МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

2.5 тэрбум ам.доллар хууль бусаар шилжүүлэх байсныг оюутолгойн ТЭЗҮ-гээс илрүүлжээ

Оютолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцээд буцаасан. Энэ тухай Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга, Эрдэс баялгийн зөвлөлийн орлогч дарга М.Ариунбаяртай ярилцлаа.
-Эрдэс баялгийн зөвлөлөөс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний ТЭЗҮ-г буцаасан. Ямар шалтгаан байсан юм бэ?
-Хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, 19 сая тонн гэснээ эдийн засгийн тооцоогоо ТЭЗҮ-дээ тусгаагүй байсан. Хоёрдугаарт, хүдэр олборлолтын хувьд 100000-150000 тонн гэсэн хоёр хувилбар боловсруулжээ. 100000 тонн гэдэг нь усны хувьд боломжтой ч 150000 тоннын хувьд усны асуудлыг шийдээгүй, үндэслэлгүй байсан.
Гэрээнд заагдсанаар хүдэр олборлолт нь 58 сая тонн хүртэл гэсэн. Өөрөөр хэлбэл, өдөрт 150 орчим мянган тонн гэсэн үг л дээ. Гуравдугаарт, нөөц ашигласны төлбөр таван хувиас гадна дахин нөөц ашигласны хоёр хувийн татвар гаргаж ирээд, түүнийгээ толгой компанидаа төлнө гэж тусгасан байна лээ. Гэтэл нөөц ашигласны төлбөрийг зөвхөн Монгол Улсын Засгийн газарт л төлөх ёстой. Энэ нь хайгуулын ажлын тодорхой хэмжээний эрдсэл, зардалтай холбоотой төлбөр юм шиг байгаа юм. Гэтэл ийм төлбөрийнхөө асуудлыг нөөц ашигласны төлбөр гэх байдлаар ТЭЗҮ-д тусгаж болохгүй. Монгол Улстай байгуулсан гэрээ болон хуульд яаж заасан байна, яг түүгээрээ байх ёстой. Засгийн газар, хөрөнгө оруулагч талтай тохироогүй байж оруулсан зүйлийг бид зөвшөөрөхгүй. Дөрөвдүгээрт, бусдаар болон туслан гүйцэтгүүлэх ажлыг Монголын компаниудаар гүйцэтгүүлнэ гэснийг илүү тодруулах хэрэгтэй байна. Үүнээс гадна жижиг, сажиг зүйлс ч бий. Гэхдээ тэдгээр нь ТЭЗҮ-г буцаах үндсэн шалтгаан болохгүй.
-19 сая тонн гэдгийг яагаад тодорхой тусгаагүй юм бол?
-Энэ бол компанийн хариуцлагагүй үйл ажиллагаа гэж би хэлнэ. “Ордыг бүрэн, дүүрэн ашиглах ёстой” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн заалт бий. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бол дээрх зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой шүү гэдгийг хянан, шахах үүрэгтэй. Компанийн зүгээс энэ бүхнийг ойлгож хандсан
-Дээрхийг илрүүлээгүй байсан бол орд ашиглалтад нөлөөлөх байжээ?
-Мэргэжлийн үүднээс хэлэхэд 25 сая тонныг ашиглаж явах уулын технологийн горим нь магадгүй энэхүү 19 сая тоннын асуудал үнэ хэчнээн өссөн ч ашигтай байж болох байсан ч уулын ажлын чиглэлийг өөрчилж болохооргүй нөхцөлийг бүрдүүлж мэдэх юм. Тэгэхээр энэ бол их аюултай. Дэлхийн зах зээлийн ашигт малтмалын үнэ, уулын ажлын чиглэл, мөн технологийн шинэчлэл зэрэг өөрчлөгдөхөд нь бид алдаагаа засъя гэхэд магадгүй тэр нь ашиггүй болчихсон байж болзошгүй. Тиймээс л бид энэ бүхнийг урьдчилан харах ёстой.
-Эрдэс баялгийн зөвлөлөөс ийнхүү буцаагдсанаараа энэ ТЭЗҮ-г хангалтгүй гэж үзэж болох уу?
-Үгүй. Бороо гоулд, Нарийн сухайт, Тавантолгой дээр ч ийм асуудал гарч байсан. Мэргэжлийн төвшинд хийгдсэнийг тооцооллын төвшинд сонгож чадаагүй бол бид буцаана. Түүнээс биш гудамжны наймаачид шиг хулхидахтай адил юм хийвэл тэр нь явахгүй. Ер нь ТЭЗҮ-г буцааж, засах нь байдаг л зүйл.
-Оюутолгойн бүтээн байгуулалтад монгол компаниудаас үйлдвэрлэл, үйлчилгээний дийлэнхийг хүлээн авна гэж байсан. Гэтэл яагаад энэ бүхэн тодорхой бусаар ТЭЗҮ-д тусгагдсан юм бол?
-”Томоохон хэмжээний ажлыг бид гадаадын компаниудаар гүйцэтгүүлж болох юм” гэсэн утга санаа ТЭЗҮ-д байсан. Үүний хариуд бид “Ажлын том, жижгээс биш харин гэрээгээр хүлээсэн үүргээр Монголын компаниуд энд ажиллана. Учир нь дараа нь гэрээнд өөрчлөлт орж болно, тэр хүртэл Оюутолгой ордынхоо хувьд энэ бүхэн үйл ажиллагааных нь хууль байх ёстой” гэж үзсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ Үндсэн хууль гэж үзвэл ТЭЗҮ нь Оюутолгой ордын Ашигт малтмалын хууль гэсэн үг. Тиймээс л бид мөрдүүлэхийг шаардана.
-Гадаадынхнаар гүйцэтгүүлэхээр ажил байгаа юу. Тэр нь юу юу вэ?
-Үнэхээр гадаадынхнаар гүйцэтгүүлэхээр ажил байгаа бол тодорхой бичих ёстой. Гэтэл тэгэхгүй байна.
-Монгол компаниуд тэдгээр томоохон ажлыг гүйцэтгэж чадахгүй гэж үзсэнээс тэгж бичсэн байж болох уу?
-Үүнийг би үгүйсгэхгүй. Гэтэл монгол компаниудын чадал хүрэлцэхгүй байх эсэх нь өнөөдөр шууд дүгнэн хэлэх зүйл биш. Энэ асар том бүтээн байгуулалтад монгол компаниуд 100 хувь биш юм гэхэд хамтарч ажиллаж болно шүү дээ. Монголын компаниуд тэр томоохон ажлаас хийх боломжтой. Жишээ нь, хамгийн үнэтэй хөрөнгө бол оюун ухаан. Энэ ТЭЗҮ-г гадаадын 5-6 компани боловсруулсан. Үүнийг нь Монголын нөхцөлд тааруулан орчуулсан нь манай Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Уул уурхайн судалгааны төвийнхөн. Тэд маш том эрдэмтэд. Гэтэл Эрдэс баялгийн зөвлөлийнхөн ТЭЗҮ-д тусгагдсан зүйлс хангалтгүй байна гэдгийг судлаад гаргаж ирж чадсан нь бид тэднээс оюун ухаан, мэргэжлээрээ тэднээс дутахгүй юм байна гэдгийг харууллаа. Тэгэхээр бидэнд хүч чадал, хөрөнгө байна. Тэгэхээр бид энэ зайлшгүй зүйлийг ТЭЗҮ-д тусгуулж авах ёстой.
-Хөрөнгө оруулалтын гэрээ аравдугаар сарын 6-нд батлагдсан. Гэтэл гэрээний амин сүнс болсон ТЭЗҮ-г одоо яагаад хэлэлцэж байгааг эдийн засагчид ихээр шүүмжилж байна?
-Гэрээ бол Оюутолгой ордын ерөнхий параметрыг л тодорхойлж байгаа юм. Гурав магадгүй таван жилийн дараа дахиад энэ ТЭЗҮ өөрчлөгдөнө. Ордыг ашиглах явцад хэчнээн удаа өөрчлөгдөхийг ч хэлж мэдэхгүй байна. Өөрөөр бол эхлээд ТЭЗҮ-гээ баталчихаад гэрээгээ байгуулбал зэсийн үнэ хэлбэлзэхэд ахиад гэрээгээ өөрчлөх хэрэг гарах нь ээ, тийм үү. Энэ бол бас л сонин асуудал. Бид ерөнхий ажлаа хийчихсэн, одоо зөвхөн чимхлүүр зүйл рүүгээ ороод ТЭЗҮ-г илүү сайн болгоё гэж л байгаа юм.
-Нөөц ашигласны төлбөр таван хувиас гадна нөөц ашигласны төлбөр хоёр хувь гэсэн нэрээр төлбөрийг толгой компани руугаа шилжүүлэхээр тусгасан байсан. Яагаад тэгсэн юм бол?
-Хоёр хувь гэдэг бол ойролцоогоор 2,5 тэрбум ам.доллар. Ямар хууль, эрх зүйн зохицуулалтаар та бүхэн толгой компанидаа төлж байгаа хоёр хувийг яагаад нөөц ашигласны төлбөр гэж хэлээд байгааг асуухаар тайлбар тэд хэлэхгүй байгаа юм. Мэдээж, аль аль талдаа л төлбөр хуваарилж байгаа зүйл. Ийм зүйл байж болохыг би үгүйсгэхгүй ч компанийн зүгээс бидэнд энэ тухайд тодорхой тайлбар өгөөгүй. Хоёр хувийн нөөц ашигласны төлбөр гэж бичсэнийг би Монголын хуулиас хараагүй. Түүнээс биш манай хуульд заасан нөөц ашигласны таван хувийг үгүйсгэсэн зүйл биш юм шүү. Энэ 2,5 тэрбум ам.доллар нь гэрээ батлагдахаас өмнө гаргасан зардал юм шиг байгаа юм. Ямар ч гэсэн үүнийг хуулиар нөөц ашигласны хоёр хувийн татвар гэж нэрлэхгүй. Гэрээнд ч ийм заалт байхгүй

Мэдээний эх сурвалж: Зууны мэдээ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:35 Мэдээний төрөл ,

1 comments for "2.5 тэрбум ам.доллар хууль бусаар шилжүүлэх байсныг оюутолгойн ТЭЗҮ-гээс илрүүлжээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook