тэрнээс биш хаа байгаа Хөвсгөл, Увсын иргэд энэ шороо, тоос, нүүрсний утаанд дарагдсан юм биш. Ийм учраас энд төрж өссөн уугуул иргэд энэ хохирлыг дарагдуулах хувийг хүртээхэд давуу эрхтэй байх ёстой гэж би бодож энэ хөтөлбөрийг гаргасан. Одоо ч гэсэн ингэж л үзэж байна. Бусдаар бол харь хамаагүй хол аймгийн нөхдүүд юун тэр говь гэхгүй зөвхөн өнөөдөр Таван толгой, Оюутолгой ашигтай боллоо гээд ирэхээр Өмнөговьд хайртай болчихоод байгаа болохоос ер нь говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр гээд яридаг байсан улс одоо тэр өмчийг нийтээрээ авна, юун тэр хэдхэн хүнд өгөх гэцгээж байна. Гарах хор уршгийг нь бие сэтгэлээрээ амсдагаараа Өмнөговьчууд тэднээс давуу авах хэрэгтэй.
С.СУМЬЯА

Мэдээний эх сурвалж: Монцамэ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 01:35 Мэдээний төрөл

0 comments for "ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БАДРАА: ОРОН НУТГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫН ДАГУУ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДТАЙ ЯРИЛЦАЖ БАЙГАА ХЭДИЙ Ч ОДООГООР БИЕЛЛЭЭ ОЛСОН ЗҮЙЛ АЛГА БАЙНА"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook