МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Нас уртасгах уламжлалт зан үйл, хоол унд

Урт насалж, удаан жаргах нь хэн нэгний хүслээр болдоггүй. Харин тухайн хүнээс нөр их байнгын хөдөлмөр тэмцэл, тэсвэр хатуужлыг шаардсаны үр дүнд өөрийн насыг уртасгаж чаддаг.
Хүнийг урт наслуулах олон төрлийн зан үйл, дадал заншил, туршлага дасгал байдаг. Хувь хүний бие махбодыг бусадтай адилтгаж үзэж болохгүй. Хүн нь хийн, шарын, бадганы чанартай оршин байдаг хэмээн монголын эртний анагаах ухаанд тодорхойлсон байдаг. Энэхүү олон зуун жилийн туршид бодит амьдралаас судалж гаргасан анагаах ухааны увидсаас сонсогч та бүхэндээ толилуулж байна.
Хүн бүрийн амьдралыг хүмүүсийн нийтлэг амьдралаас салган хүний ажиллах, амрах, байгаль цаг ууртай зөв харьцах, зохицох, идэх уух, биеэ авч яваа байдалтай холбон үзэх учиртай. Биеэ зөв авч явах ухааныг эзэмшиж биелүүлж явбал эрт өтөлж, богино наслахгүй байх бүрэн боломж бий. Хүний бие махбодод хамгийн хүнд өвчин болох хавдрын эс, хий, шар, бадгана өвчний эсүүд угаасаа л байдаг. Харин хувь хүнээс шалтгаалж бие, махбодод урвал, хямрал явагдаж эдгээр аюулт өвчин үүсдэг байна.
Иймээс урт насалж, удаан жаргах нь өөрийн биеэ хэрхэн зөв авч явснаас хамаарна. Жишээ нь: хүний бие, хэл, сэтгэлийн гурван үйл нь таван цул, зургаан сав, долоон тамирыг хөгжүүлэх, тамирыг зохицуулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үндсэн гол сэжим юм. Энэ нь ердөө л хүний өдөр тутмын амьдрал дахь үйл ажиллагаа болохоор зөв зохистой, уламжлалт зан үйл, дадал заншлаар явж чадвал . Иймд залуу, эрүүл саруул явахаасаа “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал”  гэдэг ардын цэцэн үгийг амьдрал дээр хэвшүүлж сурах нь хамгаас чухал юм. Тэгвэл амьдралын явц дундаа унтаж, хэвтэх, ууж идэх, ажлаа зөв зохицуулснаас бүх зүйл шалтгаална.
Ажил хөдөлмөр хийхгүй, хэтэрхий унтаж хэвтээд байвал биед бадгана арвижиж, толгой эргэн, нүд бүрэлзэж, дотор балартах байдал илэрч, хавагнаж, улмаар хижиг үүсэх аюултай. Иймд биеэ нандин авч явах, ярих хэлэх, сэтгэлийн хөдөлгөөнд зөв дүгнэлттэй хандаж явах ёстой. Хүний нас ахихыг даган хий махбодь дийлэнх болдог байна. Бас ядарч зүдрэх, нойр алдах, шим тэжээл дутагдах, уушгины архаг ханиад ба удаан архагшсан зүрхний өвчин, цусны даралтанд нэрвэгдэх явдал бишгүй тохиолддог. Энэ нь хий махбодь дүрээсээ гурван гэмийн (хий, шар, бадгана) хямралыг үүсгэж, ходоодны галын илчийг бууруулан эрт өтлүүлэх явцыг түргэтгэдэг байна. Эрт өтлөхөөс сэргийлэх, эрүүл саруул явахад зөв зохистой хоол унд хэрэглэх нь шийдвэрлэх үүрэгтэй.
Шинжлэх ухааны нотолгоогоор био хэмнэл нь бүх бие махбодод байдаг болохоор өвчин туслаа гэдэг нь био хэмнэл алдагдсан гэсэн үг. Тэгвэл чухам хэдийд ямар хэмжээтэй хооллох вэ? гэдэг ч учиртай асуудал болж таарна. Хоолны 30 хувийг өглөө, 40 хувийг өдөр, 30 хувийг орой идэж хэрэглэх нь илүү тохиромжтой. “Өглөөний хоолыг өөрөө ид, Өдрийн хоолыг нөхөртэйгээ хуваа, Оройн хоолоо дайсандаа өг″  гэж манай өтгөс буурлууд ярьдаг ч учиртай. Бас жилийн дөрвөн улиралд дасан зохицож, сэтгэл санаа оюун ухаан, бие бялдрын тэнхээ суулгах хоол унд хэрэглэхийг эрхэмлэж чадвал бие эрүүл, нас урт, жаргал их байна гэдэг нь ортой үнэн. Эрс тэс цаг ууртай манай орны хүмүүсийн бие махбодод уураг, өөх тос, нүүрс ус, амин дэмүүд онцгой шаардлагатай нь мэдээж. Тэгэхдээ хоногт хэрэглэх уургийн хэмжээ нь уг хүний хөдөлгөөний идэвх, амьдрах орчин, нөхцөл цаг агаар зэргээс шууд хамаарна.
Уургийн хэмжээнээс гадна чанар чухал. Учир нь амьтны гаралтай уураг нь амьдралын чухал амин хүчлээр баялаг байдаг болохоор хоногт хэрэглэх уургийн 60 хувь нь амьтны гаралтай байх жишээтэй. Энергийн эх булаг бол өөх. Иймд өөхийг уусгадаг амин дэмээр бие махбодыг хангаж, хоолны амт чанарыг сайжруулдаг хүнсний зүйлийн найрлаганд ихээхэн анхаарч, өөх тосны хэмжээ нь хоногт шаардагдах илчлэгийн 25 хувийг хангахуйц байх ёстой. Гэхдээ хүнсний өөхний хэмжээ хэтэрхий их бол цусанд өөхний хүчил нэмэгдэж холостерин их болсноор зүрхний хэвийн ажиллагаанд муугаар нөлөөлөх болон судас хатуурдаг тул болгоомжлох хэрэгтэй. Ямар ч насны хүмүүст эрдэс бодис дутагдсанаас яс сийрэгжиж, цус багасна. Энэ эрдэс бодис нь хүнсний ногоо жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүнд элбэг байдаг. Энэ бүхэнд дүгнэлт хийж биед тохиромжтой хоол ундыг ойр ойрхон, бага багаар идэж байвал шингэц сайн болохоос гадна ходоод муудахаас сэргийлж чаддаг болохыг шинжлэх ухаан баталжээ.
Гэхдээ хоол ундны хэмжээ хэтэрхий бага байвал цул сав гэмтэж, хүч тамир сулран, өнгө зүс буурч, өвчин үүсэхэд хүргэдэг. Бас хэтэрхий их бол хоол шингэхгүй шүлс арвижих ба хийн суваг хаагаад ходоодны галын илч буурч гэм бүхнийг үүсгэнэ. Иймд хоол ундыг ходоодны галын илчтэй тэнцүүлэн ходоодны дөрөвний хоёрт хоол, нэгд нь унд, үлдэх хэсгийг хоосон үлдээхээр багцаалж байвал сайн гэлцдэг. Орчин үеийн нөхцөлд дасан зохицохоос гадна өдөр шөнөгүй ажиллагаатай байдаг ходоод гэдсээ бодоод уламжлалт ёсоор махыг зуны цагт бага, өвөл цагт илүү, хавар намрын цагт тохируулан хэрэглэх нь зүйтэй.
Мах хэтрүүлж их иддэг хүний ходоод эрт муудаж, уур уцаар ихтэй байхаас гадна эрт өтөлнө. Үр тариа, будаа, ногоо хэрэглэдэг хүний араншин зөөлөн намуун байдаг гэдгийг зарим орны эрдэмтэд нотолж байгааг сонирхоход илүүдэхгүй. Манай орны нөхцөлд өвөл хүний биеийн шар усны сүв хаагдсанаар хүйтэн хий их болдог тул хоол унд багадвал тамир тэнхээ муудна. Иймд амтлаг, исгэлэн, давслагийг гол болгохоос гадна илчлэг мах, цагаан идээг илүү хэрэглэхийг шаардана. Зуны цагт хур ус элбэг, орон сууц чийглэг байдаг болохоор сүү, айраг, тараг, бүлээн тослог идээ ундаа илүү зохино. Ямар ч малын сүү халуун чанартай тул бүр илүү тохиромжтой.
Хаврын цагт бадгана хөөгдөн дотор хурж, ходоодны илч буурах тул гашуун, эхүүн амтыг голлож хэрэглэ. Энд шар тос хонины мах тохиромжоор сайн байдаг. Намрын цаг наранд хэт шарагдвал зунд хурсан шар ус хөлдөж болохоос болгоомжилж хоол ундыг тохируулснаар таны бие организмыг өвөлд дасгаж эхэлнэ. Намар орой болсон хойно хүйтэн айраг, тараг хэтрүүлж хэрэглэх нь янз бүрийн өвчин үүсгэдэг. Европ маягаар хооллох нь манай орны цаг уурын нөхцөлд таарахгүй байх нь бий. Жишээ нь: зөөлөн цаг ууртай оронд нэг хоёрдугаар хоолны дараа хүйтэн компот, ундаа уудаг. Гэтэл өөх тостой, халуун хоол иддэг монгол хүн үүнийг дууриавал заримдаа ходоодонд царцалт, түгжрэл үүсдэгийг анхаар. Хоол ундны шим долоон тунгалагийн эх сурвалж болж хүний биеийг тэжээн, амьдралын нэгэн чухал түлхүүр болох хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гэхдээ хоол ундныхаа төрөл зүйл, хэрэглэх ёс, чанар зэргийг сайн анхаарч байх ёстой. Хоол ундандаа үр тариа, мах, өөх тос, ногоо жимс ба боловсруулсан зүйлүүд оруулах нь зохистой. Олон төрлийн хоол унднаас манай орны нөхцөлд тохируулж махны талаар сайн ойлголттой байж хэрэглэх нь танд тустай.
Махны талаар: Мах бол тамир тэнхээ өгөх гол зүйл юм. Гэхдээ мах л бол мах гэж болохгүй. Хуурай газрын амьтны мах хөнгөн сэрүүн, ширүүн чанартай. Хий халуун ба бадгана халууныг арилгана. Хоёр нутагтны мах нь амт чанар төгс, бадгана хий хавсарсан халуун, хүйтэн хий хавсарсан өвчин бүхнийг арилгахад туслана. Хонины мах: Амтлаг, тослог, бүлээн чанартай, шингэхэд хялбар, тамирыг сэлбэх, хүчийг нэмэх, хий болон бадгана хий хавсарсан гэмийг арилгаж тамирыг үүсгэж, идэх дур сонирхлыг нээх чадалтай байдаг байна.
Үхрийн мах: Амтлаг, тослог, сэрүүн чанартай, биеийг тэнхээжүүлэх, хижиг ханиад, хий хавсарсан халууныг дардаг. Жил өнжсөн бол /борцолсон/ хийг дарах үйлдлээр бүр сайн болдог байна.
Адууны мах: Амтлаг, халуун болохоор илчийг үүсгэх, бөөр бэлхүүсний хүйтэн шар усыг арилгах үйлдэлтэй.
Тэмээний мах: Амтлаг бөгөөд хорыг тайлах, хижгээс сэргийлэх үйлдэлтэй.
Шувууны мах: Хүнд, тослог чанартай тул долоон тамирын хамгийн сүүлийн дуслыг арвижуулах, шархыг барилдуулах үйлдэлтэй.
Тарваганы мах: Тослог, хүнд, бүлээн чанартай тул хүйтэн, хий, ходоодны өвчин, бөөр бэлхүүс, толгойн өвчнийг эмчлэх үйлдэлтэй. Энэ бүхнээс монгол хүнд монгол малын мах нь хамгаас илүү чухал болно. Харин цуснаас мах хүнд, махнаас өөх хүнд, өөхнөөс яс хүнд, яснаас чөмөг хүнд. Ерөнхийдөө гадар мах нь хөнгөн, дотор мах нь хүнд гэж ном сударт өгүүлсэн байдаг. Мах идэх шаардлагатай Монголын эрс тэс цаг уурын онцлогийг мартаж болохгүй бөгөөд цагаан идээг махтайгаа хослон хэрэглэх нь бүр илүү сайн. Тосны ба цагаан идээний зүйлд шар тос, чөмөгний тос, өрөм, хурууд, бяслаг, ааруул ээзгий, уураг зэрэг орно. Тосны зүйлүүд нь хүнд сэрүүн чанартай хийг дарах үйлдэлтэй. Шар тос, хольсон тос бүхэн эрдэмтэй. Шар тосыг өглөө өлөн дээрээ хааяа идвэл хийн ханиадыг дарах, өвөл идвэл хүйтэнд тэсвэртэй болох, зун идвэл ам цангахаас сэргийлж чадна.
Ундааны талаар:  Ундаа нь хүнд маш чухал хэрэгцээтэй бодис. Түүнд төрөл бүрийн малын сүү, айраг, ус, цай, шөл зэрэг орно. Аль ч ундаа зөв зохистой хэрэглэж байвал өвчин бүхнийг арилгах увдистай, буруу хэрэглэвэл гэм бүхнийг үүсгэх уршигтай. Манай орны сүрэг мал нь уудам нутгийнхаа хөх тэнгэрийн дор, хөрст алтан дэлхий дээр гэж шүлэг зохиолд гардагчлан шүр сувд шиг таран бэлчээрлэж, түмэн өнгийн ургамал цэцгийг идэж, цэнгэг ус ундааг гол мөрнөөс шууд ундаалж, биеэрээ агаар мандлаас нь амьсгаалж явдгаараа онцлогтой. Энэ чанараараа байшин хашаанд жилийн бүх улиралд байж, техникээр бэлтгэсэн тэжээл ундыг бэлэнчлэн иддэг малаас олон зүйлээр давуу талтай ажээ. Бүх хоол ундаа өөрийн хүчээр байгалиас чадал заан иддэг малын ашиг шим нь арвин, өөх тос, үс, ноос нь хүний бүх хэрэгцээг хангахад онцгой тохиромжтой.
Хүн төрөлхтнийг бишрүүлсэн гайхамшигт шидэт эм бол шимт малаас гардаг мөнх цагаан сүү билээ. Хүний ертөнцийн амь амьдралыг мянга мянган жилээр тэжээн тэтгэж, урт удаан наслуулж ирсэн сүүг хэрэглэдэггүй амьд амьтан бараг л байхгүй. Шимт малын энэ бүтээгдэхүүнийг ямар ч улиралд, ямар ч хэлбэрээр ашиглаж болдог. Малын сүүг сүүгээр нь борлуулан ашиглахад чанар нь төдийлөн алдагддаггүй. Үүнд: Малын дотроос ингэ, гүү, үнээ, ямааны сүүг зуны эхэн сард долоо, ес, 14 хоногоор курс эмчилгээний журмаар уухад ядаргаа, элдэв архаг өвчин, хордлогыг тайлж дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна. Эдгээр сүүг уухдаа газар дээр нь өглөө, оройн цагаар нэг удаад 150 гр-аар ууна.
Сүүнд орж эмчилгээ хийж болдог. Ямар ч малын сүүнд ялангуяа үнээний сүүнд тусгай жор найрлагаар орно. Нэг удаад 2-5 л сүүг биеийнхээ градусаас арай илүү халаагаад орно. Орохдоо хийг дээш нь хөөргөхгүйн тулд, мөн сүүг дээдлэн хүндлэх үүднээс 100 гр сүү ууж, толгойгоо хөнгөн угаана. Алчуурыг (самбай) дал мөрөөрөө ороогоод өөр хэсэг алчуураар байнга сүүгээ сэлбэж шавшина. Ийм байдлаар нэг өнжөөд орох ба гурав, тав, долоо хоногоор курс эмчилгээ болдог. Сүүнд 20 минутаас илүү орж болохгүй. Сүүнд ороод гармагц хөнжилдөө орж нэг аяга шөл ууж хэвтэж амраарай. Энэ нь биеийн алжаалыг тайлах, хордлого арилгах шилдэг эмчилгээ болох ба архаг хууч өвчин бүрийг эмчлэхэд онцгой нөлөөлнө. Асар их хүчтэй тул салхи цохиулах, гам алдахаас болгоомжлох хэрэгтэй. Эх хүний гал уурагтай зүйрлэм чадалтай гүүний сүүнд ч ийм маягаар орж болдог.
Монгол адууны шимээс айраг нь дэлхийд ховор эм. Айргийг ихээр хэтрүүлэн уухад зүрх, бөөр, давсагны системийн   үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх нь ч бий. Хөдөлгөөн багатай хүний нэг өдрийн уух шингэний хэмжээ нь 1.5 литр гэж шинжлэх ухаанд тодорхойлжээ. Хүн бүр өөртөө байгаа энерги, амин дэмийг зөв зарцуулж арга билиг, таван махбодын үүднээс дархлалаа хамгаалж явах хэрэгтэй юм. Хүний биед энерги, уураг, тосны хүчил дутагдах үед ганц нөхөж чадах зүйл нь гүүний айраг. Эрдэмтдийн тодорхойлсноор гүүний айргийн тосонд 14 зүйлийн хүчил байна. Монгол айраг бол физик-химийн найрлагаараа эмэгтэй хүний хөхний сүүтэй адилавтар бөгөөд бүрэлдэхүүнээрээ амин хүчлээр баялаг байдаг байна. Сүүнд А, В, В2, РР ба бусад амин дэмүүд элбэг ажээ. Биеэ эмчлэх журмаар уух гэж байгаа бол их уухад гол нь биш, хэмжээтэй, шаардлагатай эмээ даруулж ууж болно. Айргийг долдугаар сарын 15-наас есдүгээр сарын нэгнийг хүртэл хугацаанд тогтмол эмчилгээний журмаар уувал илүү сайн. Халуун чанарын өвчтэй бол сүү ууж болох боловч зөв исгэсэн, шинэхэн иссэн айраг шиг ховор эм үгүй билээ.
Д.Өлзийсайхан



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:17 Мэдээний төрөл ,

0 comments for "Нас уртасгах уламжлалт зан үйл, хоол унд"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook